Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01752

 

 

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01752

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 104/ШШ2021/00304 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Р.П шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 5 дугаар сард 9 тонн тарвас тарьсан. Б.А хотоос ирж 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3 тонн 737 кг тарвас, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1 тонн 532 кг тарвас, нийт 5 тонн 269 кг алаг тарвасыг 1 килограммыг 1000 төгрөгөөр тооцож авсан. Тарвасны үнэ 5 300 000 төгрөг өгөхөөс 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2 200 000 төгрөг өгсөн. Үлдэх 3 000 000 төгрөгийг өгөхгүй янз бүрийн шалтаг хэлсээр өдий хүрсэн. Иймд тарвасны үлдэгдэл үнэ 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.С ээс би 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3 тонн 737 кг, 8 дугаар сарын 01-ний өдөр 1 тонн 532 кг нийт 5 тонн 200 кг тарвас авсан. Би 1 килограмм тарвасыг 1000 төгрөгөөр биш 600 төгрөгөөр бодож авсан. Тарвас авахад хамт явсан Д.Б энэ тухай сайн мэдэж байгаа. С.С ээс авсан тарвас хамгийн муу тарвас болохоор зарагдахгүй хорогдол их гараад, муудаад би хотоос гаргаад хаясан. Энэ тухай би утсаар хэлсэн ч мөнгө авна гээд яваад байгааг би ойлгохгүй байна. С.С тарвасаа сайн гээд магтаж байгаад өгсөн, хотод ирээд зарахад муу тарвас болохоор ард иргэд ялгаад авахгүй байсан. Би тээврийн зардалд их зардал гаргасан болохоор ашигтай байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А оос 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Б.А оос 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь зохигчдын мэтгэлцэх боломжийг хангаагүй, шүүх хуралдааны товыг хариуцагч болон түүний өмгөөлөгчид мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн мэтээр шийдвэрт тусгасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Б.А нь худалдан авсан тарвасны нэг бүрийн үнийг 600 төгрөгөөр тооцсон гэж маргасан боловч үүнийг баримтаар нотлоогүй, гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар анхнаасаа үнийг тохирсон байгаа учраас өөр арга хэрэгслээр үнийг тогтоох шаардлагагүй юм гэсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримгуудаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсгээр үнэ тодорхойлох арга хэрэгслийг харилцан тохиролцсон гэж үзвэл обьекткв байдлаар шалгуур үзүүлэлтүүдийг тохиролцсон байх ёстой бөгөөд ийнхүү тохиролцохдоо 600 төгрөгөөр тохиролцсон байтал шүүх 1000 төгрөгөөр тохиролцсон гэх ямар нотлох баримтыг үнэлэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр хууль сануулан гэрчийн мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг авагдсан бөгөөд гэрчүүд нь бүгд нэхэмжлэгчийн хамаарал бүхий хүмүүс байхаас гадна эдгээр хүмүүс нь хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн, түүнчлэн нэхэмжлэгч гэрчүүдийг урьдчилан бэлдсэн байх үндэслэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн эхнэр Телеуд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2.2 сая төгрөгийг.... С-ийн дансаар шилжүүлж өгсөн... гэж мэдүүлдэг бөгөөд үнэхээр барааны ихэнх төлбөрийг дансаар шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл гэрч Н.А-ын том ачааны машины ард бэлнээр 2 сая гаран төгрөг бэлнээр өгсөн, гэрч Ерболат Тарвасыг ачиж байсан жолооч нь С.С ид 2 сая гаран төгрөгийг бэлнээр өгсөн гэхчлэнгээр мэдүүлсэнийг харахад гэрчийг бэлдсэн бөгөөд эдгээр хүмүүс ямар мөнгө хэзээ, ямар байдлаар өгсөн, үнийг хэрхэн тохиролцсоныг мэдэхгүй атлаа худал мэдүүлэг өгсөн байтал шүүх нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм. Өмгөөлөгч миний бие 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ковид 19 өвчнөөр өвдсөн шинжилгээний хариу эерэг гарч, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өрхөөс зааж өгсөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч улам хүндэрч 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн сэхээн амьдруулах улаан бүсийн тасагт шилжин хэвтэж тухайн өдрөөсөө амьсгалын аппараттай ухаангүй 15 хонож ухаан орсон байдаг. Тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд ковид 19 өвчнөөр өвдсөн талаарх баримтыг хавсарган шүүхэд хүсэлтээ гаргасан болно. Шүүх хуралдаан хэзээ товлогдсон талаар хэзээ, яаж, ямар байдлаар надад болон манай үйлчлүүлэгчид мэдэгдсэн талаар баримтгүй атлаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр товлогдсон талаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн нь анхан шатны шүүх санаатайгаар илт ашиг сонирхлын зөрчилтэйгээр, нэг талд үйлчлэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний бие ухаангүй үхэл амьдралын зааг дээр байсан бөгөөд шүүх ямар шалгуурыг үндэслэн 15 хоногийн дотор эдгэрнэ гэж үзсэнийг ойлгосонгүй. Миний бие хэргийн материалтай 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр танилцсан бөгөөд түүнээс хойш хэрэгт авагдсан баримтуудыг танилцаагүй, танилцах боломжгүй байсан болно. Мөн миний үйлчлүүлэгч Б.А хөдөө уурхайд ажилладаг тул түүнтэй холбоо барих боломжгүй учир түүнтэй холбогдож зарим асуудлыг тодруулах нотлох баримтыг гаргах зэрэг ажиллагаа хийх эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.А-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргадаг учиртай.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 104/ШЗ2021/00480 дугаар захирамжаар гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

 

Ийнхүү Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 08-наас 15-ны өдрүүдэд гэрч нарыг асуусан бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн 58-75 дахь талд авагдсан гэрч нарын мэдүүлэг баримтуудыг хариуцагч талд танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүйгээс гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байхад анхан шатны шүүх хариуцагч, түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчжээ. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 104/ШШ2021/00304 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ