| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0337/З |
| Дугаар | 128/ШШ2026/0041 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2026/0041
2026 01 06 128/ШШ2026/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч З.Б*******, Б.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б*******ы Х*******,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга,
Маргааны төрөл: “бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалын чиг үүрэг хэвээр, орон тоо хасагдаагүй гэх” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Оюуннасан, Б.М нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Б.Түвшинбаяр хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр “Б.Х*******ийг ахлах референтээр томилсон” тушаалыг хүчингүй болгуулж,
1.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б.Х******* би төрийн албанд 20 дахь жилдээ, үүнээс шүүхийн захиргааны төв байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие тус хугацаанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, референт, ахлах референт, албаны дарга зэрэг албан тушаалд томилогдохдоо мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнгээ үнэлүүлж чадахуйн болон мэргэшсэн, тогтвортой байх зарчмын дагуу дэвшин ажилласан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд эрхэлсэн түшмэл, АА-4 ангилалд томилогдон ажиллаж байсан.
1/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолоор Ажлын албаны бүтэц, орон тоог баталж, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлын албаны төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын жагсаалтыг батлах тухай” дугаар тушаалаар миний даргаар нь ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь газар болсон ба урьд гүйцэтгэж байсан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт хэвээр байгаа болно.
Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт (эрхэлсэн түшмэл, АА-5)-ийн албан тушаалд ажиллаж байгаа гэж үзэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь хууль бус.
Б.Х******* намайг хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтээр ажиллаж байгаа талаар 2024 оны дугаар тушаалд дурдсан боловч албан тушаал бууруулж, уг албан тушаалд томилсон шийдвэрийг надад танилцуулаагүй, миний хувийн хэрэгт ийм тушаал байгаагүй.
Миний ажиллаж байгаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж нь газар, алба байхаас үл хамааран нэгжийн удирдлага буюу удирдах албан тушаалтантай байх нь тодорхой тул энэ тохиолдолд ямар нэгэн орон тоо хасагдаагүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөний дараа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохоор Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гаргуулахаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөтлүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийт ажилтнуудын хурлаар “чөлөөлж, томилсон” гэж хэлээд хурал дуусгасан, нийт ажилтнууд бид ямар албан тушаалд томилогдсоноо мэдээгүй. Уг нь ямар албан тушаалаас чөлөөлж, ямар албан тушаалд томилсныг уншиж сонсгодог. Мөн албан тушаалаас чөлөөлж байгаа тохиолдолд өмнө нь бүтэц өөрчлөгдөхөд мэдэгдэл ирүүлдэг байсан. Мэдэгдэл өгөөгүй.
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн задаргаа и-мэйл ирэхэд ААШЕЗ-4-1 гэсэн и-мэйл ирсэн. Тушаал шийдвэр танилцуулахгүй байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн захиргааны ажилтны бүртгэл, судалгаа хариуцсан шинжээчээс хувийн хэргээ авч, зургийг нь дарж танилцтал 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн огноотой тушаалаар намайг чөлөөлсөн байх боловч, ямар албан тушаалд томилсон шийдвэр байгаагүй. Харин Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалд намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтийн албан тушаалд ажиллаж байгаа гэж бичигдсэн байсан. Бусад албан хаагч нарын тушаалтай хамт биш тусдаа гарсан тушаал байсан. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 дүгээр сарын цалингийн задаргаа и-мэйл ирэхэд ААШЕЗ-5-1 гэсэн и-мэйл ирж цалин хөлс буурсан байсан. Тушаал шийдвэр танилцуулахгүй уншиж сонсгохгүй байсан асуудал нь бусад 20 орчим ажилтнуудыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан үндэслэлээр томилсон буюу дэс түшмэлээс ахлах түшмэл рүү томилсон, дэс түшмэлээс эрхэлсэн түшмэлээр шууд томилгоо хийсэн, хууль тогтоомжийг хүмүүст ялгамжтай хэрэглэсэн, мөн Төрийн албаны шаардлага хангаагүй ажилтнуудыг уг бүтцээр томилсон зэрэг асуудлууд байгаа учраас мэдэгдэх, уншиж сонсгох ажиллагаа хийхгүй тушаал шийдвэр танилцуулахгүй байсан гэж үзэж байна.
2/ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан үндэслэл бүрдсэн байхад намайг томилолгүйгээр албан тушаал бууруулж, эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж, дахин хууль бус шийдвэр гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” ойлгохоор заасан. Б.Х******* намайг хууль бусаар албан тушаал бууруулсан мөртлөө хэвээр хадгалагдаж байгаа газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь логикийн зөрчилтэй, хууль бус шийдвэр болохыг нотолж байна.
Энэ талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргахад 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн , дугаар тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна” гэх хариуг ирүүлсэн нь үндэслэлгүй. Учир нь дээр дурдсанчлан намайг ямар тушаал шийдвэрээр албан тушаал бууруулсан болохыг надад танилцуулаагүй, миний хувийн хэрэгт албан тушаал бууруулсан тушаал шийдвэр байгаагүй. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны дугаар тушаалаар намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо албан хаагчийн нэр, албан тушаалын нэр хэсэгт Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт гэж дурдсан байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан.” гэжээ.
2.1.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбартаа: “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь 2019 оноос хойш энэ бүтцээр явж байгаа. Алба нь газар болж өөрчлөгдсөн. Албан тушаалын тодорхойлолт хэрэгт авагдсан. Хийж байгаа ажил болон чиг үүрэг хэвээрээ хадгалагдаж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлд 41 шүүхийн тамгын газарт биечилж болон цахимаар хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх чиг үүрэгтэй. Дотоод аудит нь зөвхөн санхүүгээ хариуцдаг. Хяналт-шинжилгээ, үнэлгээг 41 шүүхийн тамгын газрын захиргааны үйл ажиллагаанд Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу 5 чиг үүргийн хүрээнд хяналт цахимаар болон биечилж хэрэгжүүлж ирсэн. Тэр чиг үүрэг нь хэвээрээ байгаа. Алба байснаа газар болсноор чиг үүрэг нэмэгдээгүй. Ачаалал бууруулах үүднээс хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах шинжээчийн орон тоог 2-оор нэмж 7 болгосон.
Хариуцагч талаас хяналт шинжилгээ үнэлгээг зөвхөн энэ газар хийдэггүй байсан бусад чиг үүргийн газруудаас шинээр чиг үүрэг нэмэгдэж энэ газрыг том болгосон гэж тайлбарлаж байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 43 дугаар тогтоолоор шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журмыг анх удаа тусгайлан баталсан. Тэр журмыг би өөрөө боловсруулж батлуулсан. 2022 оноос хойш тус журмын хэрэгжилтийг хангаж улсын хэмжээнд байгаа 41 шүүхийн тамгын газарт Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан 5 чиг үүргийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг, хагас, бүтэн жилээр цахимаар, биечлэн хийсэн. Мөн эрсдэл өндөртэй, үйл ажиллагаа доголдож байгаа тамгын газруудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор тусгайлан төлөвлөгөө батлуулж хэрэгжилтийг нь харж газар дээр нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажилладаг. 2022 оноос 2025 оны хооронд нийт 41 шүүхийн тамгын газрын 85 хувьд нь хүрч ажилласан, арга зүйн зөвлөгөө өгч хангаж ажилласан.
Би 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг “газрын дарга”-ын гарын үсгээр батлуулсан. Ахлах референтээр томилогдсоноо мэдэхгүй байж байгаад 2025 оны 1 дүгээр сарын цалингийн задаргаа ирэхэд мэдсэн. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нэгжийн удирдлагуудыг дуудаж “бүтцийн өөрчлөлт хийсэн, томилох болно. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг яаралтай гаргаж өг” гэж хэлсэн. Газрын даргаар томилогдохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг бөглөж, Авлигатай тэмцэх газраас хянаад холбогдох бичиг ирсэн. Түүний дараа цалингийн задаргаа ирэхдээ ахлах референтээр ирсэн. Бид “тушаал шийдвэр гараагүй байхад юу болоод байнаа” гэж хувийн хэрэгтэйгээ танилцахад ахлах референтээр томилсон, газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг тэндээс мэдэж авсан.
Төрийн албанд 21 жил, эрхэлсэн түшмэлд 5 жил 7 сар ажиллаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д ажилласан жилийн туршлага заагаагүй. Чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа бол шууд үргэлжлүүлэн ажиллахаар баталгааг хуульчилсан.” гэжээ.
2.1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан. Эхний нэхэмжлэл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-ийг буруу хэрэглэж албан тушаал бууруулж хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах референт болгож томилсон тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт энэ тохиолдолд хэрэглэгдэх ёсгүй байсан. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тогтоолоор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар буюу байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан гэх үндэслэлийг барьж, өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан гэдэг. Алба байхгүй болсон учир албаны даргын орон тоо хасагдсан гэж тайлбарладаг.
Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дэх заалтыг хэрэглэхийн тулд 2 нөхцөл хангагдсан байхыг шаардана. 2 урьдчилсан нөхцөл хангагдахгүй.
1/ тухайн албан тушаалын орон тоо хасагдсан байх ёстой. Орон тоо хасагдсан гэх ойлголтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор “хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсон байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Өөрөө хэлбэл бүтцээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан чиг үүрэг огт байхгүй болсон байх ёстой. Гэтэл хэрэгжүүлж байгаа ажлын байрны чиг үүрэг нь хэвээр байгаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит нь Төсвийн тухай хууль, Шүүхийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нэгж байгаа. Хуульд заасан энэ чиг үүргүүд нь хасагдсан, байхгүй болсон зүйл тогтоогдохгүй. Нэгж нь алба юм уу, газар гэдэг нэртэй байхаас үл хамаарч тэр нэгжийн удирдлагын чиг үүрэг байх болно. Нэгжийн удирдлага гэдэг орон тоо хасагдсан үйл баримт байхгүй.
2/ цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд томилох ёстой. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч өмнө нь АА-4 ангилал зэрэглэлтэй ажиллаж байсан. Алба болон хэлтэс нь нэг ангилал зэрэглэлтэй, ахлах референт болоод АА-5 болж цалин буурч байгаа. Өнөөдрийн байдлаар түр орлон гүйцэтгэгчээр газрын даргын орон тоог нөхөх хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэж байгаа нь цалин хөлс буурсан гэдэг фактыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй. Сонгон шалгаруулалт явагдаж, магадгүй өөр этгээд газрын даргаар томилогдох юм бол ахлах референт гэдэг албан тушаалд нэхэмжлэгч үлдэнэ. Өмнө нь хэлтэс, албаны даргын шалгуурыг хангаж, сонгон шалгаруулалтад ороод хуулийн дагуу зохих ёсоор томилогдож ажиллаж байсан. Албан тушаал бууруулсан АА-5 ангилал зэрэглэлээс дахин алба, хэлтсийн даргын албан тушаалд ажиллахаар бол дахин шалгалт өгөх ёстой болж байгаа. Эсвэл тухайн байгууллагад адил төрлийн албан тушаалд шилжин ажиллая гэхэд ахлах референтээсээ цаашид тооцогдож, алба, хэлтсийн даргын албан тушаалд ажиллахын тулд шалгалт өгөх ёстой болоод бодитоор эрх зүйн байдал дордсон. Иймд үндэслэлгүй захиргааны актыг гаргаж албан тушаал бууруулсан байна.
Дараагийн нэхэмжлэл нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөх гэдэг эрх зүйн үйл явдалтай холбогдуулж төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэмэгдэл, баталгаа байгаа. Үүнд зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зөвхөн ганц тодорхой нөхцөлийг заасан. Төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан байж болно эсвэл эсвэл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн байж болно, гэхдээ тухайн төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээрээ юу, үгүй юу гэдгийг анхаарч үзэж байж энэ заалтыг хэрэглэх эсэх нь шийдвэрлэгдэх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдөөгүй, иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдаж албаны даргаас хариуцсан алба нь газар болж нэршил өөрчлөгдсөн тул газрын даргаар шууд томилогдох ёстой байсан гэж маргаж байгаа.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаас харвал ангилал өөрчлөгдсөн эсэх хууль зүйн үндэслэлийг шалгаж тогтоосны үндсэн дээр орон тоо хасагдсан уу, үгүй юу гэдэг асуудалд дүгнэлт өгөх шаардлагатай гэх агуулгаар дүгнэсэн байдаг. Иймд ангилал өөрчлөгдөж тэргүүн түшмэл болсон. Ангилал өөрчлөгдөхдөө хууль тогтоомжоор тухайн чиг үүрэгт нь өөрчлөлт орсон уу, үгүй юу гэдгийг шалгаж тодруулах шаардлагатай. Газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэдэг. Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.8, 71.1.25-д заасан хяналт-шинжилгээний чиг үүрэгт 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт ороогүй. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн тухай хуульд 3 агуулгатай нэмэлт өөрчлөлт орсон. 1 дэх нь Шүүх байгуулах тухай хуультай холбоотой нэмэлт өөрчлөлт орж тусдаа хууль болж гарсан. 2 дахь нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн найруулга батлагдсантай холбоотой өөрчлөлт орсон. 3 дахь нь Шүүхийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, энэ нэмэлт өөрчлөлтөөр хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн чиг үүрэгт өөрчлөлт ороогүй.
Хэрвээ хуулиар чиг үүрэгт нь өөрчлөлт орж ангилал өөрчлөгдсөн бол Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх заалтыг алийг нь хэрэглэх вэ гэдэг нь яригдах ёстой. Гэвч энэ тохиолдолд хуулиар чиг үүрэгт нь нэмэлт өөрчлөлт орсон зүйл байхгүй.
Хариуцагч тал “алба гэж байхгүй болсон тул албаны даргын орон тоо хасагдаж, газар шинээр бий болж газрын даргын шинэ орон тоо бий болсон, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу шалгалт өгсний үндсэн дээр томилогдох ёстой” гэдэг тайлбар ирүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох тохиолдолд хэрэглэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл сул орон тоо үүссэн тохиолдолд хэрэглэгдэх ёстой. Сул орон тоо гэж Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-д зааснаар “албан тушаалаас бууруулсан, чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилсон эсвэл нас барсан” тохиолдлуудын улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно. Бодит байдал дээр албан тушаал бууруулсны улмаас буюу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг хэрэглэж ахлах референтээр томилох замаар сул орон тоо бий болгож байна. Тэгээд буцаж Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д зааснаар шалгалт өгөх ёстой гэдэг тайлбар гаргаж ирдэг. Энэ тохиолдолд хэрэглэгдэх энэ бүх асуудлыг шийдвэрлэх ёстой ганц заалт нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт биш, 62.1.3 дахь заалт байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар “тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно.”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д албан тушаалын тодорхойлолтыг нэр томьёоны хувьд “тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг” гэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолт ерөнхий 5 бүтэцтэй байгаа. Ерөнхий мэдээлэл, албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, албан тушаалд тавигдах тусгай шаардлага, албан тушаалтны харилцах субъект, албан тушаалын тодорхойлолтыг баталгаажуулсан хэсэг. Энэ 5 хэсгээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг хэрэглэхэд албан тушаалын зорилго, зорилт буюу чиг үүрэг хэвээрээ байгаа эсэхийг харгалзах ёстой. Гэтэл хариуцагч бусад хэсгүүдийг давхар тайлбарладаг.
Албан тушаалын тодорхойлолтод зорилго, зорилтын чиг үүргийг нь харвал нэгдүгээр зорилтын хүрээнд ч, хоёрдугаар зорилтын хүрээнд ч чиг үүргүүд үндсэндээ ижил байна. Хоёрдугаар зорилтын 1-д албаны даргын тодорхойлолтод “шүүхийн бодлогын баримт бичиг” гэснийг “Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн болон шүүхийн” гэж, “Монгол улсын урт, дунд, богино” гэдэг үг нэмэгдсэн. 2-т төгсгөл хэсэгт албаны даргын тодорхойлолтод “дүнг удирдлагад тухай бүр танилцуулж, зөвлөмжөөр хангаж ажиллах, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж” гэснийг газрын даргын тодорхойлолтод “Үнэлгээ хийх зөвлөмжөөр хангах, хэрэгжилтийн тайлан гаргах ажлыг хариуцан хэрэгжүүлэх, дүнг удирдлагад танилцуулах, эрх бүхий байгууллагад хүргүүлэх” гэж байгаа. Эрх бүхий байгууллагад хууль тогтоомжоор хүргүүлдэг байсан уу гэхээр хүргүүлдэг байсан. Найруулгын шинжтэй өөрчлөлтүүд орсон байдаг.
4, 5 дахь зорилтуудын чиг үүрэгт өөрчлөгдсөн чиг үүрэг байхгүй. Харин газрын даргын тодорхойлолтод 5-д нэгжийн төлөвлөгөө боловсруулж батлах гэж нэмсэн. Энэ нь хууль тогтоомжоор, өөрөөр хэлбэл хийгддэг байсан ажил. Мөн “Төрийн албаны тухай хууль болон төрийн албаны хаагчийн үйл ажиллагаанд тавигдах ёс зүйн журмыг мөрдүүлэх, нийтийн ашиг сонирхлын хуулийн зохицуулалтын хэрэгжилт хангах, архив, албан хэрэг хөтлөлтийн шаардлага хангах” зэрэг хууль, журмаар зохицуулагддаг, өмнө хийгддэг ажлыг тусгасан найруулгын шинжтэй өөрчлөлт орсон.
Бусдаар албан тушаалын тодорхойлолтод чиг үүрэг нь хэвээрээ байна. Мөн газрын дарга болсноор шууд яамны Төрийн нарийн бичгийн даргатай адил түвшний албан тушаалтан болсон мэт ойлгож болохгүй. Учир нь Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь төсвийн шууд захирагч бөгөөд Шүүхийн тухай хуулийн 84-т зааснаар тусдаа ангилал, зэрэглэлтэй. Нэхэмжлэгчийн томилуулах шаардлага гаргасан газрын даргын албан тушаал нь 2019 оны тогтоолын 3 дугаар хавсралтад байгаа. Улсын дээд шүүхийн Тамгын газрын “хэлтсийн дарга”-тай, Хүний эрхийн үндэсний комиссын “хэлтсийн дарга”-тай Шүүхийн ерөнхий зөвлөлийн “газрын дарга” дүйцэж байгаа. Хэлтэс, албаны дарга, газрын даргын албан тушаалын дээд ангилалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэлтэс, албаны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар АА-2 ангилалд ордог. Бусад адил төрлийн Үндсэн хуулийн байгууллагуудын хувьд бүгд хэлтсийн дарга байгаа. Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “газрын дарга”, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны “газрын дарга” АА-3 ангилалтай. АА-5 ангилалд албан тушаал буурч байгаа, Улсын дээд шүүхийн тамгын газарт АА-5 ангилалд “ахлах референт” болох бөгөөд уг ангиллаас АА-4 ангилалд өгсөх гэхээр тусгай шалгалт шаардахаар байгаа тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордуулсан байна.
Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн шинээр бүрдээд дахиж бүтэц орон тоо өөрчилж газрыг алба юм уу, нэг адил ангилалд байгаа хэлтэс болголоо гэж бодоход энэ хүн өмнө нь шалгалт өгч ажиллаж байсан орон тоон дээрээ томилогдохын тулд дахин шалгалт өгөх шаардлага үүснэ. Албан тушаал бодитой буурч байгаа үйл баримтад тусад нь хууль зүйн хувьд дүгнэлт өгөх шаардлага байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нөхцөл үүссэн. Гэтэл 4 хүнийг сугалж Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг хэрэглэж, бусад хүмүүсийн хувьд 62.1.3-т заасныг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэг үйл баримтад хуулийн хоёр өөр заалт хэрэглэсэн.
Тухайн албан тушаалд томилохыг даалгуулахаар маргаж байгаа тул албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгааг тайлбарлая. Нэхэмжлэгч Б.Х******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаартай тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Дотоод аудитын албаны аудитын ахлах референтээр томилогдож 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 297 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авах хүртлээ 1 жил 7 сар ажилласан байдаг. Энэ албан тушаал нь тухайн үед үйлчилж байсан албан тушаалын ангилал зэрэглэлээр АА-5 буюу эрхэлсэн түшмэлийн ангилал, зэрэглэлд хамаарч байсан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж эхлээд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд томилогдсон. Үүнээс харахад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж эрхэлсэн түшмэл ангиллын АА-4 зэрэглэлд хамаарч байгаа албан тушаалд ажиллаж байсан.
Гэтэл хариуцагч нь Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж хүсэхдээ албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй байгаа мэтээр тодорхойлж, Төрийн албаны зөвлөл шаардлага хангаагүй байгаа хүнийг шалгалт өгсний үндсэн дээр томилогдох ёстой гэдэг хариуг ирүүлдэг. Тус буруу зөвлөмжийг үндэслэж нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулж шийдвэрлэсэн. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн албан тушаал бууруулсан шийдвэр нь хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн ажилласан жилийн шаардлагын 50 хувийг хангасан бол дэвшүүлэн томилох заалтыг ярихад нэхэмжлэгч “шатлан дэвшүүл, мэргэшил, ур чадварын тодорхойлолт гаргуулж, томилуулах” гэж маргаагүй. Хариуцагчийн акт ч, нэхэмжлэгчийн шаардлага ч энэ үндэслэлээр гараагүй. “Газрын даргаар томилуулахыг даалгуулах” тухай маргаан байгаа. Иймд тухайн албан тушаалд тавигдах хамгийн бага шаардлагыг хангаж байгаа эсэхийг л авч үзэж байна.
Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн , дугаар тушаалыг танилцуулаагүй учраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цалингийн мэдээлэл ирснээр ахлах референтээр бууруулан томилсныг мэдсэн. 12 сарын цалингийн мэдээллээр нэгжийн даргын цалингаар ирсэн. Авлигатай тэмцэх газраар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөтлүүлж хянуулахдаа “Газрын даргын албан тушаал”-д томилуулахаар мэдүүлэг хөтлүүлсэн тул газрын даргаар томилогдоно гэдэг ойлголттой байсан. Нэгжийн 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 01 дүгээр сарын 20-ны өдөр батлуулахдаа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга гэж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Албан бичгийн төсөл газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж орж ирээд, энэ юу болоод байна гээд хүний нөөцөөс очиж хувийн хэрэгтэй танилцаж тушаалын зургийг аваад гомдол гаргасан.
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн , дугаар тушаал танилцуулаагүй, албан хаагчдад бөөнөөр нь танилцуулсан гэх ч танилцуулаагүйг хурлын СиДи бичлэгээр нотлохоор нотлох баримтаар гаргаж өгсөн. Тушаал танилцуулахдаа чөлөөлж, томилсон талаар ерөнхийд нь хэлсэн. 162 албан хаагчаас 4 хүний тушаал тусдаа гарсан. Үлдсэн хүмүүсийн эрх зүйн байдал дордоогүй байх. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх зүйн байдал дордож байгаа хүмүүст тушаал танилцуулж, гарын үсэг зуруулж баримтжуулах ёстой байсан.” гэв.
2.2.1. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолоор Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаар шинэчлэн тогтоосон бөгөөд Ажлын албаны төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 448, 449, 450, 451, 452 дугаар тогтоолоор тус тус шинэчлэн баталсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, тус газрын даргын албан тушаал "эрхэлсэн" түшмэлийн ангиллаас төрийн албаны “тэргүүн” түшмэлийн ангилалд хамаарахаар болсон. Тэргүүн түшмэлийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын 1 дүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарч байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчдыг тус өөрчлөн зохион байгуулагдсан бүтэц, орон тооны дагуу холбогдох хуульд заасан журам, шаардлагад нийцүүлэн чөлөөлж, томилох шаардлага үүссэн.
Шинээр батлагдсан бүтэц орон тоо, албан тушаалын тодорхойлолттой холбогдуулан Тухайн төрийн жинхэнэ албан хаагч нь газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшил, туршлагыг хангахгүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг хэрхэн томилох талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зөвлөмж хүссэн ******* дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд тус зөвлөлөөс хариу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр зөвлөмж авсан.
Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжид “Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”- “Тэргүүн түшмэл: Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнг Засгийн газрын гишүүний өмнө хариуцна. Байгууллагын төсөв болон төрийн тусгай сангийн удирдлага, санхүүжилтийн талаар хариуцлага хүлээнэ"; "Эрхэлсэн түшмэл: Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, салбар дундын хүрээний асуудалд дүн шинжилгээ хийж бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж гүйцэтгэл, үр дүнг тэргүүн түшмэл, төсвийн ерөнхийлөн болон шууд захирагчийн өмнө хариуцна” гэж тус тус тодорхойлжээ.
Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын тусгай шаардлага, чиг үүрэг нь ялгаатай байхаар хууль, тогтоолд заагдсан байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах” журмыг баримтлан ажиллахыг үүгээр зөвлөж байна.” гэж тусгасан байсан.
Мөн Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд /хэлтсийн дарга-эрхэлсэн түшмэл, газрын дарга-тэргүүн түшмэл/ шилжих тохиолдолд заавал тусгай шалгалт авахаар хуульчилсан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх...;" шаардлага тавигдсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас Төрийн албаны хууль, журам болон Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгч Б.Х*******т Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь газар болон өөрчлөгдөн зохион
байгуулагдаж, албаны даргын албан тушаалын орон тоо хасагдаж газрын дарга болох буюу “эрхэлсэн” түшмэлээс “тэргүүн” түшмэлийн ангилалд шилжих тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгч хуулийн дагуу томилогдох тухай мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгч, тайлбарласан болно.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын бүртгэл 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын сарын 27-ны өдрийг дуустал явагдах талаар 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч сонгон шалгаруулалтад бүртгүүлээгүй болно.
Нэхэмжлэгч Б.Х******* нь төрийн албанд 20 жил 3 сар ажилласан байх бөгөөд үүнээс Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдоод нийт 2 жил 6 сар ажилласан байна. Хэрэв нэхэмжлэгч Б.Х*******ийг газрын даргын албан тушаалд томилбол хууль зөрчсөн томилгоо болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан бөгөөд тус хавсралтад зааснаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референтийн албан тушаал нь тус тус “эрхэлсэн” түшмэлийн ангилалд хамаарна. Өөрчлөгдөн бүтэц, зохион байгуулалттай холбоотойгоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан боловч Төрийн албаны тухай хууль, журам болон Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс нэхэмжлэгч Б.Х*******ийг “эрхэлсэн түшмэл"-ийн ангилал дотор нь буюу тус газрын ахлах референт “эрхэлсэн түшмэл”-ийн албан тушаалын ангилал дотор нь томилсон.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Х*******ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд нэхэмжлэгч мөн өдрөөс эхлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референтийн албан тушаалын цалин дээр нэмж тус газрын даргын албан тушаалын цалингийн зөрүүг нэмэгдүүлэн авч байгаа болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар ажлын албаны бүтэц, орон тоог хэлэлцэхэд ажлын албаны бүх нэгжийн дарга нар биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэгч өөрийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албыг газар болсон, тус албаны даргын ангилалтай дүйцэх өөр нэгжийн албан тушаал байхгүй, газрын даргын албан тушаалын шаардлагыг өөрөө хангахгүй, ангилал дотроо ахлах референтийн албан тушаалд томилогдох болон газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдох боломжтой талаараа тус тус мэдсэн. Мөн ажлын албанаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нийт ажилтнуудын хуралдаанаар шинэчилсэн бүтцийн дагуу чөлөөлж, томилсныг бүх албан хаагчид хурлаар мэдэгдсэн. Тус өдөр нэхэмжлэгч өглөө ажилдаа ирсэн болох нь цагийн бүртгэлийн системийн лавлагаагаар нотлогдох бөгөөд тус нийт ажилтнуудын хуралд бүх албан хаагчид заавал оролцох үүрэгтэй юм. Тухайлбал, тэрээр 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цагийн тооцооны хуудаст өөрийгөө Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан байгаагаас харагдана. Гэтэл тэрээр тус албан тушаалд томилогдсоноо 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн гэж бичсэн нь ор үндэслэлгүй байна. Мөн 2024 оны 12 дугаар сараас нэхэмжлэгчид албан тушаалын цалингийн зөрүү үндсэн цалин дээр нэмэгдэж бодогдож байсан бөгөөд тухайн албан тушаалд томилогдоогүй гэдгээ мэдэхгүй байх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх хугацаа хэтэрсэн байх тул гомдлыг хүлээж аваагүй байна. Иймд нэхэмжлэгч холбогдох хууль тогтоомжид заасан шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны болон шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна” гэжээ.
2.2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюуннасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 207 дугаар тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд бүтэц зохион байгуулалт хийсэн. Хуралдаанаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албыг газар болгон өөрчлөн байгуулсан. Тус газрын даргын албан тушаал эрхэлсэн түшмэлээс тэргүүн түшмэлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотой Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсэгт Б.Х******* албаны дарга байхдаа орсон. Түүний саналаар газрын дарга гэх албан тушаалын тодорхойлолтоор боловсруулж ажлын хэсэгт танилцуулсан байдаг. Тэргүүн түшмэлийн албан тушаал нь 1 дүгээр зэрэглэл, Яамны хувьд Төрийн нарийн бичгийн даргын статустай адилтгаж бусад албан тушаал хамаардаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал нь Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалтай адилхан ангилал статустай болж байгаа. Улсын Их хурлын 2019 оны 18 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл тогтоосон.
Албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг гарсан. Албан тушаалын тодорхойлолт боловсруулахад бүх нэгжийн дарга нар ажлын хэсэгт нь орсон. Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан. Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн газрын даргын албан тушаал АА-3 тэргүүн түшмэлийн ангилалд ордог. Албаны даргын албан тушаал нь эрхэлсэн түшмэл буюу АА-4 ангилалд ордог. Бүтэц зохион байгуулалт хийхэд алба хасагдаж газар болж, Улсын Их Хурлын 18 дугаар тогтоолоор алба гэдэг ангилалд хамаарагдахгүй болсон. Эрхэлсэн түшмэл дээр АА-4, АА-5 гэдэг 2 ангилал байгаа. АА-5 дээр ахлах референт гэх албан тушаал хамаарах болно. Бүтцээрээ алба гэдэг нь байхгүй болсон тул нэхэмжлэгчийг эрх зүйн байдлыг нь бууруулахгүй гэдэг үүднээс АА-5 дээр ахлах референтээр тавьж газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгаа. Энэ бүтцээр ганц Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дарга Б.Х******* гэх хүний асуудал яригдаагүй. Үүнтэй адил 4 албан тушаал ангилал өөрчлөгдсөн. Томилгоо хийгдэж явсан. Бүгдийг ахлах референтээр томилохдоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаас Төрийн албаны зөвлөлд албан бичиг явуулсан. “Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаа эдгээр хүмүүсийн томилгоог яаж хийх вэ” гэх зөвлөмж хүссэн. Зөвлөмж нь “тэргүүн түшмэлийн ангилал руу орж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар тусгай шалгалт өгнө” гэсэн.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар шууд Засгийн газартай харилцахгүй, газрын дарга Шүүхийн ерөнхий зөвлөлд ажлаа тайлагнана, Газрын дарга нь Яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалтай дүйцэхүйц албан тушаал биш, Төрийн захиргааны албаны хамгийн дээд албан тушаал нь Яамны хувьд Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд газрын дарга болж байгаа. Тэрийг нь Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоолоор тогтоож өгсөн.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар газар болгоё гэсэн тогтоол шийдвэр гаргасан.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн захиргааны төв байгууллага. Бид нарын доор 40 шүүхийн тамгын газар байгаа. 40 шүүхийн тамгын газрын дарга нар эрхэлсэн түшмэл байгаа. Засгийн газрын яамны Төрийн нарийн бичгийн дарга салбарын хэмжээндээ асуудлаа шийдвэрлэх болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн газрын дарга нь улсын хэмжээний 40 шүүхийн тамгын газрын захиргааны албыг чиглэл, чиглэлээр нь зангидаж байгаа албан тушаал. Иймд тэргүүн түшмэл байхаас өөр арга байхгүй. Зөвлөлийн бүрэн эрхийн хэмжээнд нэгжүүдийг газар болгож байгаа.
2025 оны 1 сард тусгай шалгалтыг нь зарлаж тусгай шалгалтад орох боломжийг нь хангаж байсан. Гэвч тэргүүн түшмэлийн албаны тушаал Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанд 12 жил, эхэлсэн түшмэлийн албанд 6 жил ажилласан байхыг шаардсан. Б.Х*******тэй адил 2 хүн нь тусгай шалгалтаа өгч тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг авах гэж Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг явсан. АА-4 байхгүй болсон тул АА-5 дээр нь тавьж, шалгалтыг нь гаргаж өгсөн. Аль болох хуульд нийцүүлэх зохицуулалтыг авахыг хичээсэн.
Мөн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал тэргүүн түшмэлийн албан тушаалд хамаарах болно. Иймд тусгай шалгалт өгөх” талаар 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдөр мэдэгдсэн. Үүн дээр давхар эрх зүйн байдал яригдаж байсан тул яаралтай тусгай шалгалтыг нь зарлуулах зохицуулалтыг тухай бүрд нь хийсэн. Хэрвээ шууд томилогдсон бол аль нэг байгууллага руу эсвэл зэрэг дэв, ангилал зэрэглэлийн хооронд хууль бус тушаал гаргах болсон тул Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж хүсэж чиглэл авсан.” гэв.
2.2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн ерөнхий зөвлөл өмнө нь 5 газартай байсан. Шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээллээр хангах, хүний нөөцөөр хангах, эдийн засгийн баталгаагаар хангах гэсэн 5 үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Шүүхийн ерөнхий зөвлөлийн газрын дарга нь тухайн салбарынхаа 5 үндсэн чиг үүрэг бүрийн бодлогыг боловсруулах, тухайн чиглэлээрээ хууль боловсруулах гэх мэт чиг үүрэгтэй. Шүүхийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлээ өөрсдөө тогтоодог, шүүгчийн цалинг өөрсдөө тогтоодог. Шүүхийн захиргааны албан хаагчийг өөрсдөө сонгон шалгаруулдаг. Цалингаа өөрсдөө тогтоодог болох, нээлттэй байдал зэрэг 20 гаруй чиг үүрэг нэмэгдсэн. Яагаад жижиг алба байсан нэгж газар болж байгаа вэ гэхээр нэмэгдсэн чиг үүргийн хүрээнд орон тоог 5 байсныг 7 болгож байгаа. Шүүхээс шаардсаны дагуу чиг үүргийг харьцуулалт хийж нотлох баримтаар хүргүүлсэн. Шүүхийн захиргааны хүний нөөцийн хяналт шинжилгээ хариуцсан референт, шүүхийн тамгын газрын дотоод хяналт шинжилгээ хариуцсан гээд 5 ажилтантай байсан нь 7 болж, жижиг алба байсан нь улсын хэмжээний бодлого боловсруулах газрын тэргүүн түшмэлийн ранктай болсон. Тэгэхдээ манайхаас 3 газар, нэг алба байгуулагдаж өөрсдийнх нь хүслээр буюу 2024 онд бүх нэгжээс бүтэц өөрчлөгдөж, хуульд өөрчлөлт орлоо гэж нэгж болгоноос санал авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанд бүх нэгжийн дарга нар оролцож өөрсдийнх нь саналаар газар болгосон. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 21 аймагт шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг захиргааны төв байгууллага учир нэмэгдсэн чиг үүргийн хүрээнд жижиг аудитын шалгалт хийдэг байсан нь шүүхийн захиргааны ажилтны хэмжээнд, ил тод байдлын хэмжээнд, цалин хөлс тогтоодог байсан хэмжээнд орон тоог нь нэмж чиг үүргийг нэмэгдүүлэхээр эрхэлсэн гээд албаны даргын албан тушаал хасагдаж тэргүүн гэж орж ирсэн. Дотоод аудит нь санхүүгийн дотоод аудит хийдэг байснаа хяналт-шинжилгээ гээд тусдаа хуультай гадагш чиглэсэн 21 аймагт байгаа бүх тамгын газрын, Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хэмжээнд хяналт-шинжилгээ хийдэг том бүтэц болж газар болгосон.
Хяналт шинжилгээ, үнэлгээ тухайн тухайн чиг үүргээрээ хийж байсан. Хэргийн хөдөлгөөний хэлтэс өөрсдөө хийдэг байсан, Шүүх шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтэс мөн өөрсдөө хийдэг байсан. Тодорхой чиглэлээр хүний нөөц, захиргаа тусдаа нэгдсэн журмаар хяналт-шинжилгээ хийдэг байсан. Одоо бүх чиг үүрэг газар болж зөвхөн газар нь хийдэг болж байгаа.
Хуульд өөрчлөлт орсон учир Шүүхийн ерөнхий зөвлөл бүтэц хийсэн. Хийхдээ нэгжүүдээс санал авч, бүх нэгж албан тушаалын тодорхойлолт боловсруулж нэхэмжлэгч тухайн үед “би газрын дарга больё” гэж албан тушаалын тодорхойлолтоо боловсруулсан атал шалгалт өг гэхээр өгөхгүй байгаа. Хууль бус томилгоо Шүүхийн ерөнхий зөвлөл хийхгүй. Ангилал хооронд заавал шалгалт өг гэж Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гарсан. Шүүгчийн аюулгүй байдлын албаны дарга н.Билгүүнзаяа шалгалтаа өгч газрын дарга болсон. Нэхэмжлэгч хууль бус томилгоо хийхийг удаа дараа шаардаж ажил удаж байгаад нь харамсалтай байна.
Төрийн албаны тухай хуульд “Хуульд өөрчлөлт ороогүй бол Төрийн албаны зөвлөл албан тушаалын тодорхойлолтыг зөвшөөрч батлахгүй.” гэж заасан байгаа. Хуульд өөрчлөлт орсноор шинээр 2 шүүх нэмэгдсэн, шүүхийн цахим нэгдсэн төв систем ашиглалтад орж байгаа. Шүүхийн захиргааны ажилтныг сонгон шалгаруулдаг болоод, Хууль зүйн яам руу сонгон шалгаруулалтаа 2 янзаар өгч явж байгаа. Цалин хөлсийг өөрсдөө тогтоодог болсон. Шүүхийн захиргааны ажилтны цалинг 70 хувиар нэмсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл төсвийн хувьд Засгийн газраас хамааралгүй болсон. Захиргааны ажилтнуудыг тусдаа ШЗ гэдэг ангилал зэрэглэлд оруулж бодлогын баримт бичигт тусгасан том том чиг үүрэг явж байгаа. Шүүгчийн цалинг Улсын Их Хурлаас хамааралтай биш албан тушаал эрхэлж байгаагийн хувьд хараат бус бие дааж явах ёстой гэж ачааллаас шалтгаалж тогтоодог болсон. Энэ бүх чиг үүргийг алба 5 хүнтэй хэргийн хөдөлгөөний тусдаа системээр шүүх өөрсдөө хяналт тогтоодог. 2 албан тушаал нэмж улсын хэмжээнд томруулсан. Газар болгох асуудлыг тухайн нэгжүүдээс нь саналыг нь авч хурлаар оруулж шийдсэн.
Шүүх эрх мэдлийн салбарын бодлогын баримт бичиг 10 жил, 5 жил, 4 жилээр, Монгол улсын бодлогын баримт бичиг нь Монгол улсын хэмжээний алсын хараа 2050 буюу улсын хэмжээнд 20, 30 жил үйлчлэх хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэх мэт Монгол улсын хэмжээнд үйлчилж байгаа бодлогын баримт бичигт Шүүхийн ерөнхий зөвлөл хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайлагнадаг болсон. Мөн Нэгдсэн үндсэн байгууллагын олон улсын конвенцийн хэрэгжилт, авлигын эсрэг мөрийн хөтөлбөр хүртэл тайлагнадаг болсон учир “газар” болсон.” гэв.
2.3.1. Иргэдийн төлөөлөгч З.Б******* дүгнэлтдээ: “Б.Х******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн газрын даргын албан тушаалд орохдоо шалгалтаа өгсөн нь зөв гэж дүгнэж байна. Ажилласан жилийн шаардлага болон 50 хувь дүйцүүлсэн зэргийг харахад шалгалтаа өгсөн нь зөв буюу хариуцагч талын зөв гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч тал олон жил ажилласан байна. Ур чадвар хуулийн дагуу шалгалтыг нь өгөөд ажилдаа ирвэл таалагдахаар байна. Хариуцагч талд миний шийдвэр гарахаар байна.” гэв.
2.3.2. Иргэдийн төлөөлөгч Б.Д******* дүгнэлтдээ: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Б.Х*******ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Алба газар болсон талаар сайн ойлгосонгүй. Б.Х******* нь 12 жил ажилласан байх, эрхэлсэн түшмэлээр 6 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна. Шалгалт өгөх ёстой гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагавар бүхий шийдвэр гаргасан болохыг шүүх дараах үндэслэлүүдээр дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаанд хамаарах үйл баримтын хувьд.
1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор тус зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тогтоолын хавсралтын 7-д зааснаас үзэхэд, нэхэмжлэгчийн удирдлагаар нь ажиллаж байсан нэгж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болгож өөрчлөлт оруулсан.
1.2. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар “Төрийн захиргааны албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Б.Х*******ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн дүгээр “Төрийн захиргааны албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хяналт-шинжилгээ хариуцсан ахлах референтээр томилж, мөн өдрийн дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын “сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөх хүртэл” албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Үүнийгээ хариуцагч зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн удирдлагаар нь ажиллаж байсан нэгж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болж өөрчлөгдсөн, үүнтэй уялдан нэгжийн даргын албан тушаалын ангилал албаны даргын албан тушаалын “төрийн захиргааны эрхэлсэн түшмэл” АА-4 ангиллаас газрын даргын албан тушаалын “төрийн захиргааны тэргүүн түшмэл” АА-3 ангилалд хамаарах болсон тул ангилал хооронд шилжих тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгээр заавал тусгай шалгалт авахаар байна, мөн Б.Х******* нь уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтаар тэргүүн түшмэлийн албан тушаалд томилогдоход тавигдах “төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангахгүй хэмээн тайлбарладаг.
Хоёр. Нэхэмжлэгч ... ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болж өөрчлөгдсөн ч эрхэлж байсан нэгжийн даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар үргэлжлүүлэн томилж ажиллуулахаар байхад 62.1.4 дэх заалтыг буруу хэрэглэн чөлөөлж өөр ажилд томилохдоо албан тушаал бууруулан ахлах референтээр АА-5 ангилалд томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчин эрх зүйн байдлыг дордуулсан гэж маргаад нэхэмжлэлийн шаардлагаа,
2.1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр “Б.Х*******ийг ахлах референтээр томилсон” тушаалыг хүчингүй болгуулж,
2.1.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах хэмээн тодорхойлсон.
2.2. Энэ шаардлагаар шүүх өмнө хэргийг шийдвэрлэж “нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих буюу ангилал өссөн тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр тодорхой хуульчилсан байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад 33.3 дахь хэсгийн зохицуулалтын агуулгыг “төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан албан хаагч нь өөр ангиллын өөр албан тушаалын сул орон тоонд дэвшин томилогдоход тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаж байсан ч тусгай шалгалт өгсний үндсэн дээр томилогдох”-ыг ойлгоно гээд, харин энэ хэргийн хувьд төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх захиргааны албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, харин албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан, өөрчлөн батлагдсан албан тушаалын “ангилал” нь өөрчлөгдсөнтэй холбоотой энэхүү маргаан гарсан байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ангилал өөрчлөгдсөн шалтгааныг тодруулсны үндсэн дээр орон тоо нь хасагдсан гэж үзэх эсэх, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
Гурав. Тиймээс энэ хэргийн хувьд шүүхээс дүгнэлт өгөх асуудал нь зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ангилал өөрчлөгдсөн шалтгаан, энэ нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан эсэх, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан эсэх, хариуцагч зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөс үүссэн энэ харилцааг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хангагдах баталгааг зөрчсөн эсэх, ахлах референтээр томилсон нь ангилал бууруулж эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан эсэх, нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацаа шинээр батлагдсан газрын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх, хариуцагч шийдвэрээ танилцуулж гомдол гаргах эрхээр хангасан эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
3.1. Зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ангилал өөрчлөгдсөн шалтгаан, энэ нь үндэслэлтэй эсэх.
3.1.1. Шүүхийн ерөнхий зөвлөл нь “шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдал болон судалгаа, мэдээллээр хангах” үндсэн чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагын ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтоохдоо Төрийн албаны тухай хуулийн 8.1, 8.2-т заасан “төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх төрийн албаны стандарт”-д нийцүүлэх, өөрөөр хэлбэл цомхон, чадварлаг бүтцээр шүүхийн захиргааны албыг зохион байгуулах учиртай.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг өөрчлөхөд нэхэмжлэгч Б.Х******* удирдлагаар нь 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс ажиллаж байсан нэгж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болжээ.
3.1.2. Нэхэмжлэгчийн хашиж байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдах албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаал бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилал нь тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэж 5 шатлалтай, 18.2-т төрийн захиргааны албан тушаалын хамгийн дээд ангилал болох “тэргүүн түшмэл”-ийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарахаар, 18.3-т түүний дараагийн ангилал болох “эрхэлсэн түшмэл”-ийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарахаар, цаашлаад 18.4, 18.5, 18.6-д ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, ... тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарахаар, дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарахаар, туслах түшмэлийн албан тушаалд яамны зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарахаар албан тушаалын ангилал, зэрэглэлийг, 18.7-д Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоохоор, 18.8-д Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор хуульчилснаар,
Улсын Их Хурал 2019 оны 18 дугаар тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан, үүнд тэргүүн түшмэлийн АА-3 зэрэглэлд газрын даргын, эрхэлсэн түшмэлийн АА-4 зэрэглэлд хэлтэс, албаны даргын, АА-5 зэрэглэлд ахлах референтийн албан тушаалыг хамааруулжээ.
Улсын Их Хурал төрийн захиргааны албан тушаалын ангиллын тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэсэн 5 шатлалд хамаарах албан тушаалыг хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5, 18.6-д заасан албан тушаалтай адилтган баталж буй тул Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалтаа батлахдаа хуулийн дээрх зохицуулалтын харилцан уялдаа, бүтцийг алдагдуулахгүй хэрэглэх ёстой, тодруулбал хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5, 18.6-д заасан албан тушаалтай адилтган Улсын Их Хурал тодорхой байгууллагын бүтцийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлах бөгөөд, Шүүхийн ерөнхий зөвлөл ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5, 18.6-д заасан албан тушаалтай адилтган Улсын Их Хурлаас баталсан тэр хүрээнд зохион байгуулалтын бүтцээ нийцүүлэх учиртай.
Өөрөөр хэлбэл хуулиар төрийн захиргааны албан тушаалын ангиллыг адилтгах албан тушаалаар нь заасан, үүнд нийцүүлж Улсын Их Хурал ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалыг баталсан тул байгууллага бүтцийн нэгж, албан тушаалын жагсаалтаа хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5, 18.6-д заасан адилтгах албан тушаалтай болон Улсын Их Хурлаас баталсан ангилал, зэрэглэлийн хүрээнд тогтооно.
3.1.3. Ийнхүү баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлд нийцүүлэн байгууллагын зохион байгуулалтын бүтцээр албан тушаалын жагсаалтыг баталж, албан тушаал бүрээр тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан нийтлэг журмаар боловсруулж, албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөх шаардлага, үндэслэлээ хүргүүлэн Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авч байж албан тушаалын тодорхойлолтыг батлах бөгөөд тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгээр хоригложээ.
Хариуцагчийн тайлбарласнаар ийнхүү зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийгдэх үндэслэл нь Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт гэх авч, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар зарим анхан, давж заалдах шатны шүүхийн нэр, байршил, харьяалах нутаг дэвсгэрийг тогтоосон, шинээр гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан анхан болон давж заалдах шатны шүүх нийслэлд байгуулсан, Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхэд сул орон тооны сонгон шалгаруулалт зарлах үндэслэл, шүүхийн захиргааны байгууллагад зарим асуудлаар шийдвэр гаргах, шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн захиргааны ажилтны цалингийн хэмжээг батлахтай холбоотой хэм хэмжээний акт батлах эрх олгосон байх бөгөөд энэ нь маргаанд хамаарах асуудалд чиглээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх үндсэн чиг үүрэгт нөлөөлөхүйц бүтцийн өөрчлөлт хийгдэхээр зарчмын өөрчлөлт хуульд ороогүй байх ба тиймээс ч референтийн орон тоог 2-оор нэмснээс өөрөөр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба газар болсноор чиг үүргийн болоод бүтцийн, нэршлийн ч өөрчлөлт ороогүй байна.
Түүнчлэн 2024 оны 6 дугаар сарын 24-нд зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, ажлын байрны шинжилгээ хийсэн, үүгээр бусад нэгжүүдийн ажлын байранд ажлын ачаалал, чиг үүрэгт холбогдуулан шинжилгээ хийсэн ч маргаанд хамаарах нэгж болох Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн албан тушаалуудад хийгдээгүй[1].
Өөрөөр хэлбэл зөвлөлийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан үндэслэл болсон хууль тогтоомжийн өөрчлөлтөөр ч, зохион байгуулалтын бүтэц өөрчилсөн шийдвэрээр ч маргаанд хамаарах нэгжийн болоод түүний удирдлагын ажлын байранд аливаа чиг үүрэг нэмэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан албаны даргын албан тушаалын ангилал “төрийн захиргааны эрхэлсэн түшмэл” АА-4 ангиллаас газрын даргын албан тушаалын “төрийн захиргааны тэргүүн түшмэл” АА-3 ангилал болж өөрчлөгдсөнд үндэслэл бүхий шалтгаан тогтоогдсонгүй.
Энэ нь тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглосон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт нийцээгүй, өөрөөр хэлбэл энэ заалтыг хуульд өөрчлөлт орсон нэрийдлээр тухайн нэгжийн хэлбэрийг өөрчлөх замаар албан тушаалын ангиллыг нэмж, албан тушаалын тодорхойлолт, тавигдах шаардлагад өөрчлөлт оруулах байдлаар хэрэглэсэн нь үндэслэлтэй болоогүй байна.
3.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны болон газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг харьцуулан үзвэл шинэ бүтцийн дагуу албан тушаалын нэр өөрчлөгдсөн мэт боловч уг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хэвээр байх тул албан тушаалын ангилал эрхэлсэн түшмэлээс тэргүүн түшмэл болж өөрчлөгдөх үндэслэл бүхий шалтгаан бий болоогүй гэж үзнэ.
Зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаал эрхэлсэн түшмэл ангилалд хамаарах бөгөөд салбарын асуудалд дүн шинжилгээ хийж, бодлого хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг тэргүүн түшмэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцах албан тушаал байна.
Харин Зөвлөлийн шинэ бүтцээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын “алба”-ыг “газар” болгосноор тухайн нэгжийн удирдах албан тушаал “тэргүүн түшмэл” ангилалд хамаарах болж, тэргүүн түшмэлийн ангилалд хамаарснаар Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнг Засгийн газрын гишүүний өмнө хариуцдаг, байгууллагын төсөв, төрийн тусгай сангийн удирдлага, санхүүжилтийн талаар хариуцлага хүлээдэг, Яамны Төрийн нарийн бичгийн даргатай адилтгах албан тушаал болж ангилал өсжээ.
Хариуцагчийн “тус нэгж нь бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг болсон” гэж тайлбарлах ч энэ нь салбарын бодлого боловсруулах эрх хэмжээ олгогдсон гэсэн агуулга биш, шүүхийн захиргааны байгууллагын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит хийдэг дотоод нэгжийн удирдлагын албан тушаал нь салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, төсөв ерөнхийлөн захирах, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнгээр Засгийн газрын гишүүнтэй шууд харилцдаг албан тушаалын ангилалтай дүйцэхгүй юм.
Байгууллагын чиг үүргийн тодорхой хэсэгт хамаарах, зохион байгуулалтын бүтцэд багтах нэгжийн удирдлагын албан тушаалыг өөрөөр хэлбэл төсвийн шууд болон ерөнхийлөн захирагч биш, байгууллагын удирдлага биш, байгууллагын ажлын гүйцэтгэлээр Засгийн газрын гишүүнтэй шууд харилцах чадамжгүй албан тушаалыг төсвийн шууд болон ерөнхийлөн захирагч, байгууллагын удирдлага, байгууллагын ажлын гүйцэтгэлийг Засгийн газрын гишүүний өмнө шууд хариуцдаг албан тушаалын ангилалд аваачиж тогтоосон нь үндэслэлгүй болжээ.
3.1.5. Төрийн албаны зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоотоор өгсөн зөвлөмждөө “тэргүүн түшмэл” ангиллын албан тушаал нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнг Засгийн газрын гишүүний өмнө хариуцдаг, байгууллагын төсөв, төрийн тусгай сангийн удирдлага, санхүүжилтийн талаар хариуцлага хүлээдэг албан тушаал болохыг, эрхэлсэн түшмэл ангиллын албан тушаал нь салбарын асуудалд дүн шинжилгээ хийж, бодлого хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг тэргүүн түшмэл, төсвийн ерөнхийлөн болон шууд захирагчийн өмнө хариуцах албан тушаал болохыг, тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал тусгай шаардлага, чиг үүрэг нь ялгаатай байхаар хуульд, тогтоолд заасныг тайлбарласан байхад Шүүхийн ерөнхий зөвлөл үүнийг үл харгалзан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах” журмыг баримтлан ажиллахыг зөвлөснийг буруу хэрэгжүүлжээ.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын “алба”-ыг “газар” болгон өөрчилсөнд, тодорхой үндэслэл, хэрэгцээ шаардлага тогтоогдсонгүй, тогтоолд үндэслэлээ болгосон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2024.06.05/-иар шүүхийн захиргааны байгууллагын чиг үүрэгт, тухайлан хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх чиг үүрэгт өөрчлөлт орох, чиг үүрэг нэмэгдэх хэрэгцээ шаардлага үүсээгүй байгааг шүүх дүгнэлээ.
3.2. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан эсэх, албан тушаалын орон тоо хасагдсан эсэх, хариуцагч зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөс үүссэн энэ харилцааг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар шийдвэрлэсэн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хангагдах баталгааг зөрчсөн эсэх.
3.2.1. Нэхэмжлэгч Б.Х*******ийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс хашсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын чиг үүрэг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт хэвээр хадгалагдаж байгаа нь дараах байдлаар тогтоогдож байна.
а/ Төрийн албаны зөвлөлийн 2022 онд баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын тодорхойлолт, 2024 онд баталсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилго, зорилт дахь чиг үүргийг харьцуулан үзвэл албан тушаалын зорилгод “Хууль тогтоомж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө өр төлбөр, орлого, зарлага, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, Ажлын алба, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн ажлыг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хариуцан тайлагнаж, Ерөнхий зөвлөл, Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцуулна.” гэж заасан нь хэвээр,
Албан тушаалын зорилгод “ ... Шүүхийн бие даасан байдлыг хангах бодлого, ... байнгын хяналт-шинжилгээ хийж, аргачилсан зөвлөмж гаргаж, биелэлтийг хангах, Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх аргачлалыг боловсруулж, батлуулах, батлагдсан аргачлалын дагуу” гэсэн үг нэмэгдсэн гэх боловч эдгээр нь шинэ чиг үүргийн дагуу нэмэгдсэн зорилго биш, байсан чиг үүргийн хүрээ, арга замыг тодруулан тайлбарласан агуулгатай байх тул ажлын байрны зорилгод шинээр чиг үүрэг нэмэгдсэн гэж үзэхгүй.
б/ Дээрх зорилгын хүрээнд хэрэгжүүлэх зорилт 1-д “Төсвийн хөрөнгийг зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит гүйцэтгэх үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн чиг үүрэг үгээр ч, утга агуулгаараа ч хэвээр,
в/ Зорилт 2-т “Шүүхийн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” гэсэнд “бодлого”-ын хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр, хяналт-шинжилгээ үнэлгээг “байнгын” хийхээр, улмаар “аргачилсан зөвлөмж гаргаж, биелэлтийг хангах”-аар тусгасан нь тухайн ажлын байранд гүйцэтгэх чиг үүрэг нэмэгдсэн агуулгагүй, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх хүрээнд хууль тогтоомж, төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний сацуу салбарын бодлогын хэрэгжилт хамаарах нь тухайн нэгжийн гүйцэтгэх чиг үүрэгт угаас хамаарна. Өөрөөр хэлбэл шүүхийн үйлчилгээнд салбарын бодлогын хэрэгжилтийг хангуулах нь шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж буй бүтцийн нийтлэг чиг үүрэгт хамаарах бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нь тус нэгжийн чиг үүрэгт шинээр нэмэгдсэн хэрэг биш.
г/ Зорилт 3-т Ажлын алба, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх, биелэлтийг хангуулах ажлыг нэгтгэн зохион байгуулахаар заасан нь хэвээр, Ажлын алба, шүүхийн тамгын газрыг нийтэд нь шүүхийн захиргааны байгууллага гэж нэрлэсэн нь тус нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх объектыг л өөрөөр тодорхойлсноос биш, объектын хүрээ нэмэгдээгүй.
д/ Зорилт 4-т Нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах чиг үүрэг хэвээр,
е/ Зорилт 5 гэж “хууль тогтоомжоор хүлээсэн бусад чиг үүрэг” гэж нэмсэн нь тодорхой чиг үүрэг нэмэгдсэн агуулгагүй, хууль тогтоомжоор хүлээсэн бүхий л чиг үүргийг хэрэгжүүлэх нь угаас байсан агуулга юм.
Өөрөөр хэлбэл шүүхийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгжийн болон, түүний удирдлагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх объект, хүрээнд ямарваа өөрчлөлт ороогүй, шинээр чиг үүрэг нэмэгдээгүй байх тул газрын даргын албан тушаалын чиг үүрэг албаны даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй, аливаа чиг үүрэг нэмэгдээгүй буюу албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзнэ.
Ийнхүү шүүхийн захиргааны удирдлагын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн чиг үүрэг хэвээр, бүтцэд мэргэжилтний 2 орон тоо нэмэгдсэнээс өөрөөр нэгжийн бүтцэд өөрчлөлт хийгдээгүй, нэхэмжлэгч Б.Х*******ийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс хашсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын чиг үүрэг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт хэвээр хадгалагдсан байна.
3.2.2. Шүүхийн захиргааны удирдлагын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн удирдлагын албан тушаалын орон тоо хасагдаагүй буюу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “орон тоо хасагдсан” нөхцөл үүсээгүй байна.
Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр “албаны даргын орон тоо хасагдсан” гэх атлаа хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчийг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхдээ “сул орон тоо”-г нөхөх хүртэл гэсэн нь тухайн нэгжийн удирдлагын орон тоо хасагдаагүйг баталсан, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгох зохицуулалтад тохирохгүй байна.
Иймд шүүхийн захиргааны удирдлагын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн удирдлагын буюу албаны даргын “орон тоо хасагдсан” гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.
3.2.3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, 84.1.2, 84.1.3, 84.4, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207, 208 дугаар тогтоол, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан /Хавсралтын 3/ 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Б.Х*******ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт /Эрхэлсэн түшмэл, АА-5/-ийн албан тушаалд томилсон байна.
Тушаалд баримталсан дээрх хууль тогтоомжоос төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд өөрчлөлт оруулсан үндэслэлд хамаарах нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт байх хэдий ч уг заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, албан тушаалаас бууруулан томилох үндэслэлийг зохицуулаагүй, төрийн байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнээс албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байраар хангах төрийн жинхэнэ албан хаагчийн “хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх” баталгааг хангах зохицуулалт юм.
Тодруулбал мөн зүйлийн 62.1.3 дахь заалт нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах замаар, 62.1.4 дэх заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох замаар төрийн жинхэнэ албан хаагчийн “хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх” баталгааг хангах зохицуулалт юм.
Дээр дүгнэсэнчлэн шүүхийн захиргааны удирдлагын байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн чиг үүрэг хэвээр, бүтцэд 2 мэргэжилтний орон тоо нэмэгдсэнээс өөрөөр нэгжийн бүтцэд өөрчлөлт хийгдээгүй, нэгжийн удирдлагын албан тушаалын орон тоо хасагдаагүй буюу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “орон тоо хасагдсан” нөхцөл үүсээгүй буюу хариуцагч хуулийн энэ зохицуулалтыг буруу хэрэглэснээс шийдвэр нь хууль бус болжээ.
3.3. Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн дүнд нэхэмжлэгчийг албаны даргын албан тушаалаас чөлөөлж, ахлах референтээр томилсон нь төрийн захиргааны албан тушаалын ангилал бууруулж эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан эсэх.
Албаны даргын албан тушаалын “төрийн захиргааны эрхэлсэн түшмэл” АА-4 ангилалд ажиллаж байсан Б.Х*******ийг хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтээр эрхэлсэн түшмэл АА-5 ангилалд томилсон нь албан тушаалын хувьд ангилал, зэрэглэл, цаашлаад цалин хөлс буурсан байх тул “ангилал дотор нь томилсон, цалин хөлс буураагүй” гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.
Иймд зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр албаны даргын “орон тоо хасагдсан” гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Х*******ийн ахлах референтийн ажлын байранд томилсон нь албан тушаал, албан тушаалын ангилал, зэрэглэл бууруулж эрх зүйн байдлыг нь дордуулсны дээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь гүйцэтгэж байсан чиг үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх баталгааг зөрчсөн шийдвэр болжээ.
3.4. Нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацаа шинээр батлагдсан газрын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх,
3.4.1. Хариуцагчийн тайлбартаа дурдсан ангилал хооронд шилжихэд тусгай шалгалт өгсөн байх шалгуур тавигдана гэх зохицуулалт буюу Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан нь шууд утгаараа төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан албан хаагч нь өөр ангиллын өөр албан тушаалын сул орон тоонд дэвшин томилогдоход тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаж байсан ч тусгай шалгалт өгсний үндсэн дээр томилогдох буюу төрийн захиргааны албан хаагч нь өөр ангиллын албан тушаалд дэвшин томилогдохыг өөрөө хүссэний үндсэн дээр тусгай шалгалт өгч томилогдох зохицуулалт гэж ойлгохыг давж заалдах шатны шүүх магадлалдаа тайлбарласан.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр тогтоолд “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу эхний ээлжинд тухайн байгууллага дотор болон холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, мэргэжил, хэрэгжүүлж байгаа чиг үүрэг адилхан, тухайн асуудлаар мэргэшсэн албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, дэвшин ажиллах боломж олгосны дараа тухайн шалгалтад хэн ч тэнцээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс сонгох зарчимтай. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан чадахуйн зарчим нь хувь хүний мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар туршлага, ажлын үр дүнд тулгуурлах шалгууртай болохыг дүгнэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн тавьж буй “тусгай шалгалт өгөх” шаардлагын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг нь зохион байгуулалтын бүтцээр албан тушаалын ангилал нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчид шууд тавигдах шаардлага биш, уг харилцаанд хэрэглэгдэхгүй зохицуулалт байна.
3.4.2. Нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацаа, тэр дундаа эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажилласан хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаар тушаалаар томилогдон ажилласан /АА-5 эрхэлсэн түшмэл/ Дотоод аудитын албаны аудитын ахлах референтээр ажилласан хугацааг, тухайн албан тушаалаас жирэмсний болон амаржсаны чөлөө эдэлсэн хугацааг оруулан, 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн хугацаанаас тооцох нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно” гэсэнд нийцнэ.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар "иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг чадахуйн зарчим /мерит/" гэх бөгөөд 7 дугаар зүйлийн 7.1.2-т төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлахыг зааж, 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны албан тушаалд чадахуйн /мерит/ зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилохоор, 26.2-т төрийн алба хаасан хугацааны тусгай шаардлагыг хангасан тохиолдолд чадахуйн зарчмын шалгуурыг хангасанд тооцохоор, 26.3-т ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болохоор, энэ нь чадахуйн зарчимд нийцэхээр хуульчилсан.
Хариуцагч нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацаа, тэр дундаа эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажилласан хугацааг тооцохдоо дээрх 26.3 дахь заалтыг харгалзаагүй, албан хаагчаас үл хамаарах шалтгаанаар албан тушаалын ангилал өөрчлөгдсөн энэ тохиолдолд уг нөхцөлийг харгалзах нь гагцхүү чадахуйн зарчимд тулгуурлах төрийн албаны томилгооны зарчимд нийцнэ.
Дээрх зохицуулалтын төрийн алба хаасан хугацааны тусгай шаардлагын 50 хувийг хангасан албан хаагчийг дэвшүүлэх, томилох асуудлыг шийдвэрлэхдээ дан ганц төрийн алба хаасан хугацааны шалгуурыг биш, уг шалгуураас гадна хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнгийн үнэлгээ, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүйд тулгуурлан шийдвэрлэхээр байх тул нэхэмжлэлийн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
3.5. Хариуцагч шийдвэрээ танилцуулж Төрийн албаны төв байгууллагад гомдол гаргах эрхээр хангасан эсэх.
Зөвлөлийн ажлын албанд зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийсэн шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүйн дээр ийнхүү бүтцийн өөрчлөлтөөр түүний ажиллаж буй алба газар болж буйг, түүний хашиж буй албаны даргын албан тушаал ангилал өөрчлөгдөж буйг мэдэж байсан тул хариуцагчийг шийдвэр гаргахаасаа өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болох нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгахгүй.
Харин нэхэмжлэгч нь “2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар ямар албан тушаалд томилсноо мэдэгдээгүй, ... зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөний дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хөтлүүлж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхэд Авлигатай тэмцэх газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 05/19790 тоот албан бичгээр дүгнэлт гаргуулсан, ... 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн задаргааны мэдээллээр нэгжийн даргын албан тушаалын цалин олгогдсон, 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хувийн хэргээсээ 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг танилцаж зургийг нь авсан, уг тушаалаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтийн албан тушаалд ажиллаж байгаа гэж бичигдсэн байсан, ... тушаалыг танилцуулаагүй, гардуулаагүй” гэж маргадаг.
Төрийн албанд хөдөлмөрлөх харилцаа үүсгэх, өөрчлөлт оруулах, дуусгавар болгохтой холбоотой шийдвэр түүнд хамаарах иргэний хувьд субьектив эрхэд хамаарах бөгөөд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, албан тушаалыг өөрчлөн томилсон, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн шийдвэрээ Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж зааснаар танилцуулах, гардуулах, хувийн хэрэгт нь баяжилт хийх ёстой. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч ямар албан тушаалд томилогдсоноо мэдэх, уг шийдвэрт гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар танилцуулсан гэх авч, нэхэмжлэгчийн тухайд албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, ахлах референтийн албан тушаалд томилсныг танилцуулсан баримт гаргаж нотлоогүй, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэл “алба газар болсноор даргын албан тушаал тэргүүн түшмэл ангилалд хамаарах тул тусгай шалгалт өгөх”-ийг мэдэгдсэнээс ахлах референтээр томилох болсныг танилцуулж, мэдэгдсэн агуулгагүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч албан тушаал бууруулан томилсон шийдвэрээ танилцуулаагүй, мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Ийнхүү шийдвэрээ танилцуулаагүйгээс уг шийдвэрт гомдол гаргах эрхээр хангаагүй байна. Тиймээс ч албан тушаал бууруулан томилсон, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б154, дугаар тушаалуудыг эс зөвшөөрч 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг “гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн” хэмээн хүлээн аваагүй, өөрөөр хэлбэл төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн албатай холбоотой гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаар уг шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгэж шийдвэрлүүлэх эрх нь зөрчигджээ.
3.6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын нэхэмжлэгч Б.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж шийдвэр гаргахыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 62 дугаар зүйлийн 62.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг баримтлан Б.Х*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын нэхэмжлэгч Б.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж шийдвэр гаргах үүргийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагаас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] Хэргийн 2 дугаар хавтсын 4-18 дугаар хуудас