2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01870

 

 

2025 03 07 191/ШШ2025/01870

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** байрлах, А******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** байрлах А******* ******* ХХК /РД:*******/-д (захирал Г.Б******* /РД: *******/) холбогдох,

 

оффисын талбайн түрээсийн төлбөрт 99,340,000 төгрөг, алданги 49,670,000 төгрөг, цахилгааны төлбөрт 420,080 төгрөг, эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 149,500,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А******* ******* ХХК-иас оффисын талбайн түрээсийн гэрээний үүрэгт 149,500,280 төгрөгийг гаргуулах тухай.

А******* ******* ХХК нь А******* Констракшн ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр "Оффисын талбай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 87 дугаар барилга, 5 давхрын 327 м.кв талбайг оффисын зориулалтаар 2 жилийн хугацаатай, сарын 11,445,000 /арван нэгэн сая, дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцож, талбайг шилжүүлсэн боловч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахгүй хугацаа хэтрүүлж байсан тул түрээслүүлэгч талаас удаа дараа албан мэдэгдэл хүргүүлж түрээсийн төлбөрийг шаардаж байсан.

Түрээслэгч компаниас түрээслэж эхэлсэн өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж, нийт 6 удаагийн гүйлгээгээр түрээсийн төлбөрийг манай байгууллагад шилжүүлсэн бөгөөд сүүлийн 9 сарын түрээсийн төлбөрийг төлж барагдуулахгүй хоцроож нийт 99,340,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүйгээс гадна 6,7,8 саруудын цахилгааны төлбөрт 420,080 төгрөгийн өртэй болсон тул манай байгууллагаас 2023 оны 09 дүгээр сард үйл ажиллагаа явуулахыг хориглож түрээсийн обьектийг лацдаж, түрээсийн тооцоо нийлж баталгаажуулан, түрээсийн талбайг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн, гэтэл манай байгууллагад мэдэгдэлгүй түрээсийн обьектийн лацыг хөдөлгөж хаалгийг онгойлгон, түрээсийн талбайгаас эд зүйлсээ авч явсан бөгөөд манай байгууллагаас түрээсийн төлбөрийг төлж барагдуулах талаар захирал Г.Б*******т удаа дараа мэдэгдэхэд энэ сардаа багтаагаад унтрааж төлбөр төлөхөөс зайлсхийж манай байгууллагыг хохироох, өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээгээр тохирсоны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4- заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй алданги 49,670,000 төгрөг тооцсон.

Түүнчлэн, түрээслэгч Аново констракшн ХХК нь ***  бүртгэлтэй байсан бөгөөд түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба түрээслэгч тал хаягтаа бүртгэлгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нь гэрээний үүрэг зөрчсөн хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд холбоотой зайлшгүй зардал тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож, хариуцагчаас 70,200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Иймд, түрээслэгч "А******* Констракшн" ХХК-иас оффисын талбайн түрээсийн төлбөрт 99,340,000 төгрөг, алданги 49,670,000 төгрөг, цахилгааны төлбөрт 420,080 төгрөг, эрэн сурвалжилсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 149,500,280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн 149,500,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 19,500,280 төгрөгөөр бууруулж, 130,000,000 төгрөгт бартераар үл хөдлөх эд хөрөнгө болон а*******машиныг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр санал болгохоор харилцан тохиролцож эвлэрэв. 130,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан тайлбар болон 130,000,000 төгрөг төлөхийг нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын алданги 19,500,280 төгрөгөөс татгалзаж байна. Иймд 130,000,000 төгрөгт эвлэрсэн зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А******* ******* ХХК нь хариуцагч А******* констракшн ХХК-д холбогдуулан, оффисын талбайн түрээсийн төлбөрт 99,340,000 төгрөг, алданги 49,670,000 төгрөг, цахилгааны төлбөрт 420,080 төгрөг, эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 149,500,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 130,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын 19,500,280 төгрөгөөс татгалзаж байна.

3. Талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар ийнхүү харилцан тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А******* ******* ХХК нь хариуцагч А******* констракшн ХХК-д холбогдох 149,500,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 19,500,380 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 130,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 905,500 төгрөгийн 452,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 452,750 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч А******* констракшн ХХК-иас 452,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ******* ХХКолгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА