Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01775

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01775

 

Монг

“М” ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/02661 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Х" ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ТББ-ын зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус компанийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр “Х” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах сургуулийн барилгын гадна цахилгааныг хийхээр тохиролцсон. Гэтэл “Х” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд “М” ТББ-ын зүгээс цахилгааны ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж ажлыг гүйцэтгэж дууссан. Ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө буюу 9, 10 сардаа дуусгахаар төлөвлөсөн байсан. Гэтэл “Х” ХХК огт ажлаа гүйцэтгээгүй. 2020 оны 5 сард ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчиж, ажил үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасны дагуу гэрээ цуцлагдсантай холбоотойгоор мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар “Х” ХХК-аас урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд 2 гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүн нь 150 000 000 төгрөгийн үнэтэй. Урьдчилгаа 30 000 000 төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 2 хоногт өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу хийгдэх ажлыг гэрээндээ нарийн тусгаагүй ч гэсэн, гэрээнд захиалагч тал өөрсдийн цахилгааны гадна сүлжээний техникийн нөхцөлийг авч чадахгүй. Техникийн нөхцөл гараагүй бол гадна цахилгааны барилгыг барьж чадахгүй. Ийм байдал байхад нь гадна сүлжээний техникийн нөхцөлийг бид өөрсдийнхөө нөөц бололцоо, ажлын туршлагаа ашиглаж авч өгсөн. “Х” ХХК-ийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гадна цахилгааны ажлын техникийн нөхцөлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас авч өгсөн. Улаанбаатар төмөр замын барилгаас тог татаж, техникийн нөхцөлийг нь “М” ТББ-ын нэр дээр гаргаж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгөөд дараагийн ажлаа гүйцэтгэх гэтэл “М" ТББ дараагийн ажлыг манайхаар гүйцэтгүүлэхээ больсон талаар мэдэгдээгүй. Ажлын үр дүнг захиалагч тал хүлээн аваагүй. Бидний ажил хэсэг зогссоны үндсэн дээр 2020 онд “Б” ХХК-ийг оруулж, гадна цахилгааны ажлыг гүйцэтгүүлсэн гэдгийг мэдсэн. Манай компани “М” ТББ-тай байгуулсан гэрээний дагуу техникийн нөхцөлийг авч өгсөн. Энэ ажлыг урьдчилгаандаа тохируулаад манай компани хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бидний ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдол, ажил гүйцэтгэх гэрээ зөрчсөнтэй холбоотой гэрээг цуцалсан албан бичиг мэдэгдэл хүргүүлээгүй, гуравдагч компанийг оруулсан. Бидний хувьд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй. “А” ХХК, “М” ТББ хоорондоо ажил гүйцэтгэх ерөнхий гэрээтэй. Энэ гэрээний үндсэн дээр “А” ХХК туслан гүйцэтгүүлсэн уг ажлын хөлсийг бид бүхэлд хариуцна гэсэн аман тохиролцоог ярьсан боловч өнөөдрийг хүртэл “А” ХХК-аас албан бичиг хүргүүлээд, бодитой үр дүн гараагүй учраас “А” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулаагүй. “М” ТББ-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “М” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь манай байгууллагаас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Б” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүртэл буюу 8 сарын хугацаанд гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй бөгөөд ийнхүү ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй хүндэтгэн үзэх шалтгааныг манай байгууллагад болон шүүхэд нотолж чадсангүй. Тиймээс хариуцагч байгууллагад нэмэлт хугацаа олгосон ч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байгаа гэж үзсэн тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан даруйд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа (хх-22 хуудас) “...тус гэрээний дагуу барилгын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын зөвшөөрлийг эрчим хүчний яамнаас авч, хувийн станцтай гэрээ байгуулж, техникийн нөхцөл авч хаалттай ДП, гадна цахилгаан хангамжийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.” гэсэн боловч дээр дурдсан ажлын гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт огт авагдаагүй бөгөөд гүйцэтгээгүй болно. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК-ийн албан бланк бүхий манай санд хаяглагдсан “Төлбөр хариуцах тухай” албан бичгийг гаргаж өгч, уг компанийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг 2 удаа гаргасан бөгөөд тухай бүр шүүхээс хүлээж аваагүй болно. Уг албан бичгийн агуулга, гаргаж өгч байгаа зэргээс харвал хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд урьдчилгаа төлбөрийг харин “А” ХХК төлөх ёстой гэдгийг нотлох зорилготой болох нь тодорхой байна. Хариуцагчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гадна цахилгааны ажлыг гүйцэтгээгүй, гэхдээ хувийн станцтай гэрээ байгуулах тохиролцоо хийсэн, техникийн нөхцөл гаргуулан авсан, гадна цахилгааны ажлын зураг хийсэн тул 30 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дахин өөр агуулгаар тайлбар гаргасан боловч мөн л ямар хувийн станцтай, хэрхэн яаж тохиролцсон, зурсан гэх гадна цахилгааны ажлын зургийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны төгсгөлд “бид өөрийн компанийн нэр хүндийг 30 000 000 төгрөгөөр үнэлсэн юм” гэх огт үндэслэлгүй тайлбарыг өгснөөр хурал дууссан болно. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаан хариуцагчийн гаргасан удаа дараагийн өөр хоорондын зөрүүтэй тайлбарыг огт үнэлээгүй, хариуцагчийн гүйцэтгэсэн гэх ажлуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй, гүйцэтгээгүй болох нь тодорхой байхад уг үйл баримтад огт дүгнэлт өгөлгүй таамагласан шинжтэй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх бөгөөд “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “М” ТББ нь хариуцагч “Х" ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2019/03 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, улмаар талууд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2019/03 тоот ажил гүйцэтгэх гэрээг дахин шинээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Х” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургуулийн барилгын гадна цахилгаан хангамжийн ажлыг 150 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэн, шаардлага хангасан үр дүнг “М” ТББ-д хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна.

         /хх8-9, 63-65 дахь тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул дараах байдлаар залруулах боломжтой байна.

 

Талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “барилгын гадна цахилгаан хангамжийн ажил 150 000 000 төгрөг байна. Уг ажлын үнэд гадна цахилгаан хангамж иж бүрнээр багтсан болно. Үүнд материалын болон ажлын хөлс, техникийн зураг, техникийн нөхцөл, айлтай тохирох зардал, хөдөлмөр хамгаалалын зардал гэх мэт” байхаар тохиролцжээ.

 

Дээрх гэрээгээр тохиролцсон ажлын үнэ нь ажил гүйцэтгэгчийн бүх зардлыг багтаасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ажлын хөлсөнд төлөгдөх ёстой ажлын хөлснөөс гадны материалын үнэ төдийгүй үйл ажиллагааны бусад бүх зардлууд багтсан байна.

 

Харин гэрээний зүйл буюу ажлын үр дүн нь сургуулийн барилгын гадна цахилгаан хангамжийн ажил юм. Тухайлбал, захиалагч өөрийн зардлаар барилгын гадна цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж үзнэ.

 

Захиалагч тал болох “М” ТББ нь  2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2019/03 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.1.1-т заасны дагуу  урьдчилгаа төлбөр болох 20 хувийн төлбөрт 30 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч “Х" ХХК-д шилжүүлэн өгсөн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасан үр дүнг захиалагч буюу “М” ТББ-д өмчлөлд шилжүүлээгүй боловч тухайн хийсэн ажлын үр шимийг захиалагч хүртсэн буюу хариуцагчийн гаргуулсан техникийн нөхцөл дээр үндэслэн гадна цахилгааны ажил хийгдсэн байх тул ажлын үр дүнг хүлээн авсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч “Монгени цогцолбор сургууль” ХХК-ийн өмнө нь авсан техникийн нөхцлийн хүчин чадлыг өөрчилж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15/04422/19 тоот техникийн нөхцөлийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Б.Амартүвшингийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Иргэн, хуулийн этгээдээс цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд шинээр холбогдох, техникийн нөхцөлд заасан чадлыг нэмэгдүүлэх, бууруулах, сүлжээний техникийн шийдлийг өөрчлөх тухай бүрд техникийн нөхцөлийг авдаг байна.

 

Ийнхүү техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас иргэн, хуулийн этгээд авахад Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний “холболтын журам”-д заасан тухайн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, газар олголтын захирамжийг үндэслэн шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгснөөр техникийн нөхцөлийг олгохоор зохицуулагджээ.

 

Хариуцагч нь уг журамд заасан бичиг баримтыг бүрдүүлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас “Монгени цогцолбор сургууль” ХХК-д техникийн нөхцөл авсныг ажлын үр дүн гэж үзэхгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан бөгөөд дан ганц техникийн нөхцөл авсныг гэрээний зүйл гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний зүйл нь сургуулийн барилгын гадна цахилгаан хангамжийн ажил бөгөөд уг ажил нь гадна цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг авснаар холболт угсралт хийж, хаалттай ДП барьж гүйцэтгэх буюу ажил гүйцэтгэгч өөрийн үйл ажиллагаагаар тодорхой үр дүн болох эд юмс бий болгох байжээ. Гэтэл хариуцагч нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас техникийн нөхцөл авсныг ажлын үр дүн бий болгосон гэж үзэх боломжгүй юм.

 

            Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 30 000 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зохицуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн          30 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул хариуцагч “Х” ХХК-аас 30 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТББ-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/02661 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 30 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТББ-д олгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТББ-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

 

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ