| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2025/00035/И |
| Дугаар | 191/ШШ2025/02087 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/02087
2025 03 14 191/ШШ2025/02087
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух,******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ч тоотод байрлах 236 м.кв хувийн орон сууцнаас албадан нүүлгэж чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 0295 дугаартай худалдах, худалдах авах гэрээгээр *******гаас Ч тоотод байрлах 236 м.кв талбайтай хувийн сууц, 1864131712 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын хамт худалдан авсан. Улмаар нэхэмжлэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 01109689 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан тус хувийн сууц, 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон. Гэвч хариуцагч ******* нь тухайн хувийн сууцыг суллаж өгөөгүй, суллаж өгөхийг шаардахад нүүх байр олдохгүй байна, ирэх долоо хоногт яг суллаж өгнө гэх зэргээр элдэв шалтаг тоочиж хугацаа авсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Ингэж явсаар жил орчмын хугацаа өнгөрч дахиад холбогдож шаардахад хоёр хүүхэд, эхнэртэйгээ очих газар байхгүй байна та дахиад хугацаа өгөөч гэсэн. Нэхэмжлэгчийн хувьд заавал шүүхэд хандаж албадан нүүлгүүлэх шаардлагагүй, хүмүүс юм чинь хэл амаараа ойлголцоод маргаан үүсгэхгүйгээр шийдчихнэ гэж итгэж явсаар маш их хугацаа алдсан. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сард хувийн сууцыг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсноос хойш 1 жил 7 сар гаруйн хугацаанд тус хувийн сууцанд амьдарч чадаагүй. Цаашлаад өөрийн хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулж чадахгүй, өмчлөх, эзэмших, ашиглах (бусдад түрээслүүлэх, зарж борлуулах) эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрээд байна. Мөн хариуцагчийг тухайн хувийн сууцнаас яаралтай нүүхийг шаардахаар Ч тоот хаягт очиход хашаа руу хүн нэвтрүүлэхгүй байх үүднээс хоёр том нохой сул тавьсан байдалтай, үүнээс шалтгаалж дотогшоо хүн нэвтрэх ямар ч боломжгүй болгосон байсан. Энэ мэт хариуцагчийн үйлдлээс үзэхэд тухайн хувийн сууцнаас нүүх ямар ч хүсэл сонирхолгүй, цаашид ч үргэлжлүүлэн амьдарсаар байх бодолтой байгаа нь харагдаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй мөн хуулийн 106.3 дахь хэсэг Энэ хуулийн 106.1, 106 2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна хэмээн заасныг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч *******г гэр бүлийн хамтаар Ч тоот хаягт байрлах 236 м.кв талбайтай хувийн сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрч байгаа, өмнөх шүүх хуралдаанд 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгөхөөр ярилцаж байсан. Энэ нөхцөлөөр ярилцаж, эвлэрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгож талууд харилцан тохиролцсон гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2025.07.01-ний өдрөөс өмнө Ч тоотод байрлах, 236 м.кв хувийн орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон гэв.
3. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: *******ы нэхэмжлэлтэй *******д холбогдох Ч тоотод байрлах 236 м.кв хувийн орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нь дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Хариуцагч ******* нь Ч тоотод байрлах 236 м.кв хувийн орон сууцыг 2025.07.01-ний өдрөөс өмнө нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Ч тоотод байрлах 236 м.кв хувийн орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч ******* нь Ч тоотод байрлах 236 м.кв хувийн орон сууцыг 2025.07.01-ний өдрөөс өмнө чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ы нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, Ч тоотод байрлах 236 м.кв хувийн орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА