Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 611

 

 

 

Х.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 855 дугаар магадлалтай, Х.Д-д холбогдох 1906018991038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 16 хоног хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Х-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Д гаргасан гомдолдоо “Хохирогч Х.Ц болон түүний эхнэрийн өгсөн мэдүүлгүүд /үйл баримтыг/ цаг хугацааны хувьд зөрүүтэй /тогтоож/ байна. Миний бие амьдралын түвшин доогуур, сэтгэцийн өвчтэй, ухаан санаа орж гардаг, цусаар бөөлждөг зэрэг асуудлаас болж группэд орох нь тогтоогдсон боловч материалаа гээгдүүлсэн тул орж чадаагүй юм. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хорих ялаа эдэлж байх хугацаандаа сайн хүмүүжиж байгаа бөгөөд хохирол болон эмчилгээний зардлыг саадгүй төлнө.  Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Ц-ын нүүрэн тус газар цохиж, хохирогч хойшоо савж унаснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Д-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Х.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Д-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёроос найман жил хорих ялын санкцаас хорих ялын доод хэмжээтэй дүйцэхүйц 3 жил хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Д-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 855 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

                   

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН