Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                     Б.Оюунцэцэг

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч                           *******

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч                           Д.Урансувд

                                                                                      Д.Цолмон

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч                             Д.Галтогтох             

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                              Ө.Батболд

Шүүгдэгч                                                                       *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1921003080145 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз багийн Аят хорооллын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: ******* *******/.

2. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу 2000 м/куб байгалийн элсийг барилгын зориулалтаар ашиглах эрхийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр олгож давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын н нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөг, “*******” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125,579,200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг харахад ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар хуулийн этгээдэд олгох ёстой талаарх заалт, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалт нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд аймгийн Засаг дарга А болон Х лиценз олгох талаар зохицуулсан байна.

Миний хийсэн үйлдэл гэвэл сумын байгаль хамгаалагч ын байгуулсан гэрээг баталж гарын үсэг зурсан. Түүнээс бус Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын зөвшөөрөл /А лиценз/, хайгуулалтын зөвшөөрөл /Х лиценз/ гаргаж өгсөн асуудал байхгүй.

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх бүхий аж ахуй нэгж нь зохих зөвшөөрөлийн дагуу аливаа сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа тухайн сумын Засаг даргатай ашиглалт олборлолт хийхдээ хэрхэх талаар гэрээ байгуулах нь тодорхой зүйл. Миний зүгээс “*******” ХХК болон байгаль хамгаалагч нарын хооронд байгуулагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг батлахдаа “*******” ХХК-г түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхтэй эсэхийг шалган тодруулах үйл ажиллагаа явуулахгүйгээр өмнө байгуулдаг байсан жишгийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан нь ажил үүрэгтээ хайнга хандсаны жишээ гэж бодож байна.

Миний хувьд өөртөө ашиг хонжоо харж, “*******” ХХК-д давуу байдал олгох зорилгоор гэрээг байгуулаагүй. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалаас 2 000 000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг болгосон. Засаг даргын хувьд энэхүү үүргийг биелүүлэх ажлаа хийсэн. Надад өөрт болон бусдад давуу байдал олгох санаа, зорилго байгаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Иргэний нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөг, “*******” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125,579,200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.” гэсэн шийдвэртэй санал нийлэхгүй байна. 

...Манай байгууллага 2021 оноос хойш уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож явчихаад эцсийн үр дүндээ ямар нэгэн үр дүнгүй, яах гэж иргэний нэхэмжлэгч болсноо ойлгохгүй хэмжээнд хүрлээ.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэсэн байхад Б.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэрнээ, сумын Засаг дарга давуу байдал олгосон шийдвэр гаргаснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэх нь нэг талдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хохирол төлбөр төлөгдөхгүй, байгаль орчин, төрийг хохироох үндэс боллоо.

… Б.г “*******” ХХК-д давуу байдал олгосон болох нь тогтоогдож гэм буруутай гэж шүүхээс дүгнэсэн хэрнээ иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилгод нийцэхгүй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлсийг мөрдөгч, прокурор шалгаад, нотлоод, цуглуулж бэхжүүлсэн боловч шүүхээс нотолбол зохих байдалд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэргийн улмаас үүссэн хохирол шаардахгүй гэж хэт өрөөсгөл дүгнэх нь зохимжгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан аймгийн Прокурорын газраас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын Аймгийн Ерөнхий прокурорт гаргасан хохирол арилгуулах тухай албан хүсэлт зэрэг баримтаар иргэний журмаар хохирол шийдэгдээгүй ба дээрх баримтуудаар эрүүгийн хэргийн хамт хохирол шийдэгдэх тухай шийдвэр гарсан атал эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдүүлээгүй нь буруу байна.

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар “*******” ХХК-д торгох шийтгэл оногдуулсан боловч Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3 дугаар зүйлд заасан арга хэмжээ аваагүй. Ингэснээр “*******” ХХК-ийн хууль бусаар олсон орлого, байгаль экологид учруулсан хохирлыг арилгуулах арга хэмжээ хэрэгжиж чадаагүй одоог хүртэл хохирсон хэвээр үлдлээ. “*******” ХХК тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэн торгуулийн арга хэмжээ авагдсан үйл баримт тогтоогдсон ба энэ тал дээр маргаагүй нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талдаа “*******” ХХК-ийн байгаль экологид учруулсан хор уршиг, түүнийг нөхөн сэргээх зардал, хууль бусаар олсон орлого эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад хангалттай нотлогдсон ба шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэлэлцүүлсэн.

Иймд Б.н буруутай үйлдлийн улмаас “*******” ХХК нь хууль бусаар олсон ашиг орлого 125 579 200 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол 30 000 000 төгрөг, нөхөн сэргээх зардал 2 188 172 төгрөгийг улсын орлого болгож, төрд учирсан хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

7. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт холбогдуулж гомдол гаргасан. Миний хувьд энэ саналыг бүрэн дэмжиж оролцож байна. ... Шүүгдэгч ******* гэдэг хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. “*******” ХХК нь Монгол улсын төр, байгаль экологид тодорхой хэмжээний хохирол учруулсан байдаг. Тухайн компанид зөрчлийн хэрэг үүсгээд шалгасан боловч ажиллагаагаа бүрэн дүүрэн хийж гүйцэтгээгүй гэж харагдаж байна. Байгаль экологид учирсан хохирол өнөөдөр ч арилаагүй байна. Өнөөдөр гомдол гаргах эрхтэй үгүй нь мэдэгдэхгүй, хохирлын асуудлыг яах нь тодорхой бус үлдээж байна. Анхнаасаа хохирол гэж үзсэн атлаа эрүүгийн шийдвэрт нэг мөр тусгах бүрэн боломжтой байсан. ... Тиймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг давж заалдах шатны шүүхээс бүрэн эрхийнхээ хэмжээнд өөрчилж өгөхийг хүсч байна. Шийдвэрийг хүчингүй болгох ч бүрэн боломжтой юм. Шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Гэмт хэрэг нь тухайн үед үйлдэгдээд тогтоогдсон байгаа гэв.

8. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж дэмжиж оролцож байна. ... элсийг олборлосон эсэх нь тодорхойгүй гэж хэлж байгаа ч нөгөө талаас элсийг хүлээн авсан, худалдан авсан баримт нь бүрэн харагдаж байгаа. Энэ үйлдлийн улмаас байгаль экологид тодорхой хэмжээний хохирол учирсан байна. Шүүхээс тухайн гэмт хэрэгт нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж хохирлын асуудлыг шийдвэрлэхгүй орхисон байгаа. Энэ нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим нь зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх гэж тодорхой заасан байгаа. Гэтэл хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхиж байгаа нь маш том алдаа юм. Мөн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор заасан байна. Иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

9. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүхэд гаргасан саналдаа: Байгаль экологит хэн хохирол учруулсан, хэн төлбөрийг төлөх ёстой гэдэг нь өнөөдөр ч тодорхой бус хэвээр байна. Уг нь , , нараар элс олборлуулаад аж ахуй нэгжид хүлээлгэн өгсөн байгаа. Энэ байдал нь маш нарийн тогтоогдсон. Яагаад энэ нөхцөл байдлыг ойлгохгүй байгааг нь гайхаж байна. Иргэний нэхэмжлэгч байгаль экологит учруулсан хохирол, гэмт хэргийн улмаас олсон ашиг зэргийг нэхэмжлээд байна. 2000 куб элс олборлосон үйлдэл нь өнөөдөр хэлэлцэж байгаа зүйл ангитай хамааралтай юм уу? Энэ байдлаа ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ бол тусдаа зөрчлийн хэрэгтэй холбоотой. Шууд үр дагавар, шалтгаант холбоо гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. ******* гарын үсэг зурснаараа шалтгаант холбоо үүсээд байгаа зүйл байхгүй. Нэр бүхий хүмүүс тухайн газраас элсийг авч байгаа үйлдэл юм. Тэгэхээр шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна. Иргэний хариуцагчаар татагдаж ирсэн “*******” ХХК ч гэсэн нөхөн сэргээх зардал, хууль бусаар олсон орлого зэргийг нэхэмжлэх боломжгүй юм. Дансаараа 125 сая төгрөг авсан нь буруу байсан юм уу? Уг төлбөрийг хаашаа яаж зарцуулсан нь бүрэн тодорхой харагдаж байгаа. Дансаар мөнгө орсон асуудлаас болж л буруутгагдаад байна. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж ял халдаасан байдаг. Миний хувьд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. Өмнө нь хийгдэж байсан гэрээнүүдийн загвар дээр 1 сарын хугацаатай гэрээг байгуулсан байдаг. Б.н хувьд хайнга хандах гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой байна. Б.н хувьд сумын төсөвт 3,000,000 төгрөг төвлөрүүлэх шийдвэр гарсны дагуу тухайн гэрээг байгуулсан. Аж ахуй нэгжтэй гэрээг байгуулсан боловч өөр иргэд нь элсийг зөөвөрлөсөн байдаг. Зөрчлийн асуудлаар “*******” ХХК-ийг 2 сая төгрөгөөр торгосон ба энэ торгуулийг төлж барагдуулсан байдаг. Тиймээс гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. ******* нь гэмт хэрэг үйлдээгүй болох нь харагдаж байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

11. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

12. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Б.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шийтгэх тогтоолд хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлээ хийсэн гэж үзсэн. Элс олборлох эрхийг “*******” ХХК-д гэрээгээр олгосон үйлдлийг гаргасан байгаа. Бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр эрүүгийн хуульд бүрэн нийцсэн гэж прокурорын хувьд үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд “хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн юм биш үү гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ гэмт хэрэг чинь эс үйлдэхүйгээр илэрдэг. Гэтэл ******* нь гэрээг байгуулж гарын үсэг зурсан байгаа. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх тогтоол гаргах үедээ иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхээр хуульд заасан байгаа. Үүний дагуу шийдвэрлэсэн байгаа нь тодорхой харагдаж байна. Хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь бүрэн нээлттэй үлдсэн байна. Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******д холбогдох эрүүгийн 1921003080145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.

4. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалд буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж хийх ёсгүй үйлдэл хийж, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу 2000 м3 элсийг барилгын зориулалтаар ашиглах эрхийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-нд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр олгож давуу байдлыг бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан ******* нь “*******” ХХК буюу тусгай зөвшөөрөлгүй компанитай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ хийж, “*******” ХХК нь элс олборлож 125,579,200 төгрөгийн ашиг олсон. Мөн байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөгийг “*******” ХХК болон ******* нараас хувь тэнцүүлсэн байдлаар гаргуулах саналтай байна. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 109-111, 117-118х/,

- гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... манай *******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Шинь шинь” ХХК нь холимог металл олборлох уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Уг компанийн туслан гүйцэтгэгч нь “ ” ХХК байдаг. Уг туслан гүйцэтгэгч компанид 2000 м3 элс шаардлагатай байхаар нь би компанийнхаа зүгээс нийлүүлэхээр тохиролцож худалдан авах гэрээ хийгдсэн. Дашбалбар сумын Засаг дарга *******тай 2018 оны 7 дугаар сард уулзаад “Элс хайргыг хүмүүс аваад байдаг юм байна. Манай компаниас сум орон нутагт төлбөр хураамжаа зохих журмын дагуу төлөөд 2000 м3 элс олборлох хүсэлтээ тавьсан бөгөөд хүсэлтийг зөвшөөрсөн тул 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр сумын байгаль хамгаалагч Б., манай компанийг төлөөлж манай эхнэр Б.Оюунчимэг нар гэрээ байгуулж сумын Засаг дарга ******* гэрээг баталсан. Гэрээний дагуу “Мардайн даваа” гэх газраас элс авч “ ” ХХК-д нийлүүлсэн. ... Дашбалбар сумын Засаг дарга ******* нь “*******” ХХК-ийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй талаар мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25, 183-184, 226-227, 2-р хх-ийн 15-16, 126-128, 3-р хх-ийн 109х/,

- гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сумын Засаг дарга ******* намайг “гэрээний загвар бэлдээрэй” гэхэд нь өмнөх гэрээний загварыг харж байгаад гэрээний загвар бэлдсэн. Би өөрөө өмнө нь гэрээг байгуулж байгаагүй, ажлаа сайн мэдэхгүй байсан учраас 06 дугаартай гэрээг бэлтгэж байгуулан гарын үсэг зурахад сумын Засаг дарга ******* гэрээг баталсан. ...Гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд барилгын зориулалтаар түгээмэл тархацтай ашигт малтмал болох байгалийн элс ашиглахаар заасан. ...Монгол улсын Газрын тухай хуулийн 50 дугаар зүйл, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын А/121/88 тоот хамтарсан тушаалыг үндэслэсэн. ...Тухайн гэрээнд ашигт малтмалыг нэг сарын хугацаатай Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Мардайн карьер” гэх газраас бэлтгэхээр тусгасан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31, 223-225х/,

- гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга ******* нь сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 60 км зайд байдаг Мардайн тосгоны нутаг дэвсгэрээс “*******” ХХК-ийг төлөөлж иргэн Оюунчимэгтэй 2000 м3  элсийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг 2018 оны 7 дугаар сард байгуулсан. Оюунчимэгийн төлөөлсөн “*******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, бэлтгэх эрх байхгүй. Уг бэлтгэсэн 2000 м3 элсээ Хятадын хөрөнгө оруулалттай “ ” ХХК-д нийлүүлсэн байдаг. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26, 216-217х/,

- гэрч ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 онд ганцхан компанитай гэрээ байгуулсан. Сумын байгаль хамгаалагч Б. “*******” ХХК-тай 2018 оны 7 дугаар сард түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 06 дугаартай гэрээг байгуулж сумын Засаг дарга ******* баталсан. Энэ гэрээний дагуу “Мардайн уурхай” гэх Оросуудын үйл ажиллагаа явуулж байсан эвдэгдсэн талбайгаас 2000 м3 элс бэлтгэж “ ” ХХК-д нийлүүлсэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь 2014 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжиж байна. Энэ хуулиар аймгийн Засаг даргын бүрэн эрхэнд харъяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно. Тусгай зөвшөөрөлтэй компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах эрх үүснэ. “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй учраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайргыг олборлож болохгүй. Уг хуулиар бол сумын Засаг дарга аж ахуй нэгжтэй түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээг байгуулж болохгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35, 185-186, 220-222х/,

- гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Тус сумын Засаг даргын Тамгын газраас 2018 онд “*******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс ашиглуулах гэрээг хийсэн. Гэрээг тус сумын байгаль хамгаалагч нь “*******” ХХК-тай байгуулж Засаг дарга нь баталсан байсан. Тус гэрээг байгуулсан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. ...” гэснийг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасан аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох байтал сумын Засаг дарга нь олгож дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Тухайн сум нь Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 дугаартай хамтарсан тушаалыг үндэслэн гэрээг байгуулсан байна. Энэ сайдын тушаал нь хүчингүй болсон бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай үл нийцэж байсан. Тиймээс энэ зөрчлийг арилгуулахаар сумын Засаг дарга *******д зөрчлийг арилгуулах, цаашид зөрчлийг гаргуулахгүй байх, таслан зогсоох 12-05-031/26 дугаартай албан шаардлагыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190х/,

- Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Ердийн ашигт малтмалыг лицензгүйгээр ашиглах журам”, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12-05-031-26 дугаартай албан шаардлага, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Б.г сумын Засаг даргаар томилох тухай” захирамж, “*******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй тухай албан бичиг, Б.Оюунчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

5. Шүүгдэгч Б.н нийтийн албан тушаалд буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж хийх ёсгүй үйлдэл хийж, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэр “Мардайн элсний карьер” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу 2000 м3 элсийг барилгын зориулалтаар ашиглах эрхийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-нд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр олгож давуу байдлыг бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын газраас шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

7. Шүүгдэгч ******* “ ...Миний зүгээс “*******” ХХК болон байгаль хамгаалагч нарын хооронд байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ”-г батлахдаа “*******” ХХК-г түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхтэй эсэхийг шалган тодруулах үйл ажиллагаа явуулахгүйгээр, өмнө байгуулдаг байсан жишгийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан нь ажил үүрэгтээ хайнга хандсаны жишээ гэж бодож байна. ...Надад өөрт болон бусдад давуу байдал олгох санаа зорилго байгаагүй. Иймд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/105 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ******* надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх,

- иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******: “...шүүгдэгч Б.г “*******” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутай гэж шүүхээс дүгнэсэн хэрнээ иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Б.н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон үйлдэл, давуу байдлыг бий болгосны улмаас “*******” ХХК хууль бусаар ашиг орлого олсон хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой, үүнийг үгүйсгэх ямар ч үндэслэл байхгүй. ...Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар “*******” ХХК-д торгох шийтгэх оногдуулсан боловч Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй. Ингэснээр “*******” ХХК хууль бусаар олсон орлого, байгаль экологит учруулсан хохирлыг арилгуулах арга хэмжээ хэрэгжиж чадаагүй одоог хүртэл хохирсон хэвээр үлдлээ. Иймд Б.н гэм буруутай үйлдлийн улмаас “*******” ХХК нь хууль бусаар олсон ашиг орлого 125,579,200 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөгийг улсын орлого болгож төрд учирсан хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

8. Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй байсан буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгоно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмал буюу зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элсийг хайх, ашиглах эрхийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгох бөгөөд уг түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглуулах зөвшөөрөл олгох, гүйцэтгэлийг хянах, таслан зогсоох арга хэмжээ авах эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгосон ба Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцохоор хуульчлан зохицуулсан байтал шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 тоот хамтарсан тушаалаар баталсан “Ердийн ашигт малтмалыг лицензгүйгээр ашиглах журам”-ыг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох эрхийг “*******” ХХК-д гэрээгээр олгож байгаа нь тухайн компанид түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элсийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах олборлох давуу байдлыг бий болгосон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч Б.н үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

9. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон  этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт онцгой ач холбогдолтой.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцлийн нэг болдог.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг шууд учирсан, тийнхүү учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг. Тухайлбал гэмт хэргийн хохирол, хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болно.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, ...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.  

Шүүгдэгч Б.н гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 30,000,000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахгүйгээр уг хохирлыг шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч *******ас байгаль орчинд учруулсан хохиролд 30,000,000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэжээ.

Харин гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК нь хууль зөрчиж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож борлуулсан зөрчлийн улмаас ашиг олсон эсэх нь тусдаа хуулиар зохицуулагдсан харилцаа ба иргэний нэхэмжлэгч нь нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөг, “*******” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125,579,200 төгрөгийг иргэний хариуцагчаас иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

10. Иймд шүүгдэгч Б.н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч *******ы гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч *******ы гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 30,000,000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, иргэний нэхэмжлэгч нь нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөг, “*******” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125,579,200 төгрөгийг иргэний хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ГАНЧИМЭГ

 

             ШҮҮГЧИД                                        Г.УРТНАСАН

 

                                                                        Ц.ЭРДЭНЭЗУУ