Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

*******т холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Э.Ундармаа

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2321004230004 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй.

Урьд: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Beat баарны гадна өөрийн “Toyota prius-41 маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн хохирогч *******тэй маргалдан улмаар машинаас татаж буулгахдаа унагааж түүний биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгож,

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 86,939 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг 500 нэгжээр торгож, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би *******ийг зодож биед нь гэмтэл учруулаагүй. Эдгээр гэрчлээд байгаа хүмүүс бүгд найз нөхөд, унтаж хэвтдэг харилцаатай хүмүүс юм. Бүгд үгээ нийлүүлээд намайг гүтгэсэн. Анхан шатны шүүх гэрч *******ы мэдүүлгийг үнэлсэнгүй. Мөн шинжээч эмч энэ гэмтлийг унахдаа авах боломжтой талаар мэдүүлсэн, тухайн үед цоо эрүүл явж байсан миний мэдүүлгийг ч авч хэлэлцээгүй. Үгээ нийлүүлсэн 4 хүний мэдүүлгээр намайг ялласанд маш их гомдолтой байна.

Мөн хохирогч ******* гэгч нь надаас мөрдөн байцаалтын шатанд 826,939 төгрөг нэхэмжилж байсан бол шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хохирлыг 1,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна гэж өмгөөлөгчийн асуултанд хариулж байсан. Гэтэл шүүх прокуророос дахин дахин асуусаар байгаад 2,750,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна.

Ер нь мөрөөрөө явж байсан хүнд эдгээр залуучууд гай болж байгаа юм. Үнэхээр зодож биед нь гэмтэл учруулсан бол хэргээ хүлээн хариуцлага хүлээх чадвартай хүн гэж өөрийгөө бодож явдаг. Үнэхээр би гүтгүүлээд байгаа юм. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Прокурор Э.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон. ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй, гэмт хэргийн зүйлчлэлтэй бүрэн тохирч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******т холбогдох эрүүгийн 2321004230004 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Beat” баарны гадна өөрийн “Toyota prius-41” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн хохирогч *******тэй маргалдан улмаар машинаас татаж буулгахдаа унагааж түүний биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70-72/, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 18-19, 22-23/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 25-27/, гэрч Б.*******ы мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Б.Одбилэгийн мэдүүлэг /хх-ийн 142-143/, гэрч ы мэдүүлэг /хх-ийн 147-148/,  шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг /хх-ийн 45/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 588 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-82/, хохирогчоос хохирол төлбөр нэхэмжилсэн баримт, эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 95-97х/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

4. Шүүгдэгч *******ийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Beat” баарны гадна талд өөрийн ******* ДОР улсын дугаартай “Toyota prius-41” маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн *******тэй маргалдан зодож түүний биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын газраас шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

6. Шүүгдэгч ******* “ ...Би *******ийг зодож биед нь гэмтэл учруулаагүй. Найз нөхөд, унтаж хэвтдэг харилцаатай, үгээ нийлүүлж гүтгэсэн хүмүүсийн мэдүүлгээр намайг ялласанд гомдолтой байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх ба гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрчүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх ба гэрчүүд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийг гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж заасан.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд заасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг, Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тус тус баталсан.

Энэхүү гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг зөв тодорхойлж, хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 2,750,000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

9. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.УРТНАСАН

 

                              ШҮҮГЧИД                                      С.ГАНЧИМЭГ

 

                                                                                     Ц.ЭРДЭНЭЗУУ