Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/700

 

  2024           06            20                                          2024/ДШМ/700

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оргилболд,

хохирогч Г.Г,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул, С.Пүрэвдорж,    

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Г, шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Мөнгөнзул нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Б-д холбогдох 2209 03443 2287 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

М овгийн Г-н Б, ...оны ..дүгээр сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .................... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;  

Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны оройн 22 цагийн үед ............байрны хажууд тус байр луу нэвтрэх тээврийн хэрэгсэлд зориулсан “хаалт эвдэллээ” гэсэн шалтгаанаар Г.Г-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, түүний биед баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүд болон баруун дээд 2-р шүдний сулрал, баруун талын завжинд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-с нийт 3.710.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс цаашид гарах эмчилгээний зардал болон нислэгийн тийзтэй холбоотой нэхэмжлэлийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ буюу шийтгэх тогтоолыг үйлдэхдээ алдаа зөрчил гаргасан төдийгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль зөрчсөн гэж миний бие үзэж байна.

Нэг. Шийтгэх тогтоолд “Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойшхи хугацаанд, хохирогч Монголоос АНУ руу 3 удаа зорчих шаардлагатай болохыг нотолсон баримтгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон” гэсэн нь алдаатай, нотлох баримтаар илтэд тогтоогдоогүй, үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон байна. Тухайлбал:

1. Нислэгийн зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүгч огт ойлгоогүй байна Хохирогч миний бие АНУ-аас Монголд ирсэн 3 удаагийн нислэгийн зардлын талаарх нэхэмжлэлийг ярьж байхад, шүүгч түүнийг огт ойлгохгүй, бүр эсрэгээр “Монголоос АНУ руу 3 удаа зорчих шаардлагатай болохыг нотолсон баримтгүй” гэсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас илтэд зөрүүтэй, логикийн хувьд алдаатай, буруу дүгнэлт болжээ.

2. Би Монголоос зорчсон бус, харин байнга оршин амьдарч байгаа АНУ-аас Монголд, зөвхөн имплант мэс хагалбар хийлгэх, байцаалт мэдүүлэг өгөх зорилгоор 3 удаа зорчиж ирсэн гэдгийг мөрдөгчид болон шүүгчид удаа дараалан тайлбарласан.

3. Нислэгийн 3 тийз бүгд АНУ-аас эхлэн ниссэн нь тодорхой харагдаж байхад, шүүгч “Монголоос зорчсон” гэсэн дүгнэлтийг чухам яаж хийсэн талаараа шийтгэх тогтоолд тодорхой үндэслэл заагаагүй нь ойлгомжгүй байна. Хохирогч миний бие, АНУ-аас Монголд ирсэн буцсан 3 тийзтэй холбогдох баримтыг орчуулж, өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хүргүүлсэн, тэдгээр тийзээр АНУ-с Монголд ирээд, Монголоос АНУ-руу буцсан 3 аялал бүгд тодорхой нотлогдож байгаа болно. Харин шүүгч нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох нислэгийн 3 тийзийг огт шинжлэн судалж үзээгүй ойлгоогүй, зөвхөн шүүх хуралдааны явцад “хаана байна” гэж асууж, хэргээс олж үзэж байсан нь учир дутагдалтай болсон.

5. Шийтгэх тогтоолд, “Хохирогч АНУ-д ажиллаж амьдардаг талаар тайлбар гаргасан” гэж дурдсан боловч, тухайн тайлбарыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа тухайгаа шүүгч тогтоолд дурдаагүй төдийгүй, энэ дүгнэлтийг хийхийн өмнө тухай асуудлыг шүүх хуралдааны явцад шүүгч шинжлэн судлах ямар нэг ажиллагаа хийгээгүй, энэ талаар нотлох баримт байгаа эсэх талаар хохирогчоос огт асууж тодруулж, тайлбар гаргах боломж олгохгүйгээр, нэг талыг барьсан, “... нотолсон баримтгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь буруу байна.

6. Түүнчлэн, шүүх хуралдааны явцад, “хохирогч нь АНУ-д байнга оршин сууж амьдарч байгаа гэдэг нь эргэлзээ төрүүлж байна” гэдэг асуудлын талаар улсын яллагч, шүүгдэгч ямар нэг хүсэл санал огт гаргаагүй, мөн хохирогч миний мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Б ч энэ талаар шүүх хуралдаанд өгсөн тодорхой мэдүүлэг байсаар байхад шүүгч өөрөө сайн дураараа, өөрийн санаачлагаар энэ асуудлыг гарган тавьж, нотлох баримтад үндэслэлгүйгээр шийдвэрлэж байгаа нь шүүгч хараат бус байж, хэргийг хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэх, хэргийг мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж байна.

7. Анхан шатны шүүх эхний хурлыг 2024.02.29-ний өдөр товлосон нь хойшлогдсон. Хоёр дахь удаагаа 2024.03.20-ны өдөр товлосон, дахин хойшлуулах хуралдаан дээр хохирогч “Шүүх хурлыг нэн даруй товлож хэргийг шийдвэрлэх шаардлагатай, би Америкад ажиллаж амьдардаг хуульч хүн. Би та нарын л адил хуулийн зөвлөгөө өгөх ажил хийж, амьдардаг” гэж тодорхой мэдүүлсэн нь 2024.03.20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа.

8. Мөрдөн байцаалтын явцад болон 2024.03.29-ний өдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө, хохирогч нь “АНУ-ын Хавай мужид бүртгэлтэй Г К хуулийн фирмын захирал” гэдгээ мөн тодорхой мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа.

9. Хохирогчид түүний оршин суугаа ..... мужийн хаяг бүхий АНУ-ын жолооны үнэмлэх болон АНУ-ын байнгын оршин суугчийн үнэмлэх байгааг, шүүх хуралдааны төгсгөлд танилцуулсан боловч, шүүгч тайлбарыг хүлээж аваагүй, тэр талаар өөрөө ямар нэг дүгнэлт хийгээгүй нь шударга бус болсон байна.

10. Хохирогч миний гэр бүлийн гишүүн болох эхнэр Ц.Б, гэр бүлийн хамт амьдарч, АНУ-аас цахимаар шүүх хуралдаанд оролцож байгааг шүүгч өөрөө мэдэж байсан бөгөөд дээрх дүгнэлтийг хийхдээ “Хохирогч гэр бүлийн хамт АНУ-д амьдарч байгаа” тухай энэхүү тодорхой нотолгоо, нөхцөл байдалд мөн л зохих дүгнэлт хийгээгүй байна. Шүүх хуралдааны өмнө “хохирогч АНУ-аас ирж хуралдаанд оролцоно, хуралдааныг товлож, эрт мэдэгдэх талаар хүсэлт” гаргаж, шүүхэд хүргүүлсэн бөгөөд энэ хүсэлтэд мөн АНУ-д амьдарч байгаа гэдгийг тодорхой дурдсан байсан болно. Ийм тодорхой нотлох баримтууд байсаар байхад, шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсгийн заалтуудыг ноцтой зөрчиж, “Хохирогч АНУ-д ажиллаж амьдардаг талаар ... нотолсон баримтгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон” гэж шийдвэрлэсэн нь буруу байх тул, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан дагуу “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” тухай дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийж, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 -т заасан дагуу, анхан шатны шүүхийн үндэслэлгүй тогтоолыг зөвтгөж, гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөр 27.173.896 төгрөгийг шүүгдэгчээр бүрэн нөхөн төлүүлэх тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахыг хүсэлт болгов.

Хоёр. Шийтгэх тогтоолын дараах заалтуудыг эс зөвшөөрч байна. “Имплант хийх шаардлагатай болох нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогдоогүй” гэсэн шүүгчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Үүнд:

1) Имплант шаардлагатай эсэх тухай асуултыг шинжээч томилох тогтоолд дурдаагүй бөгөөд гэмтэл учирсны дараа өдөр нь, цаашид чухам ямар эмчилгээ хийх шаардлагатайг урьдчилан тодорхойлж тогтоох үүргийг, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан дагуу шинжээч хүлээхгүй юм. Энэ тохиолдолд, мэргэжлийн шүдний эмчийн зөвлөснөөр, хугарсан шүдний үлдэгдэл ёзоорыг аваад, буйл бүрэн эдгэрч 1,5 сарын хугацаа өнгөрсний дараа чухам ямар эмчилгээ хийхийг зөвхөн шүдний эмнэлгийн мэргэжлийн эмч тогтоох боломжтой байх бөгөөд, имплант хийх ажиллагаа тэр журмын дагуу явагдсан нь эмчийн тодорхойлолтоор тогтоогдсон болно.

2) Мөн шүд хугарсан гэдгийг хохирогч өөрөө мэдүүлсэн, хавтаст хэрэгт шүд хугарсан зураг авагдсан байгаа, имплантыг мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу хохирогч миний бие имплант хийлгэсэн. Шүд хугараагүй бол ийм мэс хагалбар хийлгэх шаардлагагүй байсан нь тодорхой юм.

3) Имплант мэс хагалбар хийсэн шүдний эмнэлгийн мэргэжлийн эмчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг миний бие гаргасан байхад шүүгч өөрөө эмч мэргэжлийн хүн бус атлаа, татгалзаж шийдвэрлээд, дараа нь, шүдний эмнэлгийн нарийн мэргэжлийн, имплант хийдэг эмчийн хариулбал зохих, шинжээчийн мэргэжлийн хүрээнээс давсан асуултыг, шүүх эмнэлгийн ерөнхий дүгнэлт гаргах эрх бүхий шинжээчид тавьж, “имплант хийх шаардлагатай болох нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй буруу, 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчлийг гаргасан байна. Шүдний эмнэлгийн мэргэжлийн эмчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг, “гэрчээр байцаагдаагүй” гэх шалтгаанаар, шүүгч татгалзаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-ийн “нотлох баримт шалгуулах” миний эрхийг зөрчиж байна.

4) Түүнчлэн, “имплант хийх шаардлагатай болох нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хийсэн атлаа шүүгч, имплант хийсэн мэс хагалбарын төлбөрийг хэсэгчлэн гаргуулахаар тогтоолд заасан нь логик зөрчилтэй болсон байх тул, “имплант хийх шаардлагатай болох нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг тогтоолоос хасаж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Тогтоолд дурдсан “Тодруулбал, ... зориулалтын бус аргаар ... Эвдэх эрсдэлтэй, хохирогчийн гэм буруутай ажиллагаа нөлөөлсөн” гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Энэ тухай зөвхөн шүүгдэгч мэдүүлж байгаа бөгөөд тэрээр худал мэдүүлсэн болох нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан 5 удаагийн дүрс бичлэгт хохирогчийг буруутгах “Зориулалтын бус аргаар эвдэх оролдлого хийсэн” гэх үйлдэл огт тогтоогдоогүй байхад шүүгч ийм дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, илтэд үндэслэлгүй болж, Хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 -т заасан зөрчлийг гаргасан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаар С.Чимэдцэеэ гэж прокурор оролцоогүй байхад шүүх оролцсон мэтээр шийтгэх тогтоолд дурдсан нь алдаатай буруу байна. Ийнхүү, шүүгчийн дүгнэлт нь, дээр дурдсан үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан дагуу “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” байх тул шийтгэх тогтоолын энэ гурван дүгнэлтийг зөвтгөж, тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсэлт болгов.

Гурав. Шүүх хуралдааныг эхний удаад, 2024.02.29-ний өдөр прокурор С.Чимэдцэеэ шүүх хуралдаан эхлэхээс 15 минутын өмнө “хувийн шалтгаан гарсан” гэж утасдаж, шүүх хуралдааныг тасалсан тул хуралдааныг хойшлуулсан бөгөөд тэрээр дараа нь өөрөө шүүх хуралдаанд тодорхой бус шалтгаанаар огт оролцоогүй болно. Хоёр дахь удаад 2024.03.20-ны өдөр шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэдэгдсэн “шүүгдэгчийн хоолой өвдөж, эмнэлэгт хэвтсэн” гэх шалтгаанаар дахин хойшлуулсан. Эхний хуралдаан дээр хохирогч, нь “прокурор нь хуралд ирэхгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулж хариуцлага тооцох”-ыг шаардсан боловч шүүгч ямар нэг арга хэмжээ аваагүй. Хоёр дахь удаад шүүх хуралдааныг хойшлуулсан бодит үндэслэлийг шүүгч тогтоогоогүй, байх ёстой л зүйл мэт өнгөрөөсөн. Энэ хоёр тохиолдолд прокурор, өмгөөлөгч талууд аль аль нь шүүхэд урьдчилан мэдэгдэж, хурал хойшлуулах ажиллагааг цахимаар хийх боломжийг ашиглаагүй, хохирогчийг удаа дараалан шүүх дээр ирүүлж, чирэгдүүлж хохироосонд ихэд гомдолтой байна. Энэ нь тухайн хэргийн хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүх ч өөрөө “шударга, хараат бус байх” зарчмыг зөрчсөн байдалтай харагдаж байна. Иймд, дээд шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийж, дахин ийм алдаа зөрчил гаргуулахгүйн тулд тухайн прокурор С.Чимэдцэеэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэлт болгож байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцож байгаа бүхий л байгууллагын ажилтнууд өндөр хариуцлага, ёс зүйтэй байх үүрэгтэй бөгөөд түүнийг ягштал сахин мөрдөж байж сая хуульчдын дунд сахилга хариуцлагыг төлөвшүүлнэ.

Дөрөв. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах хүсэлт нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлээгүй хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хохирол, хор уршиг”-ийг тодорхойлж өгсөн бөгөөд шүүгдэгч Б-н гэмт хэрэг үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсгийг баримтлан сэтгэцийн хохирлыг тооцон шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг эс зөвшөөрч байна. Энэ нь зөвхөн тухайн хууль чухам хэзээ хүчин төгөлдөр болж үйлчлэх, сэтгэцийн хохирлыг тооцохтой холбогдсон харилцааг журамласан хууль гэж ойлгогдож байна. Харин энэ нь, тухайн үед хүчин төгөлдөр байсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн заалтыг хэрэглэх шүүхийн ажиллагааг хориглож, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг хязгаарлаж, шүүх нь гэмт хэргийн хор хохирлыг гэмт этгээдээр нөхөн төлүүлэх ажиллагааг хориглох байдлаар ашиглах зорилготой хууль биш юм. Адилхан хүчин төгөлдөр үйлчилж байгаа, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэг болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсгийг сонгон хэрэглэхдээ, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсгийг яагаад хэрэглэх боломжгүй тухай үндэслэлээ шүүх тогтоолдоо заагаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан дагуу, анхан шатны шүүх нь “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд сэтгэцийн хор хохирлын төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах өөрчлөлтийг оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Мөнгөнзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас миний үйлчлүүлэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэн буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад миний үйлчлүүлэгч Г.Б-г Г.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг агуулга, зөрүүтэй байдал байгаа эсэх, хохирол хор уршигтай шалтгаант холбоо байгаа эсэх зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст хэргийн баримтуудаар Г.Б-г хохирогч Г.Г-н биед хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдоогүй, зөвхөн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болох хохирогч, түүний эхнэр нарын мэдүүлэгт хөтлөгдсөн, хохирогч, гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, давхар нотолж чадаагүй, хяналтын камерын бичлэг байх боловч уг бичлэгт цохиж байгаа дүрс авагдаагүй, хохирогч биеэ хянах чадваргүй болтлоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогч биедээ учирсан гэмтлийг хаана, хэзээ хэрхэн авсан нь тодорхойгүй зэргээр бүхэлдээ эргэлзээтэй байдаг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны оройн 22 цагийн орчимд шүүгдэгч Г.Б  нь өөрийн оршин суудаг байрны гадаа хаалтыг онгойлгож ордог, хохирогч Г.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд байрны хаалтыг хүчээр онгойлгох үйлдэл хийсэн Г.Б-н зүгээс хууль ёсны шаардлага тавихад хохирогч Г.Г уурлаж Г.Б-тэй маргалдсан. Хохирогч халтирч унаад байсан бөгөөд Г.Б-н машины толийг мөргөсөн. Шүүгдэгч Г.Б-н зүгээс хохирогчийг биеэ хянах чадваргүй болтлоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа болохыг мэдсэн учир дахин халтирч унах, машины доогуур орох зэргээр бэртэл гэмтэл авахаас нь урьдчилсан сэргийлж, өөрийн машиныг авто  зогсоол руу оруулаад буцан гарч түүний эхнэрт хандан “цагдаад дуудлага өгөх үү” гэж асуухад эхнэр Ц.Б-н зүгээс “хөгшин настай хүн байгаа юм, хэрэггүй” гэсэн хариултыг өгсөн учир цагдаагийн байгууллагад дуудлага өгөлгүйгээр гэртээ орсон үйл баримт болсон байдаг. Гэтэл хохирогч Г.Г хэзээ, хаана, ямар байдлаар өөрийн биед гэмтэл учирсныг нотлох баримтаар нотолж чадаагүй атлаа илтэд худал мэдүүлсэн, түүний эхнэр Ц.Б хохирогчийн худал мэдүүлгийг дэмжсэн мэдүүлгийг өгчээ.

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч Г.Б, хохирогч Г.Г, гэрч Ц.Б /хохирогчийн эхнэр/ нар л байсан бөгөөд Г.Б-г Г.Г-н биед гэмтэл учруулсан эсэх, хохирогч, гэрч нарын мэдүүлэг үнэн зөв эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой нотлох баримт бол байрны хяналтын камерын бичлэг билээ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгийг шинжлэн судалсан бөгөөд уг бичлэгийн 01 минут 12 секундэд богино цайвар өнгийн куртиктэй эрэгтэй алхаж байгаад дээш харж унаж, урт цайвар өнгийн куртиктэй хүн татаж босгож байгаа дүрс бичлэг авагдсан байх бөгөөд бичлэгт хохирогч Г.Г-г Г.Б  нь цохиж, зодож буй дүрс огт байдаггүй. Хэрэг учрал болсон гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны хяналтын камерын тусгал нь байрны гадна орчныг тал бүрээс нь, автомашины дулаан зогсоол руу орох, гарах хэсэг, дулаан зогсоолын дотор хэсгүүдийг бүхэлд нь харуулсан тусгалтай болох нь эд мөрийн баримтаар хураагдсан сиди-нд тасалж авсан хэдэн хэсэг бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-19/-ээр нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс байрны хяналтын камерын бичлэгийг бүхэлд нь хуулбарлан авах боломжгүй, 24 цагаар үргэлжилсэн урт бичлэгүүд байдаг тул ач холбогдолтой гэж үзсэн бичлэгүүдийг тасалж эд мөрийн баримтаар хураасан гэх тайлбарыг гаргасан нь хууль ёсны үндэслэл бүхий тайлбар гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. Учир нь, тус байрны хяналтын камерын бичлэгийг 24 цагаар тасралтгүй бичдэг, мөн байрны бүх хэсгийг харуулсан харууцтай байсаар байхад миний үйлчлүүлэгчийг хүн зодсон гэж буруутгаж буй бол яагаад мөрдөгч, прокурорын зүгээс яг цохиж, зодож байгаа үйлдлийг харуулсан бичлэг хэргийн материалд нотлох баримтаар бэхжүүлээгүй юм. Мөрдөгч, прокуророос ач холбогдолтой гэж үзэж тасалж авсан гэх бичлэгт авагдсан авто зогсоолоос гүйж гарч буй дүрсээр Г.Б-г буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэхээр Г.Б  нь хохирогч Г.Г-г цохиж, зодсон үйлдэл байхгүй учир хяналтын камерт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй гэдэг нь үүгээр тодорхойлогдож байна. Миний үйлчлүүлэгч Г.Б-г хохирогч Г.Г-г автомашины дулаан зогсоол руу автомашинаа оруулчихаад буцаж гүйн гарч ирж зодсон гэж хохирогч, гэрч мэдүүлдэг боловч байрны бүх хэсгийг хамарсан камерын бичлэгт Г.Г-г зодож буй үйлдлийг харуулсан бичлэг авагдаагүй нь хохирогч, гэрчийн мэдүүлгийн үнэн зөв, бодитой эсэх нь эргэлзээтэй болохыг харуулж байна. Мөн тус бичлэгт хохирогч Г.Г алхаж байгаад хальтарч унаж байгаа дүрс бичлэг авагдсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, гэрч хоёроос тухайн өдөр хохирогч газар унасан эсэхийг тодруулахад хохирогч, гэрч хэн аль нь “...унаагүй, тийм зүйл болоогүй” гэж мэдүүлсэн нь тэдгээрийн мэдүүлэг үнэн зөв гэдэгт эргэлзэх үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, хохирогч тухайн өдрийн бүх үйл явдлыг санаж байна, би биеэ хянах чадваргүй болтлоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэх боловч хяналтын камерын бичлэгт өөрийнх нь унаж байгаа бичлэг байсаар байхад хальтарч унаагүй гэж унасан үйл баримтыг ямар ч нотлох баримтгүйгээр үгүйсгэсэн, зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдэл, түүний улмаас үүсэж буй хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардана. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс хохирогч, гэрчээс шүүгдэгч Г.Б  хохирогч Г.Г-г аль гараараа заамдаж, аль гараараа зодсон болохыг тодруулж асуухад хохирогч “...баруун гараараа ...аль гараараа цохисон гэдгийг би хараагүй” гэж эргэлзээтэй, гэрч Ц.Б: “...зүүн гараараа заамдаад баруун гараараа цохиод байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16167 дугаартай шинжээчийн: “...Г.Г-н биед дээд баруун 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүд болон баруун дээд 2-р шүдний сулрал, баруун талын завьжинд зөөлөн эдийн няцрал духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх 32-33/, мөн хохирогчийн гаргаж өгсөн “Оргил дент” эмнэлгийн шүдний рентген зураг /хх 66/ үзэхэд хохирогчийн биед түүний нүүрний баруун хэсэгт гэмтэл учирсан байхаас гадна рентген зурганд баруун доод 2 шүдэнд имплант эмчилгээ хийлгэсэн нь шүүх эмнэлгийн шинжээчийн тогтоосон гэмтлээс зөрүүтэй. Гэвч миний үйлчлүүлэгч Г.Б  нь баруун гараараа Г.Г-г зодсон юм бол яагаад хохирогчийн нүүрний баруун хэсэгт гэмтэл учирсан байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл хүн баруун гараараа хүний нүүр хэсэгт үйлчлэл үзүүлсэн тохиолдолд тухайн хүний нүүрний зүүн хэсэгт гэмтэл учирч байж үйлдлийн шалтгаан холбоо бий болох учиртай. Гэтэл шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход дээрх нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс тайлбарласаар байтал оюун дүгнэлт хийлгүйгээр хохирогч болон хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу түүний эхнэрийн мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд “...тухайн үед миний шүд хугалчихлаа гэж хэлсээр байхад намайг үргэлжлүүлэн зодоод байсан” гэх мэдүүлэг өгсөн атал шинжээчийн дүгнэлтэд зүүн дээд болон баруун дээд шүдний сулрал тогтоогдсон гэж дүгнэжээ. Хохирогч нь өөрийн биед учирсан гэмтэл, түүнийг Г.Б  учруулсан гэх боловч түүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүдний рентген зураг зэргээс дүгнэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн болох нь хангалттай тогтоогдож байна. Хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан мөрдөгчийн: “....Г.Г нь их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир гэрчийн мэдүүлэг аваагүй” гэх тэмдэглэл авагдсанаас үзэхэд хохирогч нь тухайн өдөр их хэмжээний согтолттой байсан болох нь тогтоогддог бөгөөд хохирогч шүүгдэгчтэй тааралдаж, маргалдсаны дараа цааш өөр хэн нэгэнтэй маргаан үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Хяналтын камерын бичлэгээр хохирогч, шүүгдэгч нарын маргалдсан гэх цаг хугацаа нь 22 цаг 36 минутын орчимд болсон байх ба гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээс үзэхэд “...гомдол, мэдээллийг 23 цаг 50 минутад” хүлээн авчээ. /хх 7/ Цагдаагийн байгууллага гомдол, мэдээлэл хүлээн авсан цаг хугацаа, хохирогч шүүгдэгч нарын таарсан цаг хугацааны хооронд 1 цаг 20 минутын зөрүү гарч байгааг анхаарч үзэх шаардлагатай. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай. Гэвч анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хохирогч болон түүний нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийн мэдүүлэгт үндэслэж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн шалтгаант холбоог тогтоогоогүй, хохирогчид учирсан гэмтэл, шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй байгаа нөхцөл байдлыг дүгнээгүй, хяналтын камерын бичлэг бүхэлдээ харагдах боломжтой байхад яагаад цохиж, зодсон үйлдэл авагдсан бичлэг хэрэгт авагдаагүй, хохирогчийн гэмтэл авсан цаг хугацаа, гомдол мэдээлэл авсан цаг хугацааны зөрүү, хохирогчийн биеэ хянах чадваргүй их хэмжээний согтолттой байсан болох нь хяналтын камерын бичлэгт авагдсан унаж буй бичлэгээр тогтоогдож байгаа нөхцөл байдал, баруун гараар нүүр хэсэгт үйлчлэл үзүүлж байхад яагаад хохирогчийн нүүрний баруун хэсэгт гэмтэл учирсан байгаа зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудад бодитой дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсний дагуу шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн цорын ганц гэрч нь түүний эхнэр бөгөөд намайг хохирогчийг удаа дараа цохисон гэж мэдүүлсэн. Би волейболын спортын мастер, одоо хүртэл насны ангилалдаа тоглогдог. Миний гар хурдтай, баруун гараараа довтолдог. Хэрэв цохисон бол хохирогчийн баруун биш зүүн тал хүнд гэмтэх байсан. Эхнэрийнх нь мэдүүлснээр удаа дараа цохиод л байсан бол хохирогчийн нүүр бүрэн бүтэн байхгүй. Цохилтын эсрэг талд нь хөнгөн гэмтэл тогтоогдсон. Цохисон гэх ямар ч камерын бичлэг байхгүй. Тухайн үед хохирогч миний тавьсан шаардлагыг эсэргүүцээд ойртсоор байгаад 45 градусын налуу уналттай грашийн үүдний хэсэгт, миний тээврийн хэрэгслийн зүүн талд хохирогч өөрийн баруун талаар ирж зууралдаж, ноцолдож эхэлсэн. Тухайн үед цас орж байсан тул автомашин гулгах нөхцөл байдал үүссэн. Би автомашинаасаа бууж хохирогчийн үйлдлийг зогсоох боломж байгаагүй. Энэ хугацаанд хохирогч өөрийгөө санамсар болгоомжгүйгээр гэмтээх хангалттай хугацаа болсон бөгөөд энэ үед өөрийгөө гэмтээсэн байх гэж би одоо хүртэл боддог. Улмаар миний автомашины зүүн талыг зурж хонхойлгож, толины суурийг мөргөж хөдөлгөсөн. Мөрдөгч анх намайг гэрчээр дуудаж байцаахад би тээврийн хэрэгсэлдээ үнэлгээ хийлгэж, хохирлоо нэхэмжлэх талаар дурдсан. Миний аав шиг хөгшин настай хүн тул тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргуулж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, зүгээр орхисон. Хэрэв анхнаасаа намайг буруутгаж яллагдагчаар татсан бол би тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэж, хохирол нэхэмжлэх байсан. Гэтэл би 10 сарын дараа яллагдагчаар татагдсанаа мэдсэн. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн эвдэрсэн хэсгээ засуулсан байсан. Хохирогч Г.Г хийж байгаа үйлдлээ мэдэхгүй, согтолтын зэрэг нь өндөр байсан тул өөрийгөө бэртээсэн байх боломжтой. Тухайн үед би зүгээр эсэхийг нь мэдэх зорилгоор буцаж очиход энд тэнд унаж, хашхираад байсан тул энэ хэргийн цор ганц гэрч, хохирогчийн эхнэр Ц.Б гэх хүнд хандан “Би цагдаа дуудах уу” гэхэд “Миний дүү зүгээр явчих, хөгшин настай хүн” гэж хэлсэн. Ийм насны, архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүний шүд нь сулралттай байдаг. 1 цаг 30 минутын хооронд юу болж, яасныг би мэдэхгүй. Надад хэн нэгнийг зодож, ёс зүйгүй үйлдэл гаргах үндэслэл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ж.Мөнгөнзулын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Маргалдаж буй хоёр талыг хөндлөнгөөс нотлох ганц зүйл бол камерын бичлэг. Бичлэгээс Г.Б  зодож байгаа гэсэн зүйл харагдахгүй, харин Г.Г мөсөн дээр халтирч унасан нь харагдана. Г.Г нь Г.Б-н автомашины толийг мөргөж, хаалгатай зууралдах үед нь машин доор орчих вий гэж сэргийлж холдуулж түлхсэн гэж Г.Б  анх гэрчээр мэдүүлэг өгсөн. Г.Б  нь гарбөмбөгийн спортын мастер, бодибилдингээр байнга хичээллэдэг, довтлогчийн хувьд 110 км/ц дээд хурдаар довтолдог, гарын нударга сайн хөгжсөн тамирчин хүн. Хохирогчийн хэлсэн шиг цохиж зодсон бол нэг биш олон шүд, нүүрийн хоншоор ясны гэмтэл үүсэх эрсдэлтэй. Г.Б-н хувьд төрийн албан хаагч бөгөөд удирдах албан тушаалтан. Миний хувьд болсон асуудлыг санамсар болгоомжгүйгээр үүссэн байж болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн иргэний нэхэмжлэлийн асуудлыг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, АНУ-аас Монгол Улс руу гэдгийг Монгол Улсаас АНУ руу гэж техникийн алдаа гаргасан, мөн гадаад паспорт байхгүй учраас ирсэн, буцсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй байсан гэж үзэж байна. Цагдаа, шүүхээс дуудсан мэдэгдэх хуудас хэрэгт байхгүй учраас ирсэн, буцсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй тул шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, жич нэхэмжлэх эрхтэй гэсэн нь үндэслэлтэй. Иймд Г.Б-н үйлдэлд санаатай хөнгөн хохирол учруулсан зүйл байхгүй, харин автомашинаас холдуулах асуудлаас болж үүссэн үйл явдал гэж үзэж байна. ...” гэв.

 Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт хохирогч унаж байгаа бичлэг авагдсан бөгөөд эхнэр нь хүндийн төвд дарагдан унаж байгаа бичлэгээс өөрөөр харагддаггүй. Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүгдэгчийн граш руу орж байгаа бичлэгийг хавсаргасан. Г.Б  нь тухайн орон сууцны СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд хэрэв буруугүй байсан бол өөрийгөө нотлохоор хаана камертайг шүүлгэх боломжтой хугацаа их байсан. Хэрэгт камерын бичлэгээс илүүтэй тухайн үйл явдлыг харсан хоёр хүний тогтвортой мэдүүлэг авагдсан. Хохирогчийн АНУ руу зорчих, имплант суулгах зэрэг зардлуудын баримт нь хангалттай нотлогдохгүй байсан тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй. Шүүх хуралдаанд улсын яллагчаар С.Чимэдцэеэ гэж прокурор оролцоогүй байхад шүүх оролцсон мэтээр шийтгэх тогтоолд дурдсан нь алдаатай буруу гэж байх бөгөөд тухайн үед уг прокурор нь сургалтад суусан гэсэн албан тоот хэрэгт авагдсан тул намайг томилолтоор оролцуулсан. Уг техникийн алдааг зөвтгөх боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны оройн 22 цагийн үед .................байрны хажууд тус байр луу нэвтрэх тээврийн хэрэгсэлд зориулсан “хаалт эвдэллээ” гэсэн шалтгаанаар Г.Г-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, түүний биед баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүд болон баруун дээд 2-р шүдний сулрал, баруун талын завжинд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Г-н “....2022 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 22 цагийн үед эхнэр Б-н хамт такси бариад гэрийнхээ гадаа ... ирсэн ба би таксинаас буугаад гэртээ орохоосоо өмнө байрны автомашины хаалтыг түшээд таксины төлбөрийг яаж төлсөн талаар эхнэр Б-тэй ярилцаж байхад том хар машинтай хүн ирээд “чи наад хаалт эвдэллээ, боль” гэж хэлэхээр нь би зөрүүлээд “эвдээд байсан юм байхгүй” гэхэд “чи муу согтуу толгой” гэж хэлэхээр нь би машин руу нь дөхөж очиход машиныхаа цонхыг хаагаад байрны хашааны хаалт нээж ороод байрны доод талын гараашны хаалга нээж гарааш руу ороод машинаа дөнгөж гараашны үүд хэсэгт оруулж тавьчихаад гараашийн хаалгыг хаахгүйгээр гарч ирээд намайг цохиж унагасан. Би өндийгөөд босох гэтэл дээрээс дарж заамдаж байгаад маш олон удаа миний толгойн тус газар гараараа цохисон бөгөөд манай эхнэр арай гэж тэр залуугийн урдуур орж миний дээрээс дарж хэвтэж байгаад тэр залууг болиулсан. ... Тэр залуу намайг 2 удаа цохисны дараа шүд уначихаар нь би түүнд хандан “Шүд уначихлаа шүү дээ” гэж хэлэхэд тоохгүй үргэлжлүүлж цохиж зодоод байсан. ...” /хх 24-26/,

гэрч Ц.Б-н “... Манай нөхөр Г.Г бид 2 такситай ирээд нөхөр түрүүлж буугаад хотхон руу орох үүдний хаалтыг түшээд зогсож байсан. Би таксины төлбөр хийгээд буутал хаалтны цаана тухайн хотхоны гарааш руу орох чиглэлтэй бараан өнгийн жийп машин зогсож байсан бөгөөд машин дотроос манай нөхөр лүү бархираад байсан бөгөөд би юу хэлж байгаа талаар нь сайн сонсоогүй. Төд удалгүй машин нь гарааш руу орж тухайн машины жолооч үл таних эрэгтэй гүйж гарч ирээд манай нөхрийг зодсон. Манай нөхрийг энгэрээс нь заамдаж аваад нүүр хэсэгт нь цохиод байсан. Би голоор нь орж болиултал алаад өгье гэж хэлээд бархираад байсан. Би зогсоогоогүй байсан бол дахин зодох байсан. ...” /хх 28/,

анхан шатны шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Чимэд-Очирын “...Гэмтлийн зэрэг тогтоох журамд 4 долоо хоногт эдгэрэх боломжтой гэмтлүүдийг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулна. Шүдний хугаралын тухайд 4 ба түүнээс дээш шүдний хугаралыг гэмтлийн хүндэвтэр гэмтэлд тооцдог. Хохирогчийн тухайд 2 шүдний гэмтэлтэй учраас хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. ...” /хх 179/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.Г-н биед дээд баруун 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүд болон баруун дээд 2-р шүдний сулрал, баруун талын завжинд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16167 дугаар дүгнэлт /хх 32-33/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 11-21/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзулаас “... анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хохирогч болон түүний нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, хохирогчийн биед учирсан гэмтлийн шалтгаант холбоог тогтоогоогүй, хохирогчид учирсан гэмтэл, шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй байгаа нөхцөл байдлыг дүгнээгүй, хяналтын камерын бичлэгт цохиж, зодсон талаар бичигдээгүй, хохирогчийн гэмтэл авсан цаг хугацаа, гомдол мэдээлэл авсан цаг хугацааны зөрүү, хохирогч нь биеэ хянах чадваргүй их хэмжээний согтолттой байсан нөхцөл байдал, баруун гараар нүүр хэсэгт үйлчлэл үзүүлж байхад хохирогчийн нүүрний баруун хэсэгт гэмтэл учирсан байгаа зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлуудад бодитой дүгнэлт хийгээгүй тул Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Г.Г-н “... машинаа дөнгөж гараашны үүд хэсэгт оруулж тавьчихаад гараашийн хаалгыг хаахгүйгээр гарч ирээд намайг цохиж унагасан. Би өндийгөөд босох гэтэл дээрээс дарж заамдаж байгаад маш олон удаа миний толгойн тус газар гараараа цохисон бөгөөд манай эхнэр арай гэж тэр залуугийн урдуур орж миний дээрээс дарж хэвтэж байгаад тэр залууг болиулсан. ... Тэр залуу намайг 2 удаа цохисны дараа шүд уначихаар нь би түүнд хандан “Шүд уначихлаа шүү дээ” гэж хэлэхэд тоохгүй үргэлжлүүлж цохиж зодоод байсан. ...” /хх 24-26/, гэрч Ц.Б-н “...Төд удалгүй машин нь гарааш руу орж тухайн машины жолооч үл таних эрэгтэй гүйж гарч ирээд манай нөхрийг зодсон. Манай нөхрийг энгэрээс нь заамдаж аваад нүүр хэсэгт нь цохиод байсан. ...” /хх 28/ гэсэн мэдүүлгүүдээр, мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн илтгэх хуудас “...Г.Г-н үүдэн дээд талын нэг шүд унасан байдалтай байсныг эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив. ..” /хх 8/ зэрэг баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодсон, мөн тухайн цаг хугацаанд хохирогчийн шүд унасан байсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд дээрх байдал нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн 16167 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдсон, шүүдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Б-с хууль сануулж мэдүүлэг авсан тэрээр үзсэн харсан зүйлийн хүрээнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн, түүний мэдүүлгүүдийг үнэлэхгүй орхих боломжгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон гэмт хэрэг хэрхэн нотлогдож байгаа, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёрын шалтгаант холбоо зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг зэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Үүнээс гадна, Г.Б-н үйлдлийн дараа хохирогч цагдаад дуудлага өгөх хүртэл хугацаанд хохирогч өөр байдлаар гэмтэл авсан байх магадлалтай гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Иймээс шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Мөнгөнзулын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан ба шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоох бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндэд хууль бусаар хохирол учруулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй зардлыг төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

    Шүүгдэгч Г.Б-н үйлдлийн улмаас хохирогч Г.Г-н биед баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүд болон баруун дээд 2-р шүдний сулрал, ... бүхий эрүүл мэндэд нь хөнгөн учирсан болох нь тогтоогдсон ба хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах зорилгоор шүдний имплант эмчилгээ хийлгэх болон имплант суулгах зайлшгүй шаардлагатай болжээ.

     Тэрээр энэ зорилгынхоо хүрээнд 2 удаа АНУ-аас Монгол улсад ирж очсон ба уг зардалд 1074 ам доллар буюу 3.683.820 төгрөг, 1698.10 ам доллар буюу 5.824.140 төгрөг /хх 110-111/, имплантын зардалд 3.710.000 төгрөг /хх 64-66/, мөн хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр АНУ-аас Монгол улсад ирсэн, энэхүү зардалд 2345.25 ам доллар буюу 7.917.564 төгрөг /хх 150/, нийт 21.135.524 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан онгоцны нислэгийн тийз, шүдний эмнэлгийн тодорхойлолт, мөнгө тушаасан баримт зэргээр тогтоогдсон тул дээрх хохирлыг шүүгдэгч Г.Б-с гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

    Харин хохирогчийн нэхэмжилсэн буудлын төлбөр 428.752 төгрөг, 459.620 төгрөг /ямар шалтгааны улмаас буудалд хонох болсон нь тодорхойгүй хх 146/, хиймэл шүд хийлгэсэн гэх нийт төлбөрт 8.860.000 төгрөгөөс баримттай 3.710.000 төгрөгийг хасаж, баримтаар нотлогдоогүй 5.150.000 төгрөг, нийт 6.038.372 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч нь цаашид уг гэмт хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

     Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль үйлчлэхээс өмнөх харилцаанд хэрхэн үйлчлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

       Иймд хохирогч Г.Г-н гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

   Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгтээ шүүх хуралдаанд улсын яллагчаар С.Чимэдцэеэг оролцуулсан мэтээр ташаа бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29ий өдрийн 2024/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-с нийт 3.710.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Барьмид овогт Г.Г-т /РД: ………../ олгож, хохирогчийн нэхэмжлэлээс цаашид гарах эмчилгээний зардал болон нислэгийн тийзтэй холбоотой нэхэмжлэлийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Шүүгдэгч Г.Б-с 21.135.524 /хорин нэгэн сая нэг зуун гучин таван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Г.Г-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 6.038.372 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч нь уг гэмт хэрэгтэй холбоотой цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.Г-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Мөнгөнзулын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР