| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0086/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Ж.Өсөхбаяр (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Жавзмаагийн Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807002000078 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 05 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон улс судлалын дээд сургуулийн 2 дугаар ангид сурдаг, ам бүл 2, Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан уулын 1-7 тоотод оршин суух бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо 9-82 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД99070115 дугаартай, Боржигон овогт Жавзмаагийн Өсөхбаяр нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр: -2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Жавхланг найз Б.Мөнхзаяатай муудалцсан гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Өсөхбаяр нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гаднах саравчинд хохирогч Г.Жавхланг, Идэрээгийн хамт пиво уугаад сууж байхад найз Б.Мөнхзаяатай муудалцсан гэх шалтгаанаас болж маргалдан түүний хамар луу нь гараараа цохисны улмаас биед нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Өсөхбаярын өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Жавхлангийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой найз Идэрээгийн хамт 8 дугаар байрны гаднах саравчинд пиво уугаад сууж байгаад ойрхон явчихаад иртэл Билгүүн, Заяа хоёр ирчихсэн байхаар нь яасан юу болсон гэж асуухад яагаачгүй гээд буцаад явсан. Идэрээ бид хоёр тамхи асаагаад байж байтал тэр хоёр эргэж ирээд тамхи асуухаар нь байхгүй гэтэл Билгүүн татаж байгаа тамхиа өгчих гэхээр нь та хоёр жаахан юм байж яагаад томроод байгаа юм бэ гээд би толгой руу нь аяархан хүртэл явчихаад удахгүй Өсөхбаярыг дагуулаад ирсэн. Ж.Өсөхбаяр яасан юу болсон бэ гээд надтай юм ярьж байгаад миний хамар луу цохиод куртекний юүдэнгээс доош дарахад Идэрээ яацгаагаад байгаа юм гээд босож ирэхэд бүгд зугтаасан. Ж.Өсөхбаяр миний хамар луу цохиход цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Идэрийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний орой найз Г.Жавхлантай 8 дугаар байрны гаднах саравчинд пиво уугаад юм ярьж байхад Билгүүн Г.Жавхлангийн өөдөөс хэгжүүрхээд байсан чинь Жавхаа түүн рүү юм шидсэн чинь гишгээд явчихсан, удалгүй Өсөхөө гэдэг бандийг дагуулж ирээд Өсөхөө, Жавхаа нар хоорондоо маргалдаж байгаад Өсөхөө гэнэт хэн Жавхлангийн хамар луу нь цохитол хамарнаас нь цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Туулын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед манай хүү Жавхлан гэртээ орж ирээд хамар мурийчихлаа, хүүхдүүдэд зодуулчихлаа гэхээр нь харахад хамар нь баруун талруугаа мурийсан, хамраас нь цус гарсан өмссөн куртик, өмд нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/193 тоот:
1. Г.Жавхлангийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ж.Өсөхбаярын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой Билгүүн манай гэрт ирээд саравчинд Заяаг явуулахгүй байна гэхээр нь цугтаа очиж юу болоод байгаан яасын гэхэд чи хэн юм гээд маргалдаж байгаад Жавхлан над руу ирэхээр нь би нэг удаа хамар руу нь цохичихоод зугтсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/,
Ж.Өсөхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/,
Ж.Өсөхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар тал/,
Ж.Өсөхбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Ж.Өсөхбаяр нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Жавхланг найз Б.Мөнхзаяатай муудалцсан гэх шалтгаанаас болж маргалдан түүний хамар луу нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Өсөхбаярыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Жавхлан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жавзмаагийн Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Жавзмаагийн Өсөхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Өсөхбаярт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Өсөхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Өсөхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Жавхлан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.Өсөхбарят оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Өсөхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ