Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2013/0358/З |
Дугаар | 221/МА2017/0209 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0209
2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаарh221/МА2017/0209 | Улаанбаатар хот |
МОХНУБТЗ нийгэмлэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Д, Д.Н, Г.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн 1003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор, МОХНУБТЗ нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Д, Д.Н, Г.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн 1003 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 28/13 дугаартай актын хавсралт 1-д дурдсан 2012 оны бүгд төлбөр 156,847,632.22 гэсэн хэсгээс 13 сая төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н, улсын байцаагч Д.Д, Г.Энарын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актаар тавигдсан 301,220,320.33 төгрөгийн нөхөн татвар болон 90,366,096.10 төгрөгийн торгууль, нийт 391,586,416.43 төгрөгийн төлбөрөөс 90,366,096.10 төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулан хэлтрүүлж, актын төлбөрийн хэмжээг 301,220,320.33 төгрөг гэж багасгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 1003 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх уншиж танилцуулсан шийдвэрээсээ өөрөөр хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэг. Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хурлыг 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдөр шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа "нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж байна дэлгэрэнгүйг бичгээр гарсан шийдвэрээс танилцаарай" гэсэн боловч бичгээр гаргасан шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Тухайлбал: Шүүхийн 1003 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт "106.З.б.төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах" гэсэн заалтыг баримталсан байна.
Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т "...301.220.320.33 төгрөг гэж багасгасугай" гэжээ. Гэтэл энэ нь хариуцагч гаалийн улсын байцаагч нарын актад бичигдсэн дүн байна.
Шүүх актын дүнг багасгасан ямар ч шийдвэр гаргаагүй гэж үзнэ. Учир нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл бол Анхан шатны шүүхээс шийдвэр гаргах заалт бөгөөд шүүгч нарт Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу өөрийн дотоод итгэлээр гаргах шийдвэр юм. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10.2 дахь заалтыг баримтлан ..." гэжээ. Энэ нь шүүгчийн дээрх шийдэл нь шүүгчийн дотоод итгэл биш харин Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-д "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана" гэсэн үүргээ биелүүлсэн үйл ажиллагаа л байна. Түүнээс биш шүүгчид ямар ч байдлаар төлбөрийн үнийг багасгасан ямар ч шийдвэр гаргаагүй байна.
Хоёр: Шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 хуулийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэсэн заалт хэрэгжээгүй байна.
Учир нь: Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл буюу татварын улсын байцаагчид хориглох зүйлийн 30.1-д "Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно" гэж, мөн зүйлийн 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж заасан бөгөөд удирдамж хэрэгт авагдаагүй байна.
Мөн Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4-т Таалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална." гэж заасан бөгөөд Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулахдаа Таалийн ерөнхий газрын даргын 2001 оны 22 дугаар тогтоолоор баталсан Таалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ын дагуу явуулдаг бөгөөд энэ журмын 3 дугаар зүйлийн 3.2-т "Шалгалтыг гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан удирдамжийн үндсэн дээр хийнэ" гэж заасан бөгөөд хавтаст хэрэг энэ журам болон удирдамж авагдаагүй байна.
Эдгээр баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 хуулийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" мөн хуулийн 34.1-д "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыгтал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" мөн хуулийн . 81.2.Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыгтал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна" гэсэн заалт бүрэн хэрэгжээгүй болохыг нотолж байна.
Өөрөөр хэлбэл нотлох баримтаа дутуу бүрдүүлсэн ба хуульд заасан байцаагчийн акт заавал удирдамжтай байж хууль ёсны үйлдэл болдог болохыг анхаараагүй байна. Энэ хэрэг нь 2013 онд үүссэн хэрэг бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 87 дугаартай магадлалын хянавал хэсэгт "шүүх гаалийн улсын байцаагч нарын шалгалт хуулийн дагуу явагдсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна" гэж дүгнэн буцаасан болохыг анхааран үзсэнгүй.
Ер нь энэ маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраад байгаа нь шүүхээс хэрэг үүсгэхдээ Гаалийн ерөнхий газраас тухайн акттай холбоотой баримтуудыг ирүүлэхийг шаардахад "шалгалтын удирдамж"-ийг ирүүлэхгүй байгаа хариуцагчтай холбоотой бөгөөд уг удирдамжийн 4.1-д "...шаардлагатай бичиг баримт, бүртгэл тооцоог хуулбарлан, нотариатын байгууллагаар баталгаажуулах, холбогдох тайлбар, тодруулгыг албан ёсоор авч, шалгалтын материалд хавсаргана" гэсэн заалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй учраас маргааныг шийдвэрлэх боломж үүсэхгүй байгааг шүүх анхаарсангүй. Миний нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичгийн түүний 6-рт бичсэн хүсэлтийг шүүх хангаад байхад хариуцагч уг баримтыг гаргаж өгөхгүй байгааг шүүх анхаарсангүй.
Өөрөөр хэлбэл шүүх өөрийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлээд байгаа юм. Гурав: Шүүх шийдвэр илт үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргасан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзээгүй хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн байна.
Учир нь: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Хэлэлцээрийн дээрх заалтыг баримтлан Улаанбаатар төмөр замын Шугам замын худалдааны Бизнес төв болон Зүүнхараа, Сайншанд, Жинчин төвүүдийн импортолсон бараанд гаалийн татвар ногдуулах ёсгүй гэж маргаж байх боловч тус төвүүдийн 2009-2012 онд импортолсон бараа материал нь төмөр замын үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах бараа бүтээгдэхүүн биш байна” гэсэн дүгнэлт хийжээ. Монгол улсын гааль олон улсын гэрээний дагуу татвар ногдуулах ёсгүй гэж үзээд гаалийн бүрдүүлэлтийн 400 ба 401 горимоор олон улсын гэрээний дагуу татвараас чөлөөлөн гаалийн хилээр оруулсан байгааг шүүх татваргүй оруулах бараа шууд “биш байна” гэж дүгнэсэн байх юм.
Маргаад байгаа 28/13-т дугаартай актад болон хариуцагч нь татвараас чөлөөлөгдөх бараа биш гэсэн үг үсэг нэг ч байхгүй бөгөөд шүүх хуралдаан дээр ч ийм тайлбар гаргаагүй болохыг шүүх анхааралгүй өөрийн дур зоргоор дүгнэлт хийжээ.
Маргаан бүхий 28/13 дугаартай актад "тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдээлсэн" гэсэн болохоос татвараас чөлөөлөгдөх ёсгүй бараа гэж акт тавиагүй болохыг шүүх анхааран үзсэнгүй. Маргаан бүхий актад "тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн" гэж бичсэн нь хариуцагч ГЕГ нь “УБТЗ” ХНН-ийг гаалийн татвараас чөлөөлөгдөх байгууллага болохыг хүлээн зөвшөөж байгааг шүүх анхаарсангүй. Дээрх байдлаас дүгнэлт хийвэл хэлбэл шүүх хэрэгт талууд маргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримтад дүгнэлт хийж шүүхийн шийдвэр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-"Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалт, мөн зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хзргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр гаргажээ.
Дөрөв: Хууль хэрэглээний талаар: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...Гааль Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны А/40 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Барааг дотоодын хэрэгцээнд зориулан оруулах горим хэрэгжүүлэх журам"-ын..." гэж дүгнэлт хийжээ. Гэтэл талууд 2013 оны актад маргаж байгаа учир маргаан бүхий акгад цаг хугацааны хувьд 3 жилийн дараах журмыг баримталсан нь учир дутагдалтай болжээ.
Тав: хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй талаар: Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэсэн заалтыг баримтлан нотлох баримтыг хэрхэн үнэлж буй талаар ямар нэг дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна.
Эдгээрт: Гаалийн ерөнхий газраас 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 01/04 дугаартай, 2012 оны 1 дүгээр сарын 2-нд 01/05 дугаартай, 2013 оны 1 дүгээр сарын 2-нд 01/10 дугаартай албан бичгээр “УБТЗ” ХНН гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байх үүргийг Гаалийн газар, хороодын дарга нарт өгсөн байдаг бөгөөд хэн ч энэ талаар маргаагүй гаалийн байгууллага үгүйсгээгүй болохыг анхааран үзээгүй хавтаст хэрэгт авагдсан гаалийн бүрдүүлэлтийн баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар ямар ч үг үсэг шүүхийн шийдвэрт байхгүй байна.
Мөн миний гарын үсэг зурсан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичгийн түүний 2-рт өнөөдрийг хүртэл хариуцагч тал нь импортоор авсан барааны гаалийн болон санхүүгийн холбогдох бичиг баримтад тулгуурлан...гэж 28/13 дугаартай актыг тавьсан бөгөед түүнийг шүүхээр шаардуулахад баримт, тооцооны үндэслэлээ зэргээ гаргаж өгөөгүй л байна. Шүүх хэрэгт авагдсан баримт хангалттай гэж үзэж шийдвэр гаргасан бол дараах тооцоо гарах байжээ.
Манай хүсэлтээр ГЕГ-аас албадан гаргуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад “зорчигчийн мэдүүлгээр” гаалийн хилээр орж ирсэн барааг “УБТЗ” ХНН оруулж ирсэн бараа гэж акт тавьсан байдаг юм. Иргэн хүн бараа оруулж ирээд “УБТЗ” ХНН-т худалдах, “УБТЗ” ХНН худалдан авах эрхтэй гэтэл зорчигч буюу иргэн хүний гаальд мэдүүлэн оруулж ирсэн барааг “УБТЗ” ХНН торгууль ногдуулсан байгааг шүүх огтоос анхааран үзсэнгүй. Өөрөөр хэлбэл Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т ““мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг” гэж заасан бөгөөд “зорчигч” гэж мэдүүлсэн байхад “УБТЗ” ХНН гэж акт тавьсан нь үндэслэлгүй болохыг шүүх анхаарсангүй. Жишээ татвал: хавтаст хэргийн 161 дүгээр талд буй нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0086729-т “мэдүүлэгч нь “Н” гэх иргэн /рег №/гаалийн хилээр бараа оруулж ирсэн байх бөгөөд 73.335.42 төгрөгийн барааг шууд 28/13 дугаартай актад оруулж тооцсон мөн дээрх иргэний нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0134795 нэмэлт маягтаар 24,143.45 төгрөг, /162 дахь тал/, мөн нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0134796 нэмэлт хуудсаар 146,071.49 төгрөгийн, нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0134797 нэмэлт хуудсаар 129,223.03 төгрөгийн барааг “УБТЗ” ХНН-т хамааруулсан байгааг шүүх зөв гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл энэ иргэн бараа оруулж ирээд “УБТЗ” ХНН дэлгүүрээр зарж борлуулсанд ямар учраас “УБТЗ” ХНН гаалийн татварыг нь төлөх үүргийг үүсгээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
Зорчигчийн мэдүүлгээр гэх баримтыг нэг бүрчлэн тулган үзвэл Шугам замын бизнес худалдааны төв, Зүүн хараа, Сайншанд, Жинчин төвийн дотоодоос худалдан авсан барааг “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас”-ыг үндэслэн тооцоог хийж хавсаргав. /он, сар өдөр, зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн дугаар, төлсөн дүн, авсан барааны дүн, төлбөл зохих дүнгээр харуулав/ Энэ тооцоогоор төлсөн дүн 15,956,707.0 төгрөг, Авсан бараа нь 102,946,496.77 төгрөг, төлсөн дүн нь 15,956,707.0 төгрөг гарч байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар “УБТЗ” ХНН болон гаалийн 28/13 дугаартай баримтын зөрж байгаа тооцоог авч үзвэл Гаалийн хилээр “УБТЗ” ХНН төлөөлөн бараа оруулах итгэмжлэлгүй хүмүүсийн мэдүүлгийг шууд “УБТЗ” ХНН хамаатуулсан байх бөгөөд “УБТЗ” ХНН регистрийн дугаар буруу, байгууллагын нэр, хаяг, итгэмжлэл, ажлын үнэмлэх хавсаргаагүй гаалийн мэдуүлэг байх бөгөөд энэ нь гаалийн байцаагчид өөрсдөө нь хуурамч мэдүүлэг үйлдэж бараа оруулж ирдэг үүнийг нь хаах нуух зорилгоор 28/13 дугаартай актыг үйлдсэн байгааг нотолж байгаа юм. Тухайлбал: нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0142797, 0075869, 0387792, 0193308, 01347552, 0134750, 0134751, 0086709, 0188802, 0188798, 0188797, 0188799, 0188800, 0188801, 0108296, 0017877, 0014045, 0139756, 0073743, 0073744, 0187531, 0106893, гэх мэт мэдүүлгээр байна.
Мөн хэрэгт авагдсан баримтын дүн нь ямар ч байдлаар тооцож үзсэн 28/13 дугаартай актын үнийн дүнтэй таарахгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хариуцагч нь өөрийн хийсэн тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй, актын дүнг яаж гаргасан нь тодорхойгүй байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хангасан эсэхээ заагаагүй, өршөөлийн хуулийг шууд хэрэглэсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг (цаашид “УБТЗ” ХНН гэх)-ийн 2009-2012 онуудад импортоор авсан барааны гаалийн болон санхүүгийн холбогдох бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актаар гаалийн байгууллагад барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн 1,943,356,905.35 төгрөгийн зөрчилд 301,220,320.33 төгрөгийн нөхөн татвар, 90,366,096.10 төгрөгийн торгууль, нийт 391,586,416,43.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
Уг акттай холбогдуулан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “1949 оны хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”, “и” 10 дугаар зүйлд заасны дагуу тус нийгэмлэгийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийн оруулж ирсэн бараанд татвар үл ногдуулна. Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Олон улсын гэрээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийг баримтлах ёстой. Эдгээр үндэслэлүүдээр Гаалийн улсын байцаагчийн 28/13 дугаар акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, маргажээ.
БНМАУ, ЗСБНХУлсын хоорондын 1949 оны хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “ж”-д “Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байх....”, “и”-д “Барилга ба замын ажилчин, албан хаагчдын хэрэгцээнд зориулсан хоршоо худалдааны газар байгуулах ...”, Аравдугаар зүйлд “... хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ба түүний салбар контор төлөөлөгчдийн газрыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарагдсан ямар нэгэн татварыг үл хураана. .... төмөр замын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил БНМАУ-ын дотор байгаа буюу ирээдүйд бий болж ямар нэгэн албан татварыг үл ногдуулна.” гэж заасан бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний Зүүн хараа, Жинчин, Сайншанд, Шугам замын бизнес худалдааны төвүүдийн 2009-2012 онуудад импортолсон хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, тавилга хэрэгсэл гэх мэт бараа нь төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалд хамаарахгүй, худалдааны газрыг байгуулахтай холбоогүй, төлбөрийн эд хогшил гэж үзэхээргүй байх тул дээрх олон улсын гэрээний дагуу татвараас чөлөөлөгдөх бараа гэж үзэхгүй.
Түүнээс гадна Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ.”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.2.1-д “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах;” гэж тус тус заасны дагуу “УБТЗ” ХНН нь мэдүүлэгчийн хувьд гаалийн хилээр нэвтрүүлэх бүх бараанд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн байгууллагад бүртгүүлэх, өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх үүрэгтэй байна.
Гэтэл “УБТЗ” ХНН нь Гаалийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно.” гэж зааснаар дээрх Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийн дутуу мэдүүлсэн бараа материалыг мэдүүлгийн 400 горим буюу “хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах” горимоор мэдүүлсэн атлаа хэлэлцээрийн дагуу тус дутуу мэдүүлсэн бараанд татвар ногдохгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн болон бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна” гэж заасан, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ын 2.3-д “Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ: ... Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах – 400, Олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах – 401” гэж тус тус заасны дагуу мэдүүлэгч “УБТЗ” ХНН нь татвараас чөлөөлөгдөх, үл чөлөөлөгдөх ямар бараа импортолж байгаагаас хамаарч горимоо өөрөө сонгож, гаалийн бүрдүүлэлтийг хийх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй дутуу мэдүүлсэн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулсан гаалийн улсын байцаагчийн актыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан журмыг хэрэглэсэн нь буруу бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... маргаан бүхий актад цаг хугацааны хувьд 3 жилийн дараах журмыг баримталсан нь учир дутагдалтай болжээ.” гэх гомдол үндэслэлтэй байх боловч тус журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ын зохицуулалт нь тухайн үед мөрдөж байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ын зохицуулалттай агуулгын хувьд адил байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... иргэн хүний гаальд мэдүүлэн оруулж ирсэн барааг “УБТЗ” ХНН торгууль ногдуулсан ..., ...Гаалийн хилээр “УБТЗ” ХНН төлөөлөн бараа оруулах итгэмжлэлгүй хүмүүсийн мэдүүлгийг шууд “УБТЗ” ХНН хамаатуулсан ...” гэх боловч хариуцагч улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийн өөрийнх нь бүрдүүлж гаргасан санхүүгийн тайлан, түүний үндэслэл болсон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн анхан шатны баримтуудыг тулган шалгаж, 1,943,356,905.35 төгрөгийн бараа, материалыг импортлохдоо гаалийн байгууллагад мэдүүлээгүй болохыг нь тогтоосон байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь зарим барааг иргэний нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирэн, өөрийн бараа материалд бүртгэж, санхүүгийн тайлан гаргасан байсан, иргэдийн нэрээр оруулж ирсэн барааг өөрсдөө байгууллагын нэр дээр бүртгэсэн гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа энэ талаар маргаагүйгээс гадна иргэний нэр дээрх баримт яагаад байгууллагын анхан шатны баримтад хадгалж, түүнийг үндэслэн тайлан гаргаснаа тайлбарлаагүй болно.
Иймд “УБТЗ” ХНН-ийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийн импортолсон бараа, материалын “тоо хэмжээ, нэр төрлийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн” гэх зөрчилд ногдуулсан гаалийн улсын байцаагчийн 2013 оны 28/13 дугаар акт нь Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.” заасанд нийцсэн байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд “... шүүх төлбөрийн хэмжээг багасгасан ямар ч шийдвэр гаргаагүй атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-г хэрэглэж төлбөрийн хэмжээг багасган нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж байна гэж хуралд дээр хэлснээс өөрөөр хэргийг шийдвэрлэсэн ...” гэж дурдсанаас үзвэл анхан шатны шүүх маргаан бүхий актыг хууль зөрчөөгүй болохыг тогтоосон атлаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг багасгаж өөрчилсөн нь зөрчилтэй болжээ. Өршөөлийн хуулийг хэрэглэх нөхцөл нь хариуцлага ногдуулсан акт хүчин төгөлдөр байх, өөрөөр хэлбэл өршөөгдөх зүйл буюу хариуцлага нь бодитой байж, уг хариуцлагаас шүүх өршөөх үндэслэлтэй. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1003 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 55 дугаар зүйлийн 55.1, 57 дугаар зүйлийн 57.2.1, 293 дугаар зүйлийн 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан МОХНУБТЗ нийгэмлэгийн “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын “...тавигдсан 301,220,320.33 төгрөгийн нөхөн татвар болон 90,366,096.10 төгрөгийн торгууль, нийт 391,586,416.43 төгрөгийн төлбөрөөс 90,366,096.10 төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулан хэлтрүүлж, актын төлбөрийн хэмжээг 301,220,320.33 төгрөг гэж багасгасугай.” гэснийг “... тогтоосон торгуулийн 90,366,096.10 төгрөгийг төлөх хариуцлагаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг өршөөсүгэй” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,664,051.0 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,593,851.0 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ