| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2020/02900/И |
| Дугаар | 210/МА2022/00189 |
| Огноо | 2022-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2022/00189
М.Агийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02903 дугаар шийдвэртэй,
М.Агийн нэхэмжлэлтэй, Д.Пваа, Ч.Бдүй нарт холбогдох,
150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, хариуцагч Д.Пваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагч Ч.Бдүйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.А нь одоо АНУ-д гэр бүлийн хамтаар амьдардаг. М.А нь бөөрний дутагдал, сахар хавсарсны улмаас 5-6 жилийн настай гэсэн онош тавигдан эх орондоо эргэн ирэх гэсэн боловч энд амьдрах гэр оронгүй, хөдөлмөрийн чадваргүйн улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байна.
М.А нь Солонгос улсад 10 жил ажил хөдөлмөр эрхэлж Баянзүрх дүүрэг, 7 хороо, 15 хороолол, 38а байр, 45 тоот 3 өрөө байрыг худалдаж авсан ба уг орон сууц нь түүний эхнэр Б.Намжилдуламын өмчлөлд байсан. Солонгос улсаас Монгол улсад ирээд уг орон сууцад амьдарч байгаад 2014 онд Америк улс руу явсан.
Д.Пваа нь С.Бат-Ирээдүйтэй хамтран хийж буй бизнестээ ашиглах зорилгоор 2014 оны 03 сард М.Аг гуйж, ятгалгаар Б.Намжилдуламын өмчлөлд байсан, дээрх 3 өрөө орон сууцыг буцаан өгөх нөхцөлтэйгөөр өөрсдийн зээлийн барьцаанд барьцаалсан. Улмаар Д.Пваа, Ч.Бдүй нар нь Хаан банкнаас авсан зээлээ 2016 оноос хойш төлөөгүйн улмаас дээрх орон сууц банкны зээлд хураагдсан талаар Д.Пваа бидэнд мэдэгдсэн.
Д.Пваагаас бид 2016 оноос өнөөдрийг хүртэл орон сууцыг буцааж авах талаар шаардаж байгаа бөгөөд тэрээр Ч.Бдүйтэй харьцах хэрэггүй, би Ч.Бдүйгээс 1,000,000,000 төгрөг авна, байрны чинь асуудлыг шийдэж өгнө гэх мэтээр хойшлуулсан. Д.Пваатай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэлцэл хийж, уг хэлцлээр Д.Пваа нь М.Ад уг орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор буцааж өгөх эсхүл ижил чанар бүхий өөр орон сууцыг худалдан авч өгөхөөр тохиролцсон. Мөн 3 өрөө байрны үнийг тухайн үеийн зах зээлийн ханш болох 100,000,000 төгрөгөөр тооцон М.Ад төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор тохирсон.
Иймд орон сууцны үнэ 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Пваагийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч Д.Пваа нь Баянзүрх дүүргийн 7 хороо, 38а байрны 45 тоот хаягт байрлах 3 өрөө байртай холбоотой худалдах, худалдан авах гэрээ болон орон сууцны зээлтэй холбоотой харилцаанд орж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий орон сууцыг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр М.Гэрэл, Ч.Бдүй нар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ч.Бдүйн өмчлөлд шилжсэн. Ч.Бдүй урьдчилгаа 20 хувийг төлж, үлдэх 96,000,000 төгрөгийг зээлээр төлөх гэрээг Хаан банктай байгуулж, зээлийн төлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сар хүртэл Хаан банканд төлж байсан. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 211 тоот магадлалаар орон сууц нь хариуцагч Ч.Бдүйн өмчлөлд байсан нь тогтоогддог.
Ч.Бдүйн өмчлөлийн байрыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнийг оролцуулахгүйгээр М.А, Д.Пваа нар хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус юм. Ч.Бдүй нь орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр М.Гэрэлээс шилжүүлэн авсан тул М.А бус М.Гэрлээ нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж бодож байна. М.А нь ямар арга замаар Д.Пваатай хэлцэл байгуулсныг мэдэхгүй, хэлцлээрээ дамжуулан дахин мөнгө олох гэсэн санаа зорилготой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ч.Бдүйгийн татгалзал, тайлбарын агуулга: Д.Пваа нь 2014 оны 03 дугаар сард Хаан банканд ажилладаг н.Ганбатын хамт тус банкнаас орон сууцны зээл авахаар тохиролцсон, нэр дээр нь зээл авах хүн хэрэгтэй гэж санал тавьсны дагуу н.Ганбатын хадам дүүгийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 7 хороо, 38а байрны 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг одоогийн зээлээс нь чөлөөлж, зээлийн барьцаанд тавьж зээл авч, авсан мөнгөө 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Ингээд 2014 оны 05 сарын 05-ны өдөр Хаан банкнаас 96,000,000 төгрөгийн зээл авч, тус бүр 48,000,000 төгрөг хувааж авсан боловч Д.Пваа, н.Ганбат нар зээлээ төлөөгүй, би өөрийн нэр дээр зээл авсан 41,596,980 төгрөгийг төлсөн.
Д.Пваад зээлээ төл гэхээр н.Ганбатаас мөнгө авахаараа төлнө, би зээл аваагүй гэсээр 2 жил болсон. М.А нь Д.Пваатай уулзан 100,000,000 төгрөгийн хэлцэл хийж тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтаар нотлогдож байна.
Хэлцэл байгуулах үед орон сууц Ч.Бдүйн өмчлөлд байсан, тэрээр тухайн орон сууцыг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр М.Гэрлээгээс худалдаж авсан гэрээ нь хүчинтэй байхад М.А, Ч.Пүрэвдаваа нарт Ч.Бдүйн орон сууцыг шилжүүлэх хэлцэл хийх эрхгүй. Ч.Бдүй нь орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдаж авахдаа 24,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, 96,000,000 төгрөгийг зээлээр төлөхөөр авсан, орон сууцны өмчлөгч нь Ч.Бдүй юм.
Хэрэгт авагдсан баримтаар орон сууцны өмчлөгч нь М.Гэрэлцогт, түүнээс Б.Намжилдуламд бэлэглэлээр шилжсэн, түүнээс хэнд шилжсэн талаарх лавлагаа байхгүй. М.Гэрэл нь тухайн үед хууль ёсны өмчлөгч байсан учир худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг банк шалгаж байж зээл олгодог.
М.А нь өнөөдөр орон сууцны маргаанд ямар ч хамааралгүй, иймд Ч.Бдүйгээс нэхэмжлэх эрхгүй. Орон сууц 2008 онд Б.Намжилдуламын нэр дээр шилжсэн баримт байхад Солонгос улсад ажилласан мөнгөөрөө байр авсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөө мөнгөө хуримтлуулаад авсан гэх баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Д.Пваа, Ч.Бдүй нараас тус бүр 50 000 000 төгрөг, алданги тус бүр 25 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 065 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 157 950 төгрөг, хариуцагч Д.Пваа, Ч.Бдүй нараас тус бүр 453 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Ч.Бдүйн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх “100,000,000 төгрөгийн хэлцэл нь Ч.Пүрэвдаваа, М.А нарын хооронд хийгдэж тэд гарын үсэг зурсан байхад энэ хэлцлийг Ч.Бдүй мэдэж байсан байна” ... гэж нотлох баримтгүйгээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Ч.Бдүй уг хэлцлийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй, уг хэлцэл хийхэд оролцоогүй, гарын үсэг зураагүй байхад уг хэлцлийг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэж байгаа нь илт хууль зөрчиж байна.
Уг орон сууц нь М.Агийн өмчлөлийнх биш төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нэхэмжлэгч уг орон сууцыг эзэмшиж байсан, түүний өмчлөлд байгаагүй нь харагддаг. Гэтэл шүүх бэр эгчийнх нь нэр дээр бүртгэлтэй байрыг Ч.Бдүй авсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Ч.Бдүй М.Гэрэл гэх хүнээс орон сууцыг худалдан авсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Энэ нь уг орон сууцны талаар нэхэмжлэл гаргах эрх М.Гэрэлд байгаа, харин М.Ад нэхэмжлэх эрх байхгүй гэдгийг харуулж байна.
Шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хангаж, Ч.Бдүйгээс 75,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрийн Ч.Бдүйд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Д.Пваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх “...Бэлэглэлийн гэрээгээр Б.Намжилдулам өмчлөгч нь болсон орон сууц ямар байдлаар М.Гэрлээгийн өмчлөлд шилжиж тэрээр худалдах- худалдан авах гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх боловч ..,гэрч Б.Намжилдуламын мэдүүлэг, хэлцэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээл, барьцааны гэрээг тал бүрээс нь хооронд харьцуулан дотоод итгэлээр үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ..." гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болно.
Хэргийн 36 дугаар талд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 184\Ш32021\00952 дугаар захирамжаар “Хаан банк” ХХК-аас ирүүлсэн нотлох баримтаар 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” \хх-ийн 58 тал\ -г М.Гэрлээ, Ч.Бдүй нарын хооронд байгуулагдаж, эрхийн бүртгэлийн Ү-2204010690 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 38А байрны 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрх хариуцагч Ч.Бат- Ирээдүйд шилжсэн байна. Хариуцагч Ч.Бдүй нь “Хаан банк” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ОСЗГ-52 тоот Орон сууцны зээлийн гэрээ /хх- ийн 52 тал/, БГҮ-52 тоот Барьцааны гэрээ /хх-ийн 55 тал/ зэргийг байгуулж Хаан банк ХХК нь орон сууцны зээлд 96,000,000 төгрөгийг олгосон байдаг.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ч.Бдүй нь орон сууцны өмчлөгч М.Гэрлээд орон сууц худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөлд заасны дагуу 20 хувийн урьдчилгаа төлбөр төлж байсан эсэх, “Хаан банк” ХХК-аас олгосон 96,000,000 төгрөгийн зээлээс төлбөр төлж байсан эсэх, М.Гэрлээд орон сууцны өмчлөх эрх хэнээс хэрхэн шилжсэн эсэх, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар эрхийн бүртгэлийн Ү-2204010690 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 38А байрны 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрх хэний өмчлөлд байсан эсэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Хариуцагч Д.Пваа нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 38А байрны 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж байсантай холбоотой хариуцагч Ч.Бдүйгээс 48,000,000 төгрөгийг авч байгаагүй. М.А нь орон сууцтай холбоотой төлбөр нэхэмжлэх эрхтэй эсэх нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй.
Д.Пваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн бүртгэлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 38А байрны 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцтай холбоотой худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, өмчлөх эрх холбоотой түүхчилсэн лавлагаа зэрэг баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болсон нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн дүү н.Гэрэлцогтын нэр дээр худалдаж аваад, н.Гэрэлцогтоос Б.Намжилдуламын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжсэн.
Уг орон сууцыг нэхэмжлэгч нь Солонгос улсад ажиллаж байхдаа худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар хангалттай нотлогддог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн.
Хэлцэлд дурдагдсан үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч Ч.Бдүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн шийтгэх тогтоол, магадлал зэргээр тухайн орон сууц “Хаан банк” ХХК-ийн барьцаанд тавигдаж, тус банкны барьцаалбарт хураагдах шүүхийн шийдвэр гарсан болох нь нотлогдож, тогтоогдсон. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу хэлцэл хийгдэх үед дээрх нөхцөл байдал тодорхой болсон байсан нь ойлгомжтой.
Иймд тус хэлцэлд Ч.Бдүйгийн нэр дээр “Хаан банк” ХХК-иас зээл авсан гэдгийг тусгасан. Тэгэхээр Ч.Бдүй нь тухайн хэлцлийн нэг хариуцагч мөн юм. Тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, зээл авч, уг зээлийг өөрөө ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Хэдийгээр тус орон сууцанд байхгүй боловч нэхэмжлэгчийн эзэмшилд байсан, өөрийн төрсөн эгч, дүү нарынх нь нэр дээр удаа дараа шилжиж байсан болох нь хэрэгт авагдсан хорооны тодорхойлолт, тухайн хаягт амьдарч байсан баримтуудаар тогтоогддог.
Анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэж, үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжтой.
2. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Д.Пваа, Ч.Бдүй нарт холбогдуулан орон сууцны үнэ 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.а М.Гэрлээ, Ч.Бдүй нар 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, М.Гэрлээ нь Баянзүрх дүүрэг, 7 хороо, 15 хороолол, 38а байр, 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Ч.Бдүйн өмчлөлд шилжүүлэх, Ч.Бдүй нь 120,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх58/
3.б. М.А, Ч.Пүрэвдаваа нар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэлцэл байгуулж, уг хэлцлээр Ч.Пүрэвдаваа нь 2014 оны 03 дугаар сард М.Агаас Б.Намжилдуламын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 7 хороо, 15 хороолол, 38а байр, 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, уг орон сууцыг Ч.Бдүйн өмчлөлд шилжүүлж, зээл авахдаа барьцаанд тавьсан байх бөгөөд Ч.Бдүй нь зээлээ төлөөгүйн улмаас орон сууц зээлийн төлбөрт хураагдахад нөхцөл байдал үүссэн тул Ч.Пүрэвдаваа нь М.Ад уг орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор буцааж өгөх эсвэл ижил чанар бүхий өөр орон сууцыг шилжүүлэх, эсхүл орон сууцны үнэ 100,000,000 төгрөгийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцон төлөхөөр үүрэг хүлээжээ. /хх 4/
3.в Д.Пваа нь дээрх хэлцлээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан биелүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч М.А болон Ч.Бдүй нарын хооронд эрх зүйн харилцаа буюу аливаа гэрээ, хэлцлийн үндсэн дээр үүрэг үүсээгүй байгааг анхаараагүй байна.
Өөрөөр хэлбэл, М.Гэрлээ, Ч.Бдүйн нарын хооронд хийгдсэн хэлцэлээр шилжих орон сууц Ч.Бдүйн өр төлбөртэй холбоотой захиран зарцуулагдахгүй байх зориолгод уг үүргийг төлөх хэлцлийг Д.Пваа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр М.Атай байгуулсан хэлцлээр хүлээсэн гэж дүгнэхээр байна. Учир нь уг орон сууцыг М.А өмчлөх ёстой талаар М.Гэрлээ маргаагүй.
Иймд Ч.Пүрэвдаваа нь М.Ад дээрх хэлцлийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор орон сууцыг буцаан чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй тул тэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнэ 100,000,000 төгрөгийг төлж барагдуулах учиртай. Иймд Ч.Бдүйд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Ч.Пүрэвдаваа, М.А нар нь хэлцлээр тохирсон төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байх бөгөөд мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар М.А нь алдангийг үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Пүрэвдаваагаас орон сууцны үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4. Харин Д.Пваагийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Д.Пваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууцтай холбоотой баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас, зээлтэй холбоотой баримтыг “Хаан банк” ХХК-аас, орон сууцыг одоо эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийг тогтоолгох баримтыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тамгын газраас тус тус гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2021/11536 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв юм.
Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай өөрөө олж авах боломжгүй баримт биш байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ч.Бдүйн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Д.Пваагийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/02903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Пүрэвдаваагаас орон сууцны үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож, нэхэмжлэлээс Ч.Бдүйд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “хариуцагч Д.Пваа, Ч.Бдүй нараас тус бүр 453 975 төгрөг” гэснийг “хариуцагч Д.Пваагаас 1 065 900 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Пваа давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Бдүйн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Э.ЗОЛЗАЯА