| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/00084/И |
| Дугаар | 191/ШШ2025/01757 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01757
2025 02 26 191/ШШ2025/01757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.Баярмаа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** оршин суух, Т.А*******/регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Х.Б******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Гэм хорын хохирол 3,368,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Алтанбага 2022 оны 08 сарын 30-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 р хороо Хилчидийн гудамжны хөл бөмбөгийн талбайн зүүн талд зүүнээс баруун хойшоо эргэх тойрог дээр ******* ******* приус 20 маркын машинд мөргүүлж унасан. Тухайн үед 2 метр орчим газар шидэгдэж үнасан бөгөөд босч чадахгүй, тухайн жолоочийг нь шаардсаар байж цагдаа түргэн дуудуулсан. Цагдаа болон 103 зэрэг шахам ирсэн, цагдаа нь жолоочтой ярилцаад байсан, би хэмжилт хийх байх гэж унасан байрнаасаа хөдлөөгүй байж байтал эмч ирээд үзлэг хийнэ гээд намайг босгон машиндаа оруулж үзлэг хийсэн. Тэр хооронд цагдаа нь жолоочтой ярьсаар байсан ба хэмжилт хийгээгүй (мөргөсөн газарт нь). Сүүлд ирсэн цагдаа нь хэмжилт хийх явцад би унасан газраа тэмдэгээ тавихад жолооч машины тэмдэгээ миний үсэрч унасан газрын тэмдэгрүү ойртуулж тавиад байсан. Би унасан газраа мэдэж байгаа гээд жолоочтой маргаж байх хооронд цагдаа ирээд "Хурдан наад тэмдэгнүүдээ тавь. Яах гэж хэргийн газраас хөдөлсөн юм." гэж захиргаадсан. Энэ үйл явдлын дараа унасан газраа тэмдэгээ тавьж чадаагүй. "Анх ирсэн цагдаа яагаад хэмжилт хийгээгүй вэ" гэж би дараа ирсэн цагдаагаас асуутал мөн "Тэрийг чинь бид яаж мэддэг юм." гэж надруу уурласан. Цагдаа нь осол гаргасан жолоочийг биш намайг загинаад байсан тул би сандраад тэмдэгээ зөв байрлуулж өгч чадаагүй. Би тэмдэгээ ч зөв газар тавьж чадаагүй учир хэмжилтийг үнэн зөв хийсэн гэж бодохгүй байна. Намайг мэдүүлэг өгөөд гараад ирэхэд осол гаргасан жолооч машийнаа унаад явчихсан байсан. Маргааш нь байцаагчаас утсаар жолооч машин 2 ийн тухай асуухад үзлэг оношилгоонд оруулж байгаа гэж хэлсэн. Яагаад осол гаргасан машиныг журамлаж нөхцөл байдлыг тодруулахгүйгээр өгч явуулсанд гайхаж байна, ул мөрөө баллах магадлалтайг лавлаж асуухад "Шаардлагатай болоод өгч явуулсан, Би мэдэж байна." Гээд үл тоосон байдалтай халгаахгүй байсан. Тухайн нөхцөл байдлыг ахлах мөрдөн байцаагч Т.Буянтогтоход гомдолтой байгаагаа хэлэхэд "Гомдлоо гаргаад яв" гээд мөн үл тоосон байдалтай хариулсан. Энэ асуудлаас хойш 3 сар гаруй хугацаа өнгөрсөн ч хохирол гомдол барагдуулж өгсөнгүй. Иймд миний хүсэлтийг хүлээн авч осол гаргасан Х.Б*******ээс эмчилгээний зардал болох 3,368,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Гадаадад явж байхдаа над руу залгасан утсаа аваагүй гэх зүйл ярьж байна. Би тухайн үед нь хариуг нь өгөөд одоо ажилгүй байгаа болохоор боломжгүй байна гэдэг үүднээс уучлалт гуйгаад явж байсан. Өмнөх болсон процесс нь прокурорт тэмдэглэгдээд гараад ирсэн болохоор тэрийг давхцаж ярих шаардлагагүй гэж үзэж байна. Түүнээс дараа бид хоёрын хооронд болсон ярианд нэхэмжлэгч тал намайг хүн чанаргүй байна гэх зүйлс ярьсан. Миний хувьд тухайн үед эрхэлсэн ажилгүй. Мөнгө өгөх боломж байсан учраас дансыг нь аваад мөнгө олдвол хийчихье гээд авсан. Тэр үед нь боломж нь олдоогүй. Дараа нь ажил хийгээд сар сард нь таллаад өгье гэж бодож байсан. Өөр тайлбар байхгүй гэжээ. (2023.10.18-ны өдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар)
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Алтанбаганы иргэний үнэмлэхийн лавлагаа, М******* фарм эмийн сангийн 270,900 төгрөгийн, 695,275 төгрөгийн баримт, эрүүгийн хэргийн төв архиваас 16,000 төгрөгийн лавлагаа авсан 2022.11.14 баримт, Г******* эмнэлэгт Т.А******* эмчлүүлсэн 1,320,000 төгрөгийн, 590,000 төгрөгийн нэхэмжлэх, С******* эмнэлэгт үзүүлсэн 20,000 төгрөгийн баримт, Мед траума эмнэлэгт 450,000 төгрөгийн дүрс оношлогоо MRI хийлгэсэн баримт, Их фарм эмийн сангийн 11,480 төгрөгийн баримт, эмийн жорууд, Т.А******* 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл өвчтэй тухай эмнэлгийн магадлагаа, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 849 дүгээр тогтоол, Тээврийн цагдаагийн алба Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон тэмдэглэл 2022.08.30, ЗТО-ын схем зураг, холбогдогч жолоочийн биеийн байаалт, хохирогч болон гэмтэгсдийн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.09.05№12032 дүгнэлт, Т.Алтанбаганы хүзүүний нугалмын дүрс оношлогооны шинжилгээний хариу Мед траума эмнэлэг,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Х.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хариу тайлбар бичгээр гаргаагүй/
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Ган ХХК-иас тус шүүхэд 2025.02.11-ний өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн албан бичиг, тус албан бичгийн хамт хүргүүлсэн Т.Алтанбаганын Өвчний түүх, эмчлүүлэгчийн эмийн хуудас, эмнэлэгээс гарах, шилжих үеийн эпикриз;
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Т.А******* нь хариуцагч Х.Б*******д холбогдуулан, зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан зардал 3,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар бичгээр гаргаагүй ба хохирол төлбөрийг төлөх боломжгүй байсан талаараа 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарлаж байсан.
4. Хариуцагч Х.Б*******д 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2025 орны 02 дугаар сарын 07-ны өдөр дугаарын утас руу нь холбогдож шүүх хуралдааны мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
5. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. Хариуцагч Х.Б******* нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хөл бөмбөгийн талбайн зүүн талын замд Тоёота приус маркийн 80-06 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Т.Алтанбаганыг мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын прокуолоын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 849 дүгээр тогтоол, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 8 дугаар сарын 30-н өдрийн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг, Т.Алтанбаганын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг дүгнэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 12032 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар бусдын эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарах зайлшгүй зардлыг нөхөн төлнө.
8. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд буюу Т.Алтанбаганын Өвчний түүх, эмчлүүлэгчийн эмийн хуудас болон эмчилгээнд зарцуулсан эм бэлдмэлүүдийн зардал болох М******* фарм эмийн сангийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 270,900 төгрөгийн, М******* фарм эмийн сангийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 695,725 төгрөгийн, Г******* эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 16-ны өдө хүртэл хугацаанд эмчлүүлсэн 1,320,000 төгрөгийн, Г******* эмнэлэгт эмчлүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 590,000 төгрөгийн, С******* эмнэлэгт үзлэгийн төлбөр 20,000 төгрөг, Мед траума эмнэлэгт дүрс оношлогоо MRI хийлгэсэн төлбөр 450,000 төгрөг, Их фарм эмийн сангийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5,740 төгрөгийн баримт, шүүхэд нэхэмжлэл гаргахаар баримт бүрдүүлж Эрүүгийн хэргийн архиваас лавлагаа авсан 16,000 төгрөг, нийт 3,368,365 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан нь нотлох баримтаар тогтоогдов.
9. Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргааныг шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс халихгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3,368,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
10. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэхээр санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. гэж зааснаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Х.Б*******эс 3,368,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б*******эс 68,838 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Д.ЦЭРЭДОЛГОР