Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/744

 

 

                                                     Д.М, Б.С, Б.Б нарт холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

хохирогч З.Н,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч М.Очбадрах, шүүгч Г.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.М, Б.С, Б.Б нарт холбогдох 1809 03357 0804 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш овгийн Д-ын М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “...” ТББ-д удирдах зөвлөлийн даргаар ажиллаж  байсан, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 03 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 13 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг хасаж, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан;

2. Б овгийн Б-ын С, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, “....” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл ... хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

3. Т овгийн Б-ийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Д.М нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа Орхон, Төв, Дорноговь, Сэлэнгэ аймгууд, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд “эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн газартай, түргэн үйлчилгээний цэг хийж өгнө, албаны ногоон паспорт гаргаж өгнө, “Оюу толгой”-д ажилд оруулж өгнө, Төвийн бүсийн 4 аймгийн дунд Фермерчдийн холбоо байгуулагдсан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх учраас мөнгө байршуулах хэрэгтэй байна, Америкийн Нэгдсэн улс, Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан:

нийт нэр бүхий 137 хохирогчид 2.275.023.719 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн ганцаараа 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 108 тоот өрөөнд хууль сахиулагч буюу мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.У-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний баруун гарын бугалганы дотор хэсгээс хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан эсэргүүцсэн гэмт хэрэгт,

2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын орчим иргэн Ц.С-ийн өмчлөлийн “Тоёота Камри” маркийн 62-99 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг өшиглөн цуулж, рульны речакийг гараараа татаж хугалан хууль бусаар гэмтээж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол тайван” төвийн 504 тоот өрөөнд иргэн В.Э- хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт сэнжтэй аяга авч шидэн эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ХЭГ/2194 дугаартай хэвлэмэл маягт бүхий албан хүсэлтийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт,

2. Б.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Замын ажлын тендер авч өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.С-ээс 10.000.000 төгрөгийг авсан,

мөн Б.Б, Д.М нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн газрын орчим “Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын барилгын тендерийг авч өгнө” гэж бодит байдлыг гуйвуулах замаар иргэн А.М-ыг төөрөгдөлд оруулж, түүнээс бэлнээр 45.000.000 төгрөгийг залилан авч, нийт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Б.Б нь Д.М, Б.С нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн газрын орчим “Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын барилгын тендерийг авч өгнө” гэж бодит байдлыг гуйвуулах замаар иргэн А.М-ыг төөрөгдөлд оруулж, түүнээс бэлнээр 45.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

“2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                  Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ