Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/757

 

 

 

                                                                   Т.Б, Н.Н нарт

                                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

яллагдагч Т.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/1225 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай эсэргүүцлээр Т.Б, Н.Н нарт холбогдох 2308 00000 1478 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. З овгийн Т-ийн Б, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ялыг нийцүүлэн хасах тухай 440 дугаар захирамжаар 9 жил 4 сар 26 хоногийг хорих ял болгон өөрчилж, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 8 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

2. Х овгийн Н-ын Н, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .... дүүргийн ...дүгээр хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүргийн .... дугаар хороо, ... түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

Яллагдагч Т.Б нь Н.Нтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж, хохирогчийг учирсан гэмт халдлагаас зугтахад араас нь хөөж гүйцэн, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн, газарт унагаасны дараа Н.Наар хохирогчийн өмдний халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авхуулж, хохирогчид 258.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан,

мөн Т.Б нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа дээрх цаг хугацаанд амь хохирогч С.Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлсний улмаас “аман хүзүүний хугарал, хүзүүний 1-3 дугаар нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт, дух, зулайн хуйханд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон хэсэгт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын угт язарсан шарх” гэмтэл учруулан амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэгт,

яллагдагч Н.Н нь Т.Бтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт Т.Б амь хохирогч С.Бийг цохиж, газарт унагааж, хөдөлгөөнгүй болсны дараа хохирогчийн өмдний халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч, хохирогчид 258.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ Т.Бгийн санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсаны дагуу гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт “Яллагдагч Т.Б нь Н.Нтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн ...амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж, хохирогчийг учирсан гэмт халдлагаас зугтаахад араас нь хөөж гүйцэн нүүр лүү нь гараараа цохиж унагаасны дараа Н.Наар амь хохирогчийн халааснаас гар утас, түрийвчийг авхуулж, бусдад 258,600 төгрөгийн хохирол учруулсан...” гэх, мөн “...дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа дээрх цаг хугацаанд амь хохирогч С.Бийн нүүр лүү нь гараараа цохиж хана мөргүүлсний улмаас ...амь насыг нь хохироож, хүнийг алсан...” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэргийн ойлголтыг хуульчилсан ба онолын хувьд гэмт үйлдэл нь тодорхой нэг төрлийн гэмт хэргийн шинжийг хангаж байхад зэрэгцээд тухайн гэмт үйлдлээс үүдэн гарсан гэмт хохирол, хор уршиг нь тусдаа өөр төрлийн гэмт хэргийн шинжийг давхар хангаж байх явдал юм.

Гэмт хэргийн олонлогийн талаарх дээрх ойлголтоос гадна гэмт хэрэг зүйлчлэлийн онолын хувьд нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжиж зүйлчлэгдэх тухай ойлголт бас бий. Ингэхдээ ихэвчлэн гэмт хэргийн зүйлчлэл гэмт хохирол, хор уршгаа дагаж өөрчлөгдөх нь түгээмэл. Тодруулбал, эрүүгийн эрх зүйн онол шүүхийн практикт зарим тохиолдолд гэмт хэрэг нь нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэргээр эхэлж булаах, дээрэмдэх гэмт хэргээр төгсөх, танхайрах гэмт хэргээр эхэлж дээрэмдэх гэмт хэргээр төгсөх тохиолдол буюу зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, эсхүл нэг гэмт хэрэгт нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал хөндөгддөг.

Нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх, сүүлд үйлдэгдсэн гэмт хэрэг нь эхний гэмт хэргээс ямагт хүнд байх шинжийг агуулсан байх ёстой. Мөн эхний гэмт хэрэг төгсөхөөс өмнө уг гэмт хэргээсээ сайн дураар татгалзаж өөр гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжих ойлголтоос ялган зүйлчлэх ёстойг анхаарвал зохино.

Жишээ нь, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал нь зүйлчлэлийн хувьд дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээнээс бага байгаа тохиолдолд шилжүүлэн зүйлчлэхгүй бөгөөд нийлмэл гэмт хэрэгт тооцож, давхар зүйлчилнэ. Хэрэв хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /10.1_2.5-ыг иш татан/-аар, харин амь нас нь хохирсон бол мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтаар шилжүүлэн зүйлчилдэг онцлогтой.

Иймд прокурор өөрийн тогтоосон хэргийн нөхцөл байдал /үйл баримт/-д нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөж ирүүлсний үндсэн дээр эрүүгийн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцвэл зохилтой.

Жич: Гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотой шүүхийн дүгнэлт нь зөвхөн прокуророос тогтоосон яллаж байгаа хэргийн товч агуулгаас үүдэлтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны мэтгэлцээнээр тогтоогдох хэргийн үйл баримтаар эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар нэгэн хязгаарлалт болохгүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг бөгөөд хамтран оролцогчид нь урьдчилан үгсэн тохиролцсон эсэхээс хамааран гэмт хэргийн зүйлчлэл ялгаатай байдаг. Хэрэв прокурор урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйлчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийг журамлан эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргана. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй тохиолдолд гэмт хэрэгт хамтран оролцогчдын төрөл болох гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг ялган зүйлчлэх боломжгүй байдаг.

Гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээтэй холбоотой асуудлаар хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан өмгөөлөгч Б.Түвшинтөгсөөс гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, прокурорын хяналтын эрх хэмжээнд үлдээв. Учир нь, прокурорын байгууллагаас түүний хүсэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлээгүй байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, хяналтын болон дээд шатны прокурор хэн алин нь өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурдсан асуудал нэг бүрд үндэслэл бүхий хариуг хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэн өгөх ёстой. Гэтэл дүүргийн Ерөнхий прокурор хэт ерөнхий хариу өгсөн тул өмгөөлөгч Б.Түвшинтөгс нь Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан боловч тухайн гомдолд дурдсан асуудалд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй боловч яллан дүгнэлтийг өөр үндэслэлээр хүчингүй болгожээ. Ийм учраас өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлэхтэй холбоотой хүсэлт гаргах эрх нь хэвээр хадгалагдаж байгаа болно.

Иймд яллагдагч Т.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Т.Бд урьд авсан цагдан хорих, яллагдагч Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт диск, гурван ширхэг гар утсыг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тусгагдсан нийт 17 асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж тодорхой заасан байхад шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хэргийн үйл баримт, яллагдагч нарын үйлдсэн гэм буруутай тохирч байгаа эсэх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолоор сонсгосон ял үндэслэлтэй эсэх, прокурорын хэргийн зүйлчлэл зөв хийгдсэн эсэхийг хэлэлцэж шүүхээс хэргийн зүйлчлэл тохироогүй, прокуророос сонсгосон ялыг хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж үзэн буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

Тодруулбал прокурор хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллагдагч нарын үйлдэл, оролцоо, хохирол, хор уршиг зэргээс шууд хамааралтайгаар тохирох Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан холбогдох зүйл хэсгээр зүйлчлэн шилжүүлсэн бөгөөд тухайн хэргийн зүйлчлэл нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүхийн хэлэлцүүлгээр бус, гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын хууль хэрэглээний тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүх зүйлчлэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал шийдвэрлэгдэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим холбогдох заалтуудад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн заалт шинээр нэмэгдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр орж ирсэн уг заалтыг тухайн хэргийн үйл баримтаар прокурорын дотоод итгэлийг удирдлага болгон зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй буюу яллагдагчид сонсгосон ял, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, прокурорт зүйлчлэлийг хүндрүүлэхээр даалгаж шийдвэрлэх, дээрх шүүхийн шийдвэрт тусгасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахгүй гэсэн үзэл санаа гэж ойлгож байна.

Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нэрийдлээр хэргийн зүйлчлэл, яллагдагчийн гэм буруугийн талаар урьдчилсан дүгнэлт хийж буй байдал илэрхий харагдаж байх бөгөөд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамааруулан буцаасан нь үндэслэлгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, шүүхийн хэргийн зүйлчлэл хүндрүүлэхээр буцааж байгаа заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна.

2. Мөн шүүхийн шийдвэрт гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээтэй холбоотой асуудлаар хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан өмгөөлөгч Б.Түвшинтөгсөөс гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон гэж дурджээ.

Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг сонсгож, тайлбарлахдаа өмгөөлөгч Б.Түвшинтөгсөөс гаргасан нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурдагдсан нөхцөл байдлууд буюу ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх гээд байгаа нь тодорхойгүй, өмгөөлөгчийн ярьж байгаа асуудал нь гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдох боломжтой талаар тайлбарласан нь шүүхийн шийдвэрт тусгагдсан хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон гэх шийдвэрээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан байх хуулийн шаардлага хангахгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1225 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Т.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Т.Бгийн хувьд цагдан хорих байранд 1 жил гаруй хугацаанд хоригдсон. Өмгөөлөгч Б.Түвшинтөгсөөс гаргасан гомдлыг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа. Тэгэхээр яллагдагч Т.Бгийн зүгээс өмгөөлөгчөөр дамжуулан хэргээ хурдан шийдүүлмээр байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчигдсөн эсэх, дутуу нотлох баримт цугларсан уу, хавтас хэргийн хүрээнд хэргийг шүүхэд шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн талаар хэлэлцэнэ гэж ойлгож байна. Өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд эхлээд үйлдэгдсэн хүн амины хэрэг буюу амь хохирогчийг хана руу саваад хүн амины хэрэг төгссөний дараа дээрэмдэх, нөгөө яллагдагчийн хувьд хулгайлах юм уу гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үргэлжилсэн. Анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэл мөн эсэх асуудал яригдаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс эхний гэмт хэрэг төгссөний дараа, дараагийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна, тэгэхээр хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж байна. Хэрэв хэргийн зүйчлэлийг хүндрүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж, зүйлчлэлийн асуудлыг зөвтгөх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан үндэслэлийг түрүүлээд хэлэлцсэн асуудал ажиллагдаж байгаа. Яллагдагч Т.Б болон өмгөөлөгч миний зүгээс хэргээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэх талаас нь буюу прокурорын эсэргүүцлийг хүлээж авахыг хүсэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.Бг Н.Нтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт амь хохирогч С.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж, хохирогчийг учирсан гэмт халдлагаас зугтахад араас нь хөөж гүйцэн, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн, газарт унагаасны дараа Н.Наар хохирогчийн өмдний халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авхуулж, хохирогчид 258.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан,

мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа дээрх цаг хугацаанд амь хохирогч С.Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлсний улмаас “аман хүзүүний хугарал, хүзүүний 1-3 дугаар нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт, дух, зулайн хуйханд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон хэсэгт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын угт язарсан шарх” гэмтэл учруулан амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Ныг Т.Бтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт Т.Б амь хохирогч С.Бийг цохиж, газарт унагааж, хөдөлгөөнгүй болсны дараа хохирогчийн өмдний халааснаас гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч, хохирогчид 258.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ Т.Бгийн санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсаны дагуу гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “прокурор өөрийн тогтоосон хэргийн нөхцөл байдал /үйл баримт/-д нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

Гэсэн хэдий ч прокуророос хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх шинж байгаа эсэх, эсвэл энгийн бүрэлдэхүүнтэй байх талаар хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Үүнийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судлаж, нотлох баримтыг үнэлж дүгнэсний эцэст гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл хэсэгт хамаарах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх явцад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу хэргийн зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Мөн хэргийг шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль болон 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу аль хуулийг хэрэглэх талаар шүүх болон прокурорын зүгээс дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/1225 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Т.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ