Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/719

 

 

                                                                З.Бид холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Л.Цэндоо,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/526 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2308 00000 0416 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн З-ын Б, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... аймгийн ... сум, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20/42 дугаар тогтоолоор дуусгавар болсон;

Шүүгдэгч З.Б нь “шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан байр олж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан:

хохирогч Б.Пгээс 5127187965 дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, 5135547192 дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,450,000 төгрөг, ... дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгийг “...” утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 400,000 төгрөгийг “9513” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60,000 төгрөгийг “...” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 800,000 төгрөгийг “...” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХААН банк дахь М.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн ... дугаартай, Л.Наранцацралын эзэмшлийн 5063212257 дугаартай данснаас тус тус 60,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг “...” гэсэн утгаар ХААН банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 11,830,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хохирогч М.Эаас ... дугаартай данснаас нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 11,225,000 төгрөгийг, 5006371905 дугаартай данснаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 11,745,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ... дугаартай данс руу шилжүүлэн авч, нийт 22,970,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

хохирогч Г.Хгаас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банк дахь 385300020055 дугаартай данснаас нь 1,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... дугаартай данс руу шилжүүлэн авч залилж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 41 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 36,300,000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн З-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Бид 7 /долоон/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийн цагдан хоригдсон 238 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Боос нийт 36,300,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Пд 11,830,000 төгрөг, хохирогч М.Эд 22,970,000 төгрөг, хохирогч Г.Хд 1,500,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 7 номерын өрөөнд тус хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч М.Дөлгөөн, дэд ахлагч Отгонбаяр нар нь надаас П, Х нарын гаргасан гомдлын дагуу сэжигтэний мэдүүлэг авна гэхэд би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд Дөлгөөн нь өөрийн утаснаас миний өмгөөлөгч гэх Батмөнхийн утас руу залгаж дуудсан. Дөлгөөн нь надад “өмгөөлөгч чинь ирэх боломжгүй, 15 цагт очиж байгаад мэдүүлэг өгье” гэхэд байцаагч Дөлгөөн утсаа таслаад “чиний хэрэг гайгүй, зүгээр болсон явдалын талаар хөтлөн мэдүүлэг авна, хэрэв мэдүүлэг өгөхгүй бол бид ажилтай байна чамайг 461 дүгээр ангид хорино” гэж хэлэхэд тухайн үед хоригдохоос айж мэдүүлэг өмгөөлөгчгүй өгсөн. Тус байцаалтад би хэрэгт болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлж, хохирогч болон гэрчтэй ямар холбоотой, яаж таньдаг, мөн Э танилцуулсан, миний банкны картыг ашиглана бэлэн мөнгө гаргаж байсан, гүйлгээ хийсэн байсан болон бусад болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Отгонбаяр, Дөлгөөн нар нь намайг “чи хохирлоо яаралтай төл, тэгвэл хэрэг чинь гайгүй шийдэгдэнэ, хохирлоо бид нараар дамжуулан төлнө, чи хохирогч нарлуу залгах юм бол хохирогчид нөлөөлсөн гэж үзэж прокурорт мэдэгдэж цагдан хорино” гэж хэлсэн. Мөн “прокурор хэргийг чинь буцааж татсан, одоо хохирлоо төлөхөд болно. 02 дугаар сарын 28-нд хохирлоо аваад ир” гэж хэлсэн. Би байцаагчийн хэлснээр 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирлын мөнгө болох 36.300.000 төгрөг аваад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 7 номерийн өрөөнд хохирлоо өгье гэхэд дэд ахлагч Отгонбаяр нь “төрийн албан хаагч өөрийн дансаар мөнгө авч болохгүй, өөрийнхөө дансанд байгаа мөнгөө манай эхнэрийн данс руу шилжүүл” гэсэн. Би Отгонбаярын эхнэрийн данс руу 12.300.000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь “Б хохирол” гэж шилжүүлсэн. Мөн бэлнээр 24.000.000 төгрөг өгсөн байдаг. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М.Дөлгөөн нь надруу залгаж “хэрэг чинь түд хэрэг болчихлоо, чи хүрээд ир” гэсэн. Би учир байдлаа хэлээд 6 дугаар сарын 25-ны өдөр очихоор тохиролцсоны дараа удалгүй Отгонбаяр надруу залгаад “одоо наашаа ир, ирэхгүй бол хорьж саатуулна” гэж хэлсэн. Би учир байдлаа хэлж М.Дөлгөөнтэй очих өдрөө тохиролцсон гэж хэлэхэд Отгонбаяр “чи намайг үл тоолоо” гэж хэлээд утсаа салгасан. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаа Ц.Мөнх-Эрдэнэ намайг саатуулж, 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу Дөлгөөн болон сонсогч Зулсар нарын хамт авч явсан. 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирж хавтаст хэрэгтэй танилцах гэсэн боловч хошууч Батбаяр, ахлах дэслэгч Дөлгөөн нар нь “үзэлтгүй хурдан гарын үсгээ зур” гэсэн. Тэгээд прокурорын газарт очиж Сувданчимэг гэх прокурор “чамд 5 жилийн ял өгнө, гарын үсэг зур, тайлбар авахгүй” гэж хэлж шийтгэх тогтоолд гарын үсэг зуруулсан.

Тэгээд анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн нарийн бичгийн дарга Хулан нь тухайн өдөр “чи оргон зайлахтай юм байна” гэж цагдан хорьсон байдаг. 6 дугаар сарын 28-ны өдөр шүүх хурал болж би өөрийгөө өмгөөлөх өмгөөлөгчгүйн улмаас шүүх хурал хойшилсон. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрүүл мэндийн байдлаас хамааран батлан даалтанд гарсан. 11 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагт гэм буруугийн шүүх хуралтай байхад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс 8811-ээр эхэлсэн дугаараас залган “Отгонбаярт холбогдох хэргийн талаар таны гаргасан гомдлын дагуу хариу мэдэгдэх хуудас яаралтай ирж ав” гэсэн. Би өглөө 07:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиход гар утсыг хураан авч гавлан шалтгаангүйгээр 07:30 цагаас 09:40 цаг хүртэл хорьж саатуулсан. Тэгээд дахин нөгөө дугаараас залгаж “хүн андуурсан байна, шүүгчийн туслах Хулан руу бичлэг болон чамайг андуурч саатуулсан бичлэгийг явуулсан” гэж хэлсэн. Гэвч тус хэлтэсээс ямарч бичлэг ирээгүйн улмаас намайг шүүхээс оргон зайлсан гэж үзэж 12 дугаар сарын 20-ны өдөр болтол шүүх хурлыг хойшлуулсан.

...2023 оны 02 дугаар сарын 10-нд ахлах дэслэгч Дөлгөөн, дэд ахлагч Отгонбаяр нарын авсан мэдүүлэг хавтаст хэрэгт байдаггүй. Тус мэдүүлэгт Э гэх хүн хохирогч нартай холбоо барьж мөнгө авсаныг мэдүүлсэн байдаг.

Би шүүхийн шатанд Э гэх хүн нь залилан мэхлэх гэмт хэрэгт холбоотой гэдгийг удаа дараа мэдүүлсэн боловч авч хэлэлцдэггүй. Яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт намайг 41 удаагийн үйлдлээр ялласан байдаг. Гэвч би хохирогч болох Хгаас 1 удаа, Пгээс 2 удаа, Баатархүүгээс 1 удаа, Энхцэцэгээс 2 удаа нийт 6 удаа өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авч, миний банкны карт ашиглан Э нь тус мөнгийг гарган авсан байдаг. Бусад үйлдлийг Э нь өөрийн дансруу хийлгэж авсан бөгөөд өөрөө карт байхгүй болохоор миний данс руу шилжүүлж карт ашиглан мөнгөө гаргаж авдаг байсан.

Эрүүгийн хэргийн нийтлэг үндэслэлийн 3 дугаар бүлгийн гэмт хэрэгт хамтран оролцох хэсгийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2, 3.1.3 болон 3.3, 3.4, 3.5.1 гэх үндэслэлүүд нь Эыг хэрэгт оролцсон хамтран зохион байгуулсаныг баталдаг.

Би өглөөний 07:30 цагаас 09:40 цаг хүртэл хоригдсоныг батлах Сиди бичлэг алдсан тухай удаа дараа гомдол гаргасан боловч шүүх хуралдаа мэдүүл гэж авч хэлэлцдэггүй. Намайг зодуулсныг батлах эмчийн тэмдэглэл болон гаргасан өргөдөл маань хавтаст хэрэгт байдаг. Мөн алдсан Сиди бичлэгээ дахин хуулбарлаж авах хүсэлт гаргасан боловч авч хэлэлцдэггүй. Үүний улмаас миний эрх зүйн байдал дордож цагдан хоригдсон.

Дэслэгч Отгонбаяр болон ахлах дэслэгч Дөлгөөн нарт хохирлын мөнгө болох 36.300.000 төгрөгийг төлсөн боловч хохирогчид очоогүйн улмаас шүүхээс намайг хохирол төлбөртэй гэж үзэж ялыг хүндрүүлсэн. Дэслэгч Отгонбаяр нь одоог хүртэл Авлигатай тэмцэх газарт шалгагдан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тус 36.300.000 төгрөгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа.

Эрдэнэцэцэг, Энхдалай, Батхүү нарыг гэрчээр байцаалгах аман болон бичгээр хүсэлт гаргасан боловч авч хэлэлцдэггүй. Тус 3 гэрч нь Э өөрөө ярьж хохирогч нараас мөнгө авсныг батлана.

Иймд дээрх үндэслэлүүд болон нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн би өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлмээр байна. Би нэг хэрэг дээр Орхон аймгийн шүүхээс дахин ял авах гээд байна. Үүнийг нэмж нэгтгэж өгнө үү. Энэ хэрэгт 36.300.000 төгрөгийн хохиролтой гэсэн атлаа Орхон аймагт дахин 2 хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад ирж мэдүүлэг авч байна. Тэгэхээр би нэг хэрэг дээр 2 удаа ял шийтгэл авах гээд байгаа учраас хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Б нь өмгөөлөгч Г.Алтанчимэг миний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг татаж аваач, би өөрийнхөө гаргасан давж заалдах гомдлоороо шүүх хуралдаанд орох хүсэлттэй байна гэсний дагуу миний бие 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хорих анги дээр очиж, өөрийн гаргасан гомдлоосоо татгалзаж байна гээд З.Бид танилцуулж, хорих ангийн дардас даруулж авч ирсэн. Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралдаанд зөвхөн З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байгаа.

З.Б гомдолд дурдсан ажиллагаануудаа шалгуулъя, энэ талаар анхан шатны шүүхийн шатанд хэлээд байхад хийгээгүй, Орхон аймагт шалгагдаж байгаа хэргээ тус хэрэгт нэгтгэж шийдвэрлүүлье гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Орхон аймагт 3 хэрэгт шалгагдаж байгаа талаар холбогдох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн, хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Улсын яллагч болон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар буюу амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн 7 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. З.Б амьдралын эх үүсвэр болгосон, өөрийн хэрэгцээнд зарцуулсан, ар гэрийнхэндээ зарцуулсан гэдэг юм уу, ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар харагддаггүй. Тэгэхээр амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь нотлогддоггүй, гэмт хэргийн давтамжийн байнга гэсэн үндэслэл тогтоогддоггүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг З.Б үйлдсэн юм. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн хавтаст хэрэгт хувийн байдалтай холбоотой баримтууд авагдсан, З.Б мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргадаггүй.” гэв.

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа мөрдөгч нарын зүгээс хууль бус ажиллагаа явуулсан, түүний өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт тусгагдаагүй байна, үндэслэлгүйгээр өөрийг нь саатуулсан гэх зэрэг асуудлуудыг дурдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэт явагдсан, цугларсан нотлох баримтууд бүрэн гүйцэт хавтаст хэрэгт тусгагдсан байгаа. Мөрдөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа ямар нэгэн байдлаар хууль зөрчиж, хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гомдолд дурдсан хохирлын мөнгө гэж тодорхой хэмжээний мөнгийг мөрдөгч болон цагдаа нарт өгсөн асуудлыг шалгуулж байгаа гэх асуудал нь тусдаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Мөн тус хэрэгт шүүгдэгч З.Бийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргасан байгаа. Тус хэргийн тухайд хохирлын хэмжээ 400.000 төгрөг гэсэн асуудал яригддаг. Энэ талаарх тодорхой мэдээллийг анхан шатны шүүх хуралдаан дээр асууж, тодруулах байдлаар ярьсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Б нь “шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан байр олж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Б.Пгээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 11.830.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн хохирогч М.Эаас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 31 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 22.970.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн хохирогч Г.Хгаас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 41 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 36.300.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Пгийн “...Б надад хэлэхдээ “би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүмүүсийг ер нь таньдаг, шүүхийн шийдвэрээр хураагдсан байруудыг хямдаар гаргуулж өгч чадна, чамд Содон хорооллын 107 дугаар байрны 8 давхарт 52 метр квадрат байр олж өгч чадна, чи надад урьдчилгаа 15,000,000 төгрөг өгчих” гэхээр нь би 2022 оны 11 дүгээр сарын эхээр Б гэдэг хүний ... тоот дансыг өгөхөөр нь манай нөхөр Баатархүү өөрийнхөө 5135547192 тоот дансаараа шилжүүлэх гэсэн сүлжээ доголдоод байхаар нь би Э ахтай ярьж байгаад Э ахын данс руу нөхрийнхөө дансаар 3,000,000 төгрөг шилжүүлээд Э ах цааш нь Бийн ... данс руу шилжүүлэн өгсөн. Мөн тухайн үед манай нөхөр Баатархүү, Бийн данс руу 500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Хэд хоногийн дараа Б над руу залгаад “бичиг баримт хөөцөлдөж байна, мөнгөний хэрэг байна” гэхээр нь тухайн үед хөдөө байсан сүлжээ унаад байсан тул би Э ахын данс руу 1,100,000 төгрөг өгөөд Э ахаар цааш нь Бид 1.100.000 төгрөг өгсөн. 2022 оны 11 сарын сүүлээр Б над руу залгаад “байрны чинь түлхүүрийг авч байна, чи над руу 4,000,000 төгрөг хийчих” гэхээр нь би өөрийнхөө дансаар Бийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Маргааш нь Б намайг дуудаад байранд чинь оруулж өгнө гэхээр нь би яваад очтол өмнө нь тохирсон Содон хороололд биш харин Залуус хорооллын 846 байрны 225 тоотод оруулж үзүүлсэн ба хэлж ярьсан байрнаас өөр, таалагдаагүй тул “больё, би чамаас мөнгөө авмаар байна” гэсэн чинь Б “за тэгвэл чи хэд хоног харчих, би цаад хүмүүсээсээ байр асуугаадахъя” гээд надад тухайн байрныхаа түлхүүрийг үлдээгээд явсан. Маргааш нь Б над руу залгаад “Чухаг-2 хотхонд нэг байр байна, чи над руу мөнгө хийчих” гэхээр нь би нөхрийнхөө данснаас Бид 1,450,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн өдөр нөхөр Баатархүү бид хоёр Залуус хорооллын 846 байрны 225 тоотод очоод байж байтал хоёр хүн орж ирээд “энэ байрыг түрээсэлнэ гэсэн зарын дагуу явж байна” гэхээр нь би тэр хоёр хүнээс түрээсэлнэ гэсэн утасны дугаарыг нь аваад ярьтал нэг эрэгтэй хүн аваад “эзэн нь Дарханд байдаг, энэ байрыг би түрээсэлсэн байгаа” гэж хэлээд гар утсаа салгасан. Тэгээд тухайн байрыг Б түрээслээд намайг түрээсийн байрандаа оруулаад залилсан талаар мэдээд түлхүүрийг нь Бид өгөөд мөнгөө нэхсэн боловч Б нэг ч төгрөг өгөөгүй алга болчихсон. Сүүлд сонсоход Э, Батсайхан эгч нарыг түрээсийн байранд оруулаад залилсан байсан. ...Би Бид нийт 11,830,000 төгрөг шилжүүлэн өгсөн. ...” /1хх 14-15, 215/,

хохирогч М.Эы “...Б бид 2 ярилцахдаа урьдчилгаа өгөөд гайгүй байр олдох уу гэсэн чинь Б судалж байгаад эргээд хэлье гээд 2022 оны 08 дугаар сарын сүүлээр Б над руу залгаад нөгөө судалсан юм чинь байна шүү ёондоо нь 6,000,000 гэж байна гэхээр нь би хамаагүй мөнгийг нь өгье би 2022 оны 09 сард Улаанбаатар хотод очно тэгээд би мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 09 сарын дундуур намайг Эрдэнэт хотод байхад Б залгаад ахаа нөгөө хүмүүстэй чинь уулзаад ярилцаж байна бүтнэ гэж байна нөгөө хүмүүсийг чинь хоолонд оруулах гээд байна та над руу мөнгө хийгээч гээд Б над руу өөрийнхөө ... тоот дансаа над руу явуулахаар нь би Бийн данс руу нь өөрийнхөө ... тоот данснаасаа 70,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр би Улаанбаатар хотод орж ирээд удаагүй байхад над руу Б залгаад ахаа та Улаанбаатар хотод ирчихсэн үү, таныг байрыг үзүүлье гээд Б намайг 21 дүгээр хорооллын Миний маркетын арын 9 давхар байр руу оруулаад энэ байр хэр байна, та ийшээ орох уу гэхээр нь би тэгье энэ зүгээр байр байна гэсэн чинь Б ахаа тэгвэл та над руу нөгөө 6,000,000 төгрөг хийчих нөгөө хүмүүстээ өгье мөн таны бичиг баримтыг би авна гэхээр нь тухайн үед надад 6,000,000 төгрөг байхгүй байсан тул дүү Даваанямаас 6.000.000 төгрөг зээлээд тухайн 6,000,000 төгрөгөө би Бийн данс буюу ... тоот данс руу 3.000.000, 3.000.000 төгрөгөөр салгаж өөрийнхөө дансаар хийсэн. Тэгээд би тухайн Бийн үзүүлсэн байранд орох гэсэн чинь ахаа хэд хоног хүлээж бай өөр хүн шургаад орчихож гэж хэлсэн. Тэгээд Б хэд хоногийн дараа мөн над руу залгаад ахаа таны бичиг баримтыг чинь янзлах гээд байна, та над руу мөнгө хийчих гэхээр нь би Бийн данс руу нь 300,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн өдрөөс хойш 10 хоног орчмын дараа Б мөн над руу залгаад ахаа нөгөө хүмүүс чинь хоол унданд орох гээд байна та над руу хэд цаас хийгээд өгөөч гэхээр нь би мөн Бийн данс руу 200,000 төгрөг өөрийнхөө данснаас хийсэн. 2022 оны 10 дугаар сарын дундуур Б над руу залгаад байрны ордер янзлуулахаар үнэтэй болдог гэж байна, би дарга нартай ярьж байгаад 1,000,000 төгрөгөөр янзлаад өгье та над руу 1.000. 000 төгрөг хийчих гэхээр нь би өөрийнхөө данснаас Бийн данс руу 1.000. 000 төгрөг шилжүүлэн өгсөн. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Б над руу яриад би таныг Содон хороололд байранд оруулж өгөхөөр болчихлоо өмнөх 21 дүгээр хорооллын байраа түр байж бай хэл амтай байна, та Содон хороололд орох уу гэхээр нь би тэгье гэсэн чинь Содон хороололд оруулахад дарга нарт бас мөнгө өгөх хэрэгтэй байна та над руу 2,500,000 төгрөг төгрөг хийчих гэхээр нь би Бийн данс руу өөрийнхөө дансаар 2,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд би Содон хорооллын 103 дугаар байрны 79 тоотод орсон ба тэр өдрөөс хойш Б байн байн над руу залгаад наад байрыг таны нэр дээр болгож өгөхөд мөнгө хэрэг болоод байна гээд надаас бараг 1,000,000 орчим төгрөг авсан. 2022 оны 11 дүгээр сарын дундуур Б над руу залгаад Содон хорооллын байрыг таны нэр дээр удахгүй болгох гээд байна, надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би Бийн данс руу 2,500,000 төгрөг хийсэн. Дахиад 400,000 төгрөг Бийн данс руу нь би шилжүүлэн өгсөн. Мөн Б хэд хоногийн дараа дахиж залгаад нөгөө хүмүүсийн хоолонд оруулах гээд байна бичиг баримтуудыг таны нэр дээр шилжүүлж өгөх гээд байна гэхээр нь би Бийн данс руу өөрийнхөө данснаас 800,000 орчим төгрөг шилжүүлэн өгсөн. 2022 оны 12 дугаар сарын дундуур Б хоол ундны мөнгө явуулчих гээд байхаар нь би 40,000 орчим төгрөг хийсэн. Би өөрийн эхнэр Батсайханд энэ тухайгаа 2022 оны 09 сарын эхээр хэлсэн ба Б гэдэг залуу байр олоод өгчих юм шиг байна гэж хэлсэн. Б 10-ны өдөр дэнчингийн мөнгөө хийчихвэл одоо боллоо гэхээр нь би эхнэрийнхээ дансаар Бийн данс руу нь 6,000,000 төгрөг хийсэн мөн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б хоолны мөнгө хийчих гэхээр нь би мөн эхнэрийн дансаар 30,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Би эхнэр Батсайханы дансаар Бийн данс руу нь нийт 12,000,000 орчим төгрөг хийсэн байгаа. Би өөрийнхөө дансаар мөн 12,000,000 төгрөг орчим мөнгө хийсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 103-79 тоотод байжбайтал тухайн байрны эзэн гэгч Энхээ гэдэгхүн ирэхээр нь юун хүн билээ гэсэн чинь энэ байр чинь миний байр гээд надад гэрчилгээгээ харуулаад би энэ байрыг Б гэдэг хүнд түрээсэлж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б руу залгаад нэгхүн ирчихээд энэ байрыгчинь асуугаад байна гэсэн чинь ахаа наадах чинь шалгалт шүү дундуур нь хүн шургаад орчихож гээд байсан. Тухайн байрыг Б түрээсэлж байсан юм байна лээ. Б бид нартай хамт амьдраад байдаг байсан юм. Тэгээд би тухайн байрнаасаа гарчихсан чинь Б гар утсаа авахгүй алга болчихсон. Би мөн өөрийн хамаатны дүү Пд байр олж өгнө гээд Бтой холбочихсон байсан юм. Бас манай дүү П Бид залилуулчихсан байгаа. П 4,000,000 төгрөг Бийн данс руу хийлгэх гэж миний данс руу хийгээд би тухайн 4,000,000 төгрөгийг Бийн данс руу шилжүүлж өгсөн. П нийт Бид 12,000,000 орчим төгрөг өгсөн гэж байсан. Би Бтой 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр холбогдсон. Түүнээс хойш холбогдоогүй. ...Б намайг байранд оруулна гэж надаас нийт 24,000,000 орчим төгрөг авчихаад намайг өөрийнхөө түрээсэлж байсан Содон хорооллын 103-79 тоот байрандаа оруулчихаад залилаад байсан байна. ...” /1хх 72-73, 212/,

хохирогч Г.Хгийн “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр би хамаатны эгч Батсайхантай холбогдоход манай эгч Батсайхан надад манай нөхөр Эы таньдаг хүн нь шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг хямд үнээр худалдаж байна лээ. Содон хороололд шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг Э бид 2 авсан. Одоо 21 дүгээр хорооллын Залуус хороололд 2 өрөө байр байгаа гэж Эы таньдаг хүн нь хэлсэн гэж ярьж байсан. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эгч Батсайханы тухайн үед амьдарч байсан Содон хорооллын 103-79 тоотод очиход тухайн үед Эы таньдаг хүн буюу Шүүхийн шийдвэрт таньдаг хүнтэй Б гэх хүн байж байсан ба би Бтой уулзаад шүүхийн шийдвэрээр хураагдсан өөр байр байна уу гэсэн чинь Б 21 дүгээр хорооллын Залуус 2 хорооллын 846 байрны 225 тоотод нэг шүүхийн шийдвэрээр хураагдсан байр байгаа гэхээр нь би авъя гэсэн чинь Б эхлээд урьдчилгаа мөнгө өгчих гэхээр нь би тухайн үед буюу Содон хорооллын 103-79 тоот Батсайхан эгчийнд байхдаа өөрт байсан 1,500,000 төгрөгөө өөрийн Төрийн банкны 385300020055 тоот данснаас Бийн ... тоот данс руу шилжүүлэн өгсөн. Тэгээд Бтой хамт 21 дүгээр хорооллын Залуус 2 хорооллын 846 байрны 225 тоот байрыг үзүүлэхээр нь би энэ байранд чинь оръё гэж хэлсэн чинь Б хэд хоногоос оруулж өгнө гэж хэлээд алга болчихсон. Сүүлд манай эгч Батсайханы амьдарч байсан Содон хорооллын 103- 79 тоот байр нь тухайн үед Б түрээсэлж байсан байраа Батсайхан эгч Э ах нарыг оруулсан болж таарсан байсан. ...” /1хх 196/,

гэрч Л.Энхээгийн “...2022 оны 10 дугаар сарын сүүлээр /хэдний өдрийг нь санахгүй байна/ над руу 9457-6734 дугаар залгаад нэг эрэгтэй хүн та байр түрээслүүлэх хүн мөн үү гэхээр нь би мөн байна гэсэн тэр залуу миний хаягийг аваад надтай Содон хороололд ирж уулзаад тэр залуу өөрийгөө Б гэдэг хүн байна гэж танилцуулж байсан ба би танай байрыг яаралтай түрээсэлье, би ахынхаа хашаанд амьдардаг юм, хашаа маань газарт ороод хашааг маань яаралтай сулла гээд яаруулаад байна, айлууд нь нүүгээд дуусчихсан, манайх ганцхан үлдчихсэн яаралтай байранд чинь ормоор байна, сард 1,000,000 төгрөг өгье гэхээр нь Б бид 2 хоорондоо тохиролцоод би Бтой гэрээ хийх гэсэн чин тухайн байр нь надад ямар нэгэн итгэмжлэл байхгүй байсан тул нотариат батлаагүй болохоор Б бид 2 харилцан тохиролцсон гэрээ цаасан дээр бичээд хувь хувьдаа авсан. Тэгээд удалгүй манайх Содон хорооллын 103-79 тоотыг суллаад Бтой уулзахад Б би урт хугацаагаар түрээсэлнэ эхний ээлжинд би танд 3,800,000 төгрөг өгье гэхээр нь би Боос өөрийнхөө Хаан банкны 5025971354 тоот дансаараа Бийн данснаас шилжүүлэн авсан ба тухайн байрныхаа түлхүүрийг Бид хүлээлгэн өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр Бийн төлсөн мөнгөний хугацаа дуусаад Б руу залгахад одоо мөнгөө удахгүй өгнө гээд удаа дараа болсон ба гар утсаа авахгүй байсан. Тэгээд би Содонгийн байран дээр ирж Бтой нэг уулзъя гэж бодоод иртэл тухайн Содонгийн байранд үл таних эмэгтэй байж байхаар нь Бтой уулзъя гэсэн чинь тэр үл таних эмэгтэй Б гараад явчихсан, байхгүй байна гэхээр нь би чи хэн юм бэ, эхнэр нь мөн үү гэсэн чинь үгүй, би эгч нь байна, та юун хүн бэ гэхээр нь би тэр эмэгтэйд хандаж би Бид энэ байрыг түрээслүүлсэн хүн байна гэсэн чинь тэр эмэгтэй сонин болоод та юу яриад байгаа юм бэ, энэ Шүүхийн шийдвэрт хураагдсан байр, Б энэ байрыг Шүүхийн шийдвэрт хураагдсан байр, бид нарт хямдхан авч өгнө гэсэн ш дээ гэхээр нь би тийм юм байхгүй, одоо тэгвэл Б руу ярья гээд тэр үл таних эмэгтэйтэй хамт байж байгаад би гар утсыг нь аваад Боо чи хаана байна, хүрээд ир гэсэн чинь Б гар утсаа салгасан. Тэр эмэгтэйтэй ярихад нөхөр нь Э гэж байсан ба Э Бийг мэддэг юм шиг байсан. Би Бтой тэр өдрөөс хойш холбогдоогүй, мөн тухайн Э гэдэг айлыг байрнаасаа гаргаж суллаж авсан. ...” /1хх 75-76/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч М.Э, Б.П, Г.Х нарын мөнгө шилжүүлсэн гэх нэр бүхий банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд /1хх 6-7, 160-170, 191, 219/, Д.Батсайханы эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 136-153/, С.Баатархүүгийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 8-9, 127-129/, шүүгдэгч З.Бийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 119-133/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч З.Бийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч З.Бийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, “шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан байр олж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 3 иргэнээс нийт 36.300.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч З.Бийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Бийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч З.Б “...хохирогч болох Хгаас 1 удаа, Пгээс 2 удаа, Баатархүүгээс 1 удаа, Энхцэцэгээс 2 удаа нийт 6 удаа өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авч, миний банкны карт ашиглан Э нь тус мөнгийг гарган авсан байдаг. Бусад үйлдлийг Э нь өөрийн дансруу хийлгэж авсан бөгөөд өөрөө карт байхгүй болохоор миний данс руу шилжүүлж карт ашиглан мөнгөө гаргаж авдаг байсан. ...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь шүүгдэгч З.Б нь өөрийн амьдралын зорилго, үндсэн ажил болгож нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон гэмт этгээд үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож, тогтвортой ашиглан, хэвшмэл шинжтэй болгосон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Хавтаст хэргээс үзэхэд, З.Б нь нийт 41 удаагийн үйлдлээр буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нэр бүхий иргэдийг хуурч, нийт 36.300.000 төгрөгийг өөрийн дансаар авсан бөгөөд “хохирогч нараас авсан мөнгөө байрны түрээс, хоол унд, баяр цэнгээн, такси үйлчилгээ зэрэгт зарцуулдаг байсан” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн ба түрээсийн байр, хоол унд, зугаа цэнгэлд зарцуулсан үйлдлийг амьдралын эх үүсвэр болгон хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэх хангалттай үндэслэл байх тул шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Мөн З.Бийн “...Хгаас 1 удаа, Пгээс 2 удаа, Баатархүүгээс 1 удаа, Энхцэцэгээс 2 удаа нийт 6 удаа өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авч, миний банкны карт ашиглан Э нь тус мөнгийг гарган авсан байдаг. Бусад үйлдлийг Э нь өөрийн дансруу хийлгэж авсан. ...” гэх гомдол нь хохирогч Б.П, М.Э, Г.Х нарын “...З.Бийн Хаан банкны ... дугаартай данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгүүд, дансны хуулгууд зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/526 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч З.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны энэ өдрийг хүртэл 55 /тавин тавь/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/526 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 /тавин тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ   

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ