| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00013/И |
| Дугаар | 312/ШШ2025/00559 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2025/00559
2025 04 02 312/ШШ2025/00559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, ******* сум 2 дугаар баг ******* гэх газар оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг ******* тоотод оршин суух, ******* овогт ын , /РД:, утас /, овогт ийн /РД:6, утас /-д холбогдох,
26,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., М., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрдэнэтэд хашаа байшин авахаар зорилгоор 2024 оны 1 дүгээр сард фейсбүүк олон нийтийн сүлжээнээс ...хашаа, байшин зарна, мал оролцуулж болно... гэсэн зарын дагуу дугаар гар утсаар хариуцагч Б. ярьсан. Гэтэл Б. нь ирж уулзаад байшинг үзээрэй гэсэн. Түүний хэлсний Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг Яргуйт овоотын 20 гудамж 28 тоот хаягт очиж хашаа байшинг үзэж бэлэн мөнгө болон үхэр оролцуулан нийт 55,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Б., Ч. нартай тохиролцож мөнгийг хэсэгчилж хувааж төлөхөөр болсон. 2024 он 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.гийн эзэмшлийн тоот хаан банкны дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба тухайн өдрөө хашаа, байшинг хүлээж аваад ороход байшингийн бетон нь шал нь доошоогоо цөмөрсөн, байшингийн доторлогооны модон рейк нь доод талдаа зайтай байсан. 2024 оны 02 дугаар сард Б., Ч. нар цагаан сараар хэрэглэх айраг авъя хашаа, байшингийнхан төлбөрөөс хасаж тооцъё 50 литр айраг хэрэгтэй байна гэсэн. Би тухайн үед нь 1 литр айргийг 8,000 төгрөгөөр бодож нийт 400,000 төгрөг бүхий айргийг өгсөн. Мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ч.ын эзэмшлийн тоот Дансанд 6,600,000 төгрөгийг шилжүүлсэн ба нийт айраг болон бэлэн мөнгийг оролцуулан 9,000,000 төгрөгийг Б., Ч. нарт өгсөн. Мөн Б., Ч. нар нь үхэр өсөж үржүүлэх гэж байгаа тул тугаллах 10 үхэр авъя гэсэн. Тухайн үед өөрсдөө ирж үзэх боломжгүй болчихлоо үхэрнүүдийнхээ зургийг дараад фейсбүүк чатаар явуулчих гэж хэлснээр нь би зургийг нь дараад явуулсан. Тэд зургаас харьж байгаад тугаллах 10 үхрийг сонгосон. Нэг үхрийг 1,300,000-1,500,000 төгрөгийн хооронд тооцож авахаар ярилцаж байгаад дундаа хийгээд нэг үхрийг 1,400,000 төгрөгөөр тооцож нийт 14,000,000 төгрөгийн үнэ бүхий тугаллах 10 үхрийг 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Булган аймгийн ******* сум дахь өөрийн хотноос том тээврийн машин дээр өөрөө ачуулж, өөрийн зардлаар Орхон аймагт байрлах Б., Ч. нарын хашаанд авчирч өгсөн. Уг нь өөрсдөө очиж үхрээ авна гэж хэлж байсан ч аваагүй, би өөрөөсөө тээвэрлэлтийн зардал болон бусад зардлыг гарган хэлсэн хугацаандаа хүргэж өгсөн. Ч. нь 2024 оны 07 сард би хөдөө байна аа мөнгө хэрэг болчхоод төв орж чадахгүй байна та 3,000,000 төгрөг над руу хийгээд өгөөч бензин түлш авах хэрэг болоод байна гэж хэлэхээр би мөн л 3,0000,000 төгрөгийг банкных нь дансаар шилжүүлсэн. Ингээд нийт 2024 оны 01 дүгээр сарын 20-аас 2024 оны 07 дугаар сарын сүүл хүртэл үхэр болон бэлэн мөнгө оролцуулан нийт 26,000,000 төгрөгийг Б., Ч. нар төлсөн. Харин үлдэгдэл мөнгийг 2024 оны 08 дугаар сард багтаан төлж дуусгахаар амаар тохиролцсон. 2024 оны 05 сард Ч. эхнэр болох Б. нь хүүхдээ хувийн сургуульд бүртгүүлэх хэрэгтэй байна гээд 5,000,000 төгрөгийг даруй төл гэж хэлсэн. Тухайн үед миний бие тэр мөнгийг шууд гаргаад өгөх боломжгүй байсан тул үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт хандаж тухайн хашаа байшинг заруулаад өөрийн оруулсан мөнгийг буцааж аваад үлдэгдэл мөнгийг нь Б., Ч. нарын өгье гэхэд тэд зөвшөөрсөн. Тэгээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт хандаж зуучлагч Л.Амарсайхантай Б. нь зуучлалын гэрээ байгуулсан. Гэвч тухайн гэрээ байгуулах үедээ хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг олдохгүй байна гээд гаргаж өгөөгүй манай нөхөр наа зуучлагчийг чинь танина утсаар холбогдож байгаад дараа нь өгчихнө өө гэж хэлсэн ч гэрчилгээг гаргаж өгөөгүй тул зар тавьж хашаа байшинг худалдах боломжгүй байсан тул хашаа байшинг худалдаж чадаагүй. 2024 оны 7 сарын дундуур хөдөө мал дээрээ байхад Б., Ч. нар над руу залгаж байшингийнхаа үлдэгдэл төлбөрийг төл гэж хэл амаар доромжилж элдэв муу муухайгаар хэлсэн. Бид уг нь анх мал таргалахаар малаа зараад үлдэгдэл төлбөрийг нь төлье гэж тохиролцсон. Гэтэл байн байн залгаж хэл амаар доромжлоод салахгүй дарамтлаад байхаар нь үлдэгдэл төлбөрийг нь төлөхөөр эрдэнэт рүү явж байх замдаа миний бие осолд орсны улмаас тархинд цус хурж ухаан санаа балартсанаас болоод Б., Ч. нартай дахиж холбоо барьж чадаагүй. Ослын улмаас тархинд цус хурсан тул яаралтай эмчлүүлэх шаардлагатай болж БНХАУ--ын Хөх хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэж байх хугацаанд миний утас том хүү Б.Юмчиндоржид байсан. Тэр хугацаанд Б., Ч. нар нь том хүү рүү маань залгаад мөнгөө авъя луйварчин юм нар гэж хэл амаар доромжилж нэлээн юм болсон байсан. Манай ээж осолд ороод эмчлүүлэх шаардлагатай байгаа одоохондоо та хүлээж байгаа ч ээжийг зүгээр болохоор нь таны мөнгийг төлье гэж хэлэхэд өөр хүнд зарна гэж хэлсэн байсан. Тухайн үед хашаа, байшингийнхаа үлдэгдэл төлбөрийг төлөх гэж байсан мөнгөөрөө эмчилгээ хийлгэж мөнгийг болсон байсан. Намайг эмчилгээгээ хийлгээд эмнэлгээс гарж ирэхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг Яргуйт овоотын 20 гудамж 28 тоот хаягт байрлах хашаа байшинг Б., Ч. нар нь өөр хүнд зарсан байсан. Тэгэхээр нь би Б., Ч. нартай утсаар яриад байшингаа зарсан юм байна ш дээ миний мөнгийг өгөхгүй юм уу гэхэд Б. нь 35,000,000 төгрөгт хашаа байшингаа зарсан. Мөнгийг чинь өгөх боломжгүй гэсэн. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг Яргуйт овоотын 20 гудамж 28 тоот хаягт очиход Б., Ч. нараас хашаа байшинг худалдаж авсан хүн гарж ирсэн. Тэгээд хашаа байшингаа 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан тухайгаа хэлсэн. Б., Ч. надад дээр хашаа байшин худалдан гээд надаас урьдчилгаанд 26,000,000 төгрөгийг авсан мөртлөө хашаа байшингаа өөр хүнд зарсан байх ба буцаагаад мөнгөө авъя гэхэд өгөх боломжгүй шүүх цагдаагаар яваад аваарай гэж хэлсэн тул шүүхэд хандахад хүрлээ. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, яргуйт овоотын 20-р гудамж, 28 тоотод байрлах газар, хашаа, байшингийн үнийн урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд: Д.******* нь дөрвөн хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Ам бүл 5. Булган аймгийн ******* суманд мал маллаж амьдардаг. Эрдэнэт хотод хашаа байшин авах зорилгоор 2024 оны 01 дүгээр сард фейсбүүк зарын группээс хашаа байшин зарна мал оролцуулж болно гэсэн зарын дагуу буюу хариуцагч Б.тай холбогдоход ирж үзэх боломжтой гэсний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг, Яргуйт Овоотын 20р гудамж, 28 тоот хаягт очиж үзээд нийт 55.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож үхэр оролцуулах мөн үлдэгдэл мөнгийг хэсэгчлэн төлөхөөр болсон. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.гийн эзэмшлийн 5091273055 тоот Хаан банкны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн хашаа байшин хүлээн авсан. Тухайн үед байшингийн бетонон шал цөмрөлттэй, доторлогооны модон рек нь зайтай байсан хариуцагч Б., Ч.Дамааням нар нь энэ асуудлыг мэдээд хэлж байсан болохоор тохиролцоод нүүж орж байсан. 2024 оны 02 дугаар сард буюу цагаан сараар хариуцагч Б., Ч. нар нь айраг хэрэгтэй байна та 50 литр айраг өгөөч 1 литрийг нь 8000 төгрөгөөр авъя гээд 50 литр айргийг 400.000 төгрөгөөр тохиролцож өгсөн Тухайн үеийн айраг 10.000 төгрөг байсан таньдаг байшинг нь худалдаж авч байгаа юм чинь гээд 8.000 төгрөгөөр бодож өгсөн. Мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 6.600.000 төгрөгийг хариуцагч Ч.ын эзэмшлийн тоот дансруу шилжүүлсэн. 2024 оны 03 сарын 11-ний өдөр Б. нь *******той манайх мал өсгөх гэж байгаа юм тугалах 10 үхэр авъя бид хоёр өөрсдөө очиж үзээд, тээвэрлээд аваад явна гэж хэлсэн боловч бид очих боломжгүй боллоо та үхрнийхээ зургийг нь дараад явуулчих бид нар зургаас нь харж байгаад алийг нь авахаа сонгоё гэсний дагуу ******* ын фейбүүк хаяг руу үхрийн зураг явуулан нэг үхрийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцоод 10 тугалах үхэр авахаар болсон. ******* нь өөрөөсөө зардал гаргаад Булган аймгийн ******* сумаас том машинд 10 үхэр тээвэрлээд Б., Ч. нарт авчирч өгсөн. 2024 оны 06 дугаар сард би хөдөө байна төв орж чадахгүй байна гээд 3.000.000 төгрөг өгөөч гэхэд нь 3.000.000 төгрөгийг бэлнээр хариуцагчид өгсөн. 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сар хүртэл 10 үхэр 14.000.000 төгрөг, 50 литр айраг 400.000 төгрөг, бэлэн мөнгө нийт хашаа байшингийн урьдчилгаа мөнгөнд 26.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг 2024 оны 08 дугаар сарын сүүлээр өгөхөөр тохиролцсон. Гэвч тохиролцсон хугацаанаас өмнө мөнгө нэхсэн учир үл хөдлөх зуучлалын газартай гэрээ байгуулаад үл хөдлөхөө худалдаад миний өгсөн 26.000.000 төгрөгийг өгчих гэж тохиролцоод гэрээ байгуулсан боловч үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээгээ өгөөгүйн улмаас зуучлалын ажиллагаа явагдаагүй. 2024 оны 07 дугаар сарын дундуур хөдөө мал дээрээ ажилтай байх үед хариуцагч нар залгаад үлдэгдэл мөнгийг өг, яасан уддаг юм гэж хэл амаар доромжилсон. Тухайн үед бидний тохиролцсон хугацаа болоогүй байна гэхэд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэхэд нь мөнгийг нь өгөхөөр Булган аймгаас Эрдэнэт хүрэх замд осолд орж тархинд нь цус харваж, ухаан санаа нь балартан Б., Ч. нартай холбоо тогтоож чадаагүй. Ослын улмаас Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн утас Юмчирдорж гэх хүүд нь байсан бөгөөд хариуцагч мөнгөө авъя луйварчид минь гэх мэтээр удаа дараа хэл амаар доромжилж залгасан хүү Юмчирдорж нь болсон явдлыг тайлбарлаад ээж эмчилгээ хийлгэж байгаа босоод ирэхээр нь таны мөнгийг өгнө гэж хэлсэн. *******ыг эмчилгээгээ хийлгээд гараад ирэхэд нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22 баг, Яргуйт Овоот багийн 20 гудамжны 28 тоот хашаа байшинг Б., Ч. нар нь өөр хүнд зарсан байсан. Миний төлсөн мөнгийг гаргаад өг гэхэд би байшингаа 35.000.000 төгрөгөөр зарсан мөнгийг чинь өгөх боломжгүй шүүх, цагдаагаараа яваад аваарай гэж хэлсэн байдаг. Худалдан авсан хүнээс лавлан асуухад тухайн хүн нь 50.000.000 авсан гэж хэлсэн байдаг. Б. нь хашаа байшингийн урьдчилгаа мөнгөнд *******оос мал, бэлэн мөнгө, айраг оролцуулан нийт 26.000.000 төгрөгийг авсан хэр нь хашаа байшингаа зарж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Иймд байшингийн урьдчилгаанд өгсөн 26.000.000 төгрөгийг гаргуулна... Тухайн үед сургууль амарсан байшин чийгтэй байсан учраас чийг гарах байх гээд тавилгаа айлд үлдээгээд хөдөө гарсан. Үлдэгдэл мөнгөө 2024 оны 08 дугаар сар гэж тохирсон ч байшинг зарахдаа хэлэлцэн тохирсон хугацаанаасаа өмнө буюу2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хашаа байшингаа худалдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна... гэв.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: Д.******* болон Б., Ч. нарын хооронд Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгө буюу хашаа байшинг худалдах, худалдан авах урьдчилсан тохиролцоо хийгдсэн байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлээд төлбөрийн нөхцөлөө хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон, мөн үнийн дүнд мал, айраг оролцуулан тооцохоор хэлцэл хийгдсэн.Эд хөрөнгө худалдан авахаар чиглэсэн боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйл, мөн тус хуулийн 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дуусгавар болохтой холбоотой зохицуулалтыг заахдаа улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан байдаг. Талууд амаар харилцан тохиролцсон, бичгээр гэрээ хийгээгүй. Үлдэгдэл мөнгийг хийж дуусгаснаар өмчлөх эрх шилжих агуулгатай байсан түүнээс хөлслөх, түрээслэх гэрээ огт хийгдээгүй болох нь тогтоогдож байна. Үл хөдлөх өмч хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хэлцэл хийгдээгүй учир хүчин төгөлдөр үүргийн харилцаа гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж гаргасан. Ямар үүрэг үүсэхгүй вэ гэвэл нэгдүгээрт үл хөдлөх эд хөрөнгө худалдах тохиролцоо хийсэн боловч өөр хүнд худалдсан хоёрдугаарт нэхэмжлэгчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас үлдэгдэл мөнгө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүргийн гүйцэтгэлийн ихэнх хувь төлөгдсөн байхад үлдсэн үүргийг хугацаанаас өмнө шаардаж үл хөдлөх хөрөнгөө зарсан нь хариуцагчийн үнэнч бус үйлдэл байна. Хариуцагч тугалах гэж байгаа нас гүйцсэн үхэр нэгийг нь1.000.000 төгрөгөөр бодож авсан гэж байна бодит байдал дээр ийм зүйл байхгүй ердийн боломжит нөхцөлийг харахад бяруу 1.000.000 төгрөгийн үнэтэй байдаг тул хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй. Иймд үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаанд хариуцагчид өгсөн мөнгөн төлбөр болоод 10 үхэр, 50 литр айраг гээд нийт үнийн дүн 26,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа. Талуудын хооронд орон сууц хөлслөх, байр хөлслөх, түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Мөн өгсөн мөнгөнөөс нь буцаан шаардах эрх байхгүй, хариуцагч байшиндаа амьдруулсан, олох ёстой орлого олж чадаагүй гэсэн шаардлага гаргаагүй. Татгалзаж байгаа үндэслэл нь 5.000.000 төгрөгийг түрээсэнд тооцож авна гэж байна энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Үнийн дүнд мал оролцуулахдаа 1 үхрийг 1.000.000 тооцно гэсэн баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, талууд хоорондоо тохиролцохдоо хашаа байшинг худалдан авъя гэж тохиролцсон байна. Гэхдээ энэ тохиролцоо хэдэн төгрөгөөр хийгдсэн, юу юу оролцуулсан гэдэг зүйл нотлогдохгүй байна. Бодит байдал дээр тугалах гэж байгаа нас бие гүйцсэн үхэр 1.000.000 төгрөг байхгүй гэдгийг хүн болгон мэднэ. Иймд энэ агуулгаар татгалзаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Зун зар тавьсан байхад өвөл авъя гээд зармааргүй байхад авсан гэсэн юм ярьж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нэг нь худалдах нэг нь худалдан авахаа илэрхийлсэн байна. Байшинг өөр хүнд зарсан нь хэлэлцсэн тохиролцсондоо хүрээгүй учраас талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байна .Амаар хийгдсэн гэрээ учраас нотлох баримт байхгүй гээд хүссэн тайлбараа гаргаад явна гэсэн зүйл байхгүй. 20.000.000 төгрөг дээр эвлэрэх боломжтой... гэв.
2. Хариуцагч Б. шүүх хуралдаанд: Манайх хашаа байшингаа зун мал, машин оролцуулж зарна гэж зар тавьсан. Тэгээд өвөл зарын дагуу холбогдож байна гээд хөдөөнөөс ирлээ гээд ярьж байсан. Ярьсны маргааш өглөө нь байшингаа үзүүлсэн. Эгч нь дөрвөн өнчин хүүхэдтэй нөхөр маань бурхан болчихсон Булган аймгийн ******* сумынх мал таргалахаар үлдэгдэл мөнгийг нь өгье одоо 10.000.000 төгрөг өгөөд байшинд нь оръё гэж хэлсэн. Мал оролцуулах боломжтой 10 үхэр авчих гэхээр нь малаа зунаас болъё гэтэл эгчийг нь төв рүү орохоор мал маллах хүн байгүй малаа шингэлэх хэрэгтэй байна аваачаад өгье гэсэн. Тэгэхээр нь бид нар өөрсдөө очиж үзэж харж авна гэхэд заа гэсэн тэгсэн удалгүй залгаад эгч нь малаа шингэлэх хэрэгтэй байна хүүхдийн хичээл орох гээд төв рүү үлдээгээд явах хэцүү байна гэхээр нь та тэгвэл зургийг нь явуулчих манайх 10 үхэр сонгоод авъя Сайхны үхэр жижиг байдаг жижиг бол авмааргүй байна гэхэд нэг үхрийг нь 1.000.000 төгрөгөөр бодоод авчих гэж ярьсан. Урьдчилгаа мөнгөнд бэлэн 10.000.000 төгрөг аваагүй. Анх 2.000.000 төгрөг өгөөд байшинд орсон 2 сарын дараа үлдэгдэл мөнгөө асуухад 6.600.000 төгрөг шилжүүлсэн.Айраг гуйж авсан гэж байна байшингаа хүлээлгэж өгөхөөр очиход эгч нь зарах 100 литр айрагтай ирсэн танайх айраг авах уу гэхээр нь манайх айргаа аваагүй байгаа гээд 50 литр айргийг 250.000 төгрөгөөр тооцоод үлдэгдэл мөнгөнөөсөө хасаад авсан. Үхэрийг өөрсдөө очиж авъя тээврийн зардлыг нь төлнө гэсэн зүйл огт яригдаагүй. Байшингийн рек нь салсан байсан гэж байна анх байшингаа хүлээлгэж өгөхдөө ч хэлсэн манай байшинд гарниз л хийгдээгүй. Үлдэгдэл мөнгө төлөх хугацааг 2024 оны 06 дугаар сарын 15 гэж тохиролцсон. Наадамд явахаар мөнгөний хэрэг их гардаг талаар урьдчилж сануулаад 2024 оны 07 дугаар сарын 1-нд эцсийн хугацаа гэж хэлсэн. Бэлэн 3.000.000 төгрөг өгсөн гэж байна бэлэн мөнгө аваагүй байшин хүлээлцсэнээсээ хойш үл хөдлөхийн гэрээ хийхэд нэг уулзсан ахиж уулзаагүй. Үл хөдлөх зуучлалд манайхыг мөнгө нэхсэний улмаас хандаагүй манай хүүхэд Дарханд амьдарна гэнэ гэхээр нь үлдэгдэл мөнгөө өгөөд та байшингаа зарж болно гэж хэлсэн. Тэгэхэд үл хөдлөх дээр Амарсайхан гэж хүн байгаа энүүгээр заруулаад үлдэгдэл мөнгийг нь өгье гэж яриад тэр эгч манай зүчээ дээр ирээд би гэрээн дээр нь гарын үсэг зурж өгсөн. Үлдэгдэл мөнгөө 35.000.000 төгрөг гэж байнга нэхэж байсан. Манай хүүхэд Дархан явахаа болилоо эгч нь эндээ амьдарна гэж байсан. 2024 оны 07 дугаар сар болоод бид хэд хот, хөдөө наадам гэж яваад холбогдож чадаагүй. Манай ээж гадаадаас ирээд нөгөө мөнгөө авсан уу гээд тэр ******* эгчтэй холбогдсон. Заа яг 2024 оны 07 дугаар сарын 20-нд өгнө гээд алга болсон. 2024 оны 08 дугаар сарын 31нд дугаар луу нь залгахад хүү нь утсыг нь аваад ээж осолд орсон гэж хэлсэн.Хүүг нь харааж зүхсэн, доромжилсон зүйл огт байхгүй.Дахиж залгаад мөнгөө яасан бэ бид хэд байранд орох гээд давхар давхар хүн хүлээлгээд хэцүү байна гэхэд хүү нь манайх бүх юм аа аваад суллачихсан байгаа та зараад мөнгөө авчих гэж хэлсэн. Эгч нь маргааш болтол хүлээе 10.000.000-15.000.000 төгрөг олоод өгчих тэгээд дараа нь боломжоороо өгчих гэхэд хүү нь чадахгүй гэж хэлсэн. Манайх хашаа байшингаа 40.000.000 төгрөгөөр зарсан энэ нь дансны хуулгаар нотлогдоно. 26.000.000 төгрөг нэхэмжилж байна гэнэ манайд 26.000.000 төгрөг өгөөгүй яриад байгаа бэлэн 3.000.000 төгрөгийг нь аваагүй. Мөнгөө нэхэж залгахаар уурладаг нэг бол согтуу байдаг. 2024.оны 12 дугаар сард үлдэгдэл мөнгөө авъя гэж ярьсан. Амьдарсан хугацааны мөнгийг нь хасаад үлдэгдлийг нь өгье гэхэд тийм юм гэж байхгүй шүүх цагдаагаар явна гэж байсан. Доромжилсон зүйл огт байгаагүй... Үлдэгдэл мөнгө төлөх хугацааг 2024 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 15 гэж тохирсон удаа дараа сануулж хэлсэн. Бүүр болохгүй бол утсаа шалгуулъя .Мөнгөө өгөхгүй болохоор нь 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүү гэж сануулсан. Байшингаа хүчээр худалдсан гэдэг зүйл яриагүй. Үхрийг 1.100.000 гэхээр нь 1.000.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн үхэр нь хээлтэй хээлгүй гээд янз янз байсан зураг нь байгаа харж болно туранхай байсан. Бэлэн 3.000.000 төгрөгийг хэзээ хаана хэнд хүлээлгэж өгсөн бэ? үлдэгдэл мөнгөө 35.000.000 гэж нэхэж байсан мессежнүүд нь байгаа... Бэлэн өгсөн 3.000.000 төгрөг гэж яриад байна бэлэн мөнгө аваагүй. Тийм хашаа байшин түрээслээгүй учраас түрээсэлсэн мөнгө хасах боломжгүй гэж байна. Тэгвэл авсан 19.000.000 төгрөгөө төлнө өөр мөнгө өгөх боломжгүй... гэв.
3. Нэхэмжлэгчээс Хаан банкны 2,000,000 төгрөг, 6,600,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл, малын гарал үүслийн тодорхойлсон цахим баримт, үхэрнүүдийн гэрэл зураг, итгэмжлэл, фэйсбүүк чатаар харилцсан гэрэл зургууд, фэйсбүүкийн гэх хаягаар хашаа байшин зарна гэсэн зар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг,
Хариуцагч нараас гар утаснаас авсан мессэжүүд, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүд зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Б., Ч. нарын Хаан банкны дансны хуулгыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б., Ч. нарт холбогдуулан 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ ...2024 оны 1 дүгээр сард фейсбүүк олон нийтийн сүлжээнээс ...хашаа, байшин зарна, мал оролцуулж болно... гэсэн зарын дагуу дугаар гар утсаар хариуцагч Б.тай ярьсанОрхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг Яргуйт овоотын 20 гудамж 28 тоот хаягт очиж хашаа байшинг үзэж бэлэн мөнгө болон үхэр оролцуулан нийт 55,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Б., Ч. нартай тохиролцож мөнгийг хэсэгчилж хувааж төлөхөөр болсон. 2024 он 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.гийн эзэмшлийн тоот хаан банкны дансанд 2,000,000 төгрөгийг, 1 литр айргийг 8,000 төгрөгөөр бодож 50 литр айраг нийт 400,000 төгрөгөөр, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ч.ын эзэмшлийн тоот дансанд 6,600,000 төгрөгийг, нэг үхрийг 1,400,000 төгрөгөөр тооцож нийт 14,000,000 төгрөгийн үнэ бүхий тугаллах 10 үхрийг 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Булган аймгийн ******* сум дахь өөрийн хотноос том тээврийн машин дээр өөрөө ачуулж, өөрийн зардлаар Орхон аймагт байрлах Б., Ч. нарын хашаанд авчирч өгсөн 2024 оны 07 сард би хөдөө байна аа мөнгө хэрэг болчхоод төв орж чадахгүй байна та 3,000,000 төгрөг над руу хийгээд өгөөч бензин түлш авах хэрэг болоод байна гэж хэлэхээр би мөн л 3,0000,000 төгрөгийг банкных нь дансаар шилжүүлсэн. Ингээд нийт 2024 оны 01 дүгээр сарын 20-аас 2024 оны 07 дугаар сарын сүүл хүртэл үхэр болон бэлэн мөнгө оролцуулан нийт 26,000,000 төгрөгийг өгсөн тул гаргуулж өгнө үү... гэж, тайлбарласан,
3. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...хашаа байшингаа зун мал, машин оролцуулж зарна гэж зар тавьсан. Тэгээд өвөл зарын дагуу холбогдож байна гээд хөдөөнөөс ирлээ гээд ярьж байсан. Ярьсны маргааш өглөө нь байшингаа үзүүлсэн. Эгч нь дөрвөн өнчин хүүхэдтэй нөхөр маань бурхан болчихсон Булган аймгийн ******* сумынх мал таргалахаар үлдэгдэл мөнгийг нь өгье одоо 10.000.000 төгрөг өгөөд байшинд нь оръё гэж хэлсэн. Мал оролцуулах боломжтой 10 үхэр авчих гэхээр нь малаа зунаас болъё гэтэл эгчийг нь төв рүү орохоор мал маллах хүн байгүй малаа шингэлэх хэрэгтэй байна аваачаад өгье гэсэн. Манайх 10 үхэр сонгоод авъя Сайхны үхэр жижиг байдаг жижиг бол авмааргүй байна гэхэд нэг үхрийг нь 1.000.000 төгрөгөөр бодоод авчих гэж яриад авсан, анх 2.000.000 төгрөг өгөөд байшинд орсон 2 сарын дараа үлдэгдэл мөнгөө асуухад 6.600.000 төгрөг шилжүүлсэн. Айраг гуйж авсан 50 литр айргийг 5,000 төгрөгөөр бодож 250.000 төгрөгөөр авсан, 3.000.000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, авсан 19,000,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна... гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.гийн тавьсан зарын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг Яргуйт овоотын 20 гудамж 28 тоот хашаа байшинг үзэж, 55,00,000 төгрөгөөр худалдаж авахаар Б., Ч. нартай тохиролцаж, 55,000,000 төгрөгөө мал болон бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон, Д.******* нь 2,000,000 төгрөгийг өгч хашаа байшин орсон, 50 литр айраг, 10 тугалах үнээ, 6,600,000 төгрөгийг Ч.ын данс руу шилжүүлсэн, Д.******* нь үлдэгдэл мөнгөө өгөхөөр явж байгаад осолд орсон, осол орсон учраас түүний хүү хашаа байшингийн үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй болсон, байшингаас юмаа авсан хоосон байгаа түлхүүрийг нь өгнө гэж хэлсэн боловч түлхүүрээ өгөөгүй, 2024 оны 08 сарын 16-ны өдөр хариуцагч нар хашаа байшингаа С.Оюунсүрэн гэж хүнд 40,000,000 төгрөгөө худалдсан үйл баримт болжээ. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
4. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40.1, 42.1-т зааснаар талуудын хооронд амаар хэлцэл хийгдсэн, уг хэлцэл нь хүчин төгөлдөр байна.
6. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болсон учраас гэрээнээсээ татгалзсан, хариуцагч нар нь бусдад худалдсан нь тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн хуулийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б., Ч. нарт өгсөн мөнгөө буцааж шаардах эрхтэй гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч нь айраг 8,000 төгрөгөөр, үхэрийг 1,000,000 төгрөгөөр, бэлэн 3,000,000 төгрөг өгсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэ талаар шүүх зохигчид тайлбарласан бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх нотлох баримт хэн аль нь байхгүй гэсэн тул шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагч нарын дансны хуулга зэргийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн, харин бусад баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй учир үнэлээгүй болно.
Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрсөн 19,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.ийн хүсэлтээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 312/ШЗ2025/01339 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б., Ч. нарын арилжааны банкин дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 26,000,000 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар энэ шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдав.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б., Ч. нараас 19,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Ч. нараас 252,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 312/ШЗ2025/01339 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б., Ч. нарын арилжааны банкин дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ