| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00336/И |
| Дугаар | 312/ШШ2025/00511 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2025/00511
| 2025 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 312/ШШ2025/00511 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Уртбулаг баг .......отод оршин суух ******* овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг толгод ..... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-д холбогдох
Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 10,967,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 17-нд иргэний хэрэг үүсгэж тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.*******,
Хариуцагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 10,967,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Ч.******* нь намайг 2024 оны 9 дүгээр сарын 6-нд түлхэж унагаан баруун хөлийн тавхайн шивнүүр яс хугарч уг өдрөөс хойш 2 сар хөлөө гипсдүүлж 2024 оны 10 дугаар сарын 23 хүртэл 3 сар таягтай байсны улмаас ажил эрхлэх боломжгүй болсон. Би Орхон-Эмпати сургуульд англи хэлний үндсэн багшаар ажиллаж байсан бөгөөд листний хугацаа дууссан өдөр ажилдаа очтол оронд минь хүн авчихсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Би ажлаас гадна англи хэлний сургалт явуулдаг болон оёдлын цехтэй, Эрдэнэт цогцолбор дээд сургуульд суралцдаг байсан. Иймд Ч.*******гээс уг хэргээс үүдэн надад учирсан хохирол болох 4 сартай тэнцэх цалин 1,500,000*4=6,000,000 төгрөг, сургалтын 1-р семестрийн төлбөр 23кр*129,000=2,967,000 төгрөг, англи хэл сургалт, оёдлын цехийн 1,000,000 төгрөг, эмчилгээний нийт зардал=1,000,000 төгрөг, нийт 10,960,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэсэн.
4. Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...би А.*******гийн биед хохирол учруулж 700,000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авхуулсан. А.*******гийн нэхэмжилж байгаа 10,976,000 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тахилзуур ясны цуурал гэсэн оноштой гарсан байхад нэхэмжлэлд шивнүүр яс хугарсан гэж бичсэн байсан, Орхон-Эмпати сургуульд англи хэлний үндсэн багшаар ажилладаг байсан эсэх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байхгүй, Эрдэнэт цогцолбор сургуульд суралцдаг байсан тухай, суралцаж чадаагүй байдал нь тахилзуур ясны цууралтай холбоотой эсэх нь тодорхойгүй, англи хэлний сургалт явуулдаг байсан юм бол хаана ямар газар явуулж байсан тухай нотлох баримт, мөн оёдлын цех ажиллуулж байсан юм бол түрээсийн гэрээ, англи хэлний сургалт, оёдлын цех 2-ын орлого нотлох баримт бичиг байхгүй, эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгөн дүн баримттай танилцахад хоолойны хүлхдэг эм, ханиадны эм, элэг хамгаалах цэнэг, хүүхдийн дархлаа дэмжих витамин, витамин-с зэрэг эм тарианууд уг бэртэлд хамааралтай эсэх нь тодорхойгүй. Иймд А.*******гийн нэхэмжилсэн мөнгөн дүн үндэслэлтэй эсэхийг дахин шалгаж хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хариуцагч Ч.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн орой 23.00 цагт Орхон аймаг Зэст багт байрлах Sugar баарны гадаа бусдыг янхан гичий гэх зэрэг үг хэлээр доромжилж, цохиж зодсон, улмаар түүний энэ байдлыг таслан зогсоох гэсэн хохирогч А.*******г газар түлхэж унагасны улмаас түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны 2025/ШЦТ/25 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа ба зохигч гэм буруугийн талаар маргахгүй байна.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагчаас шаардах эрхтэй байна.
8. Ч.*******д холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 813 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч А.*******гийн биед баруун тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон.
9. Нэхэмжлэгч А.******* нь дээрх гэмтлийн улмаас ажил хийх боломжгүй, сургуульдаа суралцаж чадаагүй үндэслэлээр цалин 6,000,000 төгрөг, сургалтын төлбөр 2,967,000 төгрөг, англи хэлний сургалт болон оёдлын цех ажиллуулж олох ёстой байсан орлого 1,000,000 төгрөг, эмчилгээний зардал 1,000,000 төгрөг, нийт 10,960,000 төгрөгийг хариуцагч Ч.*******гээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй холбоотой болон олох ёстой байсан орлогыг нотлосон баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, дээрх шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас сургалтын төлбөр 2,967,000 төгрөг нэхэмжилсэн нь гэм хорын хохиролд хамаагүй байх тул хариуцагч хариуцахгүй юм.
10. Иймд А.*******гийн эмийн сангаас авч хэрэглэсэн эм болон эмчилгээ үйлчилгээний төлбөрт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа 787,935 төгрөгийг хариуцагч Ч.*******гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,179,065 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
11.Тухайн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Ч.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 23,460 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.*******гээс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 787,935 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,179,065 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Ч.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 23,460 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ