Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/687

 

  2024           06            13                                          2024/ДШМ/687

 

Г.Б, Н.Ө,

Г.Э, Ү.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

яллагдагч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Цолмон,

яллагдагч Г.Э-н өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1085 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр прокурорын эсэргүүцлээр Г.Б, Н.Ө, Г.Э, Ү.Т нарт холбогдох 1808 03305 1182 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. О овгийн Г-н Б, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “М И” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт, ................... тоотод оршин суух, аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолтой, ял шийтгэлгүй, /РД: ....../;  

2. Ю овгийн Н-н Ө, ...оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, охины хамт, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;  

3. Х овгийн Г-н Э, .... оны ...дугаар сарын ...-ны өдөр ......... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, “И ” ХХК-д дулааны инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;  

4. Х овгийн Ү-ын Т, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр ................ төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ................ байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УП94122110/;  

Яллагдагч Г.Б нь “М И” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, мөн Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “М И” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,

Яллагдагч Н.Ө нь “Х С И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна” мөн зүйлийн 17.2.3-д “Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” мөн зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна”, мөн зүйлийн 17.4-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина”, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”, Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.2.11-д заасан “Бүх ажиллагсад нь ажлын онцлог байдалд тохирсон тусгай хувцас, гутал, хувийн хамгаалах хэрэгслээр хангагдах бөгөөд ажил гүйцэтгэх үедээ заавал хэрэглэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах, сантехникийн болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ажлын онцлог байдалд тохирсон тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, даралтат сав, шугам хоолойн тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулах, шалгалт авах, өдөр тутмын зааварчилга аваагүй ажилтанг бие даан ажиллуулахгүй байх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд дотоодын хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “М И” ХК-ийн өмчлөлийн шугам задарч, биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,

Яллагдагч Г.Э нь “М И” ХК-ийн сантехник, дулааны инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, мөн Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур, ус, дулаан хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “М И” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,

Яллагдагч Ү.Т нь “М И” ХК-ийн сантехникчээр ажиллаж байхдаа Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”- ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж, шугам хоолойд уур хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторх ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн, гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М И” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “Х С” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “М И” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б, Н.Ө, Г.Э, Ү.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан, Д.Цолмон нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэлэлцүүлэгт гаргасан талуудын хүсэлт, тайлбарт үндэслэж, хэргийг прокурорт буцаан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэв.

1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн субьект нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар үүрэг хүлээсэн этгээд байх тул яллагдагч нарын ажлын байрны тодорхойлолт, өдөр тутамдаа гүйцэтгэх ажлын чиг үүргийг тодорхойлсон баримт бичиг, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, хэрэгжилтийн хугацаа зэрэгт үндэслэж уг гэмт хэргийн субьектийг тогтоох шаардлагатай учраас өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал зэрэг баримтуудыг албан тушаалтан тус бүр дээр гаргуулж, хэрэгт авч хавсаргах хүсэлтийг зайлшгүй хангах шаардлагатай. Хэрэгт авагдсан зарим баримт бичгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд заасан баримт бичгийн хуулиар тогтоосон шаардлагад нийцээгүй, хуулийг ноцтой зөрчсөн тул хуулийн шаардлага хангуулж баримт бичгүүдийг хэрэгт хавсаргах шаардлагатай.

1.2. Яллах дүгнэлтэд захирал Г.Б, инженер Г.Э нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг адилхан зөрчсөн гэж ялласнаас үзэхэд эдгээр албан тушаалтнуудын хуулиар болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ бусад баримт бичиг тус бүрийг нь харьцуулан дүгнэлт хийж хэн нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт хийж ирүүлэх.

1.3. Өмгөөлөгч О.Баярбаясгалангийн “... 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр инженер Г.Э амралтаа авсан хөдөө явж байсан, оронд нь дулааны инженерээр н.Н ээлжид гарч байсан, ...” гэх хүсэлт, Г.Э-н яллагдагчаар өгсөн “... би “М И” компаниас гаргасан ажил байдлын тодорхойлолттой танилцаагүй, ... ахлах инженер н.Н-н өгсөн зааварчилгааны дагуу сантехниктэй холбоотой ажлыг гүйцэтгэдэг байсан. ...” гэх мэдүүлэг, Өмгөөлөгч О.Цолмонгийн “... 2009 онд “Х С” ХХК нь “ДЦС-4” ТӨХК-тай байгуулсан “Дулааны эрчим хүч уураар хангах, хэрэглэх” гэрээ нь хэрэгт авагдаагүй байх тул уг гэрээг хэрэгт хавсаргуулах, ...” гэх хүсэлтүүдийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үнэн бодитой эсэхийг тогтоохын тулд холбогдох баримт нотолгоонуудыг цуглуулж, осол гарсан цаг хугацаанд дулааны инженерээр хэн ажиллаж байсан, ажилд томилсон, ажил хавсран гүйцэтгэж байсан бол энэ тухай тушаал шийдвэр, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт зэргийг бүрэн гүйцэд гаргуулж авч хэрэгт хавсаргах.

1.4. 2021 оны 05-017/25 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн 2.3 дахь заалтын асуултын хариулт тодорхойгүй, 2.4, 2.5, 2.7 дахь заалтын асуултад нотлох баримт дутуу тул хариулт өгөх боломжгүй гэсэн. Дээрх шинжээчийн бүрэлдэхүүнд дан ганц хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар томилогдсон нь учир дутагдалтай. Инженер, техникийн нарийн мэдлэг шаардсан асуултад дулаан, техникийн чиглэлээр нарийн мэргэшсэн хүмүүсийг шинжээчээр томилж, холбогдох баримтуудыг бүрэн гаргаж өгч дүгнэлт гаргуулах шаардлагатай. Шинжээчийн 2018 оны Н-2018-26, 2021 оны 05-017/25 дугаартай дүгнэлтүүд зөрүүтэй гарсныг шинжээч нарын тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр зөвтгөх гэж оролдсон, дулааны шугамын эзэмшлийн заагийн зураг албан ёсны хүчинтэй зураг мөн эсэх, өмнө гарсан хоёр шинжээчийн дүгнэлтийн аль нь үндэслэлтэй болохыг дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах.

1.5. Яллагдагч Н.Ө-г Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.3, 17.3, 17.4, 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.8, 35 дугаар зүйлийн 35.1, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16, Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.2.11 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Дээрх хууль тогтоомжийн заалтуудыг зөрчсөн гэх Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг шууд хуулбарлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай, захиргааны хэм хэмжээний актуудын заалтыг зөрчсөн гэх үйлдлүүд нь уг гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой эсэх, гэмт хэрэг, зөрчлийн аль нь болох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаад прокурор хууль зүйн үүднээс дүгнэлт хийж ирүүлэх.

1.6. Яллагдагч Ү.Т нь Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчсөн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь яллагдагчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэгтэй нийцэж байгаа эсэхийг уг баримт бичгүүдтэй нэг бүрчлэн тулгалт хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай.

1.7. Эрчим хүчний тухай хуулийн 28.2. Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана мөн хуулийн 30 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн эрхтэй холбоотой заалтуудаас 30.1.3.Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөх, 30.1.в. өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ баталгаажуулалтыг бүрэн хариуцах, 30.1.10. Түгээх зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах гэх заалтууд бүрэн хангагдсан байсан эсэх дээр мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах.

1.8. Өмчлөгч, эзэмшигч, хэрэглэгчийн эрчим хүч, дулаанаар хангах хоолойн зааг, хүрээ хязгаар аль аль шугам, хэсгийг хэн хэрэглэдэг байсныг /Ф400 мм шугам хоолойг/ нарийвчлан тогтоох шаардлагатай байна. Тодруулбал: “ДЦС-4” ТӨХК-тай “Х с” ХХК, “М И” ХК нартай байгуулсан дулаанаар хангах гэрээг хэрэгт авч хавсаргах, уг гэрээнд Эрчим хүчний тухай хуулиар тогтоосон хэрэглэгчийн эрх, үүрэг, шугам ашиглалтын зааг хязгаарыг тогтоосон байхаар хуульчлагдсан.

1.9. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9. “эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг; Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3. эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид гарсан осол, аваарийг судалж дүгнэлт гаргах, осол аваараас урьдчилан сэргийлэх; 34.1.4. зуух, даралтат сав, шугам хоолой, цахилгаан, механик тоног төхөөрөмжийг бүртгэлд хамруулан холбогдох норм, дүрэмд заасан хугацаанд нь техникийн туршилт, магадлалт хийн баталгаажуулж, ашиглах зөвшөөрөл олгох; 34.1.5. 0.07 МПа-аас дээш даралттай уурын, 115 С°-ийн хэмээс дээш халуунтай усны шугам хоолой, зуух, даралтат савны угсралт, засварын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгож, угсралт, засварын ажлын чанарын баталгаажилтыг хангуулах зэрэг үүргийг энэ хуулиар хүлээсэн албан тушаалтнууд хэрхэн биелүүлсэн, осол гарахад нөлөөлсөн эсэх дээр мөрдөн шалгах ажиллагаа огт явагдаагүй. Осол нь дулааны эрчим хүчээр хангах хоолой буюу Ф400 мм шугам хоолойд гарсан байхад зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагч нараар дүгнэлт гаргуулсан. Уг дулааны эрчим хүчээр хангах хоолойн өмчлөлийн асуудал Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх ба хэрэг гарсан цаг хугацаанд осол гарсан шугам хоолой хэний эзэмшилд, уг эзэмшлийн зааг хязгаарыг ямар баримтад тулгуурлаж тогтоосон талаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах, мөн осол гарсан шугам хоолойн ашиглалт, аюулгүй байдлыг хэн хариуцдаг байсан, хохирогч уг шугам хоолойд нэвтрэх, засвар үйлчилгээ хийх эрхтэй байсан эсэх, ямар зорилгоор хэний тушаалаар нэвтэрсэн, уг дулааны хоолойд дэлбэрэлт болсон шалтгаан юунаас үүдэлтэй, амь хохирогч дулааны ууранд түлэгдэж амь насаа алдсан гэх ба зориулалтын хамгаалалтын хувиас хэрэглэлтэй байсан бол амьд гарах боломжтой байсан эсэх талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хууль, Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эдгээр хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч нарыг томилж дүгнэлт гаргуулах. Өмнө гаргасан 2 шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдлын журмууд зөрчсөн талаар ихэвчлэн дүгнэсэн ба осол гарах болсон үндсэн шалтгаанд дулаан дамжуулах хоолойн техникийн нөхцөл байдал нөлөөлсөн эсэх болон хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой ямар хууль, журмын аль заалтуудыг зөрчсөн болохыг нарийвчлан тогтоолгохоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Б, Н.Ө нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Ү.Т, Г.Э нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллагдагч Г.Б, Н.Ө, Г.Э, Ү.Т нарын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлын үнэмлэх, ээлжийн амралтын тушаал зэрэг баримтуудыг хэрэгт албан бичгээр авч хавсаргасан. /1 хх 179-181, 186-188, 194-196, 198, 6 хх 23-24/ болно.

2. Дулааны инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн шинжээч Г.Гантөмөрийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-26 дугаартай дүгнэлтэд “М И” ХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг хариуцна” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. /1 хх 241-244/ Яллагдагч Г.Б компанийн гүйцэтгэх удирдлага болох нь хэрэгт авагдсан компанийн хуулийн этгээдийн лавлагаагаар, харин Г.Э нь дулааны асуудал эрхэлсэн дулааны инженер болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тус тус тогтоогддог бөгөөд яллагдагч Г.Б, Г.Э нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан "Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан "Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх" гэснийг хэн аль нь зөрчсөн. Тодруулбал яллагдагч нар нь дулааны инженер мэргэжилтэй ба яллагдагч Г.Б нь ажлын байрны чиг үүрэгт тусгагдсанаар осол болсон шугамд техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг хариуцна. Харин яллагдагч Г.Э нь ажлын байрны чиг үүрэгт тусгагдсанаар хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.

3. “М И” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-н 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай “Н.Н-г өндөр насны тэтгэврийн эрх үүссэн тул ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар “М И” ХК-ийн сантехникийн инженерээр ажиллаж байсан Н.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тухайн компанид ажиллаж байгаагүй болох нь тогтоогдсон, яллагдагч Г.Э-г 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сантехникийн инженерээр томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /1 хх 186-188, 6 хх 23-24/ зэрэг баримтуудаар сантехникийн инженерээр ажиллуулж байсан болох нь тус тус тогтоогддог. Мөн “М И” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-н 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалаар Г.Э-г 2018 оны 06 дугаар сарын 08-наас улсад ажилласан жил 1, үндсэн амралтын хоног 15, нэмэгдэл амралтын хоног байхгүй, амралт бодогдох нийт хоног 15 гэсэн тушаал гарсан байдаг, дээрх тушаалаас үзэхэд осол гарах үед буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Г.Э-н ээлжийн амралт дууссан, ажиллаж байсан болох нь тогтоогддог. /6 хх 24-26/ “Х С” ХХК нь ДЦС-4 ТӨҮК, “М И” нь ДЦС-4 ТӨҮК-тай тус тус “Дулаан эрчим хүч, уураар хангах, хэрэглэх” гэрээтэй /4 хх 104/ байх бөгөөд 2018 онд гарсан ослын хэргийг шийдвэрлэхэд “Х С” ХХК, ДЦС-4 ТӨҮК-уудын 2009 онд байгуулж байсан эрчим хүч хэрэглээний гэрээг хэрэгт хавсаргах нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй байна. Учир нь 2009 оноос хойш осол гарсан 2018 оныг хүртэл заагийн шугам өөрчлөгдөөгүй байсан, мөн “Х С” ХХК, “М И” ХК-уудын хэн аль нь ДЦС-4 ТӨҮК-тэй “Дулаан эрчим хүч, уураар хангах, хэрэглэх” гэрээ байгуулсныг үгүйсгээгүй.

4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 10.9.11 -д “Улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана, 29.4.2-д “Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх прокурор мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно” гэсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан 2018 оны 26 дугаартай дүгнэлтээр ямар хууль, захиргааны хэм хэмжээний актууд зөрчигдсөн болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул мэдүүлэг газар дээр нь шалгах, шинжээчээс тайлбар мэдүүлэг авч, тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд хэргийн материалаар давтан 2021 онд 25 дугаартай дүгнэлт гаргуулсан нь дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Дулааны инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн шинжээч Г.Гантөмөрийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-26 дугаартай дүгнэлтэд “Х С” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна” мөн зүйлийн 17.2.3-д “Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” мөн зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна”, мөн зүйлийн 17.4-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна” гэж заасныг зөрчиж, аюул, эрсдэлтэй /даралтад сав, уур усны шугам хоолойг аюулгүй ашиглах/ ажлын байранд ажиллах ажилтныг аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх арга барил эзэмшүүлэх, аюулгүй ажиллагаанд сургаж бэлтгээгүй, тухайн ажил үүрэгтэй холбоотой зааварчилгаа өгөөгүй ажилд оруулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм” МNS-4969:2000-ийн стандартад заасан шаардлагын дагуу аюулгүй ажиллагааны 3 шатны /урьдчилсан, давтан, өдөр тутмын/ зааварчилгааг өгөх шаардлагатай байдаг. Амь хохирогч П.Т-д ажлын байрны давтан зааварчилгаа /Даралтат сав шугам хоолойн ашиглалт/ болон өдөр тутмын зааварчилгаа /2018 оны 07-р сарын 15-нд/ өгөөгүй байна” гэсэн дүгнэлт гарсан байдаг. /1хх 137-139/ Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад “Х С” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал болон дулааны асуудал хариуцсан инженер томилж ажиллуулаагүй, амь хохирогч П.Т нь сантехникийн слесарийн 3 дугаар зэргийн үнэмлэхтэйгээс бусад даралтад сав, шугам хоолой, хийн тоног төхөөрөмжтэй харьцах” ажиллах эрхийн үнэмлэх аваагүй, ажлын байрны өдөр тутмын болон давтан зааварчилгаа аваагүй, сургалтад хамруулаагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, “Х С” ХХК нь ажилтнаа мэргэшлийн чиглэлээр болон аюулгүй ажиллагааны чиглэлээр сургаж дадлагажуулаагүй эс үйлдэхүйн улмаас талийгаач П.Т нас барсан хохирол, хор уршигтай шууд шалтгаантай холбоотой, тус компанийн гүйцэтгэх удирдлага Н.Ө байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж хууль зүйн дүгнэлт хийсэн.

6. Яллагдагч Ү.Т нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Уур, ус дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторх ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлерууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн, гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх үүрэгтэй байсан”, түүнчлэн тэрээр даралтад сав, шугам хоолой, хийн тоног төхөөрөмжтэй харьцах” ажиллах эрхийн үнэмлэхтэй мэргэжлийн хүн бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг түүнд байсан. Мэргэшсэн шинжээч Г.Гантөмөр 2018-06 дугаартай дүгнэлтдээ “Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж, шугам хоолойд уур хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ авах” гэснийг Ү.Т зөрчсөн байна гэж дүгнэсэн, түүний үйлдлийн улмаас талийгаач П.Т нас барсан үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, ажлын байрны тодорхойлолтоор чиг үүрэг нь түүнд байсан, мөн мэргэжлийн үнэмлэхтэй, “М И” ХК-ийн слесариар ажилладаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторх ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн, гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй тул Ү.Т-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж хууль зүйн дүгнэлт хийсэн.

7. “Х С” ХХК, “М И” ХК хооронд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Менежментийн гэрээ” байгуулсан байдаг. /1хх 241-244/ Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, 2009 оны заагийн зураг /1хх 31-36, 37-42, 3хх 194-202, 3хх 203-212, 1хх 43, 1хх 147-155/ зэрэг баримтуудаар тухайн хагарсан гэх Ф400 мм-ийн шугам хоолой нь “М И” ХК-ийн өмчлөл, эзэмшлийнх болох нь тогтоогдсон.

8. “Х С” ХК болон “М И” ХК ДЦС-4 ТӨҮГ-тай байгуулсан гэрээг хэрэгт хавсаргагдсан. /4хх 104-110/

9. Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-26 дугаартай “М И” ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “Даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх/ гэснийг зөрчиж өөрийн эзэмшлийн Ф400 мм шугам хоолойг аюулгүй ашиглах дүрэмд заасны дагуу туршилт, техникийн магадалгаа хийлгээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, ашиглах зөвшөөрөл аваагүй нь “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөн байна.

Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэлт гарсан. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг “Нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах” гэж заасан байдаг. Ийнхүү бүрэн эрхийн хүрээнд Эрчим хүчний сайд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг баталсан байна. Хэрэг гарсан цаг хугацаанд осол гарсан Ф400 шугам нь “М И” ХК-ийн өмчлөлд болон эзэмшилд байсан, шугам хоолойн ашиглалт, аюулгүй байдлыг “М И” ХК хариуцдаг байсан, амь хохирогч П.Т нь ослын газар нэвтэрдэг байсан, даралтад сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл аваагүй, тухайн хоолойг паспорт гэрчилгээ аваагүй, дээрх осол 2000 онд гарч байсан боловч түүнээс хойш завсар огт хийгээгүйн улмаас дээрх осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, схем зураг, менежментийн гэрээ, шинжээч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, үүнд 29.4.1-д “Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-д “Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” эрхтэй гэж тус тус хуульчилсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог” хэлнэ, 2009 онд батлагдан гарсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”, 9.3-д Шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана гэж заасан бөгөөд талийгаач П.Т “Х С” ХХК-д сантехникийн слесариар ажиллаж байсан, хөдөлмөрлөх явцад үйлдвэрлэлийн осол гарсан тул хөдөлмөрийн улсын байцаагчаар дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх прокурор мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно” гэх заалтуудыг зөрчөөгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1085 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Гидроудар, усан цохилт гэж юм болсон. Тэнд байгаа турба биш ямар нэгэн зүйл буруутай. Гэрээний 3.11-т заасны дагуу хангагчийг заавал дуудах ёстой. Тийм зүйл хийгээгүй, өөрөөр хэлбэл жинхэнэ буруутай хүн нь байхгүй байна. Үүнийг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Мөн эзэмшигч, өмчлөгч гэх 2 ойлголт гарч ирж байна. Эзэмшигч нь цахилгаан станцтай гэрээ хийж, хариуцсан шугамаа зааг тогтоож, хариуцах ёстой. Гэтэл эзэмшигч, өмчлөгч хоёрыг андуурч ойлгож байна. Миний бие өмчлөгч юм. Өөрөөр хэлбэл, тэр шугамыг “Х С” ХХК, ТЭЦ-4-тэй гэрээ хийж эзэмшдэг. Эрчим хүчний тухай хуулийн 28.2-т заасны дагуу дэлбэрсэн шугамыг тэдгээр хүмүүс хариуцах ёстой. Миний бие өмчлөгчийн хувьд менежментийн гэрээний дагуу сард 400.000 төгрөг авдаг. “Хэзээ нэгэн цагт тэр шугамыг солих учраас та нар 400.000 төгрөг төл. Хэрэв осол гарвал та нар станцтайгаа гэрээ хийж, бичиг баримтаа бүрдүүлээрэй” гэж хэлж байсан. Энэ хоёр зааг нь ялгагдахгүй байна. Гэрээний 3.11-т заасныг зөрчсөн хүмүүс огт бүртгэгдээгүй. Инженер нь н.Э гэх хүн гэж байгаа боловч тухайн үед н.Нарантуяа гэх инженер байсан. 2019 онд буюу ослын дараа гэрээ шинэчилсэн. Тэр гэрээний дагуу бүх хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авч, урьд тийм гэрээ байхгүй юм шиг болгож мэдүүлэг авсан. Гэтэл 2009 оноос эхэлж гэрээ хийсэн. 2009 оноос хойш хийгдсэн гэрээг харвал “Х С” ХХК-ийн буруу гэдгийг бүх хүн хэлнэ. ... н.Б тэр гэрээнүүдийг үзээд “Х С” ХХК-ийн буруу байна гэж хэлсэн. 2009 оноос 2017 он хүртэл жил болгон гэрээ хийж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан. Буруутай эзнийг олж тогтоохыг хүсэж байна. ...” гэв.

Яллагдагч Г.Б-н өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагааг хийсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт осол гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч н.Гантөмөр 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч н.Бадмаа, н.Ууганбаатар, ахлах байцаагч н.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийн 2.3-т “...“М И” ХК-ийн даралтат шугам хоолойгоос уур авч ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын захирлуудын баталсан уур эзэмшлийн заагийн схемээр шугам хоолой эзэмшлийг тогтооно. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтний тодорхойлсноор тухайн задарч осол гарсан гэх шугам хоолой нь “М И” ХК-ийн эзэмшлийнх гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн 194 дүгээр хуудаст авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд нь дулааны 4 дүгээр цахилгаан станцын борлуулалт маркетингийн албаны хэрэглэгч хариуцсан хяналт судалгааны инженер н.Б “2019 оны заагийн зургаар бол “Х С” ХХК хариуцах ёстой, харин тэрнээс өмнө бол “М И” ХК-ийн хөрөнгө учир хариуцах ёстой гэж үзэж байгаа” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 4-р цахилгаан станцийн инженер н.Б-н мэдүүлгийг үндэслэж 2019 оноос өмнөх заагийн зургаар “М И” ХК хариуцна гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлт үндэслэлгүй. Хэрэгт гэрч н.Б нийт 4 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгтээ “хэрэглэгчийн шугамын засвар үйлчилгээ аюулгүй байдлыг хэрэглэгч өөрсдөө хариуцах ёстой” гэж мэдүүлсэн. 2023 оны 6 дугаар сарын 14-ний гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ “Би дахин заагийн зургийг харж үзэхэд 2019 оноос өмнөх онд буюу хэрэг гардаг өдөр заагийн зургаараа “Х С” ХХК уг шугамыг хариуцахаар байна” гэж мэдүүлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны дахин өгсөн мэдүүлэгтээ “...“Х С” ХХК хариуцна” гэж анх өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн. Мөн дахин дүгнэлт гаргасан шинжээч н.Ууганбаатар өөрийн гаргасан дүгнэлтийн талаар тайлбар, мэдүүлэг өгсөн. Тэрээр эхлээд “ослыг “М И” ХК хариуцахаар байна” гэж мэдүүлж байсан. н.Гантөмөр, н.Маралсүрэн нар уг ослыг “Х С” ХХК хариуцна гэж мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг асуухад “2019 оны заагийн зургийг харахад “Х С” ХХК хариуцна. Би дүгнэлт гаргахдаа н.Б-н мэдүүлгийг үндэслэсэн” гэж эхний мэдүүлгээ үгүйсгэсэн. Шинжээч гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа ингэж үгүйсгэж зөрүүтэй тайлбарласан байхад ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв гарсан гэж үзэх боломжгүй байна. Мөн дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч нар нь бүгд Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нар байсан. ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан “инженер техникийн нарийн мэдлэг шаардсан асуултад дулаан, техникийн чиглэлээр нарийн мэргэшсэн хүмүүсийг шинжээчээр томилж, холбогдох баримтуудыг бүрэн гарган өгч дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Осол болсон гэх уурын шугам хоолой нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар “Х С” ХХК-ийн эзэмшилд байсан болох нь хэрэгт авагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын захирлуудын 2009 онд баталсан уур эзэмшлийн заагийн схем зургаар тогтоогдож байна. Прокуророос “2009 оны заагийн зургийн дагуу “М И” ХК хариуцахаар тогтоогдож байна” гэж хэлж байна. Гэтэл 2009 оны өнгөөр ялгасан зургийн дагуу “Х С” ХХК хариуцна гэдэг нь тогтоогдсон. 2009 онд “Х С” ХХК нь дулааны 4 дүгээр цахилгаан станцтай байгуулсан “Дулааны эрчим хүч уураар хангах, хэрэглэх” гэрээ нь хэрэгт авагдаагүй. 2009 оны заагийн зургийн эх хувь нь дулааны 4 дүгээр цахилгаан станцид хадгалагдаж байна. Хэрэгт заагийн зургийн эх хувийг холбогдох байгууллагаас нь гаргуулж хэрэгт хавсаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Мөн “Х С” ХХК-ийн цахилгаан станцитай 2009 онд байгуулсан гэрээ хэрэгт авагдаагүй. Энэ гэрээг зайлшгүй авах шаардлагатай гэж үзэж байна. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргаж, улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. Энэхүү гэрээ нь Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд уг хуулийн 28.2-т “Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж заасан. Анх байгуулсан гэрээнд энэ талаар хэрхэн тусгагдсан нь харагдана. Тус гэрээ нь хэрэгт авагдаагүй тул энэ талаар мэдэх боломжгүй. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, задарсан гэх уурын шугамыг тухайн цаг хугацаанд аль байгууллага нь эзэмшиж байсан болохыг тогтоох чухал ач холбогдолтой баримт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Г.Э-н өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Г.Э-г сантехникийн дулааны инженерээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн гэх боловч миний үйлчлүүлэгч сантехникийн дулааны инженерээр ажиллаж байсан талаарх баримт байхгүй. Анхан шатны шүүхээс хэргийг буцаасан нэг үндэслэл нь Г.Э-тай холбоотой хөдөлмөрийн гэрээ байгаа эсэхийг шалгах байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчих гэмт хэрэг байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажиллагааг хийгээгүй бол буруутай байж болно. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байхгүй, зөвхөн ажилд томилсон тушаал байдаг. Мөн тухайн үед сантехникийн инженерээр н.Н гэх хүн ажиллаж байсан. Миний үйлчлүүлэгч туслахаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед ажил дээрээ байгаагүй, ээлжийн амралтаа авсан байсан. Энэ талаар мөрдөн байцаалын шатанд тогтоож чадаагүй. ... Иймд хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Хэрэгт 2018 он, 2021 онуудад тус тус шинжээчийн дүгнэлт авагдсан байдаг. 2021 оны шинжээчийн дүгнэлт нь н.Б-н мэдүүлэгт үндэслэсэн байдаг. ... Шинжээчийн дүгнэлт гарсны дараа энэ хүн “андуурч хэлсэн байна. 2009 оны заагийн зургийг хараагүй. Одоо бол “Х С” ХХК хариуцах ёстой” гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг нь зөрүүтэй байна. Шинжээчийн дүгнэлт нь 2009 оны заагийн зургийг үндэслэж гараагүй, осол 2018 онд болсон. Гэтэл 2019 оны заагийн зургийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Анхан шатны шүүх яллагдагч Г.Б, Н.Ө, Г.Э, Ү.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

            Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийх, түүнчлэн мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд прокурор, өмгөөлөгч нар нь гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдааны үед нотлогдвол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

      Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх эсэх, цаашлаад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Үүнээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. 

 Иймд прокурор Н.Ундрахын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1085 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Г.Б, Н.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ, яллагдагч Ү.Т, Г.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/1085 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.Б, Н.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ, яллагдагч Ү.Т, Г.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                                           М.АЛДАР