Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00171

 

 

 

 

 

 

 

 

 

У.Пашийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2021/02544 дугаар шийдвэртэй

У.Пашийн нэхэмжлэлтэй Нгазарт холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарантуяа нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

а. Нгазрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгож, Нт даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай.

б. халагдахаас өмнөх 3 сарын дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцон хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай.

1.а. Миний бие 2006 оноос эхлэн Нт даргын албан тушаалыг хашиж тус байгууллагыг амжилттай удирдаж, хууль тогтоомж болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан.

Коронавирусын халдвар авсан 35 настай иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, Энэрэл эмнэлгийн үүдэнд нас барсан хэрэгтэй холбоотойгоор холбогдох эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдсан ба тус төвийн орлогч дарга С.Ариунболдыг ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргасан. Мөн надад хариуцлага тооцож Нгазрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаал гарч Нт даргын албан тушаалаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэрт гаргахаар шийдвэрлэсэн. Энэ Б/54 тоот тушаал хууль бус бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд 65 нас хүртэл төрийн алба хаах эрхтэй. Миний бие Нгазрын даргад 65 нас хүртэл ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг үндэслэж 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэг жилийн хугацаатай “Үр дүнгийн гэрээ” байгуулсан нь намайг 65 нас хүртэл ажиллуулахыг зөвшөөрсөн үйлдэл мөн. Гэтэл уг гэрээний хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.3 дахь хэсэгт зааснаар 65 нас хүртэл ажиллах эрхтэй. Гэтэл дээрх байдлаар хууль тогтоомж зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Нт даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй гэж үзэж байна.

 1.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу халагдахаас өмнөх 3 сарын дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах үндэслэлтэй. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

а. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн Нгазрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй тухай.

б. Төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллах эрхийг зөрчсөн, тэтгэвэрт гарах насанд хүрээд Нгазрын даргатай байгуулсан “Үр дүнгийн гэрээ” хугацаа дуусаагүй байхад ажилтаныг ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх тайлбарыг няцаах тухай.

2.а. Нийслэлийн түргэн тусламжийн газрын даргаар ажиллаж байсан У.Паш нь төрийн албаны ТҮЭМ-9-3 ангилал, зэрэглэлийн албан тушаалд Нгазрын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж өндөр насны тэтгэвэрт гаргасан.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.3-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь ажилтны иргэний үнэмлэхийн үндсэн дээр он сар өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгоно” гэж заасны дагуу тооцоход У.Паш нь 1960 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн ба Нгазрын даргын тушаал гарсан өдөр тэрээр 61 насанд хүрсэн байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, өндөр насны тэтгэвэрт гаргасан Нгазрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

2.б. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан.

Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахтай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар бус харин Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарах насыг хуульд өөрөөр буюу 60 нас байхаар заасан гэж үзэх үндэслэлтэй тул 61 настай У.Паштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж өндөр насны тэтгэвэрт гаргасан Нгазрын даргын тушаал хууль зөрчөөгүй болно.

Түүнчлэн, 60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн төрийн албан хаагчийг төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл, журмыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах ба нэхэмжлэгч У.Паш нь төрийн үйлчилгээний албан хаагч тул хуулийн тухайн заалт хамаарч үйлчлэхгүй. Иймд У.Пашийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч У.Пашийг Нт даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,727,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Нгазраас 130,405 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасны дагуу “60 нас” гэж үзэх үндэстэй байна. Энэ агуулгаар нэхэмжлэгчийн “тэтгэвэрт гарах нас болоогүй байхад буюу 65 нас хүрээгүй байхад тэтгэвэрт гаргасан нь хууль бус болсон гэх тайлбар үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, эс зөвшөөрч байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байхаар зохицуулагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг төрийн үйлчилгээний албан хаагчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх хэрэглэхгүй бөгөөд 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг хэрэглэнэ. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасныг баримтлан төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг нарийвчилсан хууль гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь буруу байна.

Хууль зүйн техникийн хувьд алдаа байгаа хэдий ч хууль тогтоогчоос “зөвхөн жинхэнэ албан хаагч” байсныг өөрчилж, “төрийн улс төрийн албан хаагчаас бусад” гэж тогтоосноор үйлчилгээний албан хаагчийг уг хуулийн үйлчлэлд хамааруулсан юм. Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийг нарийвчилсан хууль гэж үзвэл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой заалтыг хэрэглэх боломжгүй болох юм.

Хууль тогтоогчоос төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж тогтоосон байхад үүнийг огт хэрэглэхгүй байхаар тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасны дагуу уг хуулиар зохицуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийг нарийвчилсан хууль гэж үзэх боломжтой.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг засаж, хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт заасан улс төрийн алба хаахаас бусад албан хаагчийн насны дээд хязгаар 65 нас хүрсэн бол тэтгэвэрт гаргах ёстой, гэтэл 60 нас хүрсэн хүнийг тэтгэвэрт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж ярьж байна. Гэтэл Төрийн албаны тухай хуульд тэтгэвэр тогтоолгох нас, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх 2 ойлголтыг ялгамжтай, 2 өөр зүйл заалт зааж өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 4.1.3-т хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсч байгаа буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд хөдөлмөрийн тухай зохицуулалтыг нэгдүгээрт авч үзнэ гэж заасан байдаг. Үүнийг үндэслэн У.Паштай Нгазрын дарга хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 насанд хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн бол захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэх заалтыг үндэслэн захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахад У.Паш нь 61 нас 1 сартай байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэж захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт “...Талуудын хооронд үүссэн маргааны зүйлийн нэг болох Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу Нт даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдашийг ажлаас чөлөөлөхдөө Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөх ажиллагааг хийсэн эсэх талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд өгөөгүй тусгай хуульд нарийвчлан заасан журмыг зөрчсөн тул Нгазрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дүгээр тушаал хууль бус болжээ” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг “Аймаг, нгазрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж өөрчлөн найруулсан бөгөөд хуульд заасан энэ журмын дагуу Нгазрын дарга нь 5 жил гаруй хугацаанд Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр харьяа эрүүл мэндийн газрын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж ирсэн. Эрүүл мэндийн тухай хуульд заасан дээрх журмын дагуу нэхэмжлэгч Д.Пүрэвдашийг ажлаас чөлөөлөхөд зөвшилцөл хийгдсэн бөгөөд баримт нь байгаа.

Нэхэмжлэгч Д.Пүрэвдаш нь түүнийг ажлаас чөлөөлөхөд Нгазрын дарга Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөн гэдгийг сайн мэдэж байсан тул “Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөөгүй” гэсэн асуудлыг нэхэмжлэлдээ огт дурдаагүй. Учир нь Нгазрын дарга 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлөх тухай захиргааны шийдвэр гаргах гэж байгааг Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу “Сонсох ажиллагаа”-г биечлэн хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөнийг мэдэгдэж, сонсгосон байдаг. Д.Пүрэвдаш нь үүнийг сонсоод “ Би н.Сумъяабазар даргатай уулзаж байгаад шийдвэрийн талаар саналаа өгнө” гэж хэлээд гарсан байдаг бөгөөд тухайн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Засаг даргатай уулзах хангалттай цаг хугацаа байсан боловч огт уулзаагүй, зөвшилцөл хийгээгүй гэсэн гомдлыг Нийслэлийн Засаг даргад гаргаагүй, нэхэмжлэлдээ ч энэ талаар огт бичээгүй байгаа нь зөвшилцөл хийгдсэнийг мэдэж байсан үйл баримт гэж үзэж байна.

Эхний шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч миний бие сонсгох ажиллагааны үеэр зөвшилцөл хийснийг нэхэмжлэгчид сонсгосон болохыг хэлж, “Би Д.Сумъяабазар даргатай уулзаж байгаад хариу санал, тайлбараа өгнө" гэж хэлээд гарсныг сануулахад Д.Пүрэвдаш нь зөвшилцөл хийгдээгүй гэж үгүйсгээгүй бөгөөд “Нийслэлийн Засаг дарга ажил ихтэй, уулзаж чадаагүй” гэж хариулсан. Гэтэл нэхэмжлэгч Засаг даргатай уулзсан, зөвшилцөл хийгдээгүй байсан гэх асуудлыг шүүх хуралдааны үеэр яриагүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд байхгүй, мөн энэ талаарх нотлох баримтыг өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөөгүй журам зөрчсөн” гэх асуудлыг бичээгүй, шүүх хуралдааны явцад зөвшилцлийг мэдэж байснаа илэрхийлж байсан, мөн сонсгох ажиллагааны үеэр зөвшилцлийг танилцуулсан тул тэрээр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай уулзана гэж мэдэгдээд гарч явснаа үгүйсгээгүй бөгөөд энэ асуудлаар шүүхэд хандах хүртлээ Засаг даргатай уулзаагүй, гомдол гаргаагүй зэрэг нь зөвшилцөл хийгдсэн гэдгийг нэхэмжлэгч сайн мэдэж байсныг нотлох үйл баримт гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ хэрэв Д.Пүрэвдашийг чөлөөлөх асуудлыг Нийслэлийн Засаг дарга мэдээгүй, зөвшилцөөгүй бол түүнийг чөлөөлсний дараа сул орон тоонд албан тушаалтныг томилох зөвшилцлийг Нгазрын даргатай хийхгүй байсан. Гэтэл сул орон тооны зөвшилцөл, томилгоо нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн нь Д.Пүрэвдашийг ажлаас чөлөөлөх асуудлын талаарх зөвшилцөл Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн болохыг нотлох нэг үйл баримт юм.

Нэхэмжлэгч Д.Пүрэвдаш нь Нгазарт хандан өндөр насны тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжээ авах хүсэлт гаргасны дагуу 24,000,000 төгрөгийн тэтгэмжийг нь олгосон. Энэ хүсэлт нь түүнийг ажлаас чөлөөлөгдсөнөө зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж байна.

Түүнчлэн, Д.Пүрзвдаш нь Нт даргаар ажиллаж байхдаа эмнэлгийн түргэн тусламжийн машин, тоног төхөөрөмжийг бусдад түрээслүүлж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын эрх мэдлээ ашиглан, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдэн, хувьдаа 51,715,040,76 төгрөгийг завшсан гэм буруутайд тооцогдон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/651 дугаар шийтгэх тогтоолоор түүнд 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа боловч зарим нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүсэж, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нгазар энэ хэргийн хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болно. Шүүх Д.Пүрэвдашид шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас, эрүүл мэндийн байдал, хувийн байдлыг нь харгалзан үзсэнийг ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан.

Гэтэл Д.Пүрэвдаш нь эрүүгийн хариуцлага хүлээх болохоороо өөрийн эрүүл мэндийн болон насны байдлаа хариуцлагыг хөнгөрүүлэх давуу тал болгон ашиглаад, иргэний хэргийн шүүхэд хандан эрүүл мэндийн болон мэдлэг, туршлага, насны хувьд 65 нас хүртлээ ажиллах боломжтой байхад хөдөлмөрлөх эрхийг зөрчлөө гэж хандан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь төрийн удирдах албан тушаалд олон жил ажилласан албан хаагч боловч ёс зүйн хувьд төлөвшөөгүйг харуулж байна.

Иймд нэхэмжлэгч Д.Пүрэвдашийг ажлаас чөлөөлөхдөө Нгазар Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй, зөвшилцлийг албан ёсоор нэхэмжлэгчид танилцуулж, холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн хууль ёсны шийдвэр гаргасан бөгөөд Нгазрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гомдол нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, худал, зөрүүтэй, хийсвэрээр тааж ярьсан гомдол байна гэж үзэж байна. Учир нь н.Нарантуяа өмгөөлөгч анх энэ хэрэгт өмгөөлөгчөөр орж ирэхдээ би энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй, тиймээс хэргийн материалтай танилцъя гэж орж ирсэн. Дараа нь бүх зүйлийг мэддэг болсон. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримт шаардаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ хэргийг хянан хэлэлцэх явцад ямар үйл баримт тогтоогдсон гэхээр зөвшилцөл хийгдсэн талаар ямар ч баримт байхгүй байна гэхэд “гаргаж өгөх шаардлагагүй” гэх тайлбарыг өгсөн. Ингээд шүүхээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж хариуцагчид нотлох баримт гаргаж өгөх боломжийг бүрдүүлж өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаан товлогдож өнөөдрийн шийдлийг гаргасан байна. Гэтэл хэрэгт Нийслэлийн засаг даргатай зөвшилцсөн талаар нэг ч баримт гаргаж өгөөгүй. Давж заалдах гомдолд сүүлийн 5 жилийн турш Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөл хийгдэж ирсэн гэж тайлбарладаг. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргах учраас зөвшилцөл хийгдээгүй гэж үзнэ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Засаг дарга н.Сумъяабазараас У.Пашийг чөлөөлөхийг зөвшөөрсөн гэх ямар ч тайлбар албан бичиг ирүүлээгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг зөрчиж У.Пашийг ажлаас чөлөөлсөн гэх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй. Мөн тушаал гаргаж тэтгэмж авсан учраас энэ нь зөвшөөрсөн гэдэг үйл баримтаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр хүмүүс тэтгэмжээ авдаг, тэрэнтэй мөн адил. Нэгэнт хуульд заасан журмыг зөрчиж хамтын шийдвэр гаргах буюу Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж шийдвэр гаргах ёстой байтал Нгазар дангаар шийдвэр гаргасан учраас энэ шийдвэр хууль бус гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзэхэд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтыг гуйвуулж худал гомдол гаргаж байна гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч У.Паш нь хариуцагч Нгазарт холбогдуулан Нт даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4.1. У.Паш нь 2006 оноос эхлэн Нт даргын албан тушаалыг хашиж байсан, Нт даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талууд энэ талаар маргаагүй байна.

4.2 Нгазрын даргын 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаалаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 43, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Пашийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

 4.3 Харин нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдын тэтгэврийн 65 нас хүрээгүй байхад ажлаас чөлөөлсөн эсэх буюу Б/54 тоот тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 4.4 Нт даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 насыг өндөр насны тэтгэвэрт гарах нас гэж үзэх үндэстэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Учир нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчдын эрхэлж буй албаны онцлогоос хамаарч эрх зүйн байдлаар ангилж тэдний хөдөлмөрийн харилцааг зохицуулахдаа төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой харилцааг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар тодорхойлсон. Иймд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

5.1 Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд шууд хамаарахгүй хуулийн заалтыг хэрэглэн нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

5.2 Эрүүл мэндийн тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Аймаг, нгазрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасан.

Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн зохицуулалтын агуулга, зорилго нь тухайн албан тушаалтны бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээ, хязгаарыг зохицуулсан. Тодруулбал, өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын даргыг томилох, чөлөөлөхдөө Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөх буюу түүнд мэдэгдэх, зэрэг ажил хэргийн харилцааны хүрээг тодорхойлсон зохицуулалт юм. Харин Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажилтныг чөлөөлөхөд Засаг даргын зөвшөөрөл авах урьдчилсан нөхцөл тогтоосон зохицуулалт биш болно.

 6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2021/02544 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Нгазарт холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч У.Пашийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 122,593 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

  Э.ЗОЛЗАЯА