Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч/хохирогч: Б.Ө,

            Шүүгдэгч/хохирогч: Д.Бнар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө, Д.Бнарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705013260258 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө, 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын бизнес удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ..., урьд ял шийтгэлгүй, ....тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Даймонд констракшн” ХХК-д инженер ажилтай, ...., урьд ял шийтгэлгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 22 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Алтай хотхоны 14 дүгээр байрны хонгилд орших автомашины гарааш дотор иргэн Д.Бтай машин мөргөсөн гэж маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Алтай хотхоны 14 дүгээр байрны хонгилд орших автомашины гарааш дотор иргэн Б.Өтай машин мөргөсөн гэснээс маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Батнямтай эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчоор Б.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр өөр өөрсдөдөө учирсан хохирлыг хариуцахаар тохиролцсон” гэв.

Хохирогчоор Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 99133802 дугаарын утаснаас үл таних хүн машиныг чинь хар өнгийн Хаммер машин мөргөчихөөд 17 дугаар байрны зогсоол руу орчихлоо гэсэн. Тэгээд би 14 дүгээр байрны зогсоол руу яваад очтол хар өнгийн Хаммер машинд нэг залуу, нэг эмэгтэй хамт сууж байсан....Хэл амаар доромжилсон. 102 руу залгаж замын цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа хүлээж байх хооронд дүү нь гэх приус-30 маркийн машинтай залуу ирсэн. Дүү нь ирсэн чинь нөгөө залуу машинаасаа бууж ирээд намайг барьж аваад цамцнаас татаж чангаасан. ...Хувцсаа янзалж байтал миний араас ирээд тэвэрч аваад газар унагаасан. Би машин хана хоёрын хооронд унаад хөдөлж чадахгүй байтал миний дээр гарч зогсож байгаад нүүр толгой хэсэг рүү хөлөөрөө дэвслээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/,

Хохирогчоор Б.Өын мөрдөн байцаалтад өгсөн: “...үл таних залуу чи миний машиныг мөргөчихлөө гээд машин дээр ирсэн...зохицоод учраа олъё, хохирлыг чинь барагдуулж өгье гэтэл нөгөө залуу чи юундаа баярхаад байгаа юм гээд намайг заамдаад боогоод авсан. Би бас заамдаад авсан. Тэгээд маргалдаж зодолдож эхэлсэн. ...Бид хоёр гарааш дотор адилхан л барьцалдаж зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-н 30-34/,

Гэрч Ц.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн : “Тэгэж байгаад манай нөхөр нөгөө залуу хоёр зодолдож эхэлсэн. Дундуур нь манай дүү ч орж салгах гэж оролдоод цохиулж байсан. Тэр хоёр нилээн зодолдсон. Бие биенээ л цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Гэрч Б.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр хоёр тэгээд барилцаад зодолдсон. Би салгах гэж нөгөө ахыг салгаж холдуулсан, тэгтэл манай ах Өнөрбаяр бас нөгөө залуу руу дайрсан, би тэр залууг орхиод ахыг холдуулах гэсэн боловч дийлэхгүй тэр хоёр 2 талаас дайраад зодолдоод байсан, бие биенээ цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/,

Шинжээчийн 13953 тоот дүгнэлтэд: “...Д.Бын биед баруун, зүүн дээд доод 1, 2-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт, баруун дал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 45/,

Шинжээчийн 14033 тоот дүгнэлтэд: “...Б.Өын биед хоёр гарын бугалга, хүзүү, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохой, зүүн гарын шуу, хүзүү, баруун зүүн эгмэнд зулгаралт, баруун гарын тохойнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт, зүүн хацарын төвгөрт зулгаралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 47/,

Шинжээчийн 453 тоот дүгнэлтэд: “...Д.Бын биед хамрын ясны шинэ хугарал, таславчийн мурийлт баруун, зүүн дээд, доод 1, 2-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт, баруун дал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 51/,

Хохирогч нарын өргөдөл /хх-н 7-8/, хохирогч Д.Бын түр амбулаторийн түр карт /хх-н 52-55/, шүүгдэгч/хохирогч Б.Өын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 84-92/, шүүгдэгч/хохирогч Д.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 93-99/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 22 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Алтай хотхоны 14 дүгээр байрны хонгилд орших автомашины гарааш дотор иргэн Д.Бнь машин мөргөөд явлаа гэснээс маргалдан зодолдож Д.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-шүүгдэгч Д.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Алтай хотхоны 14 дүгээр байрны хонгилд орших автомашины гарааш дотор иргэн Б.Өыг машин мөргөөд явлаа гэж маргалдан улмаар хоорондоо зодолдож Б.Өын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор Д.Бын: “...102 руу залгаж замын цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа хүлээж байх хооронд дүү нь гэх приус-30 маркийн машинтай залуу ирсэн. Дүү нь ирсэн чинь нөгөө залуу машинаасаа бууж ирээд намайг барьж аваад цамцнаас татаж чангаасан. ...Хувцсаа янзалж байтал миний араас ирээд тэвэрч аваад газар унагаасан. Би машин хана хоёрын хооронд унаад хөдөлж чадахгүй байтал миний дээр гарч зогсож байгаад нүүр толгой хэсэг рүү хөлөөрөө дэвслээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/, хохирогчоор Б.Өын: “...үл таних залуу чи миний машиныг мөргөчихлөө гээд машин дээр ирсэн. ...зохицоод учраа олъё, хохирлыг чинь барагдуулж өгье гэтэл нөгөө залуу чи юундаа баярхаад байгаа юм гээд намайг заамдаад боогоод авсан. Би заамдаад авсан тэгээд маргалдаж зодолдож эхэлсэн. ...Бид хоёр гарааш дотор адилхан л барьцалдаж зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-н 30-34/, гэрч Ц.Солонгын : “...тэгэж байгаад манай нөхөр нөгөө залуу хоёр зодолдож эхэлсэн. Дундуур нь манай дүү ч орж салгах гэж оролдоод цохиулж байсан. Тэр хоёр нилээн зодолдсон. Бие биенээ л цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/, гэрч Б.Бат-Амгалангийн: “...тэр хоёр тэгээд барилцаад зодолдсон би салгах гэж нөгөө ахыг салгаж холдуулсан, тэгтэл манай ах Өнөрбаяр бас нөгөө залуу руу дайрсан би тэр залууг орхиод ахыг холдуулах гэсэн боловч дийлэхгүй тэр хоёр 2 талаас дайраад зодолдоод байсан, бие биенээ цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/, шинжээчийн 13953, 14033, 453 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ө, Д.Бнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө, Д.Бнар нь хоорондоо машин мөргөөд явлаа гэсэн шалтгааны улмаас маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ө, Д.Бнарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Ө, Д.Бнарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Д.Быг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын буюу ялыг ялгамжтай оногдуулах санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.Ө, Д.Бнарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, хэн алиных нь буруутай үг, үйлдлээс гэмт хэрэг гарсан, хэн алиных нь биед хөнгөн хохирол учирсан зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг адил оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө, Д.Бнар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Ө, Д.Бнарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ө, Д.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө, Д.Бнарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Д.Бнарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Ө, Д.Бнарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Д.Бнарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР