Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/717

 

 

                                                                 Д.Үд холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Д.Үгийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/374 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Үд холбогдох 2305 04011 0106 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Д-ийн Ү, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Д.Ү нь тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /нэг бодгаль/-н түүхий эд болох 4 ширхэг саврыг 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 16 дугаар гудамжны 241 тоот хашаанд байрлах саарал өнгийн нэг давхар байшинд хадгалсан, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 ширхэг баавгайн саврыг 700.000 төгрөгөөр бусдад худалдаж ашиг олсон, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв рүү 59-10 УЕС улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д овгийн Д-ийн Үг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Үд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Ү цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч Д.Үгоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хүрэн баавгайн (1 бодгаль) үнэ болох 24.900.000 /хорин дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг, хүрэн баавгайн 1 ширхэг саврыг бусдад худалдсаны үнэ болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөг нийт 25.600.000 /хорин таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн банк дахь 100900013040 тоот дансанд төвлөрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 59-10 УЕС улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашиныг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж,

шүүгдэгч Д.Үгоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Саран финанс” ББСБ ХХК-д олгож, иргэний нэхэмжлэгч “Саран финанс” ББСБ ХХК-ийн зээлийн хүү, алдангаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, одоо Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа баавгайн 3 ширхэг саврыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлэхийг тус цагдаагийн албанд даалгаж, гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ү гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан. Өөрийн бурууг ойлгож, гэмшиж байгаа надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Үгийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Ү анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд миний бие давж заалдах шүүхийн шатнаас оролцож гомдол гаргасан. Д.Ү нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн буюу хууль зүйн зөвлөгөө аваагүй учраас хохирол төлбөрөө төлөх талаар мэдэхгүй ийм нөхцөл байдалд хүрсэн. Тэгээд давж заалдах шатны шүүхийн шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авч шүүхээс төлүүлэхээр заасан 11.086.219 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд тушаасан. Мөн 2023 оны 12 дугаар сараас хойш 5.000.000 төгрөгийг “Саран финанс” ББСБ-д төлсөн. Үүнээс хойш графикийн дагуу хохирол төлбөрийг төлөх боломжтой. Д.Ү нь настай эцэг, эхийн хамт амьдардаг. Иймд шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, төрд учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Үгийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Д.Ү анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй ч гэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөөгүй, хор уршгийг арилгаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн, ямар орлогоос төлөх нь тодорхойгүй, ажил хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой баримт авагдаагүй байсан. Улсын яллагчийн зүгээс тухайн гэмт хэрэгт хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс улсын яллагчийн саналын хүрээнд тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхийн шатанд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлж барагдуулах арга хэмжээ авсан байна. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон 700.000 төгрөгийг зохих төрийн санд төлсөн. Иргэний нэхэмжлэгчид төлбөл зохих 11.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон тээврийн хэрэгслийн 14.000.000 төгрөгийг суутгаж, зөрүү төлбөрийг төрийн санд тушаасан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд давж заалдах шатны шүүхэд олгогдсон хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ү нь тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /нэг бодгаль/-н түүхий эд болох 4 ширхэг саврыг 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 16 дугаар гудамжны 241 тоот хашаанд байрлах саарал өнгийн нэг давхар байшинд хадгалсан, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 ширхэг баавгайн саврыг 700.000 төгрөгөөр бусдад худалдаж ашиг олсон, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв рүү 59-10 УЕС улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хууддас /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-20/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тэнгисийн мэдүүлэг /хх 49-51/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3839 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 70-76/, шүүгдэгч Д.Үгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 115/, шүүгдэгч Д.Үгийн яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 132-133/, гэрч Б.Эрдэнэтунгалагийн мэдүүлэг /хх 141-142/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Үг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Үгийн тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /нэг бодгаль/-н түүхий эд болох 4 ширхэг саврыг 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 16 дугаар гудамжны 241 тоот хашаанд хадгалсан, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 ширхэг баавгайн саврыг 700.000 төгрөгөөр бусдад худалдаж ашиг олсон, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв рүү 59-10 УЕС улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Үгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ү нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн банк дахь 100900013040 тоот дансанд 11.086.219 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний нэхэмжлэгч “Саран финанс” ББСБ-д 5.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдав.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/374 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Д.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Шүүгдэгч Д.Үд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үгийн цагдан хоригдсон 47 хоногийг түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 4 сар 13 хоногоор тогтоосугай.

3. Шүүгдэгч Д.Ү нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Байгаль орчин, уур амьсгалын санд 11.086.219 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Саран финанс” ББСБ-д 5.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

5. Шүүгдэгч Д.Үг нэн даруй сулласугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ