Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/698

 

2024           06            20                                          2024/ДШМ/698

 

Н.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч Н.Э,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00202 0008 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ш х овгийн Н-н Э, .... оны ... дугаар сарын ..-ний өдөр ...... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух, /РД: ........./,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаар тогтоолоор түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үйлчлүүлж шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас авах үедээ тус шүүхийн шүүгчийн туслах ажилтан Ш.Л-тэй үл ойлголцсоны улмаас хэрүүл маргаан үүсгэж “шүүхийн ажилтан хүнд суртал гаргаж чирэгдүүлсэн, харц, биеийн хэлэмжээрээ өөртэй нь зүй бус харилцсан” гэсэн шалтгаанаар бухимдан уурлаж, улмаар шүүгчийн туслахын ширээний урд талын тунгалаг шилэн хаалтыг санаатайгаар гараараа цохих үед уг шилэн хаалт хагарч, хагарсан шилний хэлтэрхийд Ш.Л-н эрүү болон долоовор хуруу зүсэгдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-с 166.760 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Л-д, иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 75.400 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Э би ...... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.З-н 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 307 дугаартай, намайг 800.000 төгрөгөөр торгосон торгуулийн ялыг би огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 1937 оны их хэлмэгдүүлэлтийг яг өнөөдөр над дээр дахин давтан үргэлжлүүлээд байгаад нь би маш их гомдолтой байна. ..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.З-н 307 шийтгэх тогтоол нь үсгийн, үгний, утгын, хуулийн заалтын түмэн алдаатай бас хууль эрх зүйн мэдлэг асар нимгэн, тэгсэн мөртлөө бас “шүүх хараат бус байна” гэдэг хуулийн заалт мэдэхгүй байж, ......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн е/ш Р.А-н өгсөн захиалгыг биелүүлж намайг 800 нэгжээр торгож, торгуулийн ял оноосонд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын эхний нүүрэнд Н.Э миний ..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заалт “Бусдад хөнгөн гэмтэл учруулах” гэсэн хуулийн заалтыг баримтлан 3 сар намайг баривчлах ялаар шийтгүүлснийг дурджээ. Энэ 221 шийтгэх тогтоолтой хэргийн үйл баримт бол “Миний оюутан хүүд ямарч орлого байхгүй, тэгэхээр тэр нэхээд байгаа авлигалыг чинь аав нь болох би төлөөд байна, авлига нэхээд байдаг аа болиоч ээ! гэсэн шударга шаардлага тавьсан намайг ...-ийн захирал Г.Б нь надтай хэрүүл хийж байсныгаа, надаар зодуулсан мэтээр 2 багшаараа зодооныг харсан мэтээр намайг хүн зодсон гэж худлаа гүтгэж гэрчлүүлж байгаад намайг 3 сар баривчлуулсан байдлаа бүр сүүлд нь 1.3 жилийн дараа багш Ай, Ам нар нь надтай тааралдахдаа “Э гуай та битгий захирал Г.Б-д хэлээрэй, манай захирал Г.Б нь бид хоёрыг захирал Г.Б-г зодож байхыг нь бид харсан гэж хэл, тэгэхгүй бол ажлаас чинь хална гээд биднийг дарамтлаад байсан учраас бид 2 хуурамч гэрч болсон юм шүү уучлаарай” гэж надаас уучлалт гуйсан юм, бас захирал Г.Б нь өөр нэг хүнээс болсон маргааныхаа талаар асуусан чинь тэр хүн нь өөрийгөө жаахан маажчих тэгээд эмчид очоод үзүүлэхэд л хөнгөн гэмтэл гэсэн онош тавьдаг юм гэдгийг сонсоод л захирал Г.Б шууд эмнэлэг явсан юм шүү гэж надад хэлсэн учраас Н.Э би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж хилс хэргээр 3 сар баривчлагдсанаа дахин шалгуулах гомдлоо гаргаад шалгуулж чадаагүй юм. /Нотлох баримт-1,2,3х/ Тэгэхээр хэрэг хэзээ ч хуучирдаггүй учраас 221 дүгээр шийтгэх тогтоол, 556 дугаар магадлал, 520 дугаар тогтоол зэргүүдийг, энэ 307 дугаар шийтгэх тогтоолтой хамтатган би Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэст шалгуулж, шүүгч нарыг нь шүүхийн сахилгын хороонд нь гомдлоо гаргаж шалгуулах болно. Энэ хэргийг АТГ нь огт шалгаагүйг АТГ-аас надад өгсөн хариунууд нотолно. Шүүгч Г.З-н 307 шийтгэх тогтоолын олон алдаануудыг засдаг бага ангийн багш бол Н.Э би биш ээ. Шүүгч Г.З нь шүүх хуралдааныг 40 орчим минут орхиж яваад, шүүгдэгч Н.Э намайг хэрхэн яллах талаар бусадтай утсаар ярьж зөвлөгөө авсан гэж би хардах эрх ээ эдэлж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан дискны хол бичлэг ямарч нотлох баримтын шаардлага хангахгүй байхад бичлэгийг их л итгэл үнэмшилтэйгээр үзээд байсанд гомдолтой байна. Олон сая төгрөгний цалин авдаг шүүгч Г.З-н хууль эрх зүйн мэдлэг нь асар их нимгэн байгаа байдал бас 307 шийтгэх тогтоолыг нь уншаад өмнөөс нь үнэхээр маш их ичлээ. Эрүүгийн хэргийн шүүхүүдийн бүх шүүгч нарын хууль эрх зүйн мэдлэг нь Захиргааны, Иргэний хэргийн бүх шүүгч нарын хууль эрх зүйн мэдлэгээс асар их дутуу, нимгэн байдаг гэдэг яриа нь үнэн л юм байна. Ер нь шоронд хоригдож байгаа 3 хүнээс 2 хүн нь хилс хэргээр ял эдэлдэг гэсэн судалгаа үнэн байна. Харин 307 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол...” гэсэн заалт байдаг болохоос “санаатай” гэдэг үг байхгүй ба хууль өөрчилж, хуульд сайн дураараа үг нэмэх эрх шүүгчид хуулиар олгогдоогүй байдаг. Шүүгч Г.З нь Н.Э миний эхэлж гомдлоо УИХ-ын ХЗБХ-ны дарга Б.Энхбаярт гаргасан гомдлыг АТГ нь шалгаагүй, бас прокуроруудын хариу зэргүүдийг хэрхэн яаж үнэлж дүгнэж байгаагаа мөн хуулийг иргэдэд хэрхэн ялгавартай хэрэглээд байгаад үнэлэлт дүгнэлт өгөөгүйд нь гомдолтой байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бол хэрэг маргааныг бүхэлд нь хянаж шийдвэрлэнэ гэж хуульчилсан байдаг. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.З-н 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эсвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ... Гэмт хэрэг хийгээгүй атлаа 7 удаа доромжлуулсандаа аргаа бараад шил цохисон. Энэ хэрэг захиалгаар явж байгаа бөгөөд шүүх хараат бус байх ёстой. Би гомдол гаргаж явахад хууль надад үйлчлэхгүй байна. Гэтэл шүүгчийн туслах надад холбогдуулан гомдол гаргахад прокурор, мөрдөгч нийлж намайг харлуулж, үүнд нь шүүгч нар итгээд намайг буруутгасанд гомдолтой байна. ... гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.Э нь Ш.Л-тэй зүй бус харилцаа үүсгэж, түүний ширээн дээрх өмнөх шилэн хаалгыг хоёр удаа санаатай цохисны улмаас тухайн шилэн хаалт бутарч, шүүгчийн туслахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй гэж тайлбарладаг боловч түүний үйлдэл болон бусдын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шалтгаант холбоотой тул гэм буруугүй гэж үзэх боломжгүй. Н.Э нь шилэн хаалтыг 2 удаа хүчтэй цохисон болох нь хэрэгт авагдсан камерын бичлэгээс харагддаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шударга ёсны зарчимд нийцсэн, хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн талаар үндэслэлээ тодорхой тайлбарласан. ... Хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-н гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байна.

Прокуророос Н.Э-г Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үйлчлүүлж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас авах үедээ тус шүүхийн шүүгчийн туслах Ш.Л-тэй үл ойлголцсоны улмаас хэрүүл маргаан үүсгэж, шүүгчийн туслахын ширээний урд талын тунгалаг шилэн хаалтыг санаатайгаар гараараа цохих үед уг шилэн хаалт хагарч, хагарсан шилний хэлтэрхийд Ш.Л-н эрүү болон долоовор хуруу зүсэгдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

            Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой.

Түүнчлэн, шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Э нь шүүхээр үйлчлүүлэх явцдаа шүүгчийн туслах Ш.Л-тэй таарамжгүй харилцаа үүсгэж, үл ойлголцсоны улмаас шүүгчийн туслахын ширээний урд талын тунгалаг шилэн хаалтыг санаатайгаар гараараа цохих үед уг шилэн хаалт хагарч, хагарсан шилний хэлтэрхийгээр Ш.Л-н эрүү болон долоовор хуруу зүсэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 Хэрэгт авагдсан камерийн бичлэг болон бичгийн бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Н.Э нь шууд бус санаатай үйлдлээр Ш.Л-н биед шинжээчийн 732 дугаартай дүгнэлтэд дурдагдсан /1 хх 48-49/ эрүү, зүүн сарвууны долоовор хуруунд зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг хүсч учруулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Э нь шилэн хаалт цохиж, шил хагарч бутрахдаа хэлтэрхий нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулах болзошгүйг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй цохисны улмаас шилний хэлтэрхийд хохирогч Ш.Л оногдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаас үзэхэд Н.Э-н үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдад хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэстэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Н.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Э-н үйлдэл нь гэмт хэргийн шинжгүйгээс цагаатгасан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Үүнээс гадна, шүүхийн байрны эд хөрөнгөд болон хохирогч Ш.Л-н эрүүл мэндэд хохирол учруулсан Н.Э-н үйлдлийг бусад хууль тогтоомжид заасны дагуу шалгуулах эсэх шийдвэрлэхэд энэ магадлал хязгаарлалт болохгүйг дурдвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР