Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/704

 

 

                                                         Д.О, Т.Т нарт холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Т.Туул,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлоор Д.О, Т.Т нарт холбогдох 2211 02101 0024 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Д-ийн О, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ... гэх, ам бүл ...хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны .... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

2. Х овгийн Т-ийн Т, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “....” төслийн сангийн удирдлагын ажилтан, ам бүл ... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадаа хохирогч Т.Ттай “авто машинаа хөдөлгөж, зам чөлөөлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдож Т.Тын эрүүл мэндэд “дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хамрын үзүүр, хамрын зүүн нүхэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Т.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадаа хохирогч Д.Отэй “авто машинаа хөдөлгөж, зам чөлөөлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдож Д.Оийн эрүүл мэндэд “баруун 1 дүгээр, зүүн 1 дүгээр шүдний хөдөлгөөн, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.О, Т.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Д-ийн О, Х овогт Т-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.Т нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.Т нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.О, Т.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Б.Мэргэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын “гэм буруугийн талаар” хэсэгт шүүгдэгч Д.О, шүүгдэгч Т.Т, хохирогч Д.О, хохирогч Т.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны үеийн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Номинжингийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15457 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг дурдаад эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэжээ.

Өмгөөлөгчийн хувьд тус нотлох баримтуудыг үгүйсгэсэн тайлбарыг хавтаст хэрэгт байгаа бусад нотлох баримтуудыг ишлэн дэлгэрэнгүй тайлбарласан боловч дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Тухайлбал:

Д.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохтой холбоотой 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүхийн шийтгэх тогтоолд 2 шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, “Д.Оийн биед баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл тус тус учруулсан байна” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгчийн хувиар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарласан ч өмгөөлөгчийн тайлбарыг яагаад хүлээж аваагүй болохоо шүүхийн шийтгэх тогтоод дурдаагүй байна.

Д.О рүү хэрэг гарсан гэх өдөр цагдаагийн байгууллагаас залгасан боловч эрэгтэй хүн утсыг нь аваад “Д.О гэдэг хүн байхгүй” гэж хариулсныг цагдаагийн алба хаагчийн “Илтгэх хуудас”-т тэмдэглэсэн байна. Улмаар Д.Оийг цагдаагийн байгууллагаас олон хоногийн дараа олж тогтоосон тул шинжээчийн дүгнэлтүүд нь дараах эмнэлгийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн гарсан. Үүнд:

- 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Цагаан зул” шүдний эмнэлгийн үзлэгүүд

- 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ай ти лаборатори” эмнэлгийн үзлэгүүд

- 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Монгол анагаах ухааны төв” эмнэлгийн шинжилгээнүүд.

Д.О нь гэмт хэрэг гарсан гэх 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Цагаан зул” шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн гэж мэдүүлдэг, түүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Шинжээчийн 3 дүгнэлт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Цагаан зул” шүдний эмнэлгийн шинжилгээний хариунд үндэслэсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтүүдээс харж болно. Гэтэл тус эмнэлгийн бодит үзлэгт 11, 21-р шүдний буйлнаас цус гарна, 12, 11, 21-р шүднүүд босоо болон хөндлөн тоншилтоор хөндүүрлэнэ, өвдөлттэй, тагнай болон уруул тал руугаа 2-3 зэргийн хөдөлгөөнтэй. Онош нь 21, 11-р шүдний гэмтлийн шалтгаант бүрэн бус мултрал гэсэн байна. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд байгаачлан дээд баруун 1, зүүн 1-р шүдний бүрэн бус мултрал гэсэн онош байхгүй. Харин 21, 11-р шүдний бүрэн бус мултрал л гэсэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт “дээд үүдэн, баруун зүүн 1-р шүднүүд эмзэглэлтэй, бага зэргийн хөдөлгөөнтэй” гэсэн тэмдэглэл байх нь байгаа. Гэхдээ тус дүгнэлт гарахаас 13 хоногийн өмнө “Цагаан зул” шүдний эмнэлэгт үзүүлэхэд баруун, зүүн 1-р шүднүүдийн гэмтэл байгаагүй нь эмнэлгийн шинжилгээний хариунаас тодорхой харагдана.

Өөрөөр хэлбэл, Д.Оийн “баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн” гэмтэл хэрэг гарсан гэх үед учирсан гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан нь үндэслэлгүй юм.

Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Цагаан зул” эмнэлгийн эмчийн үзлэгт “...дээд уруул 5 мм орчим зулгарч цус гарна...” гэснээс өөр гэмтэл дурдагдаагүй байхад 13 хоногийн дараа гарсан шинжээчийн 15457 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт “...зулайн баруун дээд хэсэгт 0.3x0.2 см, 0.4x0.2 см, 0.1x0.2 см, дагзны зүүн хэсгээр 0.2х0.1см, 0.2x0.3 см ягаан өнгийн зулгаралттай” гээд, дүгнэлтэд заагдсан гэмтлүүдийг “шинэ гэмтэл” гэж тодорхойлсон.

Тодруулбал, “Цагаан зул” эмнэлгийн үзлэгээр Б.Оийн зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай дагзанд зулгаралт гэмтэл, дээд уруулын салстын өнгөц шарх байгаагүй бол гэмт хэрэг гарсан гэх өдрөөс 13 хоногийн дараа гарсан шинжээчийн дүгнэлтэд эдгээр гэмтэл нь 7-10 хоногийн өмнө үүссэн байна гэж дүгнэсэн нь тухайн гэмтлүүдийг Т.Т учруулаагүй болохыг нотолж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд “Цагаан зул” эмнэлгийн эмч Э.Номинжингийн мэдүүлгийг дурдаад Т.Тыг гэм буруутайд тооцох нотлох баримт гэж дүгнэжээ. Өмгөөлөгчийн хувьд Э.Номинжингийн мэдүүлэг худлаа хийгээд шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон “Цагаан зул” эмнэлгийн дүгнэлтүүд сүүлд нөхөж хийсэн, хуурамч гэж үзэхээр хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдаж, мэтгэлцсэн боловч шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд огт дурдаагүй байна.

“Цагаан зул” эмнэлэгт 2016 оноос хойш 7 дахь жилдээ ажиллаж байсан эмч Номинжин нь мэдүүлэг өгөхдөө “О гэх хүн төлбөрөө төлөөгүй болохоор захирал руугаа залгаад О гэх хүн төлбөрөө төлөхгүй гарчихлаа” гэхэд “аан наад хүн чинь манай эгч” гэж хэлсэн юм” гэж захирлынхаа эгчийг таньдаггүй мэтээр ярьсан. Үргэлжлүүлээд бүртгэлийн дэвтэрт он, сар бичээгүй, Оийн овог нэрийг баллаж сохлон засаж бичсэн талаараа “заримдаа он, сар бичихээ мартдаг, О гэх хүний уруул язарсан гэмтэлтэй болоод сонин яриад байсан болохоор буруу сонсоод овог нэрийг нь андуурсан” гэж мэдүүлсэн. Хэрвээ захиралтайгаа ярихдаа Оийн нэрийг буруу хэлсэн бол ойлголцохгүй байсан гэхээр Номинжин нь түүний нэрийг бүртгэлийн дэвтэрт бичихээс өмнө мэдэж байсан байж таарна.

Мөн бүртгэлийн дэвтрийг харвал Цэнд гэсний дараа а, л үсгүүд үргэлжилж байгаа нь Даваажаргал гэж хүний нэрийг Даваацэнд болгож зассан, бусад бүх хүний овгийг бичилгүй зөвхөн нэрийг нь бичсэн мөртлөө зөвхөн Оийн овгийг бичсэн, Даваацэнд гэж зассан бичгийн Даваа гэх хэсгийг харвал бусад хүний нэрийг бичсэнтэй адил үсгийн хэлбэр, адил бүдэг бал байгаа бол, Цэнд болон О гэх бичвэр нь үсгийн хэлбэр, балны тод байдал нь өөр байна. Цааш нь үргэлжлүүлээд харвал О нь 44 настай бол бүртгэлийн дэвтэрт нас 26 гэж бичсэн, үндсэн шинж гэх хэсэгт 11, 21, 22, 12, 23, 13 гэсэн 6 шүд янзалсан мэдээлэл байгаа бол Оийн үзлэгийн тэмдэглэлд 11, 12, 21 гэсэн 3 шүдний талаар дурдаж, баруун, зүүн 1-р шүд гэсэн гэмтлийн зэрэг тогтоогдсон, үзлэгийн төлөв хэсэгт давтан үзлэг хийсэн гэж тэмдэглэсэн байна. Гэтэл О нь гэмт хэрэг гарсан гэх өдөр зүгээр байсан шүдээ Тд цохиулж гэмтээгээд “Цагаан зул” шүдний эмнэлэгт эхний эмчилгээ хийлгэсэн мэтээр баримт бүрдүүлсэн байна.

Ийм ч учраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1643 дугаартай захирамжид “Мөн хохирогч Д.О нь “Цагаан зул” эмнэлэгт үзүүлсэн эсэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар, засвар хийгдсэн бөгөөд хохирогч тухайн эмнэлэгт үзүүлсэн эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай байна.” гэж дурдсан боловч тухайн ажиллагаа хийгдээгүй, шүүгчийн захирамж биелээгүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан.

Энэ мэтчилэн шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, 2.3-т “өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж заасан.

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч миний хэлсэн үг, саналын үндэслэл болгосон баримт, тэдгээрийн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг огтхон ч дурдаагүй байна. Ингэснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Т тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Т.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Мэргэн гомдлынхоо нэгдүгээрт шинжээчийн дүгнэлт, Цагаан зул эмнэлгийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй гэж байгаа боловч хохирогчийн шүдний зургаас үзвэл баруун талын 11, зүүн талын 21 дүгээр шүд гэдэг нь дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүд бөгөөд үүнийг өмгөөлөгч ойлгохгүй учраас хоёр өөр гэж тайлбарлаж байна. Баруун 11 дүгээр шүд яллах дүгнэлтэд дурдсан дээд баруун 1, зүүн талын 21 дүгээр шүд гэдэг нь зүүн 1 дүгээр шүдтэй таарна. Д.О рүү хэрэг гарсан гэх өдөр цагдаа залгаад аваагүй, зугтсан гэж байгаа боловч Т.Т тухайн өдөр цагдаад дуудлага өгснийг мэдэхгүй. “Д.О рүү хэрэг гарсан гэх өдөр цагдаагийн байгууллагаас залгасан боловч эрэгтэй хүн утсыг нь аваад “Д.О гэдэг хүн байхгүй” гэж хариулсныг цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст тэмдэглэсэн байна” гэж Т.Тын өмгөөлөгчөөс гомдолдоо дурдсан хэдий ч мөрдөгч залгасан эсэхийг нь тодруулж, утасны биллийн хуулбарыг авъя гэхэд аваагүй, мөн мөрдөгчийн бичсэн тэмдэглэлд 91919607 гэсэн дугаарыг 67 гэж буруу бичсэн, Д.О нь хүүтэйгээ хоёулаа амьдардаг, өөр эрэгтэй хүн байхгүй зэрэг үгүйсгэх нотлох баримтууд байхад утсаа аваагүй шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн 3 дүгнэлтэд 21, 11 дүгээр шүд гэсэн байх бөгөөд хамгийн сүүлийн дүгнэлтэд баруун, зүүн 1 дүгээр шүд гэсэн нь уг ойлголтууд нэг болохыг баталж байгаа юм. Хөдөлгөөнтэй гэдэг нь бүрэн бус мултрал гэсэн үг байхад өмгөөлөгч Б.Мэргэн үгэн дээр тоглолт хийж тайлбарлаж байна. Мөн өмгөөлөгчөөс “Цагаан зул” эмнэлгийн үзлэгээр Д.Оийн зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай дагзанд зулгаралт гэмтэл, дээд уруулын салстын өнгөц шарх байгаагүй бол гэмт хэрэг гарсан гэх өдрөөс 13 хоногийн дараа гарсан шинжээчийн дүгнэлтэд эдгээр гэмтэл нь 7-10 хоногийн өмнө үүссэн байна гэж дүгнэсэн нь тухайн гэмтлүүдийг Т.Т учруулаагүй болохыг нотолж байна гэсэн байх бөгөөд шинжээч эмчийн үзсэн үзлэгийн огноо байсаар байтал бичлэг хийсэн огноо дээр тоглолт хийж байна. Хэрэгт авагдсан баримтыг тооцож үзвэл зөрүүтэй огноо байхгүй. Гомдлын 1.2-т шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон “Цагаан зул” эмнэлгийн эмч дүгнэлтдээ “дээд уруул” гэж бичсэнээс “зулайн баруун дээд өнцөг” гэж дүгнээгүй, зөрүүтэй дүгнэсэн гэж байна. Шүдний эмч хүн зулайн зулгаралт гэдгийг бичихгүй тул өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Гэрч Номинжингийн мэдүүлгийг худал гэж байгаа боловч Номинжин “Би энэ хүнийг танихгүй, мөнгөө өгөхгүй байсан тул цагийг нь цуцалсан” гэж мэдүүлсэн. Харин ч танихгүй гэдгээ баталж мэдүүлэг өгсөн гэж харж байна. Бүртгэлийн дэвтрийн тухайд, үүдэнд суусан сувилагч эмэгтэй уг бүртгэлийг хариуцдаг бөгөөд түүний алдаа байж болно. Мөн шинжээч уг бүртгэлийг ашиглан дүгнэлт гаргаагүй, бодит үзлэгийг үзэж дүгнэлтээ гаргасан учраас бүртгэлийн дэвтэр үнэн, худлыг ярих шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “хохирогч Д.О нь “Цагаан зул” эмнэлэгт үзүүлсэн эсэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар, засвар хийгдсэн бөгөөд хохирогч тухайн эмнэлэгт үзүүлсэн эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай байна.” гэж дурдсан боловч тухайн ажиллагаа хийгдээгүй, шүүгчийн захирамж биелээгүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан гэж байгаа боловч хэргийн 134-135 дахь талд Номинжин дахин баримт гаргаж өгөхдөө хувийн эмнэлгийн эмч нар ажиллахдаа хувийн тэмдгээр өөрийн үзлэгийг баталгаажуулдаг, том байгууллагууд тэмдэг дардаг гэдгээ хэлсэн. Иймд өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Т.Туулын тайлбарыг дэмжиж байна. Зүүн, баруун 1 дүгээр шүд гэдэг нь 21, 11 дүгээр шүд гэсэн үг бөгөөд нэг шүдийг өөр өөрөөр нэрлэсэн байгааг өмгөөлөгч Б.Мэргэн буруу ойлгож зөрүүтэй мэтээр тайлбарлаж байна. Зөвхөн хоёр шүдэндээ гэмтэлтэй хэрнээ 11, 21, 22, 12, 23 гэсэн олон шүдэндээ эмчилгээ хийлгэж янзалсан гэж байна. Гэтэл бодит байдал дээр гэмтсэн шүднүүдийг хөдөлгөөнгүй болгож бэхлэхийн тулд хөдөлгөөнгүй байгаа эрүүл шүднүүд буюу 23, 23, 12, 22 дугаар шүднүүдийг тулгуур болгосон учраас энэ олон шүднүүд бичигдсэн. Шүүх эмнэлгийн эмч нарыг хувийн эмнэлгийн болсон, болоогүй эмч нарын бичсэн бичилтээр хариуцлагатай бус, хуурамч дүгнэлт гаргасан мэтээр дүгнэж байгааг үгүйсгэж байна. Учир нь, тэдгээр эмч нар өөрсдөө бээлий өмсөж, ерөнхий биеийн үзлэг хийдэг. Бичсэн баримтууд үнэн эсэхийг тулгаж үздэг. Хувийн эмнэлгийн лаборатариор дүгнэлт гаргуулсан гэх бөгөөд тухайн үед тархины хүнд зэргийн гэмтэл, хамрын таславчийн мурийлт байна уу гэдгийг КТГ шинжилгээгээр дүгнэх учраас ийм шинжилгээнүүдийг хийлгээд ир гэж шинжээч эмч өөрөө намайг явуулсан. Тиймээс 11 дүгээр сарын 16-ны өдөр КТГ шинжилгээний зураг авахуулж, 2 хоногийн дараа хариугаа аваад шинжээч эмчид хүлээлгэж өгсөн. 11 дүгээр сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагаас намайг дуудахад би зулгаалгуулсан үснийхээ хамт бичиг гаргаж өгсөн. Тэр үед цагдаагаас “Та гэмтэлтэй гэж үзвэл шүүхийн шинжилгээний байгууллагад очиж үзүүл” гээд бичиг хийж өгсөн. Үүнийг нь аваад ямар ч гэмтлийн онош, элдэв бичиггүйгээр зөвхөн өөрийн үсээ уутанд хийгээд авч очоод үзүүлсэн. Эмч ерөнхий биеийн үзлэг хийснээ тэмдэглэсэн. Энэ нь 13 хоногийн дараах үзлэг биш, 7 хоногийн дараах үзлэг юм. Шүүх шинжилгээний хариу 5-7 хоногийн дараа гардаг тул сүүлийн байдлаар дүгнэгдсэн дүгнэлтийн огноог өмгөөлөгч 13 хоногийн дараа гэж яриад байна. Харин үзлэг нь 11 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн.” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчил байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн. Өмгөөлөгч Б.Мэргэн “Цагаан зул” эмнэлгийн баримт дахин авагдаагүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, эмнэлгийн дардас дарагдсан байсан тул дахин авах шаардлагагүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Д.О хуурамч дүгнэлт гаргуулж, гэмтлийн зэрэг тогтоолгосон гэж байгаа боловч Т.Т нь Д.Оийн биед гэмтэл учруулсан талаар 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Зөвхөн эмнэлгийн баримтад тулгуурлаж бус 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15757 дугаартай дүгнэлтүүдээр гарсан гэмтлүүдийг харгалзаж үзсэн нь үндэслэлтэй. Шүдний бичилтүүд эмнэлгийн хэллэг болон өөр хэллэгээр зөрүүтэй бичигдсэн болохоос нэг ойлголт гэдгийг хэлмээр байна. Иймд дээрх баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.О, Т.Т нарыг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна “авто машинаа хөдөлгөж, зам чөлөөлсөнгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан, харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.О, Т.Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.Т нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Учир нь, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ. Шүүгдэгчийг гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоож, нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлд хамаарч байна.

Мөн хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15757 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Д.Оийн биед ...баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн... гэмтлүүд тогтоогдлоо.” /1хх 36-37/ гэсэн атал 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Цагаан зул” шүдний эмнэлгийн үзлэгт “Д.О нь гэмтлийн улмаас үүдэн шүднүүд хөндүүрлэж, хазахад өвчтэй, үүдэн шүднүүд хөдөлсөн гэсэн зовиуртай, ...рентген болон бодит үзлэгээр 11, 21-р шүднүүдийн холбоосын завсар өргөсч 2, 3-р зэргийн хөдөлгөөн илэрч, ...эмчилгээ хийлгэсэн.” гэж зөрүүтэй байдлаар бичиж дүгнэсэн байх тул мэтгэлцэгч талууд тусгай мэдлэг бүхий шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан асууж тодруулах замаар хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасанд нийцнэ.

Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийн аль аль дүгнэлтүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон, аль шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж үзсэн талаараа дүгнэлт хийх шаардлагатай.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Д.О, Т.Т нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Б.Мэргэний “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.О, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.О, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ