Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/699

 

  2024           06           20                                          2024/ДШМ/699

 

М.Ө, М.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Н-н өмгөөлөгч Э.Эрдэнэчулууны гаргасан давж заалдах гомдлоор М.Ө, М.Н нарт холбогдох 2406 00776 0553 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Т овгийн М-ны Ө, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” зочид буудалд хяналтын камерын ажилтнаар ажилладаг, ам бүл 2, эгчийн хамт ________ орших суух хаягтай боловч ___________ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../,

2. Х овогт М-н Н, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “С ф” ХХК-д хүний нөөцийн сургалтын менежер ажилтай, ам бүл 1, .......... тоотод оршин суух хаягтай, /РД: ........../,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч М.Ө нь “Н к” ХХК-ийн харьяа “А” зочид буудал, ресторан үйлчилгээний төвд камерын оператораар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын ресторан, караоке зааланд үйлчлүүлж байсан хохирогч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ тус газрын 1 дүгээр давхарт байрлах орох, гарах хаалганы шилэн тусгаарлагчийг санаатай өшиглөж хагалсан үйлдэлд дургүйцэж улмаар түүнийг газарт унагаж хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хохирогчийн биед баруун дээд 3-р шүдний цөгцний хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Н нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын ресторан караоке зааланд үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ тус газрын хамгаалалтын ажилтан “манай байгууллагын хаах цаг болсон та гарна уу” гэх шаардлага тавихад нь үл ойлголцож маргаан үүсгэж, улмаар “А” зочид буудлын орох гарах төв хаалганы шилэн тусгаарлагчийг санаатай өшиглөн, хагалж бусдын 480.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг санаатай устгаж, дахин ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ө-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Н-г “эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ө-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч М.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-с 1.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Н-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Н нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Н-н өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд М.Н-н гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсонд маргаагүй бөгөөд гагцхүү эрүүгийн хариуцлагын хувьд гомдол гаргаж байгаа болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... харин шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч М.Ө, М.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус бүрээр харгалзан, шүүгдэгч ... М.Н-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв” гэж дүгнэлтийг хийжээ.

1. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” бол шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан. Шүүхийн шийтгэх тогтоолд “... шүүгдэгч М.Н-н хагалсан шилэн хаалганы төлбөрийг түүнээс нэхэмжлэхгүй, харин М.Ө-н төлсөн хохиролд оруулан тооцохоор тохиролцсоныг талуудын хүсэлтийг харгалзан шүүхээс тооцохоор шийдвэрлэв гэж; шүүгдэгч М.Н нь уг хохирлыг барагдуулсан болох нь хохирогч П.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус хийсэн атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзээгүйд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс М.Н-д эрүүгийн хариуцлага болох оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.

2. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол ...” гэж тус тус хуульчилсан. Дээрх хуульд зааснаас үзвэл эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ нь бага хэмжээ /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3/-нээс дээш үлэмж хэмжээний хохирол /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2/ учруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл, 300.000 төгрөгөөс 49.999.999 төгрөгийн хооронд бусдын эд хөрөнгөд хохирол учруулбал энэ зүйлээр зүйлчлэгдэхээр байна. Анхан шатны шүүх нь энэ хэргийн хувьд М.Н-н 480.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хамгийн хүнд ял болох нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсныг өмгөөлөгчийн зүгээс ял хүндэдсэн гэж үзэх үндэслэл болгож байна. ... Иймд энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна.

3. М.Н нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг илрүүлэхэд тус болсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, үүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон ухамсарласан байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Тиймээс ч Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... шүүгдэгч М.Ө нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шаардлага, түүнээс үүсэх хууль зүйн үр дагавар зэргийг ойлгоогүй, энэ талаар ямар ч ойлголтгүй, түүнийгээ илэрхийлж хэлэхгүй байгаа байдал зэрэг шүүх хуралдааны явцад тогтоогдлоо” гэж шүүгдэгч М.Ө-г талаар дүгнэсэн бөгөөд харин М.Н-н хувьд ямар ч дүгнэлтийг хийгээгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах байсан. Шүүх хуралдаанд ч улсын яллагчаас: “Шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Энэ нөхцөл байдлыг мөн харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү.

4. Анхан шатны шүүх нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн гэж дүгнэн М.Н-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс энэ оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл нь энэ оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял /Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох/-ыг сонгон хэрэглэсэн нь ялын нийгэмшүүлэх зорилгыг хангахгүй байна гэж үзэж байна. М.Н нь “С ф” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны Сургалтын менежерийн ажилтай бөгөөд шүүхээс оногдуулсан ял болох Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосноор өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Ажлын байрны тодорхойлолтод “...сургалтын төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөгөөний дагуух сургалтуудыг зохион байгуулж компанийн болон салбар дэлгүүр, хамтрагч байгууллагууд танхимын болон ажлын байран дээрх бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, ...  сургалтын байгууллагуудыг судлах, сонгох, сургалтын байгууллагуудтай уулзаж, хэлэлцээр хийх, ..., хариуцсан ажил үүргийн хүрээний дагуу тухайн салбарыг төлөөлөн холбогдох байгууллагууд, субъектүүдтэй харилцах” гэсэн байна.

“С ф” ХХК нь хоол боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд нийт 375 салбар .. сүлжээ дэлгүүртэй, салбаруудад зарагдаж байгаа хоолны үйлдвэрлэлийг бүхэлд нь хариуцаж ажилладаг байгууллага юм. М.Н-н ажлын байрны тодорхойлолтод зааснаар өөрийн компанийн .. сүлжээ дэлгүүрүүдийн хүний нөөцийг сургахаас гадна .. Франчайз эзэмшигч нарын ажилчдыг мөн сургалтад хамруулан ажилладаг. ... Тэрээр 2018 онд “....... зөвлөл” НҮТББ-ын гишүүнээр элсэж, гадаад орнуудад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын эрх ашгийг хамгаалан идэвхитэй оролцож байгаа бөгөөд 2021 оноос тус төрийн бус байгууллагын Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна. ... Мөн зорилтод бүлгийн иргэддээ чиглэн хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран хүмүүнлэгийн олон үйл ажиллагаа зохион байгуулан явуулсан. ... М.Н нь өөрийн 2 дүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилтай, өөрийн эрхэлсэн ажил үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хариуцлагын хүрээнд өөр дүүрэг, сум, хороо, аймаг, өөр улс орон руу зорчих хэрэгцээ шаардлага үүсдэг зэрэг байдлыг харгалзан үзэж, өөр төрлийн ял сонгон оногдуулж өгнө үү.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/470 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь ажил хийхэд хүндрэлтэй байгаа тул өөр ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны шатанд яллагдагч нарын хувьд гэм буруугийн талаар маргаан байгаагүй. Шүүгчээс тодруулж асуусан зарим асуултад шүүгдэгч нар хариулсан байдлаас шалтгаалж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн шаардлага хангахгүй гэж шүүх үзээд ял оногдуулсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүх харгалзан үзэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Хэрэгт цугларсан баримтуудыг үзвэл шүүгдэгч нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддог. Шүүгдэгч М.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийнн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч М.Ө нь “Н к” ХХК-ийн харьяа “А” зочид буудал, ресторан үйлчилгээний төвд камерын оператораар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын ресторан, караоке зааланд үйлчлүүлж байсан хохирогч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ тус газрын 1 дүгээр давхарт байрлах орох, гарах хаалганы шилэн тусгаарлагчийг санаатай өшиглөж хагалсан үйлдэлд дургүйцэж улмаар түүнийг газарт унагаж хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хохирогчийн биед баруун дээд 3-р шүдний цөгцний хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Н нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын ресторан караоке зааланд үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ тус газрын хамгаалалтын ажилтан “манай байгууллагын хаах цаг болсон та гарна уу” гэх шаардлага тавихад нь үл ойлголцож маргаан үүсгэж, улмаар “А” зочид буудлын орох гарах төв хаалганы шилэн тусгаарлагчийг санаатай өшиглөн, хагалж бусдын 480.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг санаатай устгаж, дахин ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч П.Ч-н “...Би ажлаа хийгээд байж байтал шөнийн 00 цагийн орчимд хүлээн авалтаас караоке руу зохион байгуулсан гэх залуу хэсэг бүлэг хүмүүстэй орж үйлчлүүлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө хүмүүс нь явж тэр залуу ганцаараа үлдсэн. Тэрээр манай байгууллагаас гарахгүй байсан ба оператортой хамт очиж тэр залууг ажлаас гаргасан. Би цаана ажлаа хийгээд байж байтал манай ажилтан нөгөө залуу шилэн хаалга хагалчихлаа гэж хэлсэн. ...” /хх 55-56/,

шүүгдэгч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “...Шөнийн 00 цагийн орчим тарж, би хүмүүсээ бүрэн гарсан эсэх, эд зүйлээ орхисон эсэхийг шалгахаар орох гэхэд намайг хүчээр тухайн байгууллагын хамгаалагч гэх залуучууд гаргасан. Энэ үед үл таних нэг хамгаалагч намайг татаж чангааж байгаад караокений гадаа үүдэнд миний нүүр хэсэгт нэг удаа цохиж унагасан, унасан байхад өшиглөж гэмтэл учруулсан. ...” /хх 48-49/,

шүүгдэгч М.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “... Би “А” зочид буудлын оператороор ажилладаг бөгөөд тухайн өдөр үйлчлүүлж байсан хүн гарахдаа согтуурхаад байхаар нь би түүнийг өргөж, ажлын байрнаас гаргасан. Энэ үед тэр залуу манай шилэн хаалгыг өшиглөж хагалсан тул хувцаснаас нь татаж унагаагаад нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. ...” /хх 59-60/,

гэрч Г.Э-н “... М.Н нь шүдний гүүрлэсэн бүрээсээ манай эмнэлэгт солиулсан. ... Анх ирэхдээ зовуурьтай, өвдөлттэй, шүд цөгцөн хэсгээрээ хугарсан байдалтай байсан ба бүрээсийг гүүрлэсэн байсан учраас бүрээсийг бүрэн авч сольсон. ...” /хх 97-98/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... М.Н-н биед баруун дээд 3-р шүдний цөгцний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх, хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1842 дугаар дүгнэлт /хх 24-25/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 121-123/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б31-24-217 дугаартай хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 30-33/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, М.Н-г бусдын эд хөрөнгийг  гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй М.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Н, М.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, М.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Н-н гэмт үйлдлийн хэр хэмжээ, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирогчид төлөх төлбөргүй, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Н-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Н-д оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч М.Н-н өмгөөлөгч Э.Эрдэнэчулууны гаргасан ... М.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/470 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... М.Н-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар ...” гэснийг “... шүүгдэгч М.Н-г  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч М.Ө нь ...” гэснийг “Шүүгдэгч М.Ө, М.Н нар нь...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР