| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0083/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч У.Пүрэвдорж (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Уранчимэгийн Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807001830056 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 03 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуульд онцгой байдал-гамшгаас хамгаалах албаны 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, 14-580 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, регистрийн УК95011937 дугаартай, Боржигон овогт Уранчимэгийн Пүрэвдорж нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр – 2018 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Батхаан” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас найз охин Э.Номин-Эрдэнийг нүүр болон толгой руу гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Пүрэвдорж нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Пүрэвдорж нь 2018 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Батхаан” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж найз охин Э.Номин-Эрдэнийг нүүр болон толгой руу гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Пүрэвдоржийн өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Номин-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “... шөнийн 04 цагийн орчимд гэрээс гарч машинд нь суусан юм. Гэтэл У.Пүрэвдорж машин дотор байсан Д.Даваатулга найзтайгаа намайг хардаж уруул хавьд гараараа цохиж нүүрээ гараараа дарах үед дээрээс толгой нуруу орчимд хэд хэдэн удаа цохиж зодсон юм. Энэ үед би машинаас гараад зугтаасан чинь У.Пүрэвдорж араас гарч ирээд хамарт гараараа нэг цохисон чинь миний хамарнаас цус гараад иртэл манай ажлын газрын хүмүүс гарч салгаад машинтай Налайх дүүрэгт ирээд гэртээ ирсэн юм, миний хоёр нүд хөхөрсөн хамар хугарсан, уруул гадна талдаа хөхөрсөн байсан юм. Намайг машин дотор У.Пүрэвдорж зодох үед хажууд Д.Даваатулга байсан, харин гадаа зодох үед хажууд хүн байгаагүй У.Пүрэвдорж бид хоёр л байсан юм. Би эмчилгээний зардалд У.Пүрэвдоржоос 1.500.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Даваатулгын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...У.Пүрэвдоржийн машинд суугаад “Батхаан” гэх амралтын газарт ирсэн юм. Би У.Пүрэвдорж хамт ирсэн хоёр залуугийн хамт амарч байсан гэрт нь ороод би машинд нь ганцаараа сууж байх үед У.Пүрэвдорж хэсэг хугацааны дараа шөнө болсон байхад Э.Номин-Эрдэнийг дагуулаад хоёулаа согтуу машиндаа орж ирээд хойд талын суудал дээр суусан. Гэтэл У.Пүрэвдорж нь юм ярьж сууж байгаад найз охин Э.Номин-Эрдэнийг чи намайг хичээлдээ явсан байх хойгуур Д.Даваатулгатай манай гэрт үлдэж байсан юу ч хийж байсан гэх мэтээр надтай хардаж маргаан эхэлсэн юм. Ингэж байгаад У.Пүрэвдорж нь Э.Номин-Эрдэний цээж хавьд нэг удаа гараараа цохих шиг болсон тэгэхээр нь би У.Пүрэвдоржийг арын суудал дээр доош нь харуулж дараад салгасан чинь У.Пүрэвдорж намайг чи зайл гэж хөөгөөд байхаар нь би машинаас буугаад явсан машин дотор Э.Номин-Эрдэнэ У.Пүрэвдорж хоёр үлдсэн түүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. У.Пүрэвдорж Э.Номин-Эрдэний нүүр болон толгойнд нь гараараа цохисон байж болно үүнийг би яг хараагүй юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч О.Ганболдын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Н.Чинзориг бид хоёр тамхи татаад зогсож байх үед Э.Номин-Эрдэнэ цаана зогсож байсан саарал өнгийн карина маркийн машинаас гараад гүйж байгаа харагдсан удалгүй араас нь У.Пүрэвдорж гэх залуу араас нь гүйж байхаар нь хоорондоо тоглож байна гэж бодоод зогсож байтал эмэгтэй хүн орилох чимээ гарах үед бид нарын орсон гэрийн баруун талд Н.Чинзориг бид хоёр гүйгээд очих үед Э.Номин-Эрдэнэ газар унасан байдалтай У.Пүрэвдорж нь цээжин дээр нь гараараа дарсан байдалтай байхад нь Н.Чинзориг нөгөө залууг ар талаас нь гараараа татаж босгох үед нөгөө залуу Н.Чинзоригийн зүүн талын шанаан тус газарт гараараа 2 удаа цохих үед би дундуур нь салгах гэж орох үед намайг баруун талын шанаан тус газарт гараараа нэг удаа хальт цохисон учир У.Пүрэвдоржийг гараараа түлхэж газар унагасан юм. Э.Номин-Эрдэнийг гэрт оруулж ирэх үед нүүр нь цус болсон хамар нь хавдартай хувцас нь урд хэсгээрээ цус болсон байдалтай байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Чинзоригийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Э.Номин-Эрдэнэ саарал өнгийн карина маркийн машинаас гүйж байхад араас нь найз залуу нь бололтой танихгүй залуу араас нь хөөж байгаа харагдсан юм. Тоглож байна гээд анзаарахгүй зогсож байхад эмэгтэй хүн орилох чимээ гарсан учир бид хоёр гэрийн гадаа гүйгээд очсон чинь машинаас гарч гүйсэн залуу Э.Номин-эрдэнийг газар унагасан дээр нь зогссон гараараа Э.Номин-Эрдэний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч М.Отгонбатын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “... гэнэт гадаа эмэгтэй хүн орилох шиг болсон учир би гэрээс гарч харсан чинь Э.Номин-Эрдэний нүүр нь цус болсон уйлсан байдалтай орилоод байсан цаана нь У.Пүрэвдорж, Оогий, Н.Чинзориг нар тэвэрсэн байдалтай О.Ганболд хажууд нь зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/189 тоот:
1. Э.Номин-Эрдэнийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд урууланд цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч У.Пүрэвдоржийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...би Э.Номин-Эрдэнэтэй машины арын суудал дээр маргалдаж байгаад нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж толгойнд нь мөн гараараа цохисон машинаас буугаад уучлалт гуйх гэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрч хамарт нь гараараа нэг удаа цохиж зодсон нь үнэн, хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,
У.Пүрэвдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/,
У.Пүрэвдоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хх-ийн 49, 51-55 дугаар тал/,
У.Пүрэвдорж нь торгуулийн 200.000 төгрөг төлсөн болох нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хаан” банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-78 дугаар тал/.
У.Пүрэвдоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 56-64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас У.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч У.Пүрэвдоржийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн боловч их сургуульд сурдаг оюутан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй, шүүгдэгч торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авч, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн нь бол тухайн гэмт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасныг хэрэглэх үндэстэй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Э.Номин-Эрдэнэ “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Уранчимэгийн Пүрэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Уранчимэгийн Пүрэвдоржид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Пүрэвдорж энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас төлөөгүй үлдсэн 250.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 700.000 /долоон зуун/ мянган төгрөгөөр торгох ял тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Пүрэвдоржид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Пүрэвдорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч У.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Э.Номин-Эрдэнэ “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол У.Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ