Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 751

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ж******* овогт Б*******ийн М******* /РД:ЦД6*******6/ 

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/225 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, нөхөх олговрыг олгуулж эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/937 дугаар албан бичгээр гаргасан “Б.М*******ийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгох” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.М******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Б.М******* миний бие Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны Б/225 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан билээ. 

Миний бие дээрх нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/225 дугаар тушаалын Б.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөх олговрыг нөхөн олгож, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/937 дугаар албан бичгээр гаргасан “Б.М*******ийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгох болно“ гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: 

“Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* би иргэн Б.М*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. 

 Нэхэмжлэлд “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны Б/225 дугаар тушаалын Б.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох ...” тухай дурьджээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны Б/225 дугаар тушаалаар онцгой байдлын хурандаа Б.М*******ийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын албан тушаалд томилохдоо Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын даргаар ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр томилогдсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэвээр бодож олгохоор зохицуулсан нь тушаал гарсан тухайн өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал урьд эрхэлж байсан цалин хөлс, бусад нэмэгдэл буюу Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нарт төрийн тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нарт олгох тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д заасан хувь хэмжээгээр уг албан хаагчийн цалингийн нэмэгдлийн хувь хэмжээг тооцож олгохоор зохицуулагдсан байсан.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын агентлагийн тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд албан тушаалтанг сэлгэн ажиллуулж, өөр албан тушаалд томилдог” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.М******* “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/225 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, нөхөх олговрыг олгуулж эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/937 дугаар албан бичгээр гаргасан “Б.М*******ийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөр хэлэлцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах үндэслэл байхгүй байхад албан тушаалыг олон шатаар бууруулж хууль бус шийдвэр гаргасан, цэргийн тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаар болох 55 насанд хүрээгүй байхад төрийн албанаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн  гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр Б.М*******ийг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн албанаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь мэдэгдлийг хүлээж авснаас хойш хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж тус тус  шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Б.М******* төрийн тусгай албанд тасралтгүй 33 жил түүний дотор 2004 оноос Онцгой байдлын салбарт 10 гаруй жил ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, сүүлийн 1 жилд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргаар ажилласан төрийн жинхэнэ албан хаагч байна.

Тэрээр дээрх ажлын байранд ажиллах хугацаандаа хууль, гэрээгээр хүлээсэн чиг үүргээ хангалттай биелүүлж ажилласныг “А” буюу маш сайн ажилласан гэж 2015 онд байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-г дүгнэж баталгаажуулжээ.

Гэвч Төрийн албаны тухай, Гамшгаас хамгаалах тухай, Төсвийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн Б.М*******ийг Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилсон Б/225 дугаар тушаал хууль бус байна.

 Нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд томилогдсоноос хойш төрийн тусгай албан хаагчийн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн ёс зүйн зөрчил дутагдал 2 удаа гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар үндэслэлгүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тул 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/254 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд тэрээр хугацаатай мэдээ, тайлан гаргаж өгөөгүй учир сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх шийдвэртэй маргаагүй байна.

Харин дээрх сахилгын шийтгэл нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жил өнгөрч сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байна.

Түүнчлэн хариуцагч Б.М******* нь 2015 оны 10 дугаар сард байгууллагаас зохиосон олон нийтийн арга хэмжээний үеэр ёс зүйн зөрчил гаргасан тул Онцгой байдлын ерөнхий газрын Ёс зүйн албаны хурлаас сануулах арга хэмжээ ногдуулсан гэж тайлбарлажээ.

Гэвч байгууллагын дэргэдэх Ёс зүйн алба төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцээд сахилгын шийтгэл хүлээлгэх эрх, хууль, журмын хүрээнд олгогдоогүй байна.

Энэ талаар  нэхэмжлэгчийн “..энэ бол сахилгын шийтгэл биш. Ёс зүйн алба нь төрийн албан хаагчид сануулах арга хэмжээ авах эрхтэй субъект биш юм. Ёс зүйн албаны хурлаас надад сахилгын шийтгэл ногдуулах саналыг байгууллагын удирдлагад уламжилсан ямар нэг шийдвэр гараагүй, энэ талаар даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд ч үүнтэй холбоотой хууль эрх зүйн үндэслэл заагаагүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/225 дугаар тушаалыг нэхэмжлэгч “..үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан ..” гэж үзэж байгаа бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “..ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд сэлгэн ажиллуулсан..” гэж тайлбарлажээ.

Гэвч нэхэмжлэгч Б.М*******ийг ажлаас чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилсон Б/225 дугаар тушаалыг Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн гаргасан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх бөгөөд хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн бүрэн эрхийн хүрээнд, хууль зүйн болон нотлох баримтад үндэслэн түүний хөдөлмөрлөх эрхийг хөндөнө.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах эрхгүй тул хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, хариуцагч бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Онцгой байдлын ерөнхий газрын дарга хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дэд дарга нар болон тухайн асуудлыг хамаарах бүтцийн нэгжийн даргатай зөвшилцөж хүний нөөц, удирдлага, боловсон хүчний аливаа томилгоог хамтын шийдвэрийг үндэслэн гаргадаг бөгөөд нэхэмжлэгч  Б.М*******ийг өөр ажилд сэлгэн ажиллуулахдаа өөртэй нь тохиролцоогүй харин эрх бүхий албан тушаалтнуудтай зөвшилцсөн асуудлын хүрээнд танилцуулагдсан тушаалын төслийн дагуу шийдвэр гаргасан гэсэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний гаргасан шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...төрийн алба дараахь зарчмыг баримтална:”, 4.2.2-т “ил тод байх:”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх:”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах:” гэсэн зарчмуудтай нийцээгүй байна.

Маргаан бүхий хариуцагчийн Б/225 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах үндсэн эрхийг хөндөж гагцхүү хуулинд заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөх, өөр ажилд сэлгэн ажиллуулах, эсвэл ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдвол халах зэргээр сахилгын шийтгэл ногдуулах байтал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Нөгөө талаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Б.М*******ийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл”-ийг нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан, мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг утсаар мэдэгдсэн, очиж авах боломжгүй байсан тул гэрт хүргэж ирсэн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.М******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргана.”  гэсэн хуулийн хугацааг хэтрүүлэн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь  энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэснээр түүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Түүнчлэн “..Б.М******* нь Онцгой байдлын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/917 дугаар мэдэгдлийг мэдсэнээс хойш 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.” гэсэн хариуцагчийн тайлбартай маргаагүй байна. 

Иймд  Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/225 дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, нөхөх олговрыг олгуулж эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/937 дугаар албан бичгээр гаргасан “Б.М*******ийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 заасныг баримтлан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/225 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон Б.М*******ийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэн, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл 6.660.091.88 (Зургаан сая зургаан зуун жаран мянга ерэн нэгэн) төгрөгийг олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар  2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/937 дугаар албан бичгээр гаргасан “Б.М*******ийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР