| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0034/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/38 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/38
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1817000410027 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 10-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эгч, ах, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногооны ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овогт Б.Б /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Сет” баарны үүдэнд иргэн Д.Т-ын толгойн тус газар чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Сет” баарны үүдэнд хохирогч Д.Т-ын толгойн тус газар чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад өөрийн найз А, О нарын хамт SET бар луу орсон. Баранд ороод эхний ширээн дээр суусан чинь А шууд бүжгийн талбай руу явж бүжиглээд О 3 пиво захиалаад сууж байсан чинь О-ыг таньдаг гээд хоёр хүн орж ирээд хамт манай ширээнд сууцгаасан. Бид нар сууцгааж байхад О хүнтэй уулзчихаад ирнэ гээд гараад явсан. Би тэгээд бүжгийн талбай руу гарч бүжиглээд байж байгаад А бид хоёр явъя гэж ярилцаад гарахад А ширээн дээр байсан тэр хоёр хүний авсан байсан Сэнгүр нэртэй задласан пивийг аваад гараад явж байсан чинь нөгөө ширээн дээр хамт сууж байсан хоёр залуу буюу Т, Э нар араас гарч ирээд бацаанууд минь яагаад ширээн дээр байсан пиво авч гараад байгаа юм бэ гэж хэлээд Т миний хувцаснаас барьж аваад намайг газарт хавирч унагаад толгой болон бөөр лүү нэг нэг удаа өшиглөхөд манай найз О хаанаас ч юм гарч ирээд намайг салгаж авсан. А тухайн үед зугтаагаад явчихсан.
Тө, Э нар надаас салгаад SET бар луу буцаад орсон гэж байсан. Би О-ын хамт SET барны хойд буланд юм яриад нилээн удаан зогссон яг хэдэн минут зогссон гэдгээ хэлж мэдэхгүй байна. О бид хоёрыг юм яриад зогсож байсан чинь Т, Эр нар барнаас Андууд чиглээд ар араасаа алхаж байгаа харагдсан. Би Т-ыг хараад намайг газар унагаад өшиглөсөн нь санаанд ороод уур хүрээд газраас нэг гартаа багтахаар жижгэвтэр чулуу аваад араас нь гүйж очоод хажуугаар нь гарахдаа Т-ын толгой руу нь цохичихоод зугтаасан тэгэхэд миний араас Э хөөгөөд гүйцээгүй алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/
1.3. Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад СЕТ бааранд ороод 4 шил пиво авч ширээн дээр очиж суугаад ууж байгаад манай ширээнд сууж байсан гурван залуутай нэрээ хэлж хоорондоо танилцсан. Тэгээд Э.Э бид хоёрыг бүжиглэж байгаад буцаад ирэхэд бид хоёрын аваад ууж байсан 2 шилтэй пивийг нөгөө гурван залуу уугаад гараад явсан бололтой хоосон шил нь ширээн дээр байхаар нь Э.Э “нөгөө гурван залуу чинь гадаа байж магадгүй гарч харъя” гээд бид хоёр хамтдаа СЕТ баарнаас гартал баарны гадаа нөгөө гурван залуу зогсож байсан. Нэг залуу нь гартаа нэг шил пиво барьчихсан байхаар нь би тэр гурван залууд “яагаад пиво аваад уучихав” гэхэд миний толгой руу чулуугаар цохьчихоод зугтдаг залуу нь надад уугаагүй гэхээр нь “уусан биздээ, чи юу солиороод байгаа юм бэ” гэж хэлчихээд Э.Э бид хоёр Андууд дэлгүүрийн чигт алхаад явж байхад нөгөө залуу араас хүрч ирээд чулуутай гараараа миний толгойн зулай хэсгийн баруун урд хэсэг рүү цохьчихоод Андууд дэлгүүрийн баруун булангаар тойроод зугтаачихаар нь Э.Э нөгөө залуугийн ардаас хөөгөөд гүйцэлгүй буцаад ирэхээр нь би Э.Э-ын гар утаснаас цагдаагийн 102 дугаарт залгаж гомдол гаргасан. Би “Сет” баар орохоосоо өмнө найз Э бид хоёр хамт Б гэх хуурай ахын урт дэнжид байдаг гэрт очиж золгоод Э, Б ах бид гурав 500 граммын нэг шил “Алтантүрүү” гэдэг архи хувааж уугаад дараа нь Эрхэмбаяр бид хоёр “СЕТ” бааранд орсон юм. Ямар ч байсан пиво уулаа гэж тэр гурван залуутай баарны гадаа хэрүүл маргаан хийсэн, зарим зүйлийг согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Миний толгой руу чулуугаар цохидог залуу надад та намайг хөлөөрөө хавсарч унагаагаад толгой руу өшиглөж зодсон гэж ярьсан. Би тэр талаараа санахгүй байна. Миний санаж байгаагаар “Сет” баарны гадаа нөгөө 3 залуутай маргалдаж байгаад Э.Э бид 2 “Сет” баар луу буцаж орчихоод нэг шилтэй пиво хувааж авч уучихаад баарнаас гарахад нөгөө 3 залуугийн нэг залуу нь хаалганы гадаа зогсож байхаар нь би тэр залуугаас тамхи байна уу гэж асуухад тэр залуу надад тамхи байхгүй гэж хэлээд Э.Э бид 2-той хамтдаа алхаад явж байхад нөгөө нэг залуу нь баруун талаар хүрч ирээд толгойны оройн баруун дээд хэсэг рүү цохичихоод зугтаасан. Надад тэр залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
1.4. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө найз Б.Б, Т.О нарын хамт манай гэрээс гарч 00 цаг дөнгөж өнгөрч байхад “Сет” бааранд орж бид гурав, гурван пиво авч нэг ширээнд сууж пивоо ууж байхад 2 залуу бид гурвын сууж байсан ширээд дээр ирж суугаад 4-5 шил пиво авч уусан. Тэгээд Б.Б, Т.О бид гурав нөгөө 2 залуутай ярьж танилцсан. Т.О Б.Б бид хоёрт хандаад ээж дуудаад байна найз нь явлаа гэж хэлээд гарсны дараа Б.Б бид 2 гарч явахаар босоход ширээнд дээр нэг шил задалчихсан Сэнгүр байсныг бариад гарсан. Б.Б бид 2-г гарахад манай ширээнд сууж байсан 2 залуу бүжиглэж байсан юм. Тэгээд бид 2-г баарнаас гарахад нөгөө 2 залуугийн махлаг залуу нь араас хөөе гэж дуудаад бид 2-г “тэнэг хоёр бацаан минь ширээнд байсан пиво яах гэж авч байгаа юм” гэж хэлээд миний зүүн талын мөрнөөс барьж авахаар нь би махлагдуу ахад “уучлаарай ахаа буруу юм болчихлоо, май энэ пивоо ав би мэдсэнгүй” гээд өгөхөд надаас пивоо авснаа “та 2 ер нь яах гээд байгаа юм бэ” гэж агсрахад би айсандаа ахын цээж рүү нь түлхэж мөрнөөс барьсан гарыг нь тавиулаад шууд зугтаан машин замаар хөндлөн гараад дугуй засварын урд очоод сууж байсан чинь найз Б.Б Андууд дэлгүүрийн булангаар гүйгээд гараад ирэхээр нь дуудаад хүрч ирэхээр нь яасан талаар асуухад нөгөө 2 ах хөөгөөд гэж ярьсан. Б-ийн куртик нь тоос шороо болчихсон, баруун суганаас доод талдаа хүртэл урагдсан байсан. Нүүр царайнд нь шарх харагдаагүй харин уйлсан бололтой байсан. Тэгээд Бумсүрэн бид 2 такси барих гээд зам дээр зогсож байсан чинь цагаан өнгийн машинтай цагдаа ирээд бид 2-г суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирч бид 2-г эрүүлжүүлэхэд оруулж согтолтын зэрэг тогтоосон… гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
1.5. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би найз Д.Т-ын хамт 2018 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 22 цагийн үед пиво уухаар “Сет” бааранд орсон. Бид 2 урд нь Хонхорт байдаг Эрка гэж дууддаг танил найзындаа очиж 1 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи уучихаад бааранд пиво уухаар ирсэн. Бааранд ороод 2 шил Сэрүүн гэдэг пиво аваад бүжиглэсэн. Намайг бүжиглэж байгаад ширээн дээр иртэл Т байхгүй байхаар нь би гадагшаа гартал баарны үүдэнд Д.Т 3 залуутай хэрэлдээд зогсож байхаар нь би очсон. Тэгээд ямар ч байсан Та бид 2 баар луу буцаж ороод пивоо уучихаад баарнаас гарсан, би баарнаас гарахдаа түрүүлээд миний араас Т дагаад машин зам руу чиглээд такси барих гээд явж байтал Т толгой хагалчихлаа гэж хэлэхээр нь би эргээд харахад Төмөрдагва гараараа толгойныхоо орой хэсгийг дараад, Т-ын хажуунаас намхавтар биетэй, урт үстэй малгайгүй залуу Андууд дэлгүүр чиглээд гүйчихээр нь би араас нь хөөгөөд засмал зам гаргаад гүйцэлгүй хоцорч буцаад Д.Т дээр ирэхэд Т надад толгой хагалаад хаячихлаа гэсэн. Тэгээд Т миний гар утсаар цагдаа руу залгаж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
1.6. Гэрч Э.Ор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө найз Б, А нарын хамт “Сет” бааранд 00 цаг өнгөрч байхад орсон. Ороод бид гурав ширээнд суугаад нэг нэг шил Сэнгүр нэртэй пиво захиалж аваад сууж байсан чинь гаднаас Т нэг танихгүй хүний хамт орж ирээд манай ширээнд хамт суучихья гэж хэлээд хамт суусан. Би тэгээд авсан пивоо уулгүй Б би явлаа гэж хэлээд гараад явсан. Би халуун тогоонд ажилладаг найзтайгаа юм яриад зогсож байгаад 01 цаг өнгөрөөгөөд халуун тогооноос гараад Сет баарны гадаа хүрээд ирсэн чинь Б Т газар унагачихсан байхаар нь би очиж Б салгаад авсан чинь Б хувцас нь шороо болсон байсан. Т хамт явсан Э-ын хамт “Сет” баар луу буцаад орсон. Б бид 2 баарны хойд талд юм яриад зогсож байсан чинь Б гэнэт гүйгээд явсан тэгсэн чинь “Сет” баарны гэрэлд Т цаана явж байгаа харагдсан тэгтэл Б Т-ын толгой руу гараараа нэг удаа цохичихоод яваад өгсөн. Тэгээд би араас нь явсан чинь Э Б араас чи манай найзын толгойг хагалчихлаа гэж хэлээд хөөгөөд гүйцээгүй. Би тэгээд тэр 2-н хажуугаар явахад Т толгойгоо барьчихсан явган сууж байхаар нь би хажуугаар нь гараад яваад өгсөн. Намайг зам хөндлөн гараад такси барих гээд засмал зам дагаад явж байхад Б, А 2 Андууд дэлгүүрийн зүүн талын дугуй засварын тэндээс гараад ирсэн. Би тэр 2-той уулзсан чинь А болсон асуудлыг мэдээгүй байсан. Харин Б Т-ын толгойг чулуугаар хагалчихсан гэж хэлсэн. Намайг Б, А нартай таарахад Бу гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Б надад Т-ыг зодох талаар ямар нэг юм хэлээгүй. Т-ын толгой руу хаанаас чулуу авч цохисныг би хараагүй. Би ухаан орсон цагаасаа Б-тэй тоглож өссөн. Б их дөлгөөн тайван барагтай хүний өмнөөс юм хэлэхгүй. Их даруухан гэж боддог. Ямар нэгэн уур уцаар байхгүй. Тухайн өдөр жоохон пиво уусандаа дээрх үйлдлийг гаргасан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
1.7. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай нөхөр Т 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад гэртээ ирж хоноогүй. Би 23-ны өглөө нөхрийнхөө найз Э-ын гэрт очсон чинь манай нөхөр Т толгойгоо хагалуулсан гээд толгойныхоо баруун дээд хэсэгт хагалуулаад эмнэлэгт оёдол тавиулсан гээд унтаж байсан. Би нөхрийгөө сэргээгээд уулзсан чинь 9 цаг гээд цагдаа орчоод гэртээ харина гэхээр нь би орхичихоод гэр лүүгээ явсан. Тэгээд манай нөхөр орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Манай нөхөр ярихдаа “Сет” баарны гадаа толгойгоо хагалуулсан гэж ярьж байсан. Хаанахын хэн гэдэг хүнд хагалуулснаа хэлээгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
1.8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтэд:
- Д.Т-ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/
1.9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтэд:
- Б.Б биед гэмтэл тогдоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Өнөөдрөөс 4-5 хоногийн өмнө хөдөө айлын ямаа самнана гээд манай хүү Б ангийнхаа найз Цээгий гэж дууддаг хүүтэй хамт явсан. Хөдөө хаашаа ямар айл руу явсныг нь би мэдэхгүй надад хэлээгүй. Тухайн хэрэг гарах өдөр Б бага эгч Б-гийн 86858526 дугаарын утастай явсан. Хүү Б Сүмбэр сумын 5-р сургуулийн Б багштай 9-р ангийг төгссөн. Дараа нь Политехникийн коллежийн Х багштай авто засварын ангийг төгссөн. Миний хүү Бу хүнд тусархуу, даруухан, архи тамхи хэрэглээд байдаггүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй… гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28 дугаар хуудас/
2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Бумсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.