Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/781

 

 

                                                                 Г.Пд холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

яллагдагч Г.Пын өмгөөлөгч Э.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1140 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Г.Пд холбогдох 2408 00000 0474 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Г-гийн П, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөргөлтийн механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Яллагдагч Г.П нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 106 дугаар байрны орчим гээгдүүлсэн Д.Бы эзэмшлийн Хаан банк дахь 5817...3039 дугаартай дансны чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан Д.Бы данснаас үргэлжилсэн үйлдлээр 20 удаагийн гүйлгээгээр 479.370 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: СХДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудаст “...Дуудлагын утга: Би шөнө картаа гээчихсэн юм. Тэгсэн уншуулаад дансанд байсан ...төгрөг авчихсан байна...” гэх баримт /хх 03/, хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хаан банкны виза чиптэй картаар... гүйлгээ хийсний дараа өмсөж явсан куртикний зүүн халаасанд хийсэн. Тэгээд би машинаа Содон хорооллын 106 дугаар байрны зогсоолд байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө ...өөрийн ...картаа үзэхэд миний халаасанд байгаагүй ба гар утсаараа шалгахад 20 удаагийн үйлдлээр ...зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/, “...Миний виза картыг олсон гэх танихгүй ах надаас уучлалт гуйгаад ...483.000 төгрөгийг ...шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 19/, сэжигтнээр Г.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн ...орчимд Содон хорооллын орчимд зам дээрээс чиптэй карт олоод замын эсрэг талын шөнийн захын орчимд байх хүнсний дэлгүүрээс ...картнаас чипээр уншуулж ...бараа авч дуусгасан...” гэх мэдүүлэг /хх 23/ тус тус авагдсан байхад прокуророос яллагдагчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгт зайлшгүй байх шинж тэмдэг нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын өмч хөрөнгө, эд зүйлийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Гэтэл яллагдагчийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн дээрх шинжээс нууц далд хэлбэрээр хууль бусаар авсан гэх үйлдэл тодорхойлогдохгүй байгаа нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд “Сэжигтнийг баривчлах”, мөн хуулийн 31.5 дугаар зүйлд “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэс дарааллыг тогтоож, хуулийн 31.11 дүгээр зүйлд “Сэжигтнээс мэдүүлэг авах” ажиллагааг хуульчилсан байна.

Гэтэл эрүүгийн 2408 00000 0474 дугаартай хэргийн яллагдагч Г.П нь дээрх хуульд заасны дагуу баривчлагдаагүй байхад мөрдөгч түүнд сэжигтний эрх, үүрэг танилцуулж, мэдүүлэг авсан нь /хх 22-23/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тэрээр яллагдагчаар хавтаст хэргийн 45 дахь талд мэдүүлэг өгөхдөө “...надад өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгийг мөн хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй.

Тиймээс яллагдагчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор яллагдагч Г.Пд холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан дуудлагын лавлагааны хуудас, хохирогч Д.Б, гэрч Б.Шинэцэцэг нарын мэдүүлэг, Хаан банк дахь 5817133039 дугаартай данснаас 20 удаагийн гүйлгээгээр нийт 479.370 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон Г.Пын сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Г.П нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 106 дугаар байрны орчим гээгдүүлсэн Д.Бы эзэмшлийн Хаан банк дахь 5817133039 дугаартай дансны чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан Д.Бы данснаас үргэлжилсэн 20 удаагийн гүйлгээгээр нийт 479.370 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон.

Г.П нь Д.Бы гээгдүүлсэн чиптэй картыг олсныхоо дараа шунахайн сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, өөрийн идэвхтэй үйлдлээр тус картын эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр буюу нууцаар түүний данснаас үргэлжилсэн 20 удаагийн зарлагын гүйлгээ хийж, бараа бүтээгдэхүүн худалдан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд дуудлага, мэдээллийн дагуу шалгах явцдаа Г.П нь Д.Бы гээгдүүлсэн чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан худалдан авалт хийсэн болохыг тогтоосон тул Г.Паас сэжигтнээр мэдүүлэг авсан ба энэ мэдүүлгээрээ Г.П нь бусдын гээгдүүлсэн картыг олж, улмаар түүгээр худалдан авалт хийсэн өөрийн үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн. Г.П нь яллагдагчаар “...өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...учруулсан хохирлоо барагдуулсан” гэж мэдүүлсэн тул түүний урьд сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үнэлж, прокурорын яллах дүгнэлтэд тусгасан.

Хэрэгт Г.Пын гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон бусад нотлох баримтууд авагдсан ба түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд тооцож, шийдвэрийнхээ үндэслэл болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Шүүх яллагдагчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан гэх боловч Г.Пын үйлдэлд өөр ямар гэмт хэргийн шинж байна гэж үзэж байгаа талаараа захирамжид тодорхой тусгаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь ойлгомжгүй байх ба Г.Пд холбогдох хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцсэний эцэст хэргийн зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нэрийдлээр хэргийн зүйлчлэл, яллагдагчийн гэм буруугийн талаар урьдчилсан дүгнэлт хийж буй байдал илэрхий харагдаж байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохироогүй тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамааруулан буцаасан нь үндэслэлгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, шүүхийн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр буцааж байгаа заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Г.Пын өмгөөлөгч Э.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” болон дээр дурдсан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргүүд нь хоорондоо санкцын хувьд ялгаатай байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан гэж ойлгож байна. Прокуророос “Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан” гэж байна. Үүнтэй өмгөөлөгчийн зүгээс санал нийлж байна. Мөн прокурорын шатанд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангаагүй байсан. Миний үйлчлүүлэгч Г.П нь хөдөө орон нутагт эрх зүйн чадамжгүй 2 хүнтэй хамт амьдардаг тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Г.Пд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Г.Пын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан өөр гэмт хэргийн шинж нь нотлох баримтын хэмжээнд хангагдаж байгаа тохиолдолд анхан шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, өөрчлөх эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал юм.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1140 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1140 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                                     ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ