| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00501/И |
| Дугаар | 303/ШШ2025/00560 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 303/ШШ2025/00560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн бүртгэлийн ******* тоот гэрчилгээг ******* чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн бүртгэлийн ******* тоот гэрчилгээг ******* чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр газрын гэрчилгээний хэрэг байна. Би барьцаанд тавьж зээл авах гэсэн юм туслаач гэж хэлсэн. Бид тухайн үед харилцан тохиролцож итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай хийсэн. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр миний итгэмжлэлийн хугацаа дууссан. Энэ хугацаанд удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрчилгээг өгөхгүй байна. ******* нь миний газар өмчлөх эрхийн гэрчилгээг Баянхонгор Үйлдвэржилт корпораци ХХК-д 15,000,000 төгрөгийн барьцаанд тавиад зээлээ одоог хүртэл төлөөгүй. Иймд ******* миний Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 51А дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах 6409151006 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 503 мкв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* гэрчилгээг хариуцагч Батсуурийн Наранцацрал итгэмжлэлээс чөлөөлж, өмчлөгч ******* өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор сумын 2 дугаар баг, 51 дүгээр гудамж, 6 тоотод байршилтай ******* тоот энэ газар өмчлөлийн гэрчилгээг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ******* тохиролцоод итгэмжлэл хийлгээд хуульд заасан үндэслэлүүдээр итгэмжлэл хийлгээд өгсөн. Зээлийн барьцаанд тавих 3 жил болсон, зээлийн барьцааны хугацаа дууссан гэрчилгээгээ авчихсан боловч ******* нь Баянхонгор үйлдвэржилт корпораци ХХК-д барьцаанд тавьчихсан төлбөрөө төлөөгүй, чөлөөлөгдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага бүрэн дэмжиж байна гэв.
2. Хариуцагч ******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар ирүүлээгүй болно.
2.1. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэл дээрээс миний нэр дээр байгаа гэрчилгээг барьцаанд аваад нэхэмжлэгчийн гэрчилгээг чөлөөлж өгнө гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн байна. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн бүртгэлийн ******* тоот гэрчилгээг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 51А дугаар гудамж, 6 тоот хаягт байршилтай, 6409151006 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 503 мкв газрын өмчлөгчөөр бүртгүүлж, ******* дугаартай гэрчилгээг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр авчээ. /хх-ийн 5 дугаар тал/
4. Улмаар нэхэмжлэгч ******* нь тус ******* дугаартай гэрчилгээг хариуцагч *******тай тохиролцож, Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпораци ХХК-ийн зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулан түүнд гарын үсэг зурах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, нотариат, үл хөдлөх бүртгэлийн байгууллагад төлөөлөн лавлагаа авах, мэдүүлэг гаргах холбогдох баримт бичгийг миний өмнөөс төлөөлж гарын үсэг зурах зэргээр үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгож, хариуцагч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ******* өмчлөлийн газрын гэрчилгээг Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпораци ХХК-ийн зээлийн барьцаанд тавьжээ. /хх-ийн 7 дугаар тал/
5. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй., 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж тус тус заажээ.
6. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* дугаартай гэрчилгээг итгэмжлэлийн үндсэн дээр 3 жилийн хугацаанд бусдын барьцаанд тавьсан бөгөөд одоо өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг барьцаалж, нэхэмжлэгчийн ******* дугаартай гэрчилгээг буцаан өгөх талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болно.
7. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрын ******* дугаартай гэрчилгээг захиран зарцуулах эрхийг хариуцагч ******* олгосон итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш хариуцагч ******* ******* дугаартай гэрчилгээг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч ******* нь хуульд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн зүйлээ шаардах эрх үүсчээ.
7. Иймд хариуцагч ******* ******* дугаартай гэрчилгээг чөлөөлүүлж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 6409151006 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг чөлөөлүүлж, нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА