Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/754

 

 

                                                                 Д.Ут холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Д.У,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/483 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306 03793 0244 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ны У, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа;

Шүүгдэгч Д.У нь хохирогч Л.Яын Хас банкны ... дугаарын картыг хууль бусаар, нууцаар авч, улмаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Авто плаза төв, Да хүрээ бэлэн мөнгөний машинд дээрх картыг уншуулан 3.000.000, 1.600.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж, нийт 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ны Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 1 жил 8 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан 1 жил 8 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Ут урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдэхээс өмнө хувиараа хөдөлмөр эрхлэн ажиллаж амьдарч байсан. 2023 оны 8 дугаар сард Ананд-Очир гэх хүүтэй болоод эхнэр Дулайхан салаад миний хувьд өрх толгойлсон эцэг болсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ маргасан зүйл байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд саад хүндрэл учруулаагүй. Иймд энэхүү байдал болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг минь хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед тус хэрэгт шалгагдаж, энэ гэмт хэргийг үйлдсэн байсан. Гэтэл тухайн 2 хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой байсан боловч шүүгдэгчийн зүгээс хэлээгүй буюу цахим программд нэгтгэгдээгүй байх үед ял шийтгэгдсэн. Ял шалгах хуудсаар өмнө нь нэг удаа гэмт хэрэг үйлдсэн учраас дахин гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Д.Уын эх хүнд өвчтэй, Д.Уыг хорих ялаар шийтгүүлснээс хойш эхийнх нь бие илт муудаж, өндөр настай хүн учраас эхтэй нь уулзуулж, үлдсэн хугацаанд нь хамт байлгахын тулд хохирол төлбөрийг нь төлж байгаа юм гэсэн асуудлыг ар гэрийнх нь зүгээс тавьж байсан. Энэ утгаараа хохирол төлбөрийг шүүгдэгчийн ар гэрээс барагдуулсан байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.Уын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.У нь хохирогч Л.Яын Хас банкны ... дугаарын картыг хууль бусаар, нууцаар авч, улмаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Авто плаза төв, Да хүрээ бэлэн мөнгөний машинд дээрх картыг уншуулан 3.000.000, 1.600.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж, нийт 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Яын “...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ зах дээр машин худалдаж авахаар явж байгаад өөрийн Хас банкны чиптэй картаа алдсан юм. Улмаар би 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бараа худалдаж авах гээд интернэт банк руугаа орсон чинь миний ... дугаарын данснаас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед /КА 001086.3 Da Khuree Zuuvur H2 7500623414**5748/ гэх дугаартай пос машинаас 3.000.000 төгрөг, /41000116 ВАҮANZURKH SНАRКНАD 623414**5748/ гэсэн дугаартай АТМ-ээс 2 удаагийн үйлдлээр 1.600.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж миний алдагдсан картнаас нийт 4.600.000 төгрөг хулгайд алдагдсан байна. ...Би хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Да хүрээ зах дээр машин авахаар явж байхдаа өөрийн картаа харсан. ...” /хх 40-41/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Л.Яын эзэмшлийн Хас банкны ... тоот дансны хуулга /хх 9/, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны эцэст байрлах, Миний сүлжээ дэлгүүрийн 1 давхрын бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-29/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 31-33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Уыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Д.Уын хохирогч Л.Яын Хас банкны ... дугаарын картыг хууль бусаар, нууцаар авч, улмаар бэлэн мөнгөний машинд дээрх картыг уншуулан 3.000.000, 1.600.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж, нийт 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Уын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 1 жил 8 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.У “...2023 оны 8 дугаар сард Ананд-Очир гэх хүүтэй болоод эхнэр Дулайхан салаад миний хувьд өрх толгойлсон эцэг болсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ маргасан зүйл байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, ...энэхүү байдал болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг минь хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Д.У нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт оногдуулсан ял тохирсон байх тул хорихоос өөр төрлийн ялаар солих үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг тул шүүгдэгч Д.Уын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болно.

Түүнчлэн шүүх хавтаст хэрэгт авагдсан гагцхүү нотлох баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэдэг бөгөөд шүүгдэгч Д.Уын гомдолд дурдсан өрх толгойлсон ганц бие эцэг болон ар гэрийн байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/483 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч А.У нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/483 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

                                     ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ