Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/772

 

 

                                                               П.Мад холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинбилиг,

шүүгдэгч П.Мын өмгөөлөгч М.Хатанзориг,

хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, Б.Алтанзул, Ч.Пүрэвсүрэн,

иргэний хариуцагч “Ск” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэлийн өмгөөлөгч К.Жархынбек, Э.Ганбат, Б.Баатарсайхан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Мын өмгөөлөгч М.Хатанзориг, хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, Б.Алтанзул, Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Мад холбогдох 2206 05730 1605 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн П-ийн М, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Шүүгдэгч П.М нь “Ск” ХХК-ийн эмнэлэгт арьс гоо заслын эмчээр ажиллаж байхдаа каннула арьсанд нэвтрэх цэг нь хатгалт бүртээ 2 удаагийн үйлдлээр хийгдэх, хатгалт хийх цэгийн эхний хатгалт нь удирдамж дахь 31G зүүгээр арьсны гадаргууг цоолж судас гэмтсэн эсэхийг шалгасны дараа каннула арьсанд нэвтэрч орох нүхийг бэлтгэх, урьдчилж тарианы зүүгээр цоолж бэлтгэсэн нүхээр хурц үзүүргүй мохоо каннулаг арьсны давхаргад оруулах, филлер шахахаас өмнө эмч үйлдлээр судсыг шалгах үйлдлийг хэрэгжүүлээгүй буюу филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.Зд GANA V PLLA найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэгт каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овгийн П-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний гоо засал хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

хохирогч Х.З хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.М болон иргэний хариуцагч “Ск” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Х.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний бие “Ск” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах эмнэлгийн “үйлчлүүлэгчдэд аюулгүй, дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлдэг” гэсэн зар сурталчилгааг олон нийтийн сүлжээнээс харж итгэн үнэмшиж, эмнэлгийн байгууллагыг зорин, 9 жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ганц биеэр асарч өсгөсөн, хүүхдийнхээ эмчилгээний төлбөрүүдийг олохоор суралцаж ажилласан гэх мэт амьдралын өдөр тутмын олон бэрхшээлүүдээс шалтгаалан нүүрэнд үүссэн хонхойлт, ядралтын эсрэг эмч П.Мын санал болгосон, олон нийтийн сүлжээгээр мөн сурталчилсан байсан GANA V/ ГАНА В филлер тарилгыг хийлгэж байх явцдаа тэр дороо баруун нүд хараагаа алдан сохорч 3 дугаар нэгдсэн эмнэлгийн нүдний тасагт 10 хоног судас тэлэх, үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэн тухайн тасгийн эмч нарын “манай эмнэлгийн зүгээс танд хийж чадах зүйлээ хийлээ, бидэнд өөр хийж чадах эмчилгээний арга барил, тоног төхөөрөмж алга, та боломжтой бол гадны улс орныг цаг алдалгүй зориод үзээрэй” гэсэн хариуны дагуу ХБНГУ, Непал гэх мэт дэлхий дахинд нүдний чиглэлээр мэргэшсэн, олон жил үйл ажиллагаа явуулсан, лаборатори, технологи сайн хөгжсөн орнуудын эмч мэргэжилтэн, профессоруудын эмнэхүйн дэмжлэг тусламжийг хараагаа алдсан болон хараатай үлдсэн нэг нүдэндээ аврах, эмчлүүлэхээр тухайн эмнэлгүүдэд 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэл маш хүнд эмчилгээ, шинжилгээнүүдийг хийлгэсэн боловч 2023 оны 4 дүгээр сард дахин хараа орохгүй онош Непалын Эй Эс Жи эмнэлгээс тогтоогдсон, мөн 3 дугаар эмнэлгийн нүдний тасгаас дахин хараа орохгүй буюу абсолют блинд онош тогтоогдсон.

С эмнэлгийн удирдлагуудад ХБНГУ-ын “Варисано” эмнэлэгт шинжилгээ хийлгэн нүдний хүүхэн харааны цилиарын үхжилт онош авсан, “бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ганц бие ээж тул би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болж болохгүй, хүүхдээ гадны улс оронд эмчлүүлэхээр ажиллаж байгаа тул би заавал өөрөө бүрэн бүтэн байх ёстой, тиймээс танай эмнэлэг миний цаашаа эмчлүүлэх зардлыг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт тавихад “300 сая төгрөг өгье, харин болсон явдлыг үүрд нууж, холбогдох төрийн байгууллагад гаргасан бүх гомдлуудаа буцааж тат, эцэг эх, хэнд ч хэлж болохгүй, үхэн үхтлээ өөрөөсөө ч нуу” гэсэн агуулга бүхий заалттай, хохирогчид эрх гэж нэг ч заалт зүйлгүй дан үүргүүд хүлээлгэсэн гэрээг хийе гэсэн. Миний хувьд надад нүдээ эргүүлээд хараа оруулж л байвал, охиндоо тусалж, ээж нь бүтэн болж байвал юу ч хамаагүй тийм хүнд хэцүү нөхцөлд байсан тул би зөвшөөрч, С эмнэлэг 200 сая төгрөг өгсөн. Харин 4 сарын дараа үлдэгдэл 100 сая төгрөгийг өгөх боломжгүй гэсэн. С эмнэлгийн өгсөн төлбөр нийт 240 сая төгрөг буюу 68 мянган доллар нэг нүдээ сохлуулан эмчлүүлж байгаа, хараатай үлдсэн нүдээ хамгаалах, тархины зүүн талын судасны нарийслийг эмчлүүлэхээр тэмцэж яваа миний эмчилгээнд хаанаа ч хүрээгүй, би ойр дотныхоо хүмүүсээс Герман улсын Франкфурт хотын Варисано эмнэлэгт 1 сар орчим эмчлүүлж, олон төрлийн шинжилгээнүүд хийлгэхэд, Непалын Катманду хотын Эй Эс Жи эмнэлэгт 2 сар эмчлүүлж оношлуулахад маш их мөнгө гаргуулсан, өнөөдрийг хүртэл би асар их зээл төлбөрийн асуудлуудтай эдийн засаг, санхүүгийн маш том уналтанд орсон байна. Хохирол учирснаас хойших эмнэлгүүд, зочид буудал, нислэг гэх мэт төлбөрүүд баримтаар авах боломжтой авагдсан, харин урсгал маш их хэмжээний хэрэглээний, эмийн, хоол унаа, хүүхэд асрагч гэх мэт тогтмол зардлууд баримтаар авагдаагүй. Надад баримтаар авах туршлага байсангүй. Мөн тийм ухаан санаагүй зөвхөн хараагаа алдсан зүүн нүд, зүүн тархины судас нарийсалтаас үүссэн байнгын өвдөлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэсэн асуудлууд л толгойд минь байлаа. Зөвхөн би биш хэн ч энэ зовлон, өвдөлт, ирээдүй, бүх боломжоо алдаж байгаагаа биеэрээ туулж, хохирч явахдаа мөнгө бодохгүй учирсан юугаар ч нөхөгдөшгүй гарз хохирлоо бодож түүнийгээ нөхөөд авах юмсан, нүдээ хараа оруулаад хүүхэддээ туслах юмсан гэхээс өөр зүйл бодох сөхөөгүй явах байх.

Анхан шатны шүүх хуралд хохироосон тал өөрийгөө хариуцагч тал хэмээн нэрийдсэн бамбайн доор 3 өмгөөлөгчтэй оролцож, өмгөөлөгчид хохирсон миний хохь мэтээр “Хүн өвдсөн ч иднэ, өвдөөгүй ч иднэ, хүнсний дэлгүүрийн баримт манай эмнэлгийн хариуцах зардал биш, нүдээ эмчлүүлэхээр эмнэлэгт яах гэж үзүүлсэн юм, нэгэнт сохорсон бол юу ч хэрэг байхгүй нь тодорхой байхад мөнгө авахын тулд гэрээ хийж манай байгууллагыг хохироосон, шантаачилж байна” гэсэн ярианууд их яригдсан.

Би ээжээсээ бүтэн төрсөн. Би тэр эмнэлгийг зорьсон, эмнэлгийн удирдлагад, маркетинг, чадварт, туршлагад, бүтээгдэхүүнд итгэсэн. Өнөөдөр би дахиад хэзээ ч олдохгүй гарзыг биедээ авч хайран сайхан нэг нүдээ, харах эрхтэнээ алдан, хагасарсан мэдрэмжтэй асар их зовж явна. Надад нүд олдохгүй, харин эмнэлэгт /бизнесийн байгууллагад/ мөнгө олдоно. Би уг байгууллагын алдаанаас болж сохроогүй байсан бол өөрийн хөдөлмөрийн буянаар хоол хүнсээ авч иднэ. Харин уг байгууллага миний биеийг хөгжлийн бэрхшээлтэй болгосон бол би хөдөлмөрлөж чадаагүй, чадваргүй, өвчтэй байсан тэр хугацаанд бусдаас зээлж, байгаагаа зарж хоол унд авч үр хүүхдээ тэжээсэн төлбөрийг уг байгууллага гаргах нь зүй ёсны асуудал.

Би хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэйг мэдсэн тэр цагаасаа тасралтгүй суралцаж Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Урлагийн академийг Загвар зохион бүтээгчээр суралцан төгсөж, түүнээс хойш охиноо гадны улс оронд эмчлүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн мэргэжилтэн, зуучлагч, Америкийн Серхантын курс, Санхүүгийн зохицуулах хорооны сургалтуудыг амжилттай дүүргэн Санхүүгийн зохицуулах хороонд шалгалт өгч, өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн тусгай зөвшөөрөлтэй компанийг үүсгэн байгуулж, 2 амины орон сууцны төслийг эхлүүлж, Араб-д реферал гэрээ хийн олон улсын хамтын ажиллагааг эхлүүлэх инноваци, хурд ухаан, мэдрэмж шаардсан ажлуудыг төлөвлөн гүйцэтгэхээр дөнгөж ажиллаж эхэлж байхдаа энэ хохирлыг авсан. Надад ийм том хөдөлмөрлөх боломж байсан. Миний охинд ээжийнхээ ариун үйлсээр эдгэрэх, сургуульд явах боломж байсан. Энэ зовлонгийн дэргэд шантаачлах, шантаач гэсэн үг хэтэрхий инээдтэй, бас гунигтай.

Миний хувьд анхны мэдүүлгээ уг байгууллагад буюу С эмнэлэгт гомдолтой, уг байгууллагын надад хийсэн филлер тарилга болон бусад стандарт бус байсан бүх зүйлсийг мөрдөн шалгаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гомдол болгон гаргасан. Хэрэг мөрдлөгийн шатанд байхад байгууллагатай холбоотой, хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй, ямар орц найрлагатай, юу миний биед хийсэн нь шинжилгээгээр батлагдсан бичиггүй, тухайн байгууллага 2022 оны 6 сараас 2022 оны 11 сар хүртэл тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан нь засгийн газрын шилэн мэдээлэлд харагддаг, удирдлага, эмч мэргэжилтэн шинжээчийн дүгнэлтээр муу ажилласан нь тогтоогдсон гэх мэт асуудлуудыг прокурор Очбадрахад “Ск” ХХК байгууллагыг яллагдагчаар татна уу, миний анхны гомдол санал хүсэлтийг харгалзана уу хэмээн бичгээр удаа дараа хүргүүлсээр байхад нарийн нягтлан шалгалгүй маш хойрго ажиллаж, шүүхэд шилжүүлсэн.

Өнөөдөр энэ миний асуудал мэт боловч та бүхэн гүнзгий хараад үзвэл маш далд нүүрлэсэн хортой үйл ажиллагаатай уг байгууллагын хайнга ажиллагаа, удирдлагын шунал. Өнөөдөр энэ зөвхөн надад учирсан хор хохирол юм шиг, гэхдээ маргааш та эсвэл таны хайртай хэн нэгэн энэ мэт эмнэлгийн байгууллагын хохирогч болж мөрөөдлөө, чадвараа, амьдралаа алдаж болзошгүй. Хүн өөрийн биед өвдөлт, зовлон болж ирэхээс нааш энэ мэт асуудлыг ажлын хүрээнд хараад хайнга хаяснаас болж удаа дараалан гоо заслын эмнэлгүүдийн үйлчлүүлэгч хүмүүст нүд сохрох асар хүнд хохирлууд учирсаар байна. Гэтэл Монголд гоо сайхны эмнэлэгт нүд сохорсон хэргүүдийг С эмнэлгийн өмгөөлөгч нар жишиг хэрэг болгон ярьсан. Хүний нүдийг сохлон бизнес хийх, 5 салбартай эмнэлэг байгуулан хөлжин суух нь жишиг хэрэг болсон юм гэж үү. Хүний амьдрал сүйрч, хөгжлийн бэрхшээлтэй болсон нь жишиг хэрэг гэж үү. С эмнэлэг одоо ч филлер тарилга хийж, одоо ч үйл ажиллагаагаа ямар ч төрийн байгууллагуудын анхааруулга, хамтран ажиллалт, шийтгэлгүй хэвийн явуулсаар байгаа. Шүүх хурал дуусахад эмчид ял оноогдон, эмнэлэг, эмнэлгийн байгууллагын удирдлага ямар ч анхааруулга, алдагдалгүй үйл ажиллагаагаа цаашаа явуулахаар дахин өөр нэг эмчийг авч филлерээ бусдын нүүрэнд шахуулахаар ажиллуулна. Эмч л солигдоно.

Духанд филлер тарилга хийхийг хориглодгийг филлерийн албан ёсны вебсайт дээрх зөвлөмжөөс судлаагүй, уншаагүй, албан ёсны дистрибьютор бус уг байгууллагын удирдлага эмнэлгийн тусгай зөвшөөрөл нь дууссан байхад албан ёсоор сунгагдтал үйл ажиллагаагаа яагаад хумиагүй вэ, яагаад далайцтай үйл ажиллагаа явуулсан бэ, яагаад Монгол Улсын гоо заслын үйлчилгээний стандартад байдаггүй үйлдлүүд болох филлер тарилга, өгзөг, хөх имплантаар суулгах мэс заслуудыг хийдэг юм бэ.

Хариуцлагагүй, шуналтай, мөнгөнд нүд нь сохорсон учраас энэ мэт байгууллагын удирдлагуудыг хохирогч миний бие шалгуулж, оноогдсон шийтгэлээ авч дараагийн хүнийг битгий хохироогоосой, дахиад нэг ээж над шиг бүү цусаараа уйлаасай гэж хүссэндээ өнөөдөр би өөртөө байгаагаа шавхан 3 өмгөөлөгч авсан. Бид уг хэрэгт эцсээ хүртэл шударга үнэний төлөө явах болно.

Биед минь үүссэн уг хор хохирлоос болж маш хүчтэй тарианууд олон сарын турш хийлгэснээс бүх шүднүүд минь сийрэгжин, ёзоороороо цоорсон, 4-6 шүд имплантаар хийлгэх шаардлагатай болсон, хатуу зүйл идэж чадахгүй болсон, зүүн тархины судас нарийсан агшсанаас толгой хүчтэй өвддөг, баруун нүдний хараа 99% алдагдсан тул 1% хараа үлдсэн нь зүүн нүдэнд талдаа манантай мэт харагдуулдаг, үүнээс шалтгаалж маш хурдан ядардаг, гадаа удаан хугацаанд явж чадахгүй толгой эргэн дайвалздаг болсон. Нүдний хараагаа алдсан шокноос болж одоо ч бүтэн нойртой хонодоггүй, хүчтэй дааврын эмчилгээнүүд хийлгэснээс өвдөхгүй дотор эрхтэнгүй болсон гээд бичигдээгүй яригдаагүй маш их хор хохирлууд надад учирсан.

Зарим шинжээчдийн дүгнэлт болох духанд филлер тарилга хийхийг хориглосон байтал хийж болох заалттай, мөн удаа дараалан байгууллагыг яллагдагчаар татах хүсэлт өгөөд байхад хайхраагүй гэх мэт төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг сэжиг бүхий үйлдэлтэй харагдсан тул Авлигатай тэмцэх газарт гомдол гаргуулан шалгуулж байгаа бөгөөд С эмнэлгийн үйл ажиллагааны дутагдал, шунал, ёс зүйгүйгээс надад учруулсан энэ мэт хор хохирлыг олон нийтэд анхааруулах зорилгоор хохирогч миний бие хэвлэл мэдээлэлд байнга ярилцлага өгч, мэдээлж байгаа нь би шантаачлах гэсэндээ биш харин хэзээ нэгэн цагт үхэх тэр өдрөө ирэхэд өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодохдоо би надад учирсан хор уршгаар мянга мянган хүнд сэрэмжлүүлж, байх ёсгүй үйлдлийг амжилттай зогсоож чадсан шүү гэсэн бахархалтай үхэх нь миний ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй туулах амьдралын үнэ цэнэ болох юм.

Миний хувьд 5 настайгаасаа зүү утас барин хүүхэлдэйндээ хувцас хийж өгч ирээдүйд алдартай хувцас хийдэг хүн болно гэсэн бага насны минь хүсэл мөрөөдөл болсон загвар зохион бүтээгчээр дахин хэзээ ч ажиллаж чадахааргүй хөгжлийн бэрхшээлтэй болсон ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эмчлүүлэх эх хүний үүрэг, зоригоо алдаагүй тул шүдээ зуун 65% алдагдсан хөдөлмөрийн чадвараа сэтгэлийн хүчээрээ багасгаж, үлдсэн 35% хөдөлмөрлөх боломжоо ихэсгэхийн тулд бүх чадлаа дайчлан эргэн үл хөдлөх эд хөрөнгийн компаниа саяханаас эхлэн буцаан босгож байна.

Би уг “Ск” ХХК-аас мөнгө шантаачлахын тулд бус би бусдыг жинхэнэ хохироогч нь ил биш далд байгааг бусдад хэлэхийг, анхааруулахыг хүсэж байна. Би энэ байгууллагын алдааг өөрсдөд нь ойлгуулахыг хүсэж байна.

Анхан шатны шүүх хуралд миний анх байгууллагад гаргасан гомдол шийдвэрлэгдсэнгүй, байгууллагын буруу алдаанаас болж хохирсон нотолгоо болох дистрибьютор бус атлаа яаж оруулж ирсэн нь үл мэдэгдэх, ямар найрлагатай нь үл мэдэгдэх, хуурамч, оригиналь бүтээгдэхүүн нь үл мэдэгдэх филлер тарилгаар үйлчлүүлэгчдэд үйлчилсэн, филлер тарилгыг сохрох эрсдэлтэйг эмнэлгийн зөвлөмж заавраас нуусан, эрсдэлийн протоколгүй байсан, филлер тарилгыг духанд тарих ёсгүйг наад захын филлер тарилгыг үйлдвэрлэгчийн албан ёсны веб сайтаас хараагүй гэх мэт батлагдсан алдаатай хангалттай нотолгоо баримт байсаар байхад хохирогч би байгууллагад гомдолтой атал өдийг хүртэл миний гомдлыг шийдвэрлэсэнгүй. Надад энэ эмнэлгийн байгууллагын учруулсан хор хохирол төлбөрүүдийг, 1% хараатай үлдсэн нүднийхээ харааг салгуулан, зүүн нүдийг дангаар нь ажиллуулах мэс ажилбарын Солонгосын “Северанс” эмнэлэгт хийгдэх зардлыг анхан шатны шүүхээс тогтоож өгсөнгүй. Надад одоо цаашаа амьдрахад нэг л нүд үлдсэн. Надад олон нүд байхгүй, надад эмчлүүлээд сэргэх боломжтой нүд байхгүй. Би энэ нэг нүдэндээ хор хохирол учруулахгүй хамгийн итгэлтэй эмнэлгийг өөрөө сонгон, гадны өндөр хөгжилтэй, хэрэв эрсдэл гарвал түүнийгээ хариуцах чадвартай улс орон, эмнэлэгт мэс засалд орох шаардлагатай. Учир нь миний ард нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уруудах уу, өгсөх үү, үхэх үү, сэхэх үү дээрх амьдрал байна. Миний үлдсэн нэг нүдийг ч энэ байгууллага, шүүх, шүүгч миний болон миний хүүхдийн ирээдүй гэж харахгүй байгаад үнэхээр харамсаж байна. Би ээж хүн, хүүхдээ энэ аймшигтай хүн араатнуудаас харж хамгаалах үүрэгтэй.

Иймийн тул насан турш зэрэмдэглүүлэн хохирсон Монгол Улсын иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болсон ганц бие ээж болох Х.З миний хүсэлт, гомдлыг наагуурхан хараад өнгөрүүлэлгүй хүн сэтгэлээр хандан, сайтар шалган, шударгаар шийдвэрлэж давж заалдах хүсэлтийг минь ханган шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэв.

Хохирогч Х.Зын өмгөөлөгч Г.Минжмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тухайд:

Тухайн хэрэг учрал болоход анх хохирогч Х.Зын зүгээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Ск” ХХК болон энэхүү эмнэлэгт ажилладаг эмч, удирдлага нарыг шалгуулж хуулийн дагуу хариуцлага тооцуулах агуулга бүхий гомдлыг гаргасан байдаг. Энэхүү гомдлыг гаргаснаас хойш эрх бүхий цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөж шалгахад эмнэлгийн хохирогчид хийсэн 15 ml хэмжээтэй /1хх 29-30/, “Ск” ХХК-ийн 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлчилгээндээ хэрэглэж байгаа гэх Солонгос улсаас авчирч хийсэн гэх GANA V PLLA филлер тарилга нь хуульд зааснаар зөвшөөрөлгүй хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм эмбиобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэрэг, 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл гарсан,” заасан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох 1.3-д заасан “Нийтэд аюултай аргаар үйлдсэн байх” нөхцөл байдлууд дараах хавтаст хэрэгт цугларсан, авагдсан баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогддог.

Үүнд: Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.”, мөн хуулийн 15.1-д “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна” хэмээн буюу Монгол Улсад бүртгэлтэй хууль ёсны зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллагаас авч үйлчилгээнд хэрэглэхээр,

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн хэрэгсэл” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодийн бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг” буюу тус эмнэлгийн филлер тарилга нь эмнэлгийн хэрэгсэлд ордог бөгөөд үүнийг мөн хуулийн 3.1.23-д “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” буюу 9.1.2-д “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” оруулж ирэхээр тус тус хуульчилсан байдаг бөгөөд эдгээр үйл баримтыг өмгөөлөгч миний зүгээс болон хохирогчийн зүгээс хүсэлт гаргаж холбогдох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас шинжээч томилон дүгнэлт гаргахад шинжээч эмч Д.Ганчимэг “ЭЭХХЗГ-аас 2023 оны БНСУ-ын JUNG RIM MEDICAL INDUSTRIAL үйлдвэрлэгчийн 31G тариурын зүү эмнэлгийн хэрэгслийн ИГА ХХК-д 2023 оны 2 цувралд импортын бүртгэл олгосон байна. 3-р асуулт “...эмнэлгийн хэрэгсэлд хамаарах тул БНСУ-ын GCS үйлдвэрлэгчийн GANA V PLLA филлер тарианд “Ивээлт гүн” ХХК-нд 2023 оны 1 цувралд импортын бүртгэл олгосон байна. “Эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл импортлох бүртгэл олгодоггүй тул эмнэлгүүд тусгай зөвшөөрөл бүхий ханган нийлүүлэх байгууллагаас дагалдах баримт бичгийг үндэслэн барааг хүлээн авна” гэх шинжээчийн дүгнэлт,

хохирогч хохироход үйлчилгээндээ хэрэглэсэн гэх эмнэлгийн филлер тарилга, зүү нь тухайн хэрэгт дүгнэлт гаргасан гэмтлийн салшгүй хэсэг байсан гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд хохирогчийн “...С клиник эмнэлэгт нүүрний арьсанд филлер тарилга хийх үед судас гэмтэж, дүүргэгч бодисоор баруун нүдийг тэжээгч судас болох торлог бүрхүүлийн артери бөглөрөх хүндрэл үүссэн” гэх дүгнэлт /1хх 56-57/,

2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаар шинжээчийн 1-т “Х.Зын баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл эргэн сэргэхгүйгээр үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт,

“Ск” ХХК-ийн тайлбар, үйлдвэрийн байгууллагын гэрчилгээний хуулбар, гарал үүслийн гэрчилгээ баримтууд /3хх 113-125/, иргэний хариуцагч Б.Мөнхжаргалийн дахин өгсөн мэдүүлэг /1хх 26-27/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг, өмгөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогддог.

Гэтэл энэхүү хууль бус нөхцөл байдлыг өмгөөлөгч нарын зүгээс болон хохирогчийн зүгээс прокурорын шатанд яллагдагчаар татуулах талаар хүсэлт гаргасан боловч прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх, урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүртэл хүсэлт гаргахад хангахгүй орхиж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүртэл мэтгэлцэж оролцоход анхан шатны шүүх дээрх байгууллагын хууль зөрчсөн үйл баримтанд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт гаргалгүй шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн эмнэлэгт хамааруулан энэ хэргээс тусад нь энэ асуудлаа шалгуулахаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх саналыг дэмжсэнээ шүүгч тайлбарлан хэлсэн, шүүхийн шийдвэртээ өмгөөлөгч хохирогчийн бүх шатанд үндэслээд хүсээд байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас шинжээч томилон дүгнэлт гаргахад шинжээч эмч Д.Ганчимэгийн дүгнэлтэд дурдсан хууль бус асуудалд хэрхэн хууль зүйн тайлбар үндэслэл өгснийг бичилгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго,” 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдал”, мөн хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1-д “Хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ” гэж заасны дагуу хэргийн бодит байдалд дээрх байгууллагын хууль бус үйлдэл нотлогдсоор байхад буюу анхан шатны шүүхээс хэргийг зөвхөн эмч дээр холбоотой үйлдэлд дүгнэлт өгч шийдвэрлэсэн.

Хэргийн нотлогдвол зохих нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасан хэргийн бодит байдалтай нийцүүлэн шийдвэрлэхгүй шүүн таслах ажиллагааг явуулсан нь уг ажиллагааны үр дүнгээс шалтгаалах хохирогчийн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх хуулийн зорилго,

мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчимд нийцээгүй, энэ хууль бус үйл ажиллагаагаа хууль ёсны юм шигээр үргэлжлүүлж байгаа гэх эмнэлгийн нийтэд аюултай байгаа хууль бус үйлдлийг үл тоосон. Эрүүгийн хуульд зааснаар таслан зогсоох бус харин ч эсрэгээр нь зөвтгөж байгаа. Эрүүгийн хуулийн 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял завших боломжийг олгосон.

Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зорилго, зорилтод нийцээгүй, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэх зарчмыг алдагдуулсан. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 3-т заасан “энэ хуульд заасан “ноцтой хохирол, хор уршиг” гэж ...эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учруулж болохуйц” нөхцөл байдлыг зөвшөөрсөн шийдвэр гэж үзэхээр байгаа тул гомдолтой байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн баримтыг үнэлж дүгнэхдээ шийтгэх тогтоолын 25 дугаар тал “...нотлох баримтын шаардлага хангасан Герман улсад эмчлүүлсэн зардал 86.350.000 төгрөг, нислэгийн зардал 12.727.900 төгрөг, асрагч хөлсөлсөн зардал 16.500.000 төгрөг, эмчилгээний зардал 832.752 төгрөг, нийт 116.410.652 төгрөгийн баримтыг хангаж шийдвэрлэв” гэжээ.

Гэтэл хохирогч хэрэг учрал болох өдөр хүртэл эрүүл саруул хоёр нүдээрээ хорвоог харж, бодсон санасан бүхий л зүйлээ өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлдэг, аутизмтай охиноо тэжээн тэтгэж, эрүүл болгохын төлөө асар их хөдөлмөрлөж байсан өрх толгойлсон эмэгтэй байсан. Ингээд нийтдээ өөрийн олон нийтийн фэйсбүүк хуудас болон пэйж хуудсан дээрээ 30.000 найдвартай хэрэглэгчтэй эмнэлгийн баталгаат үйлчилгээ, үйл ажиллагаанд сонгон үйлчлүүлээд Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар заасан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй 65 хувийн алдагдалтай нөхцөл байдалд хүрч /1хх 56-57/, өөрийн төрсөн эгч ХБНГУ-аас ирж түүнтэй хамт Герман улсруу явж эмчлүүлсэн хэдий ч хохирогч З нь Герман улсад эмчлүүлсэн зардал болон түүнтэй холбоотой зардалд 150.834.704 төгрөг зарцуулсан бөгөөд тус улсад эмчлэгдэх боломжгүй тухай хариу авч Монгол улсдаа ирсэнийхээ дараагаар \2хх 1-40/ хохирогч олон улсын харааны эмнэлгийг судлуулж Непал улсын Катманду хотын хараа зүйн олон сайн эмнэлгүүдийн судалгааг мэргэжлийн түвшинд хийж, уламжлалт анагаах ухаан болон шинжлэх ухааныг хослуулан хийдэг эмнэлгийг сонгон эмнэлгийн үйлчилгээг авч улмаар Непал улсад эмчлүүлсэн зардал болон түүнтэй холбоотой зардалд 200.728.868 төгрөг зарцуулсан баримтаа хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зураг болон хохирсон өвдсөн шанлалынхаа хажуугаар цуглуулсан баримтууд болон тухайн улсад эмчлүүлсэн Эй Жи Эс эмнэлгийн эмчийн дүгнэлт /орчуулсан баримт/ зэргээс тус гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол гэдэг нь нотлогддог. /2хх 1-40/

Мөн дээрх нөхцөл байдал үүссэнээс хойш Х.З нь энэ хэргийг шийдвэрлэх хүртэл нийт 1 жил 6 сарын хугацаанд өөрийн сэргэхгүй баруун нүдний хор уршгаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, өөрийн төсөөлж баршгүй өвчин шаналал, зовиур, ар гэрийн амьдралын асар их хэлж баршгүй зовлон зүдгүүр, санхүүгийн хүнд нөхцлүүдтэй тулгарч өөрөөс хамаарах аутизмтай охиноо харж хандах хүндхэн нөхцөл байдлыг туулсаар байгаа бөгөөд тухайн баруун нүд хараагүй болсноос хойш гарсан өөрийн аж амьдралаа хэвийн үргэлжлүүлээд ажлаа хийж байсан бол өр зээл тавихгүйгээр өөрт хэрэгцээтэй ахуйн болон бусад шаардлагатай зүйлсээ авах байсан зардалд дугаар барьцаалсан зээл 10.000.000 төгрөгийн өр зээл, тухайн гэмт хэрэгт холбогдуулан өмгөөлөгч нарт төлсөн зардал 11.000.000 төгрөг болон тухайн хохирол учрах цаг хугацаанд үүссэн хохирол болох 24.080.722 төгрөгийн зардал бол гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардал юм.

Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ “Солонгос улсад эмчлүүлэх зардал болон Непал улсад эмчлүүлсэн эмчилгээний хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул...” хэмээн дүгнэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2-д “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх ...иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, ...болно” гэж тус тус заасан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3. Сэтгэцэд учирсан хор хохирлын тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс энэхүү эмнэлгийн үйлчилгээ байгаагүйсэн бол, байсан ч олон нийтэд явуулж байгаа зар сурталчилгаа шигээ найдвартай байсан бол, 1.800.000 төгрөгийн төлөө олон эмэгтэй хүний эрүүл мэнд, хувь заяанд ийм их эрсдэл дагуулж болох ийм үйлчилгээг явуулдаг байсныг мэдсэн бол өнөөдөр миний үйлчлүүлэгч өөрийн болон өөрөөс шалтгаалах аутизмтай охиноо асран хамгаалах үүргээ биелүүлж, өөрийн охиноо эрүүл саруул болгох мөрөөдлөө биелүүлэхээр хэвийн өөрийн хүсэл зоригоор амьдарч, хувь заяагаа чиглүүлж байгаа хөдөлмөрч ганц бие ээж байсан.

Гэтэл энэ гэмт хэргийн улмаас Монгол Улс болон гадаадын улс орнуудад эмчлүүлж явахдаа хүний үгээр төсөөлшгүй сэтгэлийн шаналал, зовиурыг мэдрэн, саруулхан бай ч муухай ч байх цаг хугацааны сайхан муухайг өдөр болгон цэлийсэн хоёр нүдээрээ харж, туулдаг байсан бол одоо цаашид ганцхан нүдээрээ энэ бүхнийг даван туулах, өглөө болгон сэрэхдээ, юм болгоныг хийж мэдрэхдээ энэ эмнэлгийн хаалгаар яах гэж оровдоо гэсэн сэтгэлийн харуусал, харамслыг мэдрэх болсон.

Үүнээс гадна өөрөө загвар зохион бүтээгч, англи хэлний өндөр боловсролтой, үл хөдлөх хөрөнгийн төсөл зэрэг оюуны ажлыг хийж бүтээдэг гайхамшигтай хөдөлмөрч эмэгтэй энэ их ажил хөдөлмөрөө цаашид ганцхан нүдээр харж хийн хөдөлмөрлөх хүнд нөхцөл байдалд хүрлээ. За тэгээд ар гэр, ойр дотны хүмүүсд 70 настай эцэг, эхэд нь хэрхэн туссан нөхцөл байдал бас ойлгомжтой. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас энэ эмэгтэй ийм л хүндхэн хувь заяатай болсныг өмгөөлөгч би эмэгтэй хүн, үр хүүхэдтэй адилхан эмэгтэй хүн байхад оронд нь тавиад ч хэцүүхэн санагддаг. Хохирогч эмэгтэйн хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай онцгой нөхцөл байдал шаардсан охины сэтгэлзүй болон хөгжилд шууд нөлөөлсөн нь ойлгомжтой, илэрхий байгаагаас гадна үрийнхээ эрүүл энх болгохын төлөө зүтгэж байсан эмэгтэй хүсэл мөрөөдөлд хар бараан үүл мэт хэцүүхэн сэтгэлийн шаналал, сэтгэцийн эмгэг үүссэн нь тодорхой байна.

Шүүгдэгч болон бусад талуудаас хүртэл сэтгэл санааны хохирлыг үгүйсгэхгүй байхад Шүүх шинжилгээний тухай хуулийн зүйл заалтад дурдсан өнгөрсөн эрх зүйн харилцаа гэж үзэн гаргуулах үндэслэлгүй хэмээн үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-д “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцох” хуулийн зүйл заалтад нийцүүлэн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг хүний эрүүл байх халдашгүй байдалд учирснаас үүдэлтэй төрөхөд бий болсон эрүүл нүдийг нь сохолсноос үүсэж авсан зовиур, сэтгэлийн шаналал, цаашид хүртэл үргэлжлэх энэ сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлснээр буюу 81.950.000 төгрөгөөр тооцож, дүйцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна.

4. Зайлшгүй хангуулах шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлын тухайд:

Хохирогч аутизм буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээж, охиныгоо ганцаараа тэжээн тэтгэж, сурч боловсруулж, ажил хөдөлмөрөө эрхлэн сар бүр тухайн хүүхэддээ шаардлагатай үйлчилгээг авдаг байсан. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас 1 жил 6 сарын хугацаанд баруун нүдний хараагүй болсны улмаас өөрийн эмчилгээнд хэрэгтэй зүйлсээ авч чадахгүй хүртэл санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүрснээс болж түүний хөгжлийн бэрхшээлтэй охинд зайлшгүй шаардлагатай зардал болох хүүхэд одоо 10 настай, хүүхдийг 16 нас хүртэлх зөвхөн цаашид авах шаардлагатай АБА сургалтын төлбөрийг 6 жилээр бодож тооцоолсон 86.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. /Хүүхдийн асаргааны тухай тогтоол болон, хяналтын картыг хавсаргав/

Мөн хохирогч эмэгтэйн эрүүл мэндийн нөхцөл байдал одоогийн байдлаар цилиарын үхжилтээс шалтгаалсан нүдний маш хүнд өвдөлт үе үе тэсвэрлэхэд хэцүү мэдрэгддэг, баруун нүдний хараагүйдлээс шалтгаалсан бүрэлзэлт зүүн нүдэнд байнга харагддаг, баруун нүднээс шалтгаалж зүүн нүд цэвэр хардаггүй, баримжаа авах, нарийн зүйлс хийх чадвар бүрмөсөн алдагдсан.

Иймээс уг шалтгааны дагуу Монголд ирснээс хойш анх хүлээж авсан 3 дугаар эмнэлгийн эмч Тэлмүүнд 2023 оны 05 дугаар сарын 25-нд үзүүлэхэд дахин шижилгээ өгч дурандуулахад баруун нүдэнд абсолют үнэмлэхүй сохролт, дахин сэргээгдэх боломжгүй, цилиарын болон эдийн сорвижилттой тул ХҮА тогтоолгох болон зүүн нүдний харалтад саад болж буй бүрэлзэлтийг арилгаж саадгүй хардаг болгохын тулд гэмтлээс тогтсон хяларыг засуулах хагалгаанаас гадна дараах баруун нүдийг ширгээх буюу авах хагалгаа хийлгэж оронд нь шилэн протез зүүх, баруун нүдний холболтыг салгах мэс ажилбар хийлгэх /энэ хагалгааны дараа нүдний өнгө яваандаа арай өөрчлөгддөг/ гэсэн 2 арга байгааг аман зөвлөгөөгөөр хэлсэнээс хохирогчийн хувьд 2 дахь аргыг нь аргагүйн эрхэнд хүүхдээ асарч хамгаалж, цаашид одоо байгаагаас арай дээр харах боломжийг олох хүслээр сонгож Солонгос Улсын эмнэлэг рүү онош болон хүсэлтээ явуулсан бөгөөд зайлшгүй шаардлагатай, эрүүл мэндэд нь нэн түрүүнд хэрэгтэй байгаа эмчилгээний нийт зардалд 126.130.198 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл тус эмнэлгийн үйлчилгээнд орж дээрх нөхөж баршгүй гарз хохирлыг амссаны үр дагавраар хохирч аргагүй эрхэнд дээрх нөхцөл байдалд хүрсэн.

Энэхүү нэхэмжилсэн төлбөрийг Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын хохирол төлбөр төлөх арга хэлбэрийг тодрхойлохдоо 6.2 мөн заалтын “хохирлыг арилгах арга” гэдэгт гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд тус тус хуульд заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогчид олгуулан шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 сарын 24-ний өдрийн 449 тоот тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг үндэслэн хүчингүй болгож, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Х.Зын өмгөөлөгч Б.Алтанзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус гэмт хэрэг нь Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Олимп виллаж хотхонд байрлах Синдрелла гоо сайханы эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хэргийн улмаас хохирогч Зын эгч нь ХБНГУ-аас ирж өөрийн төрсөн дүүг аван Герман улсруу явж эмчлүүлэхээр авч явсан бөгөөд дээрх нөхцөл байдалд эмнэлэгийн зүгээс Герман явах талаар хүлээн зөвшөөрч хамт сувилагч явуулах эсэх асуудлаар яригдаж байсан боловч нислэг захиалах үед яваагүй. Ингээд хохирогч З нь Герман улсад явж нүдний дэлгэрэнгүй шинжилгээ өгч тус улсад эмчлэгдэх боломжгүй тухайгаа хариу авч Монгол улсдаа ирсэн байдаг. Үүний дараагаар хохирогч олон улсын харааны эмнэлгийг судлуулж Непал улсын Катманду хотруу сүүлийн найдлагаа тээж явсан. Энэ үед тухайн улсад хараа зүйн олон сайн эмнэлэг байдаг тухай сонссон бөгөөд уламжлалт анагаах ухаанаар дамжуулан хараа сэргэж болох талаар сонсоод найдаж явсан. Энэ хугацаанд буюу гэмт хэрэг болсон цаг үеэс өнөөдрийг хүртэл хохирогч З хөдөлмөрийн чадварын 65 хувийн алдагдалтай амьдарч байгаа бөгөөд ажил хийх боломжгүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадварын 65 хувийн алдалт гэдэг нь хугацаагүй буюу абсолют сохролт бөгөөд дахин хараа сэргэх боломжгүй тухай хууль тогтоомжид заасан. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар заасан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй 65 хувийн алдагдалтай нөхцөл байдлыг хохирогчид үүсгэсэн. Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн баримтыг үнэлж дүгнэхдээ шийтгэх тогтоолын 25 дугаар талд “хохирогч Х.З нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтаар Герман улсад эмчлүүлсэн зардал 132.864.000 төгрөг, Непал улсад эмчлүүлсэн зардал 192.228.868 төгрөг, бусад зардал гэж 35.080.722 төгрөгийг, цаашид Солонгос улсад хагалгаанд орж эмчлүүлэх хагалгааны зардлыг 116.902.000 төгрөг, дугаар барьцаалсан зээлийн төлбөр 10.000.000 төгрөг нийт 487.075.590 төгрөгийн зардлыг шүүгдэгч П.М иргэний хариуцагч “Ск” ХХК-иас нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан Герман улсад эмчлүүлсэн зардал 86.350.000 төгрөг, нислэгийн зардал 12.727.900 төгрөг, асрагч хөлсөлсөн зардал 16.500.000 төгрөг, эмчилгээний зардал 832.752 төгрөг, нийт 116.410.652 төгрөгийн баримтыг хангаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолд 6.1. Энэ зүйлийн 120.1-д заасан “хохирлын хэмжээ” гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна хэмээн заасан. Өөрөөр хэлбэл эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан ашгийг тооцохоор заасан. Хохирогчийн зүгээс өрх толгойлсон ганц бие ээж бөгөөд өндөр настай ээжийн хамт амьдардаг гэр бүлийн хүнсний ахуйн бүхий л хэрэгцээг ажил хөдөлмөр эрхлэн олдог байсан. Гэтэл анхан шатны шүүх түүнийг хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр эмчилгээний төлбөрт зөвхөн эмийн сан орсон баримтуудыг тооцон хохирол төлбөрийн тооцооллыг гаргасан нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг дордуулсан нөхцөл байдлыг бий болгосон. Мөн тус тогтоолын 6.1.3 “Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгэзр хохирлыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр тооцох тул хөдөлмөрийн чадвар алдсан этгээдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ихсэх, багасах тохиолдолд гэм хор учруулсны төлбөр Иргэний хуулийн 507 дугаар зүйлд зааснаар өөрчлөгдөнө” гэж заасан бөгөөд хохирогчийн зүгээс өвчинөө эмчлүүлэх эрүүл болгох зорилгоор 2 улсыг зорьсон байдаг бөгөөд тухайн хугацааныхаа зураг, хотын бичлэг эмнэлэгт үзүүлж байх үеийн зураг бичлэгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд танилцуулсан боловч шүүх дээрх хугацааны хохирол төлбөрийг хохирогчид түүний эд хөрөнгөд учирсан хохирол хэмээн үзээгүй нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн түүнчлэн хохирогч хараа зүйн хувьд ямар нэгэн асуудалгүй бөгөөд өмнө нь энэ талаар эмчилгээ хийлгэж байгаагүй тухайн өдрийн эмчийн буруутай үйлдлийн улмаас харааны чадвараа алдсан байдлаас үүдэн дээрх хор уршиг бий болсон талаар бодитоор үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Тус журамд хохирол төлбөр төлөх арга хэлбэрийг тодрхойлохдоо 6.2 мөн заалтын “хохирлыг арилгах арга” гэдэгт гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөхийг хамааруулан ойлгоно хэмээн тодорхойлон заасан. Дээрх байдлаас үзвэл хохирогчийн зөрчигдсөн эрх гэдэгт энэ гэмт хэрэг гараагүй байсан бол энэ хэмжээний зардал гарахгүй байх шалтгаант холбоо болон нөхцлөөр тайлбарлагдана. Хохирогчийг энэ гэмт хэрэг гарсанаас хойш зөвхөн эмийн сан орсон мэтээр мөн зөвхөн Герман улс явсан мэтээр үнэлж дүгнэсэн шүүхийн тус шийдвэр нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх хохирол төлбөрийг шудрага ёсны зарчмын хүрээнд үнэлж дүгнээгүй нөхцөл байдлыг үүсгэж байх тул хохирогчийн ХБНГУ явсан зардлаас гадна түүний хоол хүнс амьдралын наад захын хэрэгцээний зардал болон Нипал улсруу эмчлүүлэхээр явсан 192.228.868 төгрөг, бусад зардал гэж 35.080.722 төгрөгийг тус тус хуульд заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогчид олгуулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Х.Зын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч П.Мыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагад татсан боловч шүүгдэгчийн ажил олгогч тал буюу гол гэм буруутай хуулийн этгээд болох “Ск” ХХК-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүйгээр үлдээж буй нь хууль бус бөгөөд тус хэргийн хохирогч тал болох Х.Зын зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээсэн шийдвэр болж чадсангүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

“Ск” ХХК нь Монгол Улсын хуулийг зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон талаар:

Эрүүгийн 2206057301605 дугаартай хавтаст хэрэгт цугларсан хохирогч Х.Зын гомдол /11хх 4-5/, мэдүүлгүүд /11хх 11-12, 15/, гэрч Б.Уянгын мэдүүлэг /3хх 136/, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 984 дүгээр шинжээчийн дүгнэлт /11хх 48-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 56-57/, Эрүүл мэндийн яамны, Арьс судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Я.Энхтөрийн гаргасан шинжээчийн дүгнэлт /13хх 167/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм зүйч Ганчимэгийн гаргасан дүгнэлт, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.Алтанзулын гаргасан шинжээчийн дүгнэлт /13хх 169-171/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцож буй “Ск” ХХК нь хохирогч Х.Зд ашигласан 31G тариурын зүү болон GANA V PLLA филлер тарилгыг БНСУ-аас шууд оруулж ирсэн болох нь нотлогдсон байдаг ба энэ нь Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт 15.9.3-т заасныг тус тус ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Мыг албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан “Ск” ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хийгээд энэ нь “Ск” ХХК-ийн ажилтан П.Мын үйлдэлд бүрэн хамаарч байгаа тул хуулийн этгээд болон ажилтан хоёрыг нэгэн зэрэг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл бий болсон.

Мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа талаар:

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, прокурор болон хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2-т заасны дагуу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоох үүргээ үл биелүүлж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хуулийн этгээдийн идэвхитэй үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг зөвхөн ажилтан П.Мад холбогдуулан шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байх ба үүний үр дагаварт Монгол Улсад мөрдөгдөж буй албан ёсны стандарт байхгүй, хүний эрүүл мэнд, эрхтэний тогтолцоонд ноцтой аюултай, гарал үүсэл нь тодорхойгүй 31G тариурын зүү болон GANA V PLLA филлер тариаг БНСУ-аас хууль бусаар импортолж, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэх замаар дур мэдэн тарьж ашиг олж буй хувийн хэвшлийн “Ск” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжлэн явагдаж байна.

Иймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.Мын өмгөөлөгч М.Хатанзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч П.Мыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэнэ.

Мөн шүүгдэгч филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжийг мөрдөөгүйн улмаас хохирогч Х.Зын судсыг гэмтээж, филлер тарилга хийсэн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “Баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл” бүхий хүнд гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой гэжээ.

Филлер тарилга хийгдэх аргачлал, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжийг эмнэлгийн мэргэжилтэн биелүүлэх үүргийг Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээснээр бусад субъектээс ялгагдана, түүнийг хүлээх үүргийг хууль, тогтоомж, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологиор тодорхойлно. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмчийн үүрэг нь эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжид суурилсан байх бөгөөд эдгээрт эмчилгээний аргачлал, аюулгүй ажиллагааны санамж агуулагдана.

Филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжийг шүүгдэгч мөрдөөгүй бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно. Энэ гэмт хэргийн объектив шинж нь “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй идэвхтэй үйлдэл эс үйлдэхүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэсэн диспозиц хэм хэмжээнээс бүрддэг.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их эмч” гэж тодорхойлжээ. Шүүгдэгч П.Мыг ажилд томилсон “Ск” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9/28 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Арьсны эмч” мэргэжлийн диплом, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хэрэгт авагдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект болно.

Түүний хохирогчид үзүүлсэн үйлчилгээ нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагаанд хамаарч байна.

Эрүүл мэндийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” үүргийг хүлээнэ. Энэ үүргийг биелүүлээгүй бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэмээн үзнэ. Эрүүгийн хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудад шүүгдэгч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийн улмаас хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан болох нь тогтоогдсон.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч П.Алтанзул шинжээчийн дүгнэлтэд “ ...П.М эмч болон С клиник эмнэлэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3-д заасан үйл ажиллагаанд эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, “Үйлчлүүлэгчид учирсан гэмтлийн зэргээс эдгээр нь бүрэн хэрэгжихгүй байна”, ...дээрх байдлаас үзэхэд эмч Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны байгууллагаас гаргасан тушаал, журмын хэрэгжилт хангаагүй байгаа нь эмч, мэргэжилтэн нар хуульд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн” гэх дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх эдгээр нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой байсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэжээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч П.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний эмчилгээний гоо засал хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэн зорчих эрхийг нь хязгаарласан.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс торгуулийн ялыг шүүгдэгчид оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анхны мэдүүлгээс эхлэн өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд түүнийгээ илэрхийлж, гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогчийн гадаад улсад эмчлүүлэх эмчилгээний зардалд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн. С клиник эмнэлгээс төлсөн төлбөрийг барагдуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж, цалингийн 50 хувь буюу нийт 11.497.034 төгрөгийг ажил олгогчид төлж байсан нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, ухамсарлаж байсан нь илэрхийлэгдэж байна.

Мөн шүүгдэгч бага болон өсвөр насны гурван хүүхдээ өсгөн тэднийг сургууль, цэцэрлэгт хүргэх, хүүхдүүдэд шаардагдах төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг авах хэрэгцээ шаардлага нь нэг дүүрэгт хамаарахгүй тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Мад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч “Ск” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэлийн өмгөөлөгч К.Жархынбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Минжмаагийн гомдол 5 дугаар хавтаст хэргийн 118 дахь талд авагдсан бөгөөд тэрээр давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байх тул уг гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй. Бусад хоёр өмгөөлөгчийн гомдлыг нягталж хугацааг нь тоолж өгөхийг хүсэж байна. Тиймээс энэ хэргийг хохирогч Х.З болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар давж заалдах журмаар хянан хэлэлцэж байна гэж ойлгож байна. Хохирогч Х.Зын гаргасан гомдлын хувьд, шийтгэх тогтоолд заасан хохирлын дүнг 25.000 евро буюу Герман улсад очиход гарсан зардлыг хангасан. Энэ нь тухайн үеийн буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 25.000 еврог төлсөн баримт 2 дугаар хавтаст хэргийн 89 дэх талд нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байсан ч шүүх хүлээж авсан. Гэхдээ 25.000 евро нь депозит буюу барьцаа хэлбэрээр байршсан. 25.000 еврогоос хэдэн төгрөгийн зарцуулалт хийснээ хохирогч гаргаж өгөөгүй. Тиймээс уг нэхэмжлэл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй. Нийт 240 сая төгрөг төлсөн учраас хохирлын дүн хангалттай хэмжээнд төлөгдсөн тул хохирлын дүн хангалтгүй, тодорхойгүй шалтгаанаар хэргийг буцаах үндэслэлгүй. Нислэгийн зардал Х.Зынх 8.096.900 төгрөг, эгч Золзаяа 4.631.000 төгрөг, нийт 12.727.900 төгрөгийг хангасан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь талд хохирогч талаас өөрсдийнх нь гаргаж өгсөн нэхэмжлэлийн баримтын жагсаалтад байгаа. Хүүхдийн асаргаатай холбоотой асрагч авсан зардлыг гэрээ байгуулснаар тооцож шүүх хангасныг иргэний хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Харин бусад баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн зардал нь гарсан эсэх нь эргэлзээтэй, тодорхой бус, гадаад улсад үйлдэгдсэн, үнэн зөв нь эргэлзээтэй, гадаад улсад үйлдэгдэж байгаа бол нотариатаар баталгаажуулсан гэрчилгээтэй байх шаардлагыг Монгол Улсын бүх шатны байгууллага тавьдаг. Энэ нотлох баримтын шаардлага хангуулах ажлыг хохирогчийн өмгөөлөгч нар хийж чадаагүй. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдаанд хангалттай яригдсан. Өмгөөлөгчийн үндсэн ажил нь иргэний нэхэмжлэл, хохиролтой холбоотой баримтуудаа бүгдийг нь зөв нотлох үүрэг байхад уг ажлаа хийж чадаагүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Хохирогч тал давж заалдах гомдолдоо ямар ч нотлох баримтын шаардлага хангуулаагүй хэрнээ хохирлын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар дурдсан нь үндэслэлгүй. Харин шүүх уг эрхийг нь нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй бөгөөд иргэний хэргийн шүүхээр нэхэмжилбэл зохино. Мөн хэрэгт гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчин эмгэгийн жагсаалт Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд уг жагсаалтад орсон бол гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж үзнэ. Непал улс руу явахаар гэрээ байгуулж 300 сая төгрөг өгөөч гэсэн хүсэлт тавьсан тул 200 сая төгрөгийг гаргаж өгсөн. 200 сая төгрөг аваад Непал улс руу явахдаа уг мөнгөөр зочид буудалд амарч, зугаалсан, ахуйн хэрэглээний баримтад виски, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авсан баримтууд байсан. Шүүх үүнийг үндэслэж үзээд зөвхөн эм тариа, эмчилгээтэй холбоотой баримтуудыг хангасан нь ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй. Энэ баримтыг шаардлага хангасан гэж үзэж үнэлүүлнэ гэдгээ хохирогч тал нотолж чадаагүй тул хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн шүүхэд хандах нь нээлттэй. Харин өөрсдийнх нь хүсэлтийн дагуу  хангалттай төлбөр төлсөн гэж үзэж байна. Харин цаашид гарах буюу Солонгос улсад эмчлүүлэх, хүүхдийн асаргаатай холбоотой ирээдүйд гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх нь нээлттэй. Бид Иргэний хуулийн буюу гэрээний дагуу тусдаа шийдвэрлүүлье гэдэг саналыг гаргасан. Хэргийг буцаах, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, эсхүл мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдоогүй. Хохирогч талаас эмнэлгийг тусгай зөвшөөрөл байхгүй гэдэг ч 1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь талд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 839 тоот албан бичгээр “Ск” ХХК-ийн тусгай зөвшөөрөл ирсэн бөгөөд уг зөвшөөрлийг 2027 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Тухайн үед тусгай зөвшөөрлийг дуусахаас өмнө буюу 5 дугаар сарын 04-ний өдөр сунгах хүсэлтээ гаргасан. Тусгай зөвшөөрөл сунгах шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Эдгээр баримтууд бүгд 1 дүгээр хавтаст хэргийн 190-192 дахь талд байгаа, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр болно. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл судас бөглөрснөөс болсон гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтүүдтэй хохирогч, өмгөөлөгч нар бүгд танилцсан бөгөөд дүгнэлттэй холбоотой гомдол, хүсэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг ч гараагүй. “Ск” ХХК-ийг яллагдагчаар татах ёстой гэсэн асуудлын тухайд, “Ск” ХХК-иас 200 сая төгрөг өгсөн, үлдэгдэл 100 сая төгрөгийг хэрэг шилжихээс өмнө өг гэсэн шаардлага тавьсан. 5 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирлыг нөхөн төлөх гэрээг хохирогч, өмгөөлөгч нарын санаачилгаар хийсэн. 300 сая төгрөг өг гэсэн нь хэцүү байсан ч өгөхөөр болсон. Гэтэл 100 сая төгрөгийг одоо өг, дахин нэмж нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлнэ гэсэн. Энэ нь Х.Зд хэргийн материал танилцуулсан баримт дээр байгаа. Иргэний хариуцагч талаас хариуд нь гэрээний дагуу явъя, эмч болон эмнэлэгтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэвэл 100 сая төгрөгөө өгье, үгүй бол өгөх боломжгүй гэсэн тул хохирогч тал янз бүрийн гомдлууд гаргаж, өмгөөлөгч нар нь хэвлэлийн хурал зарлаж, гэм буруутай асуудал тогтоогдоогүй байхад хэргийн бүх баримтыг ярьсан. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хариуцлагын хороонд хариуцлага хүлээж, хувийн таарамжгүй харилцаа үүсч, “Ск” ХХК-тай холбоотой гомдлууд их гарсан. Өмгөөлөгч нарын хувьд ёс зүйгүй хандсан нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой маш олон нууцыг задруулсан. Шинжээчийн дүгнэлтүүд бүгд үнэн гарч, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Шат шатны прокурорт гомдол гаргахад иргэний хариуцагчаар оролцуулсан нь хуульд нийцсэн гэсэн хариуг өгсөн. Улмаар Улсын ерөнхий прокурор хүртэл хүсэлт, түүний хариу ирж байсан. Эм тариа оруулж ирсэнтэй холбоотой асуудлууд шинжээчийн дүгнэлтээр тодорхой хариулагдсан бөгөөд эмч өөрөө тусгай зөвшөөрөл бүхий бие даасан, мэргэшсэн хариуцлага хүлээдэг хүн. Ямар тарилгыг, яаж хэрэглэх, ямар заавраар хэрэглэх үү гэдгээ бие даан шийддэг, үүнд нь хэн нэгэн хөндлөнгөөс оролцдоггүй. “Ск” ХХК нь маш олон байгууллагаас худалдан авалтууд хийдэг. Филлерийг ямар компаниас авсныг тогтоох боломжгүй. Уг асуудалтай холбоотойгоор тусдаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж хохирогч тайлбарлаж байх бөгөөд хэрэв тийм зүйл байгаа бол шалгуулах эрх нь нээлттэй. Харин энэ хэргийн тухайд, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан асуудлын шалтгаан нөхцөл нь тарилга хийх стандартыг зөрчсөнөөс болж судас бөглөрсөн. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ноцтой зөрчилгүй, буцаах үндэслэл байхгүй. Хохирогч талын гомдлуудад эргэлзээтэй асуудал байгаа нь хохирлоо нэмэгдүүлэх, эсхүл буцаах гэж байна. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлын талаар баримт байхгүй. Харин үүнтэй холбоотой тодорхой дүгнэлтийг шүүх хийж, цаашид гэм хорын асуудал байвал иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг нь дурдаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн шүүх хэрэгт авагдсан баримт, хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийн хүрээнд нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй шаардлага хангасан баримтуудын хүрээнд үнэлж дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хугацаа хэтэрсэн гомдлуудыг хэлэлцэхээс татгалзаж, хохирогч Х.Зын хохиролтой холбоотой асуудлыг шүүх хангалттай шийдвэрлэсэн. Харин нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлсэн бол тусдаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдаж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч “Ск” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэлийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол гаргах хугацааны асуудлыг шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцаад шийдвэрлэнэ байх. Давж заалдах журмаар хэлэлцэх нөхцөлийг хангасан хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу энэ хэргийг хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Анхан шатны шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Гомдолд дурдагдсан асуудлууд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд батлагдаж нотлогдсон зүйлс бөгөөд шүүхэд зайлшгүй нотлох баримтуудыг үнэлэх шаардлагатай нөхцөл байдал байгаагүй. Ялангуяа, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татсан явдал нь шүүгдэгч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан учраас тухайн байгууллагыг татах тухай Иргэний хуулийн дагуу зохицуулалтын хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Мөн уг байгууллага анхнаасаа хохирогчид хүндэтгэлтэй хандаж байсан. Герман улс явах зардлыг шууд өгч, нотлох баримтаа авчраад дараагийн нэхэмжлэх төлбөрөө аваарай, заавал шүүхээр бус тохиролцъё гэсэн агуулгаар гэрээ хэлцэл хийж, төлбөрийг өгч явуулсан. Харамсалтай нь хохирогч тал гэрээнд заасны дагуу байгаагүй. мөнгө хүлээж авсан хэрнээ мөнгө хүлээж авсан төлбөрийнхөө хүрээнд хуулийн шаардлага хангасан холбогдох баримтыг авчирдаггүй, нийлбэр дүнгээр мөнгөө авна гэсэн байр сууриар хандсан. Энэ хүрээнд хүндэтгэлтэй хандаж 200 сая төгрөгийг өгсөн. Гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй. Ялангуяа эрүүгийн хэрэгт гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж ойлгож болохгүй. Гагцхүү энэ гэрээ иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг зохицуулахад чиглэгдсэн гэрээ байсан тул 200 сая төгрөгийг өгсөн. Хохирогч талаас эмч болон хуулийн этгээдээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн асуудлыг тавьбал 100 сая төгрөгийг өгөх байсан. Гэтэл шүүгдэгчээс үлдсэн төлбөрөө нэхэмжилнэ гэсэн байдлаар хандсан учраас гэрээний 100 сая төгрөг биелэгдээгүй үлдсэн. Тарилгыг оруулж ирсэн хуулийн этгээд гэдэг утгаар “Ск” ХХК-ийг улсын хилээр хууль бусаар бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдэд буруутгасан ч эдгээрийг нотолсон ажиллагаа энэ хэрэгт нэг ч байхгүй. Энэ хүрээнд хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар оролцуулсан нь хууль зөрчөөгүй. Нөгөө талаар хэрэгт Эрүүл мэндийн тухай хуулийг баримталж шийдвэрлэх ёстой. Тус хуулийн 13 дугаар зүйлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийг заасан. Эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээний төрөлд эмчилгээний гоо засал ордог. Улмаар Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллага буюу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон. Хохирогч талаас хуулийн этгээдийг зөвшөөрөлгүй, сунгалт нь дууссан байхад үйл ажиллагаа явуулсан мэтээр мэтээр ярьдаг ч тусгай зөвшөөрлөө сунгуулсны дараа 10 дугаар сард болсон үйл явдал юм. Энэ нь төрийн байгууллагаас авсан лавлагаанаас харагдана. Хохирогч тал нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлгүй зүйлээр хуулийн этгээд рүү чиглэсэн байр суурийг илэрхийлж байна. Шүүгдэгч, иргэний хариуцагч нар хохирсон талын болон өөрийн ажилтны эрх ашгийг хамгаалахаар хамтран ажиллах зохицуулалт нь Хөдөлмөрийн хууль болон Иргэний хуулиар зохицуулагдсан. Энэ хүрээнд хуулийн этгээд хамааралгүй гэж үзэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, маргаантай асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой зүйл нь зүйлчлэлийн асуудал юм. Тиймээс үүнийг эрүүгийн хариуцлагын санкцийн хувьд дангаар нь ярих бус энэ байр сууриа илэрхийлж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг үү, 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үү гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд болон шүүхийн практик, шийдвэрлэгдсэн хэргүүдийн хууль хэрэглээнээс авч үзэхэд угтаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болно. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнд болгоомжгүй гэмт хэрэг гэж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой. Тусгай субъект болон Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан үүргээ биелүүлээгүй буюу оношилгоо, эмчилгээний стандарт технологийг зөрчсөн бол зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ гэсний дагуу шинжээчийн дүгнэлт гарахдаа тарилгын стандарт зөрчсөн гэж дүгнэсэн. Бүх үйлдэлд стандарт, удирдамж байхгүй тул болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн. Гэвч технологийн алдаа гаргаж судсанд филлер орж, нүдний тэжээлийн  цусан хангамжийг алдагдуулсан тул болгоомжгүй гэмт хэрэг гэхээс илүүтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг илүү агуулж байх тул уг зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү. Төлбөрийн хувьд, анхан шатны шүүх зөв тооцсон. Герман эмчлүүлсэн зардал 86 сая төгрөг, нислэгийн зардал 12 сая төгрөг, асрагч хөлсөлсөн зардал 16 сая төгрөг, эмчилгээний зардал 832.000 төгрөг гээд гаргаж өгсөн зардлуудыг баримтын хүрээнд дүгнэсэн. Герман улсад эмчлүүлсэн зардлын талаар хангалттай нотлох баримт байхгүй ч 116 сая төгрөгөөр тогтоосныг буруу гэж үзэхгүй байна. Хохирогчийн эрх ашиг хохироогүй, бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой гэдгийг шүүх дурдаж, эрхийг нь хангасан.” гэв.

Иргэний хариуцагч “Ск” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаагийн гомдлын тухайд, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж байна. Шийтгэх тогтоолд заасан ямар дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэдэг асуудлыг дурдаагүй, зөвхөн шинжээч Б.Ганчимэгийн дүгнэлтийг шүүх дутуу дүгнэсэн үү, буруу заасан уу гэдэг агуулга гомдолд тодорхой заагдаагүй байна. Филлер тарилга нь бие махбодыг дэмжих эмнэлгийн хэрэгсэлд орох бөгөөд уг тариаг арьсны давхаргад маш нарийн мэдрэмжээр хатгаж хийх ёстой байтал судас руу нь хийснээр бөглөрч, хараагүйдэл бий болсон гэдэг нь тогтоогдсон. Филлерээс өөр юу ч байсан судас руу хийснээр нүд сохрох аюултай тул филлер тарилгаас болсон гэж хүндрүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Өмгөөлөгч Г.Минжмаа шүүх, цагдаа, прокурорт гаргасан гомдлуудыг хууль зөрчсөн баримт гэж өөрийн хийсвэр дүгнэлт өгч байгаа нь учир дутагдалтай. Бид хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярих ёстой болохоос өмгөөлөгч Г.Минжмаагийн дурдсан шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн баримтын талаар яриагүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. “Ск” ХХК эмнэлгийн зүгээс хохирогчийн бие, эрүүл мэндэд хохирол учирсан асуудалд туйлын хүндэтгэлтэй хандаж, эвлэрч, гэрээ байгуулах гэсэн нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, цаг алдахгүй хөрөнгө мөнгөөр таслахгүй явах санаа. Түүнээс биш аль алиныгаа барьцаалаад тэгвэл ингэнэ гэсэн санаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүндэтгэлтэй хандсан учраас гадаад руу эмчилгээ хийлгэ, мөнгийг нь өгье гэдэг байдлаар хандсан. Филлер тарилгын талаар Тайланд улсын гоо сайхны чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчтэй уулзахад энэ асуудалд төрийн зохицуулалтууд маш нарийн хэрэгтэй. Бид эм, эмнэлгийн хэрэгслээ ч ялгахгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас филлер тарилгыг хилээр оруулж ирэхийг хориглосон эсэх, заавал зөвшөөрөлтэй оруулж ирэх эсэх зэргийг хуульчилсан. Эмнэлгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан эмнэлгийн хэрэгсэл гэдэг рүү оруулж буруу тайлбарласан. Гэтэл филлер тарилга нь хүний арьсны завсар хийж байгаа хүний бие махбодыг дэмжих зорилгоор ашиглаж байгаа тусгай зориулалттай эд зүйл, эм биш. Энэ зохицуулалтыг төрийн захиргааны байгууллага Эрүүл мэндийн тухай хуульдаа маш нарийн зохицуулж өгөх ёстой байтал өгөөгүй. Үндсэндээ эм ханган нийлүүлэх байгууллагын оруулж ирэх ёстой байсныг “Ск” ХХК зөвшөөрөлгүйгээр оруулж ирсэн мэтээр хохирогчийн өмгөөлөгч нар мушгиж тайлбарлаад байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, экспортлох, эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна. Эм ханган нийлүүлэх байгууллага нь Эмнэлгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-т зааснаар бөөний үнээр нийлүүлэх байгууллага юм. Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон эм, эмнэлгийн хэрэгслийг бөөний үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага. Би Солонгос улсад явахдаа авсан ханиадны эмээ Монгол Улсад хүнд өгөөд эндсэн тохиолдолд би тухайн эмийг зөвшөөрөлтэй оруулж ирэх байсан эсэх асуудал яригдах уу. Харин олон улсын гэрээнд олон улсын шаардлага хангасан филлер тарилгыг зөвшөөрөгдсөн гэж үзэж хэрэглэж байгаа. Хохирлын тухайд, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хохирогчийн өмгөөлөгч нараас 334 баримт гаргаж өгсөн. Сэтгэцэд учирсан хор уршиг бус сэтгэл санааны хохиролтой холбогдуулан 671.343.670 төгрөг нэхэмжилсэн. Үүн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаж үнэлэх баримт маш цөөн байсан. Бид хохирогчийг хүндэтгэсэн учраас мөнгийг нь өгье гэдэг байдлаар хандаж гомдол гаргаагүй. Хэрэв бид хуулиа барьж нотлох баримтын шаардлага хангасан баримт нэхсэн бол хохирол төлбөр өгөхгүй байсан. Герман улсад эмчилгээ хийлгэсэн төлбөрт 25.000 евро /1хх 134/ зарцуулсан гэдэг ч эмнэлгийн тамга, тэмдэг байхгүй, орчуулгагүй, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн баримтыг хүлээж авсан мөрдөгчийн тэмдэглэл бий. Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хангаж байвал хаанаас авсан болохыг нь нотлуулахаар эмнэлгээс нь гаргуулж, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргах бүрэн боломжтой. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч нар тийм ажиллагаа огт хийгээгүй. Бидний зүгээс шүүхийн шийдвэрлэсэн хэмжээн дэх хохирлын талаар маргаагүй. Хохирогч талаас Непал улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг өгөөгүй гэж маргаж, 2 дугаар хавтаст хэргийн 113 дахь талд эмчилгээний зориулалттай эмнэлэг эсэх нь тодорхойгүй, англи хэл дээр, орчуулга хавсаргагдаагүй, төлбөр төлсөн хуулбар баримтуудыг маш ихээр гаргаж өгсөн байж шүүх хохирлыг буруу тогтоосон гэж ярих нь зохимжгүй. Хохирогчийн өмгөөлөгч нар анхнаасаа 600 гаруй сая төгрөг нэхэмжилж, үүнийгээ хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол гэхээс илүүтэй өөр ашиг сонирхол байна уу гэж хардсан учир “Ск” ХХК эмнэлэг болон өмгөөлөгч бидний зүгээс шүүхээр шийдвэрлүүлье гэдэг байр суурийг илэрхийлж, эвлэрлийн гэрээгээ биелүүлээгүй. Аливаа зүйлд хүндэтгэлтэй хандсаны хариуд хууль зүйн хувьд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас шүүхээр иргэний хариуцагчийн асуудлаа шийдвэрлүүлэхээр орж ирсэн.” гэв.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд би хохирогч, шүүгдэгч нар иргэн хүн учраас юу болоод байгааг төвлөрч ойлгоосой гэж хүсэж хандаж хэлж байсан. Энэ удаа ч гэсэн тэр байр сууринаас оролцоно. Хохирогч нь иргэн хүн учраас бидний өөрсдийн мэдлэг мэдээллийнхээ хүрээнд буруу зөрүү, дутуу хагас ярьсан зүйлийг зөв, эсхүл өөрийнхөө өмгөөлөгч нарын ярьсан зүйлийг үнэн зөв гэж үзэж андуу ойлгох вий гэсэн үүднээс хохирогчид хандаж дараах тайлбараа хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлөгдөх мөнгөн дүнгээр тооцож тогтооно.” гэж заасан. Харин Иргэний хуулийн  228 дугаар зүйлд гэм хорыг арилгуулах талаар хуульчилсан бөгөөд уг зүйлийн 228.2 дахь хэсэгт “Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэлийг шаардаж болно.”, 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ, зардал нь хэмнэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж туйлын тодорхой хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд хэн хариуцахыг тодорхойлон зааж өгсөн. Иймд улсын яллагчаас хохирогчид учирсан хохирол дахин нөхөн сэргэхгүй, үүр хараагүй буюу сохор болсон, уг хохирлоос үүдэж цаашид хор уршиг, сөрөг үр дагавар гарах магадлал өндөр тул түүнээс одоогийн байдлаар /тухайн үед/ гарсан зардал нэхэмжилж буй төлбөрийг, тухайлбал иргэний хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд анхан шатны шүүх бүрэлдэхүүнд санал оруулсан. Дээр дурдагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хууль, эрх зүйн тогтолцоо, хүрээ, хязгаарлагдмал байдлаас шалтгаалж шүүх шийдвэрээ гаргасан болохоос хэн нэгэн хүнд буруу дутуу шийдвэрлэсэн зүйл байхгүй. Манай байгаа байдал энэ, түүнээс биш бодит байдал дээр хохирогч хохирсноороо үлддэг. Хэдэн төгрөг гарсныг хангалттай шийдвэрлэсэн гэж ярих нь маш ичгэвтэр асуудал. Улсын яллагч, прокуророос хохирогчийг маш сайн ойлгож гэмт хэргийн улмаас учирсан төлбөр, нэхэмжлэлийг дэмжиж байгаа боловч нөгөөтэйгүүр хууль, эрх зүйн зохицуулалтыг нь дурдаж байгаа бөгөөд тодруулж хэлэхэд бодит байдал дээр хохирогчид түүний өмгөөлөгч нарын дурдаад байгаагаас ч илүү хохирол, хор уршиг, түүнээс улбаалсан зардлууд гарсан тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүх эрх мэдлийнхээ хүрээнд боломжит байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлын хүрээнд шүүхийн шийдвэрийг прокурор хүндэтгэнэ. Талууд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй ба энэ нь хохирогч хэзээ ч хохирогчоороо буюу хохироод үлддэг гэдгийг дахин хэлье. Манай тохиолдолд насан туршдаа хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Үүний цаана гэр бүлийн гишүүд болон өндөр настай эх, аутизмтай охин давхар хохироод үлдэж байгаа гэдгийг ойлгож аливаад сэтгэлтэй хандах хэрэгтэй. Иргэний хариуцагч талаас хохирогчид хүндэтгэлтэй хандаж ирсэн гэж байгаа боловч хохирогчид хэлбэрийн хувьд хүндэтгэлтэй хандаж ирсэн гэж хэлмээр байна. Гэрээний талаар ярьсаар байх бөгөөд үүнийгээ цааш ярьвал гэрээ унана. Гэрээ хэр хууль зүйн үндэслэлтэй вэ. Хэлбэрийн хувьд хүндэтгэлтэй хандсан гэдгийг хатуу хэлье. Агуулгын хувьд хохирогчид хүндэтгэлтэй хандсан бол хэдэн төгрөг дээр хүн байгууллагатай хохирлын асуудлаар хэлэлцэж хэрэлдээд, гомдоод явахгүй. Прокурорын хувьд тухайн байгууллага ямар хэмжээний ашиг орлого олдог талаар өмнөх шүүх хуралдаанд хар тооцоо гаргасан. Энэ гэмт хэрэг нь хүний шууд үйлдлээс үйлдэгдсэн. Ямар нэгэн хортой, хууль бус эд бараа, зүйлээс шалтгаалж хүний нүд сохроогүй. Гоо сайхны салбарт Монгол Улсад батлагдсан стандарт, хууль тогтоомж байхгүй, зөвхөн практикаар явж байгаа гэдгийг бид бүгд мэдэж авсан. Гэхдээ өмгөөлөгчийн гомдолд дурдагдаад байгаа шиг филлер тарилгыг хүний эрүүл мэнд, эрхтний тогтолцоонд ноцтой аюултай, гарал үүсэл нь тодорхойгүй, хортой муу гэж баталсан нотлох баримт хэрэгт байхгүй. Харин эсрэг баримтууд байгаа. дахин хэлэхэд ямар нэгэн эд зүйл, бодис, түүнээс болж хүн сохроогүй, үйлдлээс шалтгаалж сохорсон буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Сэтгэл зүйн хохирлын хувьд, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д заасан сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хууль тогтоомжийн зохицуулалтуудыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус хуулийн холбогдох хэсэг, хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан. Энэ хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх тул үнэлэхгүй гэж дүгнэсэн. Гэхдээ шүүх цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн бөгөөд сэтгэл зүйд учирсан хохирлыг тогтоож, тодорхойлуулах аргууд байдаг. Би анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч нар ажлаа зохих ёсоор хийж, ядаж хохирлын тооцоог гаргасан бол хохирогч тал шүүх хуралдаанд ичгэвтэр байдалд орохооргүй байсан. Мөн энэ хэрэгт анхнаасаа би хяналт тавьсан бол энэ бүх тооцоог гаргаж, идэж уусан вискиг хасаж тооцоод боломжтой бүгдийг үнэлж хохирлыг тодорхой гаргах байсан. Энэ бол хэрэгт хяналт тавьсан прокурор, мөрдөгчийн гаргасан алдаа. Түүнээс биш өөр бусдаар хохирогчийг буруу тогтоож, дутуу шалгасан үйлдэл байхгүй гэж үзэж байна. Хэрэв өмгөөлөгч нар арай илүү судалж, мэдээллийн олон сувгаар харсан бол энэ хэргийн талаар олон практик тогтсон байдаг. 2017 онд хууль хэрэгжээгүй үед сэтгэл зүйн хор уршгийг тодорхойлж, нэхэмжилж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шийдвэрлэж жишиг тогтсон асуудал байсан. Үүний адилаар орж ирэх боломжууд байсан, одоо ч байгаа тул цаашид үүнийгээ ашиглана байх. Зүйлчлэлийн тухайд, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засварлах цогц үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан. Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх талд хохирогчийн өгсөн мэдүүлэг бий. Үүнд “Тохиромжтой гэж зөвлөснийх нь дагуу цаг авч, тарилга нь арьсны доод талын коллагеныг сэргээж, өнгөө алдсан арьсыг сэргээх үйлчилгээтэй байдаг гэсэн тул авсан” гэдэг. Энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлогдсон ба арьс өнгөө алдах, үрчлээтэх, хуурайших зэрэг нь дээрх хуульд заасан өвчин эмгэг биш гэмтэл биш болох нь тодорхой байсан. Харин нэг эргэлзүүлэхээр зүйл нь хүний биеийн үйл ажиллагааны алдагдал гэдгийг бид ойлгох ёстой. Ийм учраас дахин сануулах үүднээс прокурорын зүгээс хэдэн материал гаргаж өгсөн. Үүнийг ойлгохын тулд олон нийтийн эх сурвалжаас мэдээллийн олон сувгаар олж авсан тодорхой мэдээлэл бүхий баримтуудыг шинжлэн судлуулсан. Учир нь, хүний эр, эм дааврын алдагдал, уушги, бөөр, ялангуяа элэгний үйл ажиллагааны алдагдлаас шалтгаалж арьсны өнгө өөрчлөгдөх, үрчлээ үүсэх зэрэг үр дагаврууд гардаг. Эрхтэн тогтолцооны алдагдал, тослогийн булчирхайн өөрчлөлт, мэдрэлийн системийн алдагдал гэх мэтээр олон төрлийн хүний биеийн үйл ажиллагааны алдагдал гэдэг ойлголт. Харин энэхүү алдагдлаас үүсч гарсан хөхрөлт, арьсны өөрчлөлтүүд нь энэ хэргийн хувьд өөр ойлголт бөгөөд хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг оношлох гээгүй эмчлэх буюу эмчлүүлэх гэж уг эмнэлэгт хохирогч хандаагүй. Сувилах, хөнгөвчлөх, сэргээн засуулах гээгүй. Өөрөөр хэлбэл, түүнээс гарсан үр дагаврууд болох арьсны өнгөө болон коллагеныг сэргээх гэж “Ск” ХХК-ийн эмнэлэгт хандсан. Иймд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ биш гэдэг нь нотлогдож байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэж тус гэмт хэргийн шинжийг хангахаар зохицуулсан. Үүнд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй асуудал байхгүй. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн 4 дүгээр тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж заасан. Хэрэгт тусгагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Мын гаргасан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж тооцогдохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “.Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 634 дүгээр тогтоолд энэ талаар заасан. Санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэснээрээ дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг. Тодруулбал, шүүгдэгчийн бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Эмчийн санаатай бас болгоомжгүй үйлдлийн улмаас буюу ямар нэгэн эм тариа, бэлдмэлийн бүтэц, найрлагаас бус тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаалж хүний нүд бүрэн сохорч, насан туршдаа хараагүй болсон үйл баримт бидэнд байна. Хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн ч энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар их, харин хохирогчид учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах хор уршиг, үр дагавар түүнээс ч хүнд гэдгийг дурдах нь зүйтэй. Дээрх гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, тодорхой хэмжээгээр төлсөн, мөн бусад хувийн байдлуудыг харгалзан, нөгөөтэйгүүр шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлөх, хохирогчийн эрхийг хангах зорилгоор буюу торгох ял эдэлснээс хохирогчид учирсан хохиролдоо мөнгө төлсөн нь ач холбогдолтой, мөн хорих ял эдлэх нь түүний хувийн байдал, ар гэрийн байдал, цаашлаад хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөх тул тэдгээрийг харгалзан хорих ял шийтгэх нь зохимжгүй гэж дүгнэсэн. Ийм учраас хариуцлагын дүгнэлтээ танилцуулсан. Ялын бодлого алдагдахаас сэргийлж, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн байнга оршин суугаа нутаг дэвсгэр, тухайн дүүргийн хэмжээ хязгаараар зорчих бүсийг тогтоож дүгнэлтээ хэлэхэд шүүх шийдвэрлэсэн. Зүгээр нэг санаанд орсон зүйлийг яриагүй. Түүнчлэн, хэрэв шүүгдэгч нь хязгаарлалтын бүсээс өөр газар ажил хөдөлмөр эрхлэх тохиолдолд тухай бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл, журмаа буюу хязгаарлалтын бүсээ өөрчлүүлэх боломжтой гэдгийг тайлбарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлтэй маргаж байгаа тухайд, энэ гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэртэй тул түүний гомдол үндэслэлгүй, ямар шалтгаанаар тус хэргээр зүйлчлүүлэх гэсэн санаагаа тайлбарласан. Хэн нэгэнд ашигтай байдлаар шийдвэрлүүлье гэхээс илүүтэй үйл баримтад аль зүйл, анги нь нийцэж байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Дээрхээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг санаатай хэлбэрээр үйлдэгддэг байхад энэ хэргийн хохирогчийн анхны зорилго өөр бөгөөд хүний биеийн үйл ажиллагааны алдагдалд орохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэгдсэн. Хохирогч нь зүгээр хамраа мурийлгасан хүн биш, хохирсон хүн гэдгийг бодож өөрсдийнхөө оронд тавьж үзэх хэрэгтэй. Анхан шатны шүүх хуралдаанд тайлбар, дүгнэлтээ хэлэхэд зарим өмгөөлөгч нар “хуульч хүн хуульд захирагдах ёстой, сэтгэл зүйн эмоци буюу хөдөлгөөнд автах хэрэггүй” гэсэн. Гэвч надад автсан асуудал байхгүй. Үнэн бодит зүйлийг хэлье. Бид анхан шатны шүүх хуралдаанд 3 өдөр хуралдахад ядарсан бол хохирогч насан туршдаа ядарч, хохироод үлдэнэ. Ийм учраас хүн чанартай, сэтгэлтэй байж аливаа зүйлд хандах нь та бүхний ирээдүйд хэрэгтэй гэж бодож байна. Энэ шүүх хуралдаан эхэлснээс хойш бүх үйл явцыг харахад монгол ардын 3 зүйр цэцэн үг их холбогдолтой байна. Нүд улаан мөнгө цагаан, шунал ихэдвэл шулам болно, улааныг харж урваж, шарыг харж шарвана, мөн үйлийн үр эргэж ирнэ гэдэг үгсийг дор дороо бодох хэрэгтэй шүү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч П.М нь “Ск” ХХК-ийн эмнэлэгт арьс гоо заслын эмчээр ажиллаж байхдаа каннула арьсанд нэвтрэх цэг нь хатгалт бүртээ 2 удаагийн үйлдлээр хийгдэх, хатгалт хийх цэгийн эхний хатгалт нь удирдамж дахь 31G зүүгээр арьсны гадаргууг цоолж судас гэмтсэн эсэхийг шалгасны дараа каннула арьсанд нэвтэрч орох нүхийг бэлтгэх, урьдчилж тарианы зүүгээр цоолж бэлтгэсэн нүхээр хурц үзүүргүй мохоо каннулаг арьсны давхаргад оруулах, филлер шахахаас өмнө эмч үйлдлээр судсыг шалгах үйлдлийг хэрэгжүүлээгүй буюу филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.Зд GANA V PLLA найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэгт каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Х.Зын “...2022 оны 10 сарын эхээр С гэх гоо сайхны эмнэлгийг фейсбүүкээр судалж хараад нүднийхээ доод талын хөхрөлтийг арилгах гээд бас нүүрний сойх утас суулгах гээд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С эмнэлэг рүү залгаж зөвлөгөө авахад эмнэлгийн зүгээс РLLA найрлагатай тарилгыг хийлгэхэд тохиромжтой гэж зөвлөсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11:30 минутад цаг авсан. ...эмч М нь миний нүүр рүү мэдээгүйжүүлэх үйлчилгээтэй тариаг хацрын голд, мөн завжны 2 талд, духны гол хэсэгт тарьсан. Түүний дараагаар 5-10 минутын дараагаар арьс цайраад мэдээгүй болоод ирсний дараа РLLA найрлагатай филлерээ мэдээ алдуулсан хэсгүүдэд хийсэн, завжны хажуу талд 2 удаа филлер шахсан, 2 хацрын гол хэсэгт нүд рүү дээшээ чиглэлтэй 2 удаа филлер шахсан, мөн духны голоос зүүн тийш 1 удаа филлер шахаад, уян зүүгээ эргүүлээд баруун тал руу 1 удаа филлер шахах үед л миний баруун нүд гэнэт сааралтаж харанхуйлаад, нүдний урдуур даралттай зүйл орж ирж байгаа юм шиг л мэдрэмж төрөөд би нүд гээд орилсон. Тэгтэл П.М эмч Бэхээ эмчийг болон бусад эмч нарыг яаралтай дуудаарай гээд орилолдсон. Тэгээд миний ухаан балартаад миний толгой маш их өвдөж байсан. Нэг ухаан ороход би түргэний эмнэлгийн машинд явж байсан, гэмтлийн эмнэлэг дээр явж байсан ухаан санаа балартаад дахиад ухаан ороход 3 дугаар эмнэлэг дээр ирсэн байсан. ...миний баруун нүд юу ч харахгүй болоод зүүн нүд маань маш их ачаалал аваад бүрэлзээд сайн юм харж чадахгүй байсан. Тэгээд би тэр өдөр нь буюу 2022 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн. РLLA найрлагатай эмчилгээний филлер тариа хийлгэж байхад яг духнаас уян зүү баруун тийш эргүүлээд филлер шахахад миний баруун нүдний урдуур гэнэт нэг юм гүйгээд гарах шиг мэдрэмж төрөөд, миний нүд харанхуйлаад юм харахаа больсон. Тэгээд толгой маш их өвдөж, манарч, дотор муухайрсан, хамаг бие хөдөлгөөн хийх чадваргүй болсон. ...Герман улсад очиж нарийн шинжилгээ өгөхөд нүдний мэдрэлийн эсийн дахин сэргээх боломжгүй, үхжилтийн улмаас 100 хувь хараагүй болсон. Би дахиж хараа орохгүй эмчилгээгүй болсон гэсэн. ...” /1хх 11-12, 15/,

            гэрч Г.Ганчимэгийн “...Ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал урьд өмнө ирж цаг авсан байсан З гэх үйлчлүүлэгч ирж манай П.М эмчтэй уулзаж тарилга хийлгэхээр тохирсон. Тухайн үед сувилагч байхгүй байсан учир намайг туслаад өгөөч гэж хэлснээр би 206 тоот өрөөнд тухайн үйлчлүүлэгчийн арьсыг цэвэрлэж мэдээ алдуулах тос түрхэж өрөөнөөс гарсан. Хэсэг хугацааны дараа өрөөндөө буцаж ороход П.М эмч тариагаа найруулж дуусаж тариа хийх талаараа ярилцаж байсан ба удалгүй бид эмчилгээний өрөө рүү орсон. Эмч үйлчлүүлэгчийг оронд хэвтүүлж мэдээ алдуулах тосыг тамедины уусмалаар цэвэрлэж медакайн нэртэй мэдээ алдуулах тариаг инсулин нэртэй 1 граммын шфризэнд хийж тэмдэглэсэн газруудад мэдээ алдуулах тариагаа хийсэн. 3 граммын шфризэнд филлер нэртэй тариаг соруулж эмчид бэлдэж өгсөн. Эмч тариа нь бэлэн болсон одоо хийх гэж байна шүү гэж анхааруулж хэлэн тариагаа тарьсан. 2 хацрын хэсэгт тарьж духны хэсэгт тарих явцад үйлчлүүлэгч нүд бүрэлзээд байна гэж хэлсэн. Энэ үед үйлчилгээг зогсоогоод би өрөөнөөс гарч мэс заслын эмч нарын дуудсан. ...” /3хх 128-129/,

            гэрч Т.Өнөржаргалын “...Хэрэг гардаг өдөр арьсны тасгаас сувилагч Бэх эмчийг дуудаж гарсны дараа дахиж орж ирээд намайг дуудахаар нь нэг юм болохгүй болчихлоо гэж ойлгоод анхны тусламж үзүүлэхээр эмч нарын хамт арьсны өрөөнд ороход хохирогч нэг нүд юм харахгүй бүрэлзээд байна гэж нэлээн сандарсан байдалтай орон дээр хэвтэж байсан. Тэгээд намайг ороход П.М эмч яаралтай хийх шаардлагатай филлер хайлуулах тариаг хийсэн. Бэх эмч тариа хийсэн газарт массаж хийж байсан, би сувилагчаар уян зүү тавиулсан, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат авчруулж залгаж яаралтай түргэн тусламж дуудсан. ...” /1хх 19/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 984 дугаартай “...Х.Зын биед дух болон доод зовхины арьсан дор дүүргэгч бодис тарих үед судас гэмтэн баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл, зовхи хагас унжих, анивчих байдал үүсжээ. Дээрх эмгэг өөрчлөлтүүд хоорондоо шалтгаан хамааралтай дэс дараалалтайгаар үүссэн байх ба одоогоор баруун нүдний хараагүйдэл эмчилгээний дүнд сэргэх эсэхийг тааварлан хэлэх боломжгүй байна. Хэрэв баруун нүдний хараагүйдэл сэргэхгүй нэг нүд бүрэн хараагүй болсон тохиолдолд гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэл болно. Нэг нүдний зовхи хагас унжих, анивчих байдал үүссэн нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь 2022.10.25-ны өдөр үүссэн байна. Монгол улсад одоогоор филлер тарилга хийх стандарт батлагдаагүй байна. С клиник эмнэлэгт нүүрний арьсанд филлер тарилга хийх үед судас гэмтэж, дүүргэгч бодисоор баруун нүдийг тэжээгч судас болох торлог бүрхүүлийн артери бөглөрөх хүндрэл үүссэн байна. ...” /1хх 48-50/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 103 дугаартай “...Х.Зын баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл эргэн сэргэхгүйгээр үүссэн байна. Баруун нүдний хараагүй болсон нь /нэг нүд бүрэн хараагүй болсон тохиолдол/ гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэл болно. Баруун нүдний хараагүйдэл үүсэхээс өмнө Х.Зын хоёр нүдний хараа хэвийн байсан байна. Х.Зын баруун нүдний хараа эргэн сэргэхгүй. ...” /1хх 56-57/,

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч, шинжээч Д.Алтанзулын 01 дугаартай “...П.М эмч болон С клиник эмнэлэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3. үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах; Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008, Клиникийн бүтэн үйл ажиллагааны 6673:2017, Арьс, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний түгээмэл үйлдлүүд 5603:2006... зэрэг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон бусад стандартуудыг мөрдөж ажиллана. Үйлчлүүлэгчид учирсан гэмтлийн зэргээс эдгээр нь бүрэн хэрэгжихгүй байна. ...Үйлчлүүлэгч Х.Зд филлер хийгдсэн, эмчийн мэдүүлэг дэх мохоо үзүүртэй каннула ашиглаж филлер тарилга хийсэн гэх... Каннула арьсанд нэвтрэх цэг нь хатгалт бүрт 2 удаагийн үйлдлээр хийгдэх ёстой, хатгалт хийх цэгийн эхний хатгалт нь удирдамж дахь 31G зүүгээр арьсны гадаргууг цоолж судас гэмтсэн эсэхийг шалгасны дараа каннула арьсанд нэвтэрч орох нүх бэлтгэгдэнэ. 2 дахь үйлдэл нь урьдчилж тарианы зүүгээр цоолж бэлтгэсэн нүхээр хурц үзүүргүй мохоо каннулаг арьсны давхаргад оруулах үйлдэл юм. Филлер шахахаас өмнө эмч үйлдлээр судсыг шалгах ёстой. Энэ олон давтамжит үйлдлийн талаар эмнэлгийн батлагдсан удирдамж, холбогдогчдын мэдүүлэгт огт хэлэгдээгүй, бичигдээгүй, эмч каннула ашигласан гэх боловч каннула нь шууд арьсыг нэвтлэх боломжгүй байх нь гардан үйлдлийн филлер тарилгыг 1 удаагийн үйлдэл буюу 31G зүүг зөвхөн ашигласан байх магадлалтай. Эмчийн хийсэн эмчилгээний үйлдлийн тэмдэглэгээ, эмчилгээний карт байхгүй байна. Хурц үзүүргүй мохоо каннула нь судас дотор нэвтэрч филлер шахагдах эрсдэлийг бууруулна гэдгийг арьсны эмч нар бүгд мэддэг байх ёстой. Үйлчлүүлэгч Х.Зын мэдүүлэгт духны голоос зүүн тийш 1 филлер шахаад, уян зүүгээ эргүүлээд баруун тал руу нэг удаа филлер шахах үед миний баруун нүд гэнэт сааралтаж харанхуйлаад... хэлсэн байгаа нь филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй байх магадлалтай. Монгол улсын стандарт хэмжил зүйн газраас одоогоор филлер тарилга хийх стандарт батлагдаагүй. Филлер тарилга хийх Европын болон бусад улсын стандартууд батлагдсан байдаг ч үүнийг одоогийн нөхцөлд зөвхөн нэг эмнэлгийн эмч нарын боловсруулсан, захирлын баталсан удирдамжтай харьцуулж нийцтэй эсэх талаар тогтоох боломжгүй, харьцуулж унших үед гадны удирдамж, стандарт дээр хийгдэх хэрэглэгдэх зүү 25G, эмнэлзүйд гарч болох эрсдэл, хүндрэл зэргийг дурдсан байна. ...Хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны судасжилт багатай давхаргад филлерийг тарьж хийх ёстой. Дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйгээс судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүссэн байх магадлалтай. ...Эмчилгээ үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” 406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5.4. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилан, шалтгаан, оношилгоо, эмчилгээний арга, үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавх, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчид энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ..., мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалын амбулаторийн болон эмчийн үзлэгийн өдөр тутмын бүртгэл хөтлөх анхан шатны маягт хөтлөөгүй, хавсралт 9, 11-ийн СТ1 эрүүл мэндийн бүртгэлийн маягтын зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдэлийг нэг бүрчлэн дурдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зуруулах ёстой. Үйлчлүүлэгч нь гоо заслын ажилбар, эмчилгээний талаар зөвшөөрч гарын үсэг зураагүй байна. Эмнэлэг үйлчилгээнд мөрддөг анхан шатны маягт бүртгэл нь С клиник ХХК-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 9.39 тоот тушаалаар баталсан Filler буюу дүүргэлт эмчилгээ хийлгэхийг зөвшөөрч танилцсан хуудас дээр 2022 оны 10 дугаар сарын 25-нд үзүүлж... танилцаж, зөвшөөрсөн гарын үсгийг зуруулсан боловч эмчийн хийгдэх ёстой хэсэг газрын үзлэг, тарилга хийх тун, цэг, зураглал тэмдэглэгээ байхгүй байна. Дээрх байдлаас үзэхэд эмч нь Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмч, мэргэжилтэн нар хуульд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. ... /3хх 169-171/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Мыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч П.Мын “Ск” ХХК-ийн эмнэлэгт арьс гоо заслын эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.Зд GANA V PLLA найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэгт каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний гоо засал хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч П.Мын өмгөөлөгч М.Хатанзориг “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн гомдлын тухайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт буюу эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр эмнэлгийн мэргэжилтэн өвчтэй хүнд хойшлуулшгүй тусламжийг үл харгалзан ямар ч цаг үед үзүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэх боломжтой байх ёстой шинжийг заавал хангахаар байна.

Хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, Б.Алтанзул, Ч.Пүрэвсүрэн нар “...Непал улсруу эмчлүүлэхээр явсан 192.228.868 төгрөг, бусад зардал гэж 35.080.722 төгрөгийг тус тус хуульд заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогчид олгуулан шийдвэрлэж өгнө үү. ...сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлснээр буюу 81.950.000 төгрөгөөр тооцож, дүйцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна. ...”Ск” ХХК нь эмчилгээний тусгай зөвшөөрөлгүй байх үедээ GANA V PLLA нүүрний дүүргэлтийн эмчилгээ хийсэн, GANA V PLLA дүүргэгч тарилгыг мөн хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй, хууль бусаар оруулж ирсэн тул “Ск” ХХК-ийг яллагдагчаар татах үндэслэлтэй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэсэн гомдлын тухайд,

Анхан шатны шүүх Непал улсад эмчлүүлсэн эмчилгээний хохирлын баримтын талаар дүгнэлт хийж хэлэлцэхгүй орхисон байх ба нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх талаар тусгайлан заасан, 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хойш болж өнөгөрсөн эрх зүйн харилцаанд хэрэглэхийг заасан нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

“Ск” ХХК нь эмчилгээний тусгай зөвшөөрөлгүй байх үедээ GANA V PLLA нүүрний дүүргэлтийн эмчилгээ хийсэн, GANA V PLLA дүүргэгч тарилгыг мөн хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй, хууль бусаар оруулж ирсэн тул “Ск” ХХК-ийг яллагдагчаар татах үндэслэлтэй талаар дүгнэлт хийж өгнө үү гэсний тухайд,

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг бөгөөд шүүгдэгч П.Мын гэм буруугийн асуудлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн бөгөөд “Ск” ХХК-ийг яллагдагчаар татах асуудлаар тусад нь гомдлоо гаргах эрх нээлттэй байх бөгөөд энэ асуудалд давж заалдах шатны шүүхийн магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.   

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Мын өмгөөлөгч М.Хатанзориг, хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, Б.Алтанзул, Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Мын өмгөөлөгч М.Хатанзориг, хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, Б.Алтанзул, Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

                         ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

             ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ