Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/756

 

 

                                                                 Н.Гд холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/794 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Н.Гд холбогдох 2303 00793 0129 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Н-ийн Г, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт .... дүүргийн ... хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Яллагдагч Н.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 06 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Гурвалжингийн гүүр “Акума” төвийн баруун замд “Тоуоtа Kluger” маркийн 84-16 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Г жолоочтой “Тоуоtа Prius” маркийн 01-28 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, И.Л жолоочтой “Тоуоtа Prius” маркийн 44-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, улмаар “Тоуоtа Prius” маркийн 01-28 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Д.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын №217 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа талаараа гомдлыг гаргаж байжээ. Ингээд тээврийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №31 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /1хх 246-247/ Гэтэл хавтаст хэрэгт яллагдагч Н.Г нь өвчний G40 /эпилепси/ оноштой болохыг тогтоосон Альфа долгион мэдрэлийн эмнэлэг болон Бичил манал өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /1хх 216, 218/ авагдсан байхад түүний дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь тусгай мэдлэгийн хүрээнд яллагдагч Н.Г мэдрэлийн тогтолцооны өвчин буюу эпилепси уналт, таталтын талаарх нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж шүүх үзлээ. Мөн яллагдагч Н.Г эпилепси уналт, таталтын талаарх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийх шаардлагатай бөгөөд энэ нь хэрэг гарахад нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй. Иймд яллагдагч Н.Гд холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэрэнбалжир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 3. Жолоочийн үүрэг. 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт нь “албан үүрэг гүйцэтгэж байгаа” болон “амин хувиараа” тээврийн хэрэгсэл жолоодож байгаагаас үл хамааран, тээврийн хэрэгсэл жолоодож буй “жолооч”-д үүрэг болгон, хориглосон заалт юм.

Жолооч Н.Г нь урьд нь 2006 оноос эхэлж унаж татдаг өвчтэй эмчийн хяналтад байдаг, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг ухамсарлах боломжтой, унаж татдаг өвчний улмаас тээврийн хэрэгсэл жолоодсоноор осол гаргах, хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан.

Түүнчлэн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаартай “Н.Г нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Г нь зам тээврийн осолд орох үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Харин мэдрэлийн талаас цөөн уналт бүхий унаж татдаг эмгэгтэй байсан байна. Н.Г нь тэр үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Н.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна” гэх дүгнэлт гарсан.

Мөн яллагдагч Н.Г нь өвчний G40 /эпилепси/ оноштой болохыг тогтоосон Альфа долгион мэдрэлийн эмнэлэг болон Бичил манал өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт зэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжтой тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/794 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянахад хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж заажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 217 дугаартай “Н.Г нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Г нь зам тээврийн осолд орох үедээ сэтгэцийн ямар нэгэн эсгэггүй байсан байсан. Харин мэдрэлийн талаас цөөн уналт бүхий унаж татдаг эмгэгтэй байсан байна. Н.Г нь тэр үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. ...” /1хх 212-215/ гэх дүгнэлт гарсны дараа “Альфа долгион” мэдрэлийн эмнэлэг /1хх 216/ болон “Бичил манал” өрхийн эмнэлгийн /1хх 218/ тодорхойлолтоор Н.Гантулгыг G40 /эпилепси/ буюу уналт, таталтын оноштой болохыг тодруулсан байна.

Мөн яллагдагч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байгаад гэнэт ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь бөөн осол хийсэн байсан. ...тэр хүн намайг машинаас татаад гаргасан. Тэр үед машинаасаа буугаад хөл дээрээ зогсох гэтэл зогсож чадахгүй байсан. Тэр үед ойр хавьд байсан хүмүүс архи уусан согтуу хүн байна гээд орилолдоод байсан. ...Удалгүй 103 ирээд намайг 2 хүн сугадаад машинд суулгаж байсныг гүйцэт сайн ойлгохгүй байсан. ...” /1хх 229/ гэж мэдүүлсэн бөгөөд тухайн осол яг ямар нөхцөл байдлаас шалтгаалж гарсан талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээс гадна хэрэг учрал болох үед байсан гэрч нараас нэмж асууж тодруулах шаардлагатай. Тухайлбал, осол болсон газар очсон цагдаагийн албан хаагч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр ирсэн түргэний эмч нараас яллагдагч Н.Г тухайн үеийн эрүүл мэндийн байдлын талаар зайлшгүй асууж тодруулах шаардлагатай.

Мөн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт Н.Гантулгыг осол болсны дараа “ухаан алдсан байдалтай байсан, машинаас гарч ирээд орилж байсан, тусламж дуудаарай гэж байсан” гэх зэргээр зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс гадна нэмж дээр дурдсан гэрч нараас мэдүүлэг авах нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлттэй уялдуулан гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг дүгнэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Яллагдагч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/794 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ