| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00621/И |
| Дугаар | 303/ШШ2025/00573 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б.*******
Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* 2014 онд танилцаад 2015 оны 1 дүгээр сарын 1-нд хуримаа хийж мөн гэрлэлтээ 2015 оны 1 дүгээр сарын 1-нд бүртгүүлэн 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин *******, 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр охин ******* нарыг төрүүлсэн. Одоо том охин ******* Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн 2в ангид бага охин 4 настай эх ******* миний асрамжид эрүүл саруул өсөн торниж байна. ******* бид хоёр 2015 оноос хойш 2023 он хүртэл хамт амьдарсан сүүлийн 2 жил тусдаа амьдарч байгаа салсан шалтгаан нь үзэл бодол зан харилцаа таарч тохирохгүй ярилцаад хоёр тийш болсон. Одоо ******* эхнэртэй болсон талаар хүнээс сонсож мэдсэн. Цаашид зан харилцааны хувьд хамт амьдрах боломжгүй болсон тул энэхүү асуудлыг эвийн журмаар шийдүүлэхээр тус аймгийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ******* ирээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Мөн тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй , хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 -д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх үндэслэлээр Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэдийгээр бид хоёр хоорондоо ярилцаад салсан боловч хүүхдийн эрх ашиг хөндөгдөж эцэг хүний тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа, мөн миний хувьд хоёр хүүхдээ ганцаараа өсгөхөд эдийн засгийн хувьд хүндрэлтэй зайлшгүй эцэг хүний туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна. Мөн би Өмнө-говь аймгийн Ханбогд суманд амьдардаг нааш цааш явах боломжгүй бага насны 2 охинтой тул ******* /*******/-ыг эрэн сурвалжилж, оршин сүугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Б.******* нь иргэн ******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах шаардлагатай, ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул ******* эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /*******/ нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.******* хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Алдар овогт ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Алдар овогт ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Б.******* мэдэгдэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА