Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/736

 

  2024           06            26                                          2024/ДШМ/736

 

М.Э, Ё.Ц, Б.У, Э.Б, Д.И нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогч Р.Д, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

яллагдагч М.Э-н өмгөөлөгч Б.Батцэнгэл,

яллагдагч Ё.Ц-н өмгөөлөгч Г.Буянбадрал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/657 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Ц.Д-н гаргасан давж заалдах гомдлоор М.Э, Ё.Ц, Б.У, Э.Б, Д.И нарт холбогдох 1805 06087 0372 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б овогт М-н Э, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Ж И” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух, /РД: ......../,

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 351 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1 зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3.519.000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй хэмжээгээр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

2. Ч овогт Ё-н Ц, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт ............ тоотод оршин суух, /РД: ......../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

3. Б овогтой Б-н У, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... төрсөн, эмэгтэй, .. настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ................ тоотод оршин суух хаягтай, одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж хорих ял эдэлж байгаа, /РД: ........./;

4. Б овогт Д-н И, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ......... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, дүү, хүүхдүүдийн хамт ............ тоотод түр оршин суух, /РД:............/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

5. Ш овогт Э-н Б, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;  

Яллагдагч М.Э нь 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан нь:

- 2020 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э Т Э А” ХХК-ний агуулахаас Б.А-н Иран Улсаас импортлон оруулж ирсэн алим 7.120 килограмм, жүрж 5.300 килограмм буюу нийт 50.962.000 төгрөгийн жимсийг бусдад борлуулж өгөөд 7 хоногийн дотор мөнгийг өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан,                                                         

-Яллагдагч Ё.Ц-тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн “ноолуурын наймаа хийнэ, мөнгийг өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Р.Д-с 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 140.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны салбараас 120.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан,

- яллагдагч Ё.Ц, Э.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31 -ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хурдны зам” ХХК-ийн байранд иргэн О.Э-д “50.000 литр дизель түлш нийлүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Төрийн банкны ........ тоот дансанд 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Г-д түлш зарна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийг “Н Х” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч залилсан,

- яллагдагч Д.И-тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн “Эрдэнэс таван толгой” ХХК-д алим нийлүүлнэ хэмээн хуурч, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.А-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Э Т Э а” ХХК-ийн агуулахаас 10.000 кг алимыг залилан авч хохирогчид 45.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- яллагдагч Б.У-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Б-д “Олон Улсын байгууллагад ажиллаж байгаа, та машин зардаг билүү, таны нэр дээр байгаа 4 ширхэг п
Приус машиныг өндөр үнээр байгууллагад худалдаж өгнө” гэж хуурч 64.300.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг тээврийн хэрэгслийг залилж авсан,

- “Ж з” ХХК-ийн захирал гэж танилцуулан, улмаар хуурамч баримт, бичиг бүрдүүлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1506 м.кв газар эзэмших эрх бүхий газартай гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас “М О” ХХК-ийн захирал Ц.М-т нийт 645.708.000 төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан шилжүүлэн авч залилсан,

2. Яллагдагч Ё.Ц нь 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан,

- 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 01 дүгээр хороолол 27 дугаар байрны орчим 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Р.Д-с 9.000 ам доллар буюу 21.807.000 төгрөгийг залилсан,

- 2018 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны орчим “2 цагийн дараа өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Р.Д-с 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө амаржих газрын орчимд өөрийгөө П.А мэтээр танилцуулж “зээл чөлөөлөөд мөнгийг чинь эргүүлэн төлнө, зээлийн эдийн засагчид мөнгө өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Л.Д-т 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

- яллагдагч М.Э-тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн ноолуурын наймаа хийнэ, мөнгийг өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Р.Д-с 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 140.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны салбараас 120.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан,

- яллагдагч М.Э, Э.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хурдны зам” ХХК-ийн байранд иргэн О.Э-д 50.000 литр дизель түлш нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Төрийн банкны ............. тоот дансанд 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- яллагдагч М.Э, Э.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Г-д түлш зарна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 25.000.000 төгрөгийг “Н Х” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч залилсан,

3. Яллагдагч Б.У нь яллагдагч М.Э-тай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Б-д “Олон Улсын байгууллагад ажиллаж байгаа, та машин зардаг билүү, таны нэр дээр байгаа 4 ширхэг приус машиныг өндөр үнээр байгууллагад худалдаж өгнө” гэж хуурч, 64.300.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг тээврийн хэрэгслийг авч залилсан,

4. Яллагдагч Э.Б нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Ё.Ц, М.Э нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хурдны зам” ХХК-ийн байранд иргэн О.Э-д 50.000 литр дизель түлш нийлүүлнэ гэж зохиол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Төрийн банкны ......... тоот дансанд 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 - мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Г-д “түлш зарна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 25.000.000 төгрөгийг “Н Х” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч залилсан,

5. Яллагдагч Д.И нь яллагдагч М.Э-тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн, “Эрдэнэс таван толгой” ХХК-д алим нийлүүлнэ хэмээн хуурч баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.А-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Э Т Э а” ХХК-ийн агуулахаас 10.000 кг алимыг залилан авч, хохирогчид 45.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Э, Ё.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Б.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Д.И-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч М.Э нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

Тус хэргийг н.Н нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж 9 хавтас М.Э нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Хэргийг шүүхэд ирүүлэхдээ хэргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавтаснуудад байх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй ба хэргийг үндсэн хэргээс тусгаарлан хуулбарлаж авахдаа тухайн хуулбарласан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Дээрх хавтаст хэргүүдийн зөвхөн эхний хуудсан дээр хуулбар үнэн гэх дардас дарсан ба бусад баримтуудыг үнэн болохыг баталгаажуулсан тамга, тэмдэг дарагдаагүй, зарим нотлох баримтуудыг хуулбарлахдаа баримтын тал хэсгийг нь хуулбарлаж шинжлэн судлах боломжгүй байгаа нь шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба энэ ажиллагааг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Мөн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч нарын биеийн байцаалтыг өмнөх яллах дүгнэлт үйлдэхдээ бичсэнийг хуулбарлаж тавьсан, нас зөрүүтэй, зарим яллагдагч нарыг өмнө аль шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл болно. Яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч утга, тогтоох хэсэгт яллагдаж байгаа хэргийг бичихдээ яллагдагч Ё.Ц нь “... М.Э-тай ... Ц.Д-с 2018 дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 140.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...” гэж ойлгомжгүй, алдаатай бичсэн. Гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөр тодорхойгүй зөрүүтэй бичигдсэн байна.

Мөн гэмт хэргийн товч утгыг бичихдээ яллагдагч Д.И-н үйлдлийг 2 удаа бичсэн зөрчил гаргасан байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Ё.Ц, Э.Б нарын үйлдэлд “М.Э-тай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ... А.Г-д түлш зарна ... хохирол учруулсан” гэж бичсэн атлаа яллагдагч М.Э-г “2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ...А.Г-д түлш зарна ....хохирол учруулсан” гэж ганцаараа гэмт хэрэг үйлдсэн байдлаар бичсэн нь гэмт хэргийг бүлэглэж эсхүл дангаар үйлдсэн нь тодорхойгүй ба энэ нь яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал бий болгож байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана”, ... 5.2-д “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа...” гэж хуульчилсан атал яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Ё.Ц, Б.У нарын цагдан хоригдсон хоногийг тусгаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Хэрэгт яллагдагч Ё.Ц, Б.У нарыг хорих ангиас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч урьдчилан хорих ангид шилжүүлсэн байх ба яллагдагч Б.У-н ял эдэлсэн ялын тооцоог хавсаргаагүй байна. Мөн яллагдагч Б.У-г Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч урьдчилан хорих төвд шилжүүлсэн талаар хэлэлцүүлэгт дурдагдсан ба яллагдагч нь аль хэрэгтээ цагдан хоригдож байгаа, түүний хугацааг хэрхэн тооцох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд хавтаст хэрэгт хуулбарлан авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Хохирогч Р.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний охин Т, хүргэн С нар нь 2001 оноос одоог хүртэл Швейцарь улсад ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа бөгөөд миний эзэмшлийн Капитрон болон ХААН банкны дансанд өөрсдийн олсон орлогоо хугацаатай хийж хадгалуулдаг байсан юм. Би ганцаараа 1-р хороололд амьдардаг, зурагтын тэнд байрлах сүмд явдаг. Сүмд явж байхдаа Баянхонгор аймгийн ХААН банкинд ажилладаг Ц гэх эмэгтэйтэй танилцаж Ц нь манайд байн байн ирж банкинд мөнгөтэй гэдгийг маань мэдэнгүүтээ Ё.Ц, М.Э нарыг танилцуулж эдгээр нөхдүүд нь мах хятад руу гаргадаг наймаа хийдэг гэхчлэн худал хуурмаг юм ярьж миний толгойг эргүүлж байгаад Капитрон болон ХААН банкинд хугацаатай байсан хадгаламжийг, хадгаламж барьцаалсан зээл болгон 260 сая төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “сарын дараа өгнө” хэмээн авч залилсан. Мөн 9000 долларыг Ё.Ц залилж авсан. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл гаргаад 180506087 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээн эдгээр этгээдүүдийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч одоог хүртэл хэрэг шийдэгдэхгүй 6 жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэрэг маань 2 удаа шүүх дээр очсон боловч дандаа аар саархан зүйлээр прокурорт буцааж байгаа явдалд асар их гомдолтой байна. Яагаад миний мөнгийг залилж авсан Ц, Э нарын хэргийг тусад нь шийдэхгүй урьд өмнө нь хийсэн хэрэгт нь нэгтгээд байдаг юм бэ. Анхан шатны шүүхээс он, сар, өдөр тодорхойгүй зөрүүтэй бичигдсэн байна гэдэг үндэслэлээр буцаасан. Эдгээр нөхдүүдийн намайг залилж хийсэн удаа дараагийн гэрээ болон өөрсдийнх нь бичиж өгсөн бүх баримт дээр нь он, сар, өдөр нь байгаа. Иймэрхүү үл ялих зүйлээр хэргийг шүүхэд шилжүүлэхгүй прокурорт буцааж байгаад маш их гомдолтой байна. Миний зүгээс хурдан хугацаанд шийдүүлж, хохирлоо авмаар байна. Би хөгшин настай хүн, үхэхээсээ өмнө үр хүүхдийнхээ өрийг төлмөөр байна. 6 жилийн хугацаанд сэтгэл зүйн асар дарамтад орж, байнга даралт ихсэх, биеийн байдал сайнгүй болсон. Миний биеийн байдал муудаж байгаа шалтгаан нь энэ 2 нөхөртэй холбоотой. Эдгээр нөхдүүд нь 6 жилийн хугацаанд надад нэг ч төгрөг өгөөгүй. Одоогоор Ё.Ц нь шүүхээс ял аван хоригдсон байгаа. Э нь мөнгөө ч төлөхгүй сул чөлөөтэй явж байгаад гомдолтой байна. Иймээс хэргийг маань хурдан түргэн шийдэх үүднээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх боломж олгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Р.Д-н өмгөөлөгч Х.Сэргэлэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Р.Д-н зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн “хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан. Яллагдагч М.Э, Ё.Ц нар нь хэргүүдээ нэгтгэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаад гомдолтой байна. Яллагдагч М.Э, Ё.Ц нар нь 17 хүний бүрэлдэхүүнтэй залилах гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэрэг нь Баянзүрх дүүрэгт шалгагдаж байгаа. Энэ хэргээс нэр бүхий 5 яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.У-н үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг прокуророос буцааж сэргээсэн. Энэ үед Б.У нь өөр дүүрэгт үйлдсэн гэмт хэргээ энэ хэрэгт нэгтгүүлэх хүсэлт гаргасан. Хохирогч Р.Д нь хүүхдүүдийнхээ олсон мөнгийг бусдад залилуулж, эд хөрөнгөөрөө болон сэтгэл санаагаар маш их хохирч байна. Хэргийг үнэн, зөв, хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Яллагдагч М.Э-н өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа боловч хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй. Яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт хуулбарлан авагдсан баримтууд шаардлага хангаагүй. Үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх ажиллагаа явуулж залруулах боломжгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийг гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ё.Ц-н өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал, нотлох баримтын шаардлага хангаагүй хэд хэдэн баримтууд хэрэгт авагдсан бөгөөд үүний улмаас хохирлын хэмжээг тогтооход эргэлзээ бүхий байдал үүссэн. Өмнөх яллах дүгнэлтийг шууд хуулбарлаж яллагдагч нарын биеийн байцаалтыг бичсэн, мөн яллагдагч нарын үйлдлийг ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар бичсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ё.Ц-д 2019 оны 11 дүгээр сард шийтгэх тогтоолоор ял оногдуулсан бөгөөд тэрээр одоо ялаа эдэлж байгаа. Үүнтэй холбогдуулан ялын тооцоог гаргаагүйн улмаас тэрээр хэдэн хоног, ямар хэрэгт холбогдуулан цагдан хоригдож байгаа нь тодорхойгүй байна. ... Энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байна. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн учраас эсэргүүцэл бичээгүй. 18 яллагдагчтай хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа. Уг хэргээс Нийслэлийн прокурорын газраас хэргийг тусгаарлаж, шилжүүлэхдээ “хуулбар үнэн” гэсэн дардас дараагүй учраас Баянгол дүүргийн прокурорын газраас “хуулбар үнэн” гэсэн дардас дарах боломжгүй байсан тул хэргийг шууд шүүхэд шилжүүлсэн. Мөн яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухайд яллагдагч Ё.Ц-н цагдан хоригдсон хоногийг хорих ангиас гаргаж өгсөн. Б.У-н цагдан хоригдсон хоногийн тооцоог гаргаж өгөх боломжгүй байсан. Учир нь, Б.У нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдож байсан. Иймд энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг яриагүй. Мөн Б.У-т холбогдох өөр хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс яллагдагч М.Э нарт холбогдох хэргийг “... тусгаарласан хэргээс нотлох баримт хуулбарлаж авахдаа нотлох баримтууд шаардлага хангаагүй буюу ямар нотлох баримт болох нь тодорхойгүйгээр хуулбарлаж авсан, прокурорын яллах дүгнэлт нь яллагдагч нарын биеийн байцаалт хэсэгт нас зөрүүтэй, зарим яллагдагч нарыг өмнө аль шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг бичээгүй, гэмт хэргийн товч утга, тогтоох хэсэгт яллагдаж байгааг бичихдээ зарим яллагдагч нарын үйлдлийг ойлгомжгүй, алдаатай бичсэн, гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөр тодорхойгүй зөрүүтэй бичсэн, гэмт хэргийг бүлэглэж эсхүл дангаар үйлдсэн нь тодорхойгүй, яллагдагч Ё.Ц, Б.У нарын цагдан хоригдсон хоногийг тусгаагүй...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Гэтэл яллагдагч М.Э нарт холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гараагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, яллагдагч М.Э, Ё.Ц, Б.У, Э.Б, Д.И нарт нарт холбогдох энэ хэргийг анх гомдол мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, улмаар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэсэн зорилтод нийцэхгүй байгааг мөрдөн шалгах ажиллагаа эрхлэн явуулж буй болон түүнд хяналт тавьж буй эрх бүхий албан тушаалтнууд анхаарвал зохино.

Иймд яллагдагч М.Э, Ё.Ц, Б.У, Э.Б, Д.И нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Р.Д-н гаргасан давж заалдах гомдлыг эрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/657 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Р.Д-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Яллагдагч М.Э, Ё.Ц, Б.У, Э.Б, Д.И нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХӨӨ   

                        ШҮҮГЧ                                                                  Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР