2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/01624

 

2025 02 21 191/ШШ2025/01624

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ХVII дугаар хороо Цэцэг хотхон 46 е байр 02 тоотод оршин суух, Монгол овогт Хасбаатарын С******* /регистрийн дугаар:ХК88010603/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** оршин суух, Ц.Ц******* /регистрийн дугаар:*******/-т холбогдох,

 

2,188,089 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.С******* миний бие 2023 оны 06 дугаар сарын 06-ны орой 21.00 цагийн үед СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрших ******* төвд байрлах ажлын байрнаасаа харихаар гарч, Тээврийн цагдаагийн албаны зүүн талын явган хүний гарцтай хэсгээр ертөнцийн зүгээр хойноос урагш гарах үед замаар явж байсан 2 эгнээний машин зам тавьж өгч намайг зам гарч дуусах үед гэнэт мотоциклтэй хүн гарч ирээд намайг мөргөж, би 2-3 метр газар шидэгдэн тархиараа савж унасан. Тухайн осол гарах үед мотоциклтэй хүн зорчигчдыг гаргаж байсан машинуудын 2-р эгнээний нарийхан зайгаар гэнэт гарч ирсэн. Ослын үед миний толгой дийлдэхгүй, 2 өвдөг шалбарч хэсэг хугацаанд босож чадахгүй хэвтсэн. Гэмтлийн эмч, цагдаа ирсэний дараагаар Гэмтлийн эмнэлэг орж, зураг авахуулж, маргааш нь томограф зураг авахуулсан. Эмчийн зааврын дагуу 21 хоног гэртээ хэвтэн эмчлүүлсэн. 

Намайг гэмтээсэн хүний хувьд насанд хүрээгүй, жолооны үнэмлэхгүй, улсын дугааргүй мотоцикль унаж гарцаар гарч явсан надад гэмтэл учруулж, хөдөлмөрийн чадварыг хэсэг хугацаанд алдагдуулж, сэтгэл санааны хүнд хохирол, эрүүл мэндийн хохирол учруулсанд иргэн миний зүгээс маш их гомдолтой байна. 

Ц.Ц*******ын ар гэрээс тухайн үедээ таны бүх хохирлыг барагдуулна гэж удаа дараа амласан боловч, сүүлдээ утсаа авахаа больж, хариу өгөхөө больсон. 

Миний хувьд зөвхөн тухайн үеийн эмчилгээнд зарцуулсан төлбөр болох 525,412 төг, 14 хоногийн ажлын цалин болох 1,662,677 төг нийт 2,188,089 төгрөгийг гаргуулж өгнө үү. Монгол Улсын Иргэний шүүх үнэн мөнийг тогтоож, асуудлыг минь шийдвэрлэн өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Хариуцагч Ц.Ц******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х.С*******ийн нэхэмжилсэн зам тээврийн осолтой холбоотой 2,188,089 төгрөгийг өнөөдрөөс буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 14 хоногийн дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.С******* нь хариуцагч Ц.Ц*******т холбогдуулан 2,188,089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.С*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ц*******т холбогдох 2,188,089 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,960 төгрөгийн 24,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,980 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Ц.Ц*******аас улсын тэмдэгтийн хураамж 24,980 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.С*******т олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА