Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/718

 

 

                                                    “ТУ” ХХК, О.М нарт холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сэргэлэнбаатар,

яллагдагч “ТУ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.М, яллагдагч О.М нарын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/806 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сэргэлэнбаатарын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай эсэргүүцлээр “ТУ” ХХК, О.М нарт холбогдох 2302 00652 0409 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. “ТУ” хязгаарлагдмал хариуцлагатай компани, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр үүсгэн байгуулагдсан, хувийн хэргийн буюу улсын бүртгэлийн ... дугаартай, регистрийн ... дугаартай, бэлэг дурсгалын худалдаа, барилгын материалын худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамжны ... тоотод байрлах хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

2. Б овгийн О-ын М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, менежмент мэргэжилтэй, “ТУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... өргөн чөлөө гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

“ТУ” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, ашиг олох зорилгоор Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжны 43 тоотод байрлах өөрийн үйлдвэрийн байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 408 дугаарт багтсан хүхрийн хүчил (Н2SO4) гэх нэршилтэй 33 литр химийн бодисыг үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

О.М нь “ТУ” ХХК-ийн төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжны 43 тоотод байрлах өөрийн үйлдвэрийн байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 408 дугаарт багтсан хүхрийн хүчил (Н2SO4) гэх нэршилтэй 33 литр химийн бодисыг үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: “ТУ” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

О.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан шинжээчийн 1441 дугаартай дүгнэлтэд “ТУ” ХХК-ийн байранд үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор хадгалж байсан хоёр сав дээжид шүүх химийн шинжилгээ хийхэд дээж дугаар 1 нь 14 хувийн хүхрийн хүчил, дээж дугаар 2 нь 7 хувийн хүхрийн хүчил тус тус агуулсан хүхрийн хүчлийн уусмал гэж дүгнэжээ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 07/5341 дугаар бүхий “ТУ” ХХК нь химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй” гэх албан тоот авагдсан, 84-85 дугаар талд гэрч Ц.Батжаргалын “...БОАЖС, ЭМС-ын А356/396 дугаар хамтарсан тушаалын хавсралтад багтсан химийн бодисыг усанд болон бусад шингэн бодист найруулж шингэрүүлсэн үед тухайн бодисын хоруу чанар буурахгүй. Мөн тухайн тушаалын хавсралтад орсон аливаа бодисыг найрлага, шингэрүүлсэн байдлаас үл хамааруулан тусгай зөвшөөрөл зайлшгүй авч хэрэглэнэ” гэх мэдүүлэг тус тус авагдсан хэдий ч 6,95%-14,04%-ийн хүхрийн хүчлийн агууламж бүхий уусмалыг хадгалах нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад хамаарах эсэхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, “ТУ” ХХК-тай ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг уран дарханы газрууд нь үйл ажиллагаандаа химийн хорт аюултай бодис хэрэглэх шаардлагатай эсэх, хэрэв шаардлагатай бол эдгээр уран дархны газрууд нь химийн хорт аюултай бодис хэрэглэх тусгай зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан талаарх мэдээллийг хэрэгт хавсарган ирүүлэх нь яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Мөн хэргийн үйл баримтад яллагдагч нарын үйлдэл оролцоог зөв тодорхойлж хэргийн зүйлчлэлийг хийж ирүүлэхийг тэмдэглэж байна.

Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “ТУ” ХХК-нд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2302 00652 0409 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол “ТУ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.М, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан (Н2SO4) химийн найрлага бүхий “Хүхрийн хүчил” гэх нэршилтэй, нийт 33 литр бодис нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжны 43 тоотод байрлах “ТУ” ХХК-ийн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байгаа болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сэргэлэнбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4983 дугаартай дүгнэлтээр “ТУ” ХХК-ийн байрнаас хураан авсан “Дээж №1, Дээж №2 гэж тэмдэглэсэн бодисууд нь “...хүхрийн хүчил (Н2SO4) байна. Илэрсэн хүхрийн хүчил (Н2SO4) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 408 дугаар жагсаалтад багтсан байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Харин нэмэлт шинжилгээ хийх прокурорын тогтоолоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1441 дугаартай “...Дээж №1 хуванцар савтай, цэнхэр өнгийн шингэнд агуулагдах хүхрийн хүчлийн (Н2SO4) хэмжээ 15%, “Дээж №2 хуванцар савтай, цэнхэр өнгийн шингэнд агуулагдах хүхрийн хүчлийн (Н2SO4) хэмжээ 7% байна. Шингэнд агуулагдаж байгаа бусад төрлийн хольцыг тодорхойлох техникийн боломжгүй байна.” гэж дүгнэсэн.

Илэрсэн хүхрийн хүчил (Н2SO4) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 408 дугаар жагсаалтад багтсан байх бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад зааснаар тус бодисыг ашиглах, ашиглах зорилгоор хадгалж буй иргэн, аж ахуй нэгж нь заавал Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах зохицуулалттай байна. Зохих байгууллагаас зөвшөөрөл аваагүй үедээ дээрх бодисыг олж авч, ашиглах зорилгоор хадгалж байх хугацаандаа шингэрүүлсэн байдлаар сулруулсан нь тухайн гэмт хэргийн шинж, тухайн химийн бодисын хоруу чанарыг бууруулахгүй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Батжаргалын мэдүүлэг, дээрх хоёр дүгнэлтийг гаргасан Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн шинжээч Д.Золзаяагийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Мөн шүүхийн тус захирамжид зааснаар “ТУ” ХХК-тай ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг уран дархны газрууд нь үйл ажиллагаандаа химийн бодис хэрэглэх шаардлагатай эсэх, хэрэв шаардлагатай бол эдгээр уран дархны газрууд нь химийн хорт болон аюултай бодис хэрэглэх тусгай зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан талаарх мэдээллийг хэрэгт хавсаргах тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Мөн хэргийн үйл баримтад яллагдагч нарын үйлдэл оролцоог зөв тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг хийж ирүүлэхийг дурдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэсэн заалт, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн яллагдагчаар татсан “ТУ” ХХК болон О.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагаа, эрх бүхий этгээдээс гаргаж буй шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан баталгаажуулсан байдаг.

Энэхүү хуульчлагдсан хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүргэж байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасанчлан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаанууд хийгдсэн ажиллагаанууд учраас нэмэлтээр хийх шаардлагагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Яллагдагч “ТУ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.М, яллагдагч О.М нарын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, прокурорын яллах дүгнэлтэд 33 литр бодис гэж дурдсан. Гэтэл 33 литр бодис нь бүхэлдээ хүхрийн хүчил агуулаагүй, шинжээчийн дүгнэлтээр 7 болон 14 хувь нь хүхрийн хүчил агуулсан байна гэж гарсан. Тэгэхээр нийт уусмалын хэмжээнд хүхэр нь бага хэмжээгээр агуулагдаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс 33 литр хүхэр гэж дүгнэсэн прокурорын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Энэ нь шингэрүүлсэн уусмал юм. Мөн 2 яллагдагчийг хоёуланг нь татсан асуудал дээр шүүгчийн захирамжтай санал нийлж байгаа. Учир нь, П.М нь О.Мийн эх юм. П.М, О.М нар нь 2014 онд “ТУ” ХХК-ийг хамтран байгуулсан боловч компанийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг О.М хариуцдаг. Нэрээрээ л компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч П.М юм. Тэгэхээр 100 хувь О.Мийн мэдлийн компани байхад хоёуланг нь яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар “ТУ” ХХК, О.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, “ТУ” ХХК, О.М нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 408 дугаар жагсаалтад хүхрийн хүчил (Н2SO4)” нь багтсан байх бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад зааснаар тус бодисыг ашиглах, ашиглах зорилгоор хадгалж буй иргэн, аж ахуй нэгж нь заавал Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан 1441 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ТУ” ХХК-ийн байранд үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор хадгалж байсан хоёр сав дээжид шүүх химийн шинжилгээ хийхэд дээж дугаар 1 нь 14 хувийн хүхрийн хүчил, дээж дугаар 2 нь 7 хувийн хүхрийн хүчил тус тус агуулсан хүхрийн хүчлийн уусмал байна” гэсэн хэдий ч гэрч Ц.Батжаргалын “...БОАЖС, ЭМС-ын А356/396 дугаар хамтарсан тушаалын хавсралтад багтсан химийн бодисыг усанд болон бусад шингэн бодист найруулж шингэрүүлсэн үед тухайн бодисын хоруу чанар буурахгүй. Мөн тухайн тушаалын хавсралтад орсон аливаа бодисыг найрлага, шингэрүүлсэн байдлаас үл хамааруулан тусгай зөвшөөрөл зайлшгүй авч хэрэглэнэ” гэсэн мэдүүлэг, дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Д.Золзаяагийн мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн бодисын хоруу чанар буурахгүй тул Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад хамаарах эсэхийг тодруулах шаардлагагүй байна.

Мөн “ТУ” ХХК-тай ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг уран дархны газрууд нь үйл ажиллагаандаа химийн бодис хэрэглэх шаардлагатай эсэх, хэрэв шаардлагатай бол эдгээр уран дархны газрууд нь химийн хорт болон аюултай бодис хэрэглэх тусгай зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан талаарх мэдээллийг хэрэгт хавсаргах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, яллагдагч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөхгүй, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд “ТУ” ХХК болон О.М нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/806 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, “ТУ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.М, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/806 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч “ТУ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.М, яллагдагч О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

             ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ