Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Э.Ундармаа

Шүүгдэгч                                                                   *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2421000000128 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.1-д  зааснаар 1 жилийн хорих ялаар,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

мөн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Shot food beerресторанд хохирогч *******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь банкны карт уншуулдаг пос машиныг шидэж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож,

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээ болон авах байсан цалинд нь нийт 1,660,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Би гэм буруугийн тал дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, бусдын биед учруулсан эмчилгээний болон цалингийн зардлыг төлсөн. ...Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажилгүй, хүүхдүүд сурагч. Би хот хөдөө хоёрын хооронд тээврийн хэрэгсэл жолоодон ганцаараа орлого олж ажилладаг. Машинаа сайжруулж банкнаас зээл авсан, сардаа их хэмжээний төлбөр төлдөг. ...Одоо хохирогч Цацралд сэтгэцэд учирсан хор уршигт 4 620 000 төгрөг төлөх ёстой. Гэтэл би нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх үед орлого олох боломжоо алдаж байгаа тул энэ ялыг өөрчлөн торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

6. Прокурор Э.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар бүрэн нотлогдсон. Иймээс анхан шатны шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байна. ...Мөн сэтгэцэд учирсан хохиролд нийт 4.600.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.  

7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ... Миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь согтуугаар 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Shot food beerресторанд хохирогч *******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь банкны карт уншуулдаг пос машиныг шидэж эрүүл мэндэд нь “...баруун хөмсөгт язарсан шарх, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 09-10, 12-13, 55-56/, гэрч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-23/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 163 тоот дүгнэлт /хх-ийн 35-36/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 01/, эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэг зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.  

5. Шүүгдэгч *******ын согтуурсан үедээ хохирогч *******ын нүүрэн тус газарт пос машин шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж дүгнэлээ.

7. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон 4,620,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч *******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

8. Шүүгдэгч ******* нь “...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ...миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгуулийн ял оногдуулж өгнө үү.гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.УРТНАСАН

                       

           ШҮҮГЧИД                                                       Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                                                                    

                                                                                     С.ГАНЧИМЭГ