Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01744

 

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01744

 

Х.Оюун

Х.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01072 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч ГОУХАН-т холбогдох 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 503 642 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц , хариуцагчийн өмгөөлөгч М.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ГОУХАН-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт өнөөдрийг хүртэл 25 жил жолоочийн албан тушаалд үнэнч шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч байгууллагын хэрэгжүүлж буй Эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж төсөлд жолоочийн албан тушаалд ажиллаж байгаа ба ажил олгогчоос намайг ажилтнуудтай ёс зүйгүй харьцсан, байгууллагын ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн тул надад сануулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар мэдэгдэж, сануулгыг бичгээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан.

Энэхүү сахилгын шийтгэлийг би үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сануулгад “...дотоод шалгалтаар замын хуудас болон шатахууны хэрэглээнд зарим зөрүүтэй зүйлс илэрсэн. Үүнтэй холбоотойгоор дахин шалгахад та замын хуудсанд явсан километрийн заалтыг удаа дараа буруу тэмдэглэсэн байна. Энэ нь С12-н ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн үйлдэл” гэж дурдсан нь үндэслэлгүй.

Өнөөдрийг хүртэлх ажиллахдаа ганц ч удаа замын хуудсыг буруу тэмдэглэж, байгууллагын шатахуун, эд хөрөнгийг хувьдаа хэрэглэж байгаагүй. Ажил олгогчоос 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сануулгад намайг замын хуудасд явсан километрийн заалтыг хэзээ, хэдэн удаа, хэрхэн яаж, буруу бичсэнийг тодорхой дурдаж, ажилтан миний хэзээ гаргасан, яг аль үйлдэл нь байгууллагын ёс зүйн дүрэм журмын аль заалтыг зөрчсөнийг бичээгүй. Уг сануулгад дурдсан замын хуудасд явсан километрийн заалтыг буруу бичсэн үйлдэл огт гаргаагүй болно. Гэвч ажил олгогчоос намайг дээрх үйлдлийг гаргасан гэж буруутган сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн уг сануулгад дурдсан шиг би хамт олон, ажилтнуудтайгаа ёс зүйгүй харьцсан зөрчлийг гаргаагүй, нэг ч ажилтантай ёс зүйгүй харьцсан, хэл амаар доромжлох гэх мэт үйлдлийг гаргаагүй байтал ажил олгогчоос намайг доголдол гаргасан гэж үзэж, түүнийгээ уг сануулах сахилгын шийтгэлийн үндэслэл болгож байгаад гомдолтой.

Дээрх сануулах сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг сунгах эсвэл шинэчлэх боломжгүй гэдгийг мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тухай мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан. Ажил олгогчоос миний 25 жил үнэнчээр ажилласан хөдөлмөр, зүтгэлийг минь үгүйсгэж, үндэслэлгүйгээр надад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсны улмаас байгууллагын ажилтнуудын дунд “...ажилтан намайг 25 жилийн хугацаанд замын хуудасд явсан километрийн заалтыг буруу бичиж, шатахуун хувьдаа авч хэрэглэдэг байсан, үүнээсээ болоод ажлаас чөлөөлөгдөж байгаа гэх буруу, ташаа ойлголт үүсч, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж байна.

Ажил олгогчоос надад сахилгын шийтгэл ногдуулж буй шийдвэр буюу тушаал гаргаж гардуулаагүй. Энэ талаар би байгууллагынхаа удирдлагад 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргаж өгөхийг хүссэн ч хариу өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар нэхэмжлэл гаргасан.

Сануулах сахилгын шийтгэлийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй, дурдагдаж буй асуудалд өөрийн үнэн зөв, бодит тайлбарыг хийхийг хүссэн боловч “...нэгэнт гарсан шийдвэр, таны тайлбарыг сонсохгүй, гарын үсэг зурах ёстой..." гэж хүчээр тулган шаардсан тул би аргагүйн эрхэнд энэхүү сануулах сахилгын шийтгэлийн талаар шүүхэд гомдол гаргахгүй гэх агуулгатай бичигт гарын үсэг зурсан. Ийнхүү миний хууль ёсны эрхийг хязгаарласан бичигт гарын үсэг зуруулсан болохоо хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Миний бие ажил олгогч байгууллагын хэрэгжүүлж буй Эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж төсөлд жолоочийн албан тушаалд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба ингэхдээ ажил олгогч нь өөрийн урьдчилан бэлтгэсэн гэрээний төсөл дээр шууд гарын үсэг зуруулж авсан. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацааг 1 жил гэж тусгасан боловч энэ талаар ажилтан, ажил олгогч бид хоорондоо харилцан тохиролцсон зүйл огт байдаггүй, ажил олгогчоос гэрээний энэ нөхцөлийг дангаараа тодорхойлсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр”-нд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар “хугацаагүй” байхаар хуульчилсан байх ба миний ажиллаж байсан жолоочийн ажлын байр нь байнгын ажлын байр юм. Гэтэл ажил олгогчоос байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Дээрх хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах тухай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүр нь мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан жолоочийн ажлын байр одоо хүртэл байгаа тул хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй.

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байна. Байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлснөөр иргэн миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, энэ хугацаанд авах байсан цалин хөлсөөрөө хохирч байна. Миний бие ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сард нийт 7 899 168 төгрөгийн цалин авсан. Тиймээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хуанлийн 130, ажлын 90 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 612 төгрөг (сарын а/х20,6)төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн сануулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгон, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгэзр сарын 06-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 2020 оны 12 сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 612 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГОУХАН нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын санхүүжилт, захиалгаар тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд боловсрол, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүч, байгаль орчин, энх тайван, аюулгүй байдлыг бататгах чиглэлээр дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, буцалтгүй тусламж хэлбэрээр хөгжиж буй орнуудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага ба Монгол Улсад удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, нийгмийн хөгжилд дэмжлэг болохуйц хэрэгжүүлж буй төслүүдийг нэг нь “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж” төсөл юм.

Ажилтан Х.О нь дээрх төсөлд жолоочийн албан тушаал эрхэлдэг бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамтран ажиллагсадтайгаа удаа дараа ёс зүйгүй харьцсан, ажил үүргээ зааварчилгааны дагуу тохиролцсон ёсоор гүйцэтгэхгүй байгаа талаар гомдол, мэдээлэл гарсан. Ажил олгогчийн зүгээс Х.О-ын үйлдэл нь байгууллагын дотоод дүрэм, журам зөрчиж буй талаар амаар сануулга өгсөөр атал энэ үйлдлээ зогсоохгүй зөрчлийг давтан гаргасан тул 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээ, дотоод дүрэм журамд заасныг үндэслэн түүнд сануулах арга хэмжээ ногдуулсан.

2020 оны 9, 10 сард ажилтан Х.О-ын дээрх байдал дахин давтагдаж, урьд нь ёс зүй харилцаа хандлага, ажил үүргээ зохистой биелүүлэх талаар сануулга, анхааруулга удаа дараа өгснийг үл тоон сахилгын зөрчил давтан гаргаснаар түүнд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин сануулгын шийтгэлийг ногдуулсан. Энэхүү сануулах арга хэмжээ ногдуулах болсон үндэслэл нь 2020 оны 10 сард ажлын байрандаа зохисгүй байдал гарган бусад ажилтнуудад бүдүүлэг, ёс зүйгүй авирлах, өөрийнхөө ажил үүрэгт хамааралгүй асуудлаар байнга зохисгүй заавар зөвлөмж өгөх, ажил ихтэй үед тэвчишгүй зохисгүй байдал гаргах, дураар аашлах, ажил үүрэгтээ хайнга хандах зэрэг байдал тогтоогдсон. Байгууллагын санхүүгийн хяналт шалгалтаар Х.О-ын эзэмшиж байсан УБЧ 37-15 улсын дугаартай автомашины замын хуудас болон шатахууны хэрэглээнд зөрүүтэй байдал илэрч, бензин зарцуулалт хэт их, замын хуудас явсан километрийн заалт буруу тэмдэглэсэн зэрэг нь байгууллагын эрх, ашигт сөрөг үр дагаврыг бий болгож, хамтран ажиллагсаддаа хүндэтгэлгүй хандаж, бусад ажилтнуудын тайван ажиллах нөхцөлд саад болсон ёс зүйгүй үйлдэл юм. Ажил олгогч нь хуульд заасан сахилгын шийтгэлийн хэлбэрээс хамгийн хөнгөнийг буюу сануулах сахилгын шийтгэл сонгон Х.О ад ногдуулсан.

Ажил эрхлэлтийн гарын авлага буюу Монгол дахь GIZ-ийн ажил эрхлэлтийг зохицуулах дүрэм журам нь ажилтнуудад тавигдах шаардлагууд, ажил үүрэгтээ баримтлах зарчим, ёс зүйн дүрэмтэй холбоотой бүхий л мэдээллийг агуулах бөгөөд GIZ болон үндэсний ажилтны хооронд байгуулах гэрээний нэг хэсэг болдог.

Х.О-ын гаргасан зөрчил нь ажил эрхлэлтийн гарын авлагын 2, 3.7, 3.9, 3.10, талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 1/-д "ажилтан ажил үүргээ байгууллагын ёс зүйн дүрэмд нийцүүлэн гүйцэтгэнэ", 2/-т "байгууллагын ёс зүйн дүрэм тус гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно" гэснийг тус тус зөрчсөн. Иймд хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйл, Ажил эрхлэлтийн гарын авлага буюу Монгол дахь GIZ-ийн ажил эрхлэлтийг зохицуулах дүрэм журмын 3.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасныг үндэслэн ажилтан Х.О ад сахилгын шийтгэл ногдуулсан.

Ажил эрхлэлтийн гарын авлага буюу Монгол дахь GIZ-ийн ажил эрхлэлтийг зохицуулах дүрэм журмын 10 дугаар зүйлд зааснаар зан суртахууны доголдол, ёс зүйн дүрэм зөрчих, үнэнч бус байдал албан тушаалыг буруугаар ашиглах зэрэг нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хамаарна. Жолооч Х.О нь сахилгын зөрчил давтан гаргасан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа хэдий ч түүний олон жил ажилласан байдал, үүнээс үүсэх эрх зүйн үр дагавар /тэтгэмжийн асуудал зэрэг/-ыг харгалзан ийм шийдвэр гаргаагүй.

Х.О ад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар болон Холбооны эдийн засаг, хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны шийдвэрээр цаашид Монгол Улсад төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэхгүй болсонтой холбоотойгоор Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хумигдаж, 2023 он гэхэд бүхий л төслүүд дуусч, тус улс дахь үйл ажиллагаа нь бүрэн зогсоохоор ажиллаж байна. Эдгээр хэрэгжих хугацаа нь дахин сунгагдахгүйгээр дуусч буй төслүүдийн нэг нь "Эрчим хүчний хэмнэлттэй арилга байгууламж” төсөл бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих хугацаа нь дуусч буй төсөл юм. Иймд төслийн санхүүжилт зогсч, хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор ГОУХАН-т бүтэц зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орох, төслийн ажилтнуудын ажлын байр цомхотгох, гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй байх зэрэг зайлшгүй шаардлага үүссэн болно. Дээрх үндэслэлээр эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж төслийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, цаашид жолоочийн орон тоо, ажлын байр байхгүй болсон учраас Х.О-ын хөдөлмөрийн гэрээ сунгагдах боломжгүй болсон.

Ажил олгогч ажилтан Х.О тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж” төсөлд жолоочоор ажиллах болсон. Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Гэрээний энэхүү нөхцөлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт орж, хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор зохицуулсныг ажилтан Х.О нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.7-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр болно. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтүүд нь хэлцэлд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан, эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулагдаж, хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн, хуульд нийцсэн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй. Дээрх гэрээг байгуулахад ажил олгогчийн хууль бус шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл тогтоогдоогүй, ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан.

Мөн тухайн байгууллагын үйл ажиллагаандаа дагаж мөрдөж ажилладаг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 176 тогтоолоор батлагдсан “Гадаадын зээл тусламж авах, зарцуулах, удирдах бүртгэх, тайлагнах журам”-ын 15.6-д “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах бөгөөд гэрээг тухайн жилийн эцсээр дуусгавар болохоор зохицуулсан байна” гэсэнтэй нийцсэн. Дээрх үндэслэлээр Х.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 11 503 642 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Х.О нь талуудын хоорондох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тухай №2/2020 дугаартай ажил олгогчийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардан авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчин, шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна. Төсөл хөтөлбөрийн хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон, ГОУХАН-т GIZ-ийн үйл ажиллагаа дуусгавар болохоор ажиллаж буй нөхцөлд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогчийг буруутгах, төслийн ажилтны хөдөлмөрийн гэрээг сунгах боломж нөхцөл, эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Дээрх үндэслэлүүдээр Х.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг баримтлан ГОУХАН-ийн төслийн удирдагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэгч Х.О ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 642 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид тооцон 70 200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь анхан шатын шүүхийн шийдвэрийн “хариуцагч байгууллагын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг буюу нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан жолоочийн албан тушаал нь байнгын ажлын байр мөн болохыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байгаа боловч “ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсон эсэх” ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шууд л талууд хоорондоо гэрээг хугацаатайгаар байгуулахаар харилцан тохиролцсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагын хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж төсөл”-д жолоочийн албан тушаалд хариуцагчтай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Ингэхдээ ажил олгогч нь “гэрээний хугацааг өөрийн санаачилгаар аль хэдийн тогтоосон" урьдчилан бэлтгэсэн гэрээний төсөл дээр нэхэмжлэгчээр шууд гарын үсэг зуруулж авсан байдаг. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа түүний хугацааг 1 жил гэж тусгасан боловч энэ талаар ажилтан, ажил олгогч хоорондоо харилцан тохиролцсон зүйл огт байдаггүй, ажил олгогчоос гэрээний энэ нөхцөлийг дангаараа тодорхойлсон. Өөрөөр хэлвэл нэхэмжлэгч нь хариуцагчтай ширээний ард сууж, хөдөлмөрийн гэрээний нөхцөл буюу хугацааг ярилцаж, харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан. Иймээс ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулсан эсэхэд шүүх анхаарах учиртай. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хугацаатай байгуулах талаар ажилтан, ажил олгогчийн тохиролцоо байхгүйгээс гадна тийнхүү заавал хугацаатай байгуулах тодорхой үндэслэл, шаардлага үүссэн зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаарна. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Тухайлбал ажил олгогч өөртөө давуу байдлыг тогтоосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл буюу тухайн заалт хүчин төгөлдөр эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөх ёстой байсан гэж үзэж байна.

Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээний нөхцөл болох түүний хугацааг харилцан тохиролцолгүй, өөрөө дангаар тогтоож байсан болох нь хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт тус бүрээс тодорхой харагдана. Тухайлбал, гэрээний хугацааг тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сунгаж байгаа агуулга бүхий хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээнд нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан огноо нь тухайн гэрээний үйлчилж эхлэх огнооноос хойно байгаа нь гэрээний нөхцөлийг ажил олгогч өөрөө тогтоож байсан, ажилтан өөрийн хүсэл, зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гэрээг хугацаатай байгуулах санаачилга гаргаж байгаагүй болохыг хангалттай илэрхийлж байна. Тиймээс зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Ийнхүү ажил олгогчоос байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль бус тул талуудын хооронд байгуулагдсан “гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажиллаж байсан төсөл дуусгавар болж, уг төсөлд жолооч шаардлагагүй болсон, төслүүд нэгтгэгдсэн тул гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон гэж тайлбарладаг хэдий ч шүүхэд хариуцагчийн өөрийнх нь гаргаж өгсөн “Төсөл хэрэгжүүлэх гэрээ” /хх-222-227 дахь тал/-нд зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан буюу хариуцагчийн хэрэгжүүлж буй төслийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор заасан, уг ажлын байр одоог хүртэл байгаа болно. Тиймээс нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 503 642 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч ГОУХАН-т холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 503 642 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Х.О ёс зүйгүй үйлдэл гарган хууль дүрэм зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан, харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” гэж эс зөвшөөрч маргажээ.

        /хэргийн 1 дүгээр хавтасны 37-39, 195-197 дахь тал/

 

ГОУХАН нь Монгол Улсын Эрчим хүчний яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 1 сард “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан байна.      /хэргийн 1 дүгээр хавтасны 236-239, 2 дугаар хавтасны 1-6 дахь тал/

 

Уг төсөл хэрэгжих хүрээнд нэхэмжлэгч Х.О нь хариуцагч ГОУХАН-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дээрх эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж төслийн жолоочийн ажлын байранд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 1.4.-т “тус хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дуусгавар болно” гэж хугацаа зааж харилцан тохиролцсон байна.

                                 /1 дүгээр хавтасны 41-57 дахь тал/

 

Энэхүү гэрээнд талууд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан, мөн гэрээнд талууд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, уг гэрээгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор тус тус тохиролцжээ.                                                        /1 дүгээр хавтасны 60-67 дахь тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болно гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж тус тус заасан байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор зохицуулагджээ.

 

Нэхэмжлэгч Д.О-ын ажиллаж байсан төслийн жолоочийн ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэхгүй. Учир нь Д.О-ын болон Монгол Улсын Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хооронд 2019 оны 1 сард байгуулагдсан төсөл хэрэгжүүлэх гэрээний төслийн хэрэгжилтийн хугацаа 2019 оны 1 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд үргэлжлэхээр тохирсон. ГОУХАН-ийн  Суурин төлөөлөгчийн газрын ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацаа төсөл хөтөлбөрийн үргэлжлэх хугацаатай хамааралтай юм. Иймд уг төсөл нь байнгын бус тодорхой хугацаатай хэрэгжих үйл ажиллагаа тул төслийн ажилтан Д.О-ын жолоочийн ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэж үзэхгүй.

 

Дээрх ажлын байранд хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа талууд түүний нэг нөхцөл болгон гэрээний хугацаа хэдийд дуусгавар болохыг тохирсон тул хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч Д.О нь хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар өөртөө болон ажлын байранд тавигдах шаардлага, гэрээний гол нөхцөлүүдийн нэг болох хугацааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус тус бичгээр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар гэрээний хугацааг талууд харилцан тохиролцон сунгасан, Х.О ад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байх тул цаашид гэрээг сунгах, шинэчлэх боломжгүй талаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн болох нь тогтоогджээ.

/хэргийн 1 дүгээр хавтасны 4, 68 дахь тал/

 

Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар  болгохоор хөдөлмөрийн гэрээний хугацааг талууд тохирсон тул ажил олгогчийн зүгээс ажилтанд хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Х.О нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж төсөлд жолоочоор ажиллаж байгаад тус байгууллагын санхүү ба захиргаа хариуцсан захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/2020 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр түүнийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба хариуцагч байгууллага нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/2020 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан байна.                                /хэргийн 1 дүгээр хавтасны 177 дахь тал/

 

Ийнхүү ажилтан, ажил олгогч хоёрын тохиролцсон гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон байх тул ГОУХАН-ийн суурин төлөөлөгчийн 2/2020 тоот 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг буруутгахгүй, хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй. Х.О ад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрх үүсэхгүй тул 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/2020 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, түүнийг өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 642 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн нөхцөлүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Учир нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь хуулийн хэм хэмжээг ямар нэг байдлаар зөрчсөн гэх байдал хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймээс зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х.О ыг “Төсөлд хийгдсэн дотоод шалгалтаар замын хуудас болон шатахууны хэрэглээнд зарим зөрүүтэй зүйлс илэрсэн, үүнтэй холбоотойгоор дахин шалгахад замын хуудсанд явсан километрийн заалтыг нэлээд удаа буруу тэмдэглэсэн, энэ нь ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн үйлдэл юм. Үүнээс гадна 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төслийн ажилтнуудтай ёс зүйгүй харьцсан талаар бичгээр сануулга өгсөн хэдий ч ажилтнуудын зүгээс гомдол ирсэн. Дээрх доголдлыг сануулсаар байтал давтан гаргасан мөн дүрэм журмыг зөрчсөн учир дахин сануулга хүргүүлж байна” гэсэн агуулга бүхий сануулах арга хэмжээ авсан болох нь хэргийн 69-70 дахь талд авагдсан “сануулга” баримтаар тогтоогджээ.

 

Дээрх сануулгыг нэхэмжлэгч Х.О нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах”-аар заажээ.

 

Нэхэмжлэгч Х.О-ын гаргасан гэх замын хуудас болон шатахууны хэрэглээнд зарим зөрүүтэй зүйлсийг дотоод шалгалтаар илрүүлсэн нь баримтаар нотлогдоогүйгээс гадна Х.О-ын ажил үүрэг гүйцэтгэж байсан тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад хэзээ хаана ямар ажил үүрэг гүйцэтгэх үед ямар зөрчил гаргасан нь С12 стандартын дагуу үнэн зөв бөглөгдөөгүй, автомашины явсан километрийн заалтыг буруу тэмдэглэсэн замын хуудас болон тухайн ажил үүрэг гүйцэтгэх албан томилолт, гүйцэтгэсэн ажлын чиглэл заалт, явсан километрийн хэмжээ зай, зарцуулсан шатахууны талаар ямар нэг үндсэн баримтгүйгээс гадна хэдийд ямар ёс зүйн зөрчил гаргасан нь тодорхой бус байх тул  түүнийг сахилгын зөрчил гаргасан нь эргэлзээгүйгээр хангалттай баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх Х.О ад ГОУХАН-ийн төслийн удирдагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, Х.О ыг өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 642 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасантай нийцсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй байх бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхаарах шаардлагатай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 209 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНХАНД

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ