Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Э.Жамц,

хохирогч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А овогт Д.Цд холбогдох эрүүгийн 1803000010136 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1954 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 64 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, охин, зээ хүүгийн нарын хамт тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 163 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 70.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт Д.Ц

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 20 минут орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэгш плант” чулуу бутлах үйлдвэрийн хойд замд Б.Нын эзэмшлийн “Toyota Allex” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Д.Цаас:  “...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Шувуунаас нисэх ороод буцаж явахад зам дээр нэг явган хүн явж байсан. Би явган хүнийг хараад өөрийн машины хурдыг хасаад, тойроод гарах боломжтой байна гээд зөөлхөн явж байтал хажуу талын туслах замаас гэнэт нэг портер гарч ирээд би шахагдсан. Тэгээд портер явган хүн хоёрын дундуур гарах шиг болтол юм дуугарсан. Машинаа зогсоогоод буугаад харахад Нянтайжав хохирогч хэвтэж байсан. Би тэр даруйдаа цагдаа дуудаж, хохирогч Нянтайжавыг шувууны эмнэлэг дээр аваачиж анхны тусламж үзүүлсэн. Тэгээд буцаж осол болсон газар дээр ирж, цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн. Мөн хохирогч Нянтайжавыг гэмтлийн эмнэлэгт үзүүлж, тархины зураг авахуулсан...” гэв.

Хохирогч Т.Наас: “...Гэмтлийн эмнэлэгийн эмчийн хяналтанд 11 хоног эмчлүүлж, эмнэлгийн тусламж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Т.Нын: “...Би гэрээсээ гараад “Шувуу” руу замын хажуугаар явж байсан. Би даралтаа эмчид үзүүлэх гээд явсан юм, бас эмийн сангаас даралтын эмээ авах гэж байсан. Би замын хажуугаар автобусны буудал руу явж байтал гэнэт л хүчтэй газарт унасан, нэг хэсэг ухаан балартсан, эмэгтэй хүн хүрч ирээд машиндаа суулгаад Туул тосгоны эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Би автобусны буудал явж байхад гэнэт л хүрээд ирсэн. Уул нь тэр хавьд ганцхан цагаан машин л явж байсан, өөр машин ирж байгаа харагдаагүй. Бие маань их л тааруухан байна. Би замын хажуугаар явж байхад ямар нэг сигнал өгөөгүй. Гэнэт орж ирж хүчтэй мөргөсөн, яаж унаснаа ч мэдэхгүй болтол мөргөж хүнд гэмтэл учруулсан, санамсар болгоомжгүй гэмтэл учруулсан жолоочид гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Жгийн: “...Манай байгууллага 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын захирагчийн албатай гэрээтэй Хан-Уул дүүргийн Нисэх, Био, Шувуун фабрик зэрэг газрын 21.4 км зам төв засмал замыг хариуцаж арчлалт, цэвэрлэгээг хийдэг. Уг замууд хотын төвөөс алслагдсан маш их шуурдаг, маш их цас ордог, хүйтэн нөхцөл байдалтай, машин бага явдаг онцлогтой. Замыг цэвэрлэх үе шат нь эхний ээлжинд 2 машин чөлөөтэй саадгүй зорчих хэсгийг цэвэрлэх, дараа нь замын 2 талын хөвөөг цэвэрлэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  31 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

 

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11 дүгээр хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн явган зоригчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12 дугаар хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13 дугаар хуудас/

2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 1423 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 09 цагийн үед гэрээсээ зээ хүү Н.Ган-Очирын хамт бэр охин Б.Нын эзэмшлийн 53-96 УНЛ дугаартай автомашиныг бариад Нисэх орчихоод буцаад бид 2 гэр рүүгээ машинаараа явж байсан, замдаа Тэгш плант чулууны үйлдвэрийн замд зүүнээс баруун тийш 60 км цагийн хурдтай явж байтал урд зам дээр машины замыг захлаад мөн адил зүүнээс баруун тийш үл таних хүн явж байгаа харагдсан, тэр хүнийг хараад хурдаа хасаад хажуугаар нь зөрөөд гарах гэж байтал гэнэт өөдөөс машин орж ирж байгаа харагдсан, тэгээд явган хүн машины голоор багтаад гарчих байх гэж бодоод л орсон, тэгтэл машин зөрөөд л өнгөрсөн, пад гээд дуу  гарсан, тэр дуунаар машинаа зогсоогоод буугаад иртэл тэр хүн зам дээр хэвтэж байсан, би тэр хүнийг машиныхаа баруун талын толь хэсгээр мөргөчихсөн байсан. Тэгээд тэр хүн дээр очиход хамраас нь цус гарсан байсан. Биеийн байдлыг нь асуухад “нүд нүд” гээд байсан. Бас нүдний шил унасан байхаар нь авч өгсөн, эргэн тойрноо хартал хэн ч байхгүй байхаар нь тэр хүнийг машиндаа суулгаад Шувуун фабрикийн эмнэлэг орж анхны тусламж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 79-80 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 93 дугаар хуудас/,

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 94 дүгээр хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/,

-Боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 92 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 20 минут орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэгш плант” чулуу бутлах үйлдвэрийн хойд замд Б.Нын эзэмшлийн “Toyota Allex” маркийн 53-96 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Нын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Б.Жгийн мэдүүлэг /хх-ийн  31 дүгээр хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11 дүгээр хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт

  1. Уг автомашины зүүн болон баруун гар талын ойр, холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, холын гэрлийн чадал стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогссон. Урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн. Урд болон хойд дугуйнуудын хээний гүн, нэг тэнхлэг дээрхи дугуйнуудын марк, хэмжээс, хээ стандартын шаардлага хангаж байна. Харин автомашины зүүн болон баруун гар талын ойр, холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, холын гэрлийн чадал стандартын шаардлага хангахгүй байна. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер зүүн гар тал болон баруун гар талын хормой хэсгээрээ будаг нь халцарч зурагдсан сэвтэй, баруун гар талын толь хугарч скочоор тогтоосон, хойд буфер баруун гар талдаа будаг нь халцарсан сэвтэй, дугаарын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл байна.
  2. Зүүн болон баруун гар талын ойр, холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, холын гэрлийн чадал стандартын шаардлага хангахгүй байна. Урд буфер зүүн гар тал болон баруун гар талын хормой хэсгээрээ будаг нь халцарч зурагдсан сэвтэй, баруун гар талын толь хугарч скочоор тогтоосон, хойд буфер харуун гар талдаа будаг нь халцарсан сэвтэй, дугаарын гэрийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
  3. ба 4. Шинжилгээ хийлгэх тогтоолын 3 ба 4 дүгээр асуултанд нэгтгэж хариулахад: Урд буфер зүүн гар тал болон баруун гар талын хормой хэсгээр будаг нь халцарч зурагдсан сэвтэй, баруун гар талын толь хугарч скочоор тогтоосон, хойд буфер баруун гар талдаа будаг нь халцарсан сэвтэй, дугаарын гэрлийн чийдэн асэхгүй зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Харин зүүн болон баруун гар талын ойр, холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, холын гэрлийн чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчиныг хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч тогтоолд тусгагдсанаар уг осол өдрийн 01 цагийн орчимд болсон гэх тул осолд нөлөөлөхгүй байх боломжтой.
  1. Уг автомашин нь шингэн дамжуулгын АBS бүхий тоормосны системтэй.
  2. Автомашины урд болон хойд хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Тоормосны систем хэвийн ажиллагаатай, битүүмж алдагдаагүй эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.  /хх-ийн 47 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 1423 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Т.Нын биед дух ясны цөмөрсөн ил хугарал, зүүн, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун гайморын хөндийн өмнөд, дотор хана, хамар ясны хугарал, суурийн хөндий, баруун гайморын хөндийн цус хуралдалт, тархины баруун тал бөмбөлгийн духны эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, дух, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Цын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж,  мөн эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Хохирогч Т.Н нь гэмт хэрэгтэй холбоогдсон зардлын баримтуудыг хэрэгт гаргасан буюу 1.000.000 төгрөгийн баримтыг гаргаж нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Цаас хохирогч Т.Нд мөрдөн шалган ажиллагааны явцад 1.403.130 төгрөгийг төлсөн, энэ талаар хохирогч болон шүүгдэгч хэн аль нь илэрхийлсэн, хохирол төлбөрийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Цыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үүссэн байна.

Мөн шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Т.Нын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №953636 дугаартай үнэмлэх баримтыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

          Хохирогч Т.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.