Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/755

 

 

 

                                                             Б.Н, “Эсп” ХХК нарт

                                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

яллагдагч “Эсп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Очирын өмгөөлөгч Х.Чинбат,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1349 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлээр Б.Н, “Эсп” ХХК нарт холбогдох 2306 05321 0024 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б-ын Н, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, “Эсп” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. “Эсп” хязгаарлагдмал хариуцлагатай компани, /РД:..../, Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлтэй, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үүсгэн байгуулагчдын 01 шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн .... дугаартай гэрчилгээтэй, .... дүүргийн .... дугаар хороо, .... тоотод байрлаж аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах” 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай үйл ажиллагаа эрхлэх түр тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, .... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, ... хаягт байрлах, урьд ял шийтгэлгүй;

Яллагдагч Б.Н нь ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлаж автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эсп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд “МЭУ” ХХК-ийн захирал Ё.Мандахтай утсаар холбогдож “хэрэглээний бохир ус соруулна” гэж дуудлага өгч, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг буюу жолооч С.Лыг ашиглан үйлдвэрийн байрны гадна байрлах ёмсокноос 20 тонн хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны тосны хаягдал буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ын 13 дугаар зүйлд багтсан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд соруулуулж, зориулалтын бус газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см диаметртэй төв коллектор шугам руу мөн өдрийн 21 цагийн орчимд хаяулсан,

яллагдагч “Эсп” ХХК нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх (12608)-ын 115 тоотод байрлаж автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг буюу “МЭУ” ХХК-ийн жолооч С.Лыг ашиглан үйлдвэрийн байрны гадна байрлах ёмсокноос 20 тонн хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны тосны хаягдал буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ын 13 дугаар зүйлд багтсан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд соруулуулж, зориулалтын бус газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см диаметртэй төв коллектор шугам руу мөн өдрийн 21 цагийн орчимд хаясан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“Эсп” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагчаар “Эсп” ХХК, Б.Н нарыг татаж шүүхэд ирүүлсэн. Ийнхүү шүүхэд ирүүлэхдээ “Эсп” ХХК-ийг яллагдагчаар татсан тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн. Яллагдагчаар татсан тогтоолыг яллагдагчид танилцуулж мэдүүлэг авах байтал М.Хосбаярт танилцуулсан. Гэтэл “Эсп” ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 05-ны огноотой хувьцаа эзэмшигч Ч.Оюун гэх хүн М.Хосбаяр гэдэг хүнийг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тоот ирүүлсэн, мөн өмгөөлөгчөөр Х.Чинбат, А.Кадирбек нарыг оролцуулна гэсэн тоот ирүүлсэн. Үүний дагуу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөгч М.Хосбаярыг “Эсп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоолтой.

2. Хэрэгт хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн Б.Н 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б.Мөнх-Очирыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тоот ирүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн яллах дүгнэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 25-нд Б.Мөнх-Очирт гардуулсан тэмдэглэлтэй. Яллах дүгнэлт үйлдсэнээс хойш буюу 2 сарын дараа төлөөлөгч томилж ирүүлсэн байна. Энэ нь яллагдагчийг зөв тогтоогоогүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа анхнаасаа энэ ажиллагаа хуулийг ноцтой зөрчиж хийгдсэн. Үүнээс үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг тогтоогоогүй байна гэж үзлээ.

Хуулийн этгээдийн гэрчилгээ гэж хэрэгт 2 баримт ирсэн. “Эсп” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хамгийн анх гэрчилгээ авсан байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дахин олгосон бичиглэлтэй. 1 дүгээр хавтаст хэргийн 168 дахь талд авагдсан дахин олгосон гэрчилгээний ард “2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чогсомжав овогтой Оюуныг гүйцэтгэх захирлаар сонгож томилсон, дахин гэрчилгээ олгов 2022 оны 09 дүгээр сарын 13” гэсэн тэмдэглэлтэй. Яллах дүгнэлт үйлдсэнээс хойш 3 дугаар хавтаст хэргийн 84 дэх талд дугаарлагдсан гэрчилгээний ард Чогсомжав овогтой Оюуныг гүйцэтгэх захирлаар сонгон томилсон 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн. Дахин гэрчилгээ олгов гэснийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн бичиглэлтэй. Доор нь Аюултай хог хаягдпыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа шинээр бүртгэв гэх 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр бүртгэсэн. Баттогтох овогтой Ныг гүйцэтгэх захирлаар сонгон томилсныг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн гэх бичиглэлтэй. Үүнээс харахад уг хуулийн этгээдэд нэг өдөр 2 гэрчилгээ олгогдож аль нь албан ёсны бүртгэлтэй хүчинтэй бичиг баримт болохыг тодруулах ажиллагаа хийгдээгүй. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 31-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд ажиллагаа хийгдээд эхэлсэн. Тэрнээс хойш өгсөн гэрчилгээнүүд ийнхүү зөрүүтэй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, энэ компанийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн бэ гэдгийг тогтоогоогүй, хийгдсэн ажиллагаанууд цаг хугацааны хувьд зөрүүтэй, Ч.Оюун Хувьцаа эзэмшигч гэх хүний итгэмжлэлээр М.Хосбаяр гэдэг хүнд яллагдагчаар татах тогтоол танилцуулаад байцаалт авсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн.

3. Гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг үнэн зөв тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа холбогдох ажиллагааг хийлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Тодруулбал 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болсон үйл баримтыг энэ хэрэг шалгаж тогтоож байгаа. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Б.Н нь хаана ямар ажил эрхэлж ямар ажил үүргийн хуваарьтай байсан бэ гэдгийг шалгаж тогтоогоогүй, холбогдох баримтууд хэрэгт байхгүй. Хэрэгт сүүлд хавсаргасан хуулийн этгээдийн гэрчилгээний бичиглэлээр 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Н гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн бүртгэлтэй. Тэгвэл 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр компанийг төлөөлөөд энэ аюултай хог хаягдлыг хаясан бол хаях эрх бүхий этгээд хэн байсан бэ гэдгийг тогтоогоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект хэн болохыг нотлох ажиллагаа хийгдээгүй байна.

Иймд яллагдагч Хөх өндөр овогт Баттогтохын Н, “Эсп” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Н, “Эсп” ХХК нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг мемори картыг хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Шүүхээс “Эсп” ХХК-ийг яллагдагчаар татсан тогтоолыг яллагдагчид танилцуулж мэдүүлэг авах байтал М.Хосбаярт танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэгт хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгай журмаар явуулахаар зохицуулж, 20.2 дугаар зүйлд хуулийн этгээдийг төлөөлөх хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд яллагдагч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тухайн хүнийг оролцуулж болохгүй гэж тусгайлан хуульчилсан байна.

Иймээс хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг томилж ирүүлэх талаар хуулийн этгээдэд мөрдөгч мэдэгдэж, улмаар “Эсп” ХХК нь 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 24/13 дугаартай албан бичгээр “Хэруга Партнерс” ХХН-ийн туслах хуульч М.Хосбаярыг томилж ирүүлсний дагуу хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Гэтэл шүүхээс дээрх процесс ажиллагааг хууль зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч ямар хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн, цаашид нэмж ямар мөрдөн шалгах ажиллагаа хийж зөвтгөх талаар шүүгчийн захирамжид тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Шүүхээс “хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн Б.Н нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Мөнх-Очирыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тоот ирүүлж, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн яллах дүгнэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Мөнх-Очирт гардуулсан нь яллагдагчийг зөв тогтоогоогүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа анхнаасаа энэ ажиллагаа хуулийг ноцтой зөрчиж хийгдсэн. Үүнээс үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг тогтоогоогүй байна” гэсэн дүгнэлт хийж, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой асуудлыг дурдсан атлаа гэмт хэргийн хэн үйлдсэн гэдгийг нотлоогүй гэсэн агуулга бүхий хуулийн зүйл заалтыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

3. Гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг үнэн зөв тогтоогоогүй талаар “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа холбогдох ажиллагааг хийлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Тодруулбал 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болсон үйл баримтыг энэ хэрэг шалгаж тогтоож байгаа. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Б.Н нь хаана ямар ажил эрхэлж ямар ажил үүргийн хуваарьтай байсан бэ гэдгийг шалгаж тогтоогоогүй, холбогдох баримтууд хэрэгт байхгүй. Хэрэгт сүүлд хавсаргасан хуулийн этгээдийн гэрчилгээний бичиглэлээр 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Н гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн бүртгэлтэй. Тэгвэл 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр компанийг төлөөлөөд энэ аюултай хог хаягдлыг хаясан бол хаях эрх бүхий этгээд хэн байсан бэ гэдгийг тогтоогоогүй буюу Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект хэн болохыг нотлох ажиллагаа хийгдээгүй байна. Дээр дурдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хуульд зааснаар бүрэн гүйцэт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг шүүхээс хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, зорилго, гэмт хэргийн шинж, үйлдэгдсэн байдал, хэн нэгний ашиг сонирхолын төлөө үйлдсэн зэргээс хамаарч мөн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж хуулийн этгээдийг давхар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг хамт явуулж, эрүүгийн хариуцлагыг тус тусад нь хүлээлгэхээр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан заасан.

Энэ ч утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...”, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ын 13 дугаар зүйлд багтсан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд бусдаар соруулуулж, зориулалтын бус газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см диаметртэй төв коллектор шугам руу мөн өдрийн 21 цагийн орчимд хаяж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аюултай хог хаягдал хаях” гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ гэмт хэргийг “Эко стандарт петролиум" ХХК-ийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн гэж үзэж мөн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж “Эсп” ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг хамт явуулж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байтал шүүхээс гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг үнэн зөв тогтоогоогүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдлаас илтэд зөрүүтэй, үйлдлээр төгсдөг гэмт хэрэгт эс үйлдэхүйгээр хэн нэгэн этгээдийг дээрх гэм хэргийг үйлдсэн гэж үзэж, үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгээгүй атлаа хийсвэр байдлаар тодорхойгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн, хэргийг прокурорт буцааснаар нэмж ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй зэрэг нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Дээрх үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тогтоогдсон үйл баримтаас илтэд зөрүүтэй дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг буруу тогтоосон гэх агуулга бүхий хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1349 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч “Эсп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Очирын өмгөөлөгч Х.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг эс зөвшөөрч байгаа. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тодруулбал, манай үйлчлүүлэгч “Эсп” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлд заасан аюултай хог хаягдал хаях гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Н нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа гэдэг байдлаар дүгнэсэн байдаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтуудад Б.Н нь тухайн үйл явдал болсноос 7 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг гэх үйл явдал болох үед Б.Н нь тухайн компанийн ямар нэгэн албан тушаалтан байгаагүй. Прокурорын зүгээс эцсийн өмчлөгч нь Б.Н байсан гэх үндэслэлгүй тайлбар хэлж байна. Тухайн үед Б.Н тус компанид албан ёсны албан тушаал хашиж байгаагүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх захирал нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх үүсдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд компанийн эрх бүхий албан тушаалтан буюу шийдвэр гаргах албан тушаалтан гэж тодорхой заасан. Тэгэхээр энэ нөхцөл байдалд Б.Нын үйлдэл манай компанийг татах хэмжээний асуудал үүсэхээргүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан ноцтой зөрчил болсон гэж үзэж байгаа. Учир нь, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт компанийн гүйцэтгэх захирал нь итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлнө, энэхүү эрхээ хуульд заасан итгэмжлэлийн хүрээнд буюу Иргэний хуульд заасан итгэмжлэлийн хүрээнд бусдад олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, тухайн компанийг хууль ёсны төлөөлөгчөөр төлөөлөх бүрэн эрх нь компанийн гүйцэтгэх захирлаас олгогдох итгэмжлэлийн үндсэн дээр олгогдох ёстой. Тэгэхээр итгэмжлэл олгох үед Б.Н гүйцэтгэх захирал байсан. Гэтэл Ч.Оюун гэх хувьцаа эзэмшигчээс итгэмжлэл авч төлөөлөгчөөр оролцуулж, төлөөлөгч нь яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад явсан нь ноцтой зөрчил болсон гэж үзэж байгаа. Мөн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тухайн үед гүйцэтгэх захирлаар хэн ажиллаж байсан, хэн төлөөлөх эрхтэй байсан гэдэг нөхцөл байдлуудыг нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл бүрдэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Н, “Эсп” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянахад хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ын 13 дугаар зүйлд багтсан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд соруулуулж, зориулалтын бус газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см диаметртэй төв коллектор шугам руу мөн өдрийн 21 цагийн орчимд хаясан гэх үйлдэлд Б.Н болон “Эсп” ХХК нарыг яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл яллагдагч Б.Ныг дээрх үйл баримт болсоноос хойш 6 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Эсп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагджээ.

Уг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Чогсомжав овогтой Оюун-г гүйцэтгэх захирлаар сонгон томилсныг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, дахин гэрчилгээ олгохдоо 38220 кодтой Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг шинээр бүртгэхэд захирлын нэр өөрчлөгдөөгүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баттогтох овогтой Ныг гүйцэтгэх захирлаар сонгон томилсон байна. /3хх 84/

Үүнээс үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Б.Н нь хаана ямар ажил эрхэлж ямар ажил үүргийн хуваарьтай байсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр компанийг төлөөлөөд энэ аюултай хог хаягдлыг хаясан бол хаях эрх бүхий этгээд хэн байсан бэ гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

Ингэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект хэн болох, цаашлаад мөн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд хэн болохыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний дараа яллагдагч болон хуулийн этгээдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Яллагдагч Б.Н, “Эсп” ХХК нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1349 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ