Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/780

 

 

                                                                 Г.Ат холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

цагаатгагдсан этгээд Г.Аийн өмгөөлөгч Б.Очбадар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/510 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Г.Ат холбогдох 2306 00000 3790 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн А, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Э” их сургуулийн ... дугаар бүлгийн оюутан гэх, ам бүл ... хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../;

Цагаатгагдсан этгээд Г.А нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ск” эмнэлгийн хувцас солих өрөөнөөс хохирогч Б.Нийн эзэмшлийн савхин гадуур хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 522.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Боржигон овогт Ганхуягийн Аийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ат холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэргийг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн 2306 00000 3790 дугаартай хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын үр дүнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, эх сурвалжийг нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнээд Г.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлэсэн юм.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Гэтэл шүүх хавтаст хэрэгт огт баримтаар нотлогдоогүй зүйлийг таамаг төдий дэвшүүлэн “Г.А нь эмнэлгээс гараад гэр рүүгээ алхаж явсан, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим гэртээ хариад бусдын гадуур хувцсыг өмссөнөө мэдсэн, мэдсэн даруйд эмнэлгийн утасны дугаар руу залгасан боловч дуудаад аваагүй, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гадуур хувцсыг буцааж өгөх зорилгоор уутанд хийгээд гэрээсээ авч гарсан боловч хэлний сургалтдаа сууж, шалгалт өгөөд амжаагүй, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ням гараг байсан тул гэртээ амарсан, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хичээлдээ явсан” гэх зэргээр үйл баримтыг хийсвэрээр тогтоон дүгнэж, гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл тогтоогдоогүй гэж шүүгдэгчийг цагаатган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг цогц байдлаар үнэлж, дүгнэлт өгөхгүйгээр дан ганц шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөн өгсөн “бусдын гадуур хувцсыг андуурч өмссөн, ...эмнэлгийн лавлах утас руу залгаж мэдэгдэх гэхэд 2 утас дуудуулаад аваагүй” гэх мэдүүлгийг бусад нотлох баримтуудаас илүү үнэн зөв мэтээр үнэлж, улмаар түүндээ хөтлөгдөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох бусад нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байна.

Тухайлбал шүүгдэгч өөрийн гадуур хувцаснаас огт өөр материалтай бусдын гадуур хувцсыг нууц далд аргаар авч явсан, ингэхдээ тухайн цаг хугацаанд өөрийн гадуур хувцсыг өмссөн байсан, мөн хоёр давхар гадуур хувцас давхарлан өмсөж андуурах боломжтой эсэх, хэрэв андуурч өмсөж явсан гэж үзвэл цагдаагийн байгууллагаас дуудах хүртэл 4 хоногийн хугацаанд бусдын эд зүйлийг яагаад сайн дураараа буцааж өгөөгүй байсан болох зэрэг нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад бодитой дүгнэлт өгөхгүйгээр, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй “өвдөлтийн шокт орсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас бусдын гадуур хувцсыг андууран давхарлан өмсөөд явсан, энэ талаараа мэдсэн даруйдаа эмнэлэг рүү залгасан, буцааж өгөх зорилготой гэрээсээ авч гарсан боловч тухайн үеийн нөхцөл байдал хувийн зохион байгуулалт, хариуцлагагүй байдлаас болж буцааж өгөх боломжит цаг хугацааг өнгөрүүлсэн” гэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй, хийсвэр дүгнэлт хийсэн байна.

Гэтэл хэрэгт шүүгдэгч хэрэг гарсан тухайн цаг хугацаанд өвдөлтийн шокт орсон, эмнэлэг болон цагдаагийн байгууллага руу залгаж бусдын гадуур хувцсыг андуурч өмсөж явсан талаараа мэдэгдсэн, буцааж өгөх зорилготой гэрээсээ авч гараад явж байсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас улбаалан санаандгүй бусдын эд зүйлийг авч явсан гэж үзэх нотлох баримт байхгүй, тийм нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой. Мөн хулгайлах гэмт хэрэг нь халдлагын объект руу халдах идэвхтэй үйлдэл гарснаар эхэлж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар төгсдөг бөгөөд цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн шуурхай илрүүлж, алдагдсан эд зүйлийг буцаан олгуулсан байна. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа сэдлийг тогтоох, гэмт хэргийг үгүйсгэх, түүнд ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл биш болохыг дурдах нь зүйтэй юм” гэсэн дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасан байхад анхан шатны шүүх цагаатгах тогтоолд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргасан дүгнэлтүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж тус тус ямар нэгэн салаа утгагүй хуульчилсан байна.

Шүүгдэгчийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан эд хөрөнгө /гадуур хувцас, машины түлхүүр/-ийн зах зээлийн үнэлгээ 522.000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь шууд учирсан үр дагавар учраас гэмт хэргийн хохирол, харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч машины түлхүүрээ 550.000 төгрөгөөр хувилуулсан нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар юм.

Гэтэл шүүх “...шууд хохирол нь бага хэмжээнээс доош байдлаар тогтоогдсон байна” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/510 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь, хавтаст хэргийн 18-19 дүгээр талд авагдсан гэрч Бадамгаравын болон 55 дугаар талд авагдсан Э.Энхбаярын нарын өгсөн мэдүүлгүүд, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд Г.А нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогддог. Гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Гэтэл Г.А нь “2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сургалттай байсан, маргааш нь эрүүл мэндийн байдал муу байсан, харин нөгөөдөр нь хичээлтэй байсан” гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан Г.Аийн мэдүүлгүүд хоорондоо маш зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Тухайлбал, хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан түүний мэдүүлэгт “Тухайн өрөө гэрэлтэй байсан уу, эсхүл харанхуй байсан уу” гэх асуултыг 2 удаа асуухад тэрээр эхний хариултдаа “цонхгүй, харанхуй өрөө байсан” гэж, харин дараагийн хариултдаа “цонхгүй, гэрэлтэй өрөө байсан” гэж зөрүүтэй хариулт өгсөн. Мөн тэрээр анхан шатны шүүх хуралдаанд “Би тухайн эмнэлэгт нүдэндээ давхраа хийлгэх мэс засалд орсон. Үүний улмаас дээшээ болон чигээрээ харах боломжгүй байсан тул хувцас солих өрөөнөөс ямар хувцас өмсөж гарснаа мэдээгүй” гэж тайлбарладаг боловч тухайн өдөр тэрээр Баянзүрх дүүрэгт байрлах эмнэлгээс 16 цаг 30 минутад гарч өөрийн оршин суух Баянгол дүүрэгт байрлах гэр лүү алхаж харьсан байдаг. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд тэрээр Баянзүрх дүүргээс Баянгол дүүрэг хүртэл алхахдаа зөвхөн доошоо харж явах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн тухайн гоо сайхны эмнэлэг нь мэс ажилбараа хийснийхээ дараа төлбөрөө авдаг байсан. Гэтэл Г.А нь тухайн үед мөнгөгүй байсан. Нүдэндээ давхраа хийлгэх мэс ажилбар нь заавал хийлгэх шаардлагатай биш юм. Тэрээр эмнэлгийн хамт олонд “Би зээлээр ороод дараа нь төлье” гэж хэлсэн байдаг. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаарддаг. Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд “Нууцаар авсан гэх шинж байхгүй байна” гэж дурдсан боловч хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх шинжийг үгүйсгээгүй. Тухайн гоо сайхны эмнэлгийн хувцас солих өрөөнд хяналтын камер байдаггүй. Харин орох, гарах хаалганы хэсэгт хяналтын камер байдаг. Г.А нь мэс ажилбарт орсныхоо дараа хувцас солих өрөө рүү орж хохирогчийн савхин гадуур хувцсыг өмсөж, дараа нь өөрийнхөө өдөн гадуур хувцсыг өмссөн байдаг. Хэдийгээр Г.А нь “тухайн үед өвдөлтийн шоконд орсон байсан” гэж мэдүүлсэн боловч савхи нь хатуу бол өд зөөлөн чанартай бөгөөд үүнийг ялгаж, салгах бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Г.Аийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан эд хөрөнгө /гадуур хувцас, машины түлхүүр/-ийн зах зээлийн үнэлгээ 522.000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь шууд учирсан үр дагавар учраас гэмт хэргийн хохирол, харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч машины түлхүүрээ 550.000 төгрөгөөр хувилуулсан нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар юм. Гэтэл шүүх “...шууд хохирол нь бага хэмжээнээс доош байдлаар тогтоогдсон байна” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 1.4-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тухайн тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилнэ.” гэж тайлбарласан. Гэтэл Г.Аийн эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгүүд нь гэрч Энхбаяр, Бадамгарав нарын мэдүүлэг, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна. Мөн шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангаагүй. Г.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Аийн өмгөөлөгч Б.Очбадар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэж байна. Учир нь, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж, бүрэн бодитой дүгнэлт хийсэн. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай, бүрэн нотолж чадаагүй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал зэргийг бүрэн тогтоогоогүй. Тухайлбал, анхан шатны шүүх хуралдааны явцад яригдсан тухайн хувцас солих өрөө гэрэлтэй, эсхүл гэрэлгүй байсан эсэх, ямар хувцсыг хаанаас, яаж авч гарсан талаар тогтоогоогүй. Г.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн “Би нүдэндээ давхраа хийлгэх хагалгаанд орсон” гэж тогтвортой мэдүүлсэн. Аливаа хүний биед хийгдэж байгаа мэс ажилбар, хагалгаа нь хэсгийн мэдээ алдуулалт, эмчилгээний дараах хүндрэл, эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөлтэй. Үүнийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй. Прокурорын зүгээс Г.Аийг “Яагаад бусдын гадуур хувцсыг өмсөж явсан атлаа тухайн өдөр нь цагдаагийн байгууллага болон тухайн эмнэлэгт мэдэгдээгүй юм бэ” гэдэг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, тогтоогоогүй. Г.А нь “Би тухайн өдөр “Сендерелла клиник” эмнэлгийн 7777-7878, 9400-9400 дугаар луу тус тус залгасан боловч утсаа аваагүй. Маргааш нь амралтын өдөр байсан. Даваа гарагт шалгалттай байсан тул цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй” талаар мэдүүлсэн. Уг мэдүүлэгтээ холбогдуулан ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Г.А тухайн өдөр “Сендерелла клиник” эмнэлэг рүү залгасан эсэхийг тодруулах ажиллагаа хийсэн бол Г.А хэзээ, хэдэн цагт тухайн эмнэлэг рүү залгасан болох нь тодорхой болох байсан. Анхан шатны шүүх Г.Аийн тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүдэд бодитой дүгнэлт хийсэн. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үндсэн шинж нь шунахай сэдлээр ашиг олох зорилготой байх ёстой. Гэтэл Г.Аийн үйлдэлд ямар нэгэн ашиг олох болон шунахай сэдэлт байгаа эсэхийг тогтоож чадаагүй. Тухайлбал, Г.А нь тухайн савхин гадуур хувцасны халаасанд автомашины түлхүүр байсан эсэхийг хэзээ мэдсэн, тухайн автомашины түлхүүрийг бусдад худалдаж ашиг олох зорилготой байсан эсэхийг тогтоож чадаагүй. Прокуророос “Г.А нь хагалгаа хийлгэх төлбөргүй байсан атлаа хагалгаа хийлгэсэн” гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн эмнэлэг нь зээлийн үйлчилгээтэй байсан бөгөөд үүнтэй холбогдуулан тухайн эмнэлгийн нярав “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэрэгт үндэслэж төлбөрөө дараа төлөх боломжтой талаар хэлж байсан” талаар мэдүүлсэн байдаг. Энэ нь хохирогчийн гадуур хувцсыг андуурч өмссөн нөхцөл байдалтай шууд шалтгаан холбоотой талаар нотолж чадаагүй. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх “Хулгайлах гэмт хэрэг санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Г.А нь тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэхийг нотолж чадаагүй. Мөн нууцаар авах үйлдэл нь бусдын эд хөрөнгийг бусдад мэдэгдэхгүйгээр нууцаар, далдуур авч, ямар ч баригдахгүй байх боломжийг эрэлхийлдэг” гэж үндэслэлтэй дүгнэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүх Г.Ат холбогдох хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Аийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ болон хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хэрхэн яаж үгүйсгэгдэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлана.

Шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Ийнхүү шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй тул шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудад өгсөн дүгнэлтээ тайлбарлах үүрэгтэй.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ. Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоож, нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх гэрч А.Бадамгарав /хх 18-19/, гэрч Э.Энхбаяр /хх 55/ нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-34/ зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн үндэслэл нь тодорхойгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Иймд Г.Аийг “үндэслэлгүй цагаатгасан” талаарх бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/510 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

Цагаатгагдсан этгээд Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/510 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Цагаатгагдсан этгээд Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ