2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01200

 

 

 

 

 

 

 

2025 02 10

191/ШШ2025/01200

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Т******* овогт Ц******* А******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд *******,  тоот хаягт оршин байрлах, Тэнгэрлэг-Үсэг ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.А******* нь өөрийн өмчлөлийн давхрын 144 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээ байгуулан 2016 оноос хойш "Тэнгэрлэг Үсэг" ХХК-д түрээсэлж байгаа болно. Талууд түрээсийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулж, нэг сарын төлбөрийг 1.000.000 төгрөг байхаар 3 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон. Гэтэл "Тэнгэрлэг Үсэг" ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлж барагдуулах болон түрээсийн объектыг чөлөөлж өгөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан боловч хариуцагч "Тэнгэрлэг Үсэг" ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг огт биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу хариуцагч "Тэнгэрлэг үсэг" ХХК нь 2019 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлсөн ба 2019 оны 4 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрийг огт төлөөгүй болно Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны /нийт 20 сар/ төлбөр болох 20.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т ... Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө... гэж заасан. Тэнгэрлэг үсэг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нийт түрээсийн төлбөрт 20.000.000 төгрөгнөөс /2019.03- 2020.10.01-ийг дуустал буюу нийт 600 хоногийн алданги буюу нэг өдрийн 100.000 төгрөг/ тооцоход нийт 60.000.000 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг, алдангид 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт "... Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй..." гэж заасан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн зүйлийг суллаж өгөхгүй ашиглаж байгаа тул 2020 оны 11 дүгээр сараас хойш 2022 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд /нийт 19 сар/ ашигласан тул манайд хохирол учруулсан гэж үзэж, нэг сарын төлбөрийг гэрээнд заасан төлбөртэй адилтган үзэж, 19.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Иймд хариуцагч Тэнгэрлэг үсэг ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг, хохиролд 19.000.000 төгрөг, нийт 49.000.000 төгрөгийг гаргуулж давхрын 144 м кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.А******* нь хариуцагч Тэнгэрлэг-Үсэг ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах, давхрын 144 м кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ц.А******* нь хариуцагч Тэнгэрлэг-Үсэг ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах, давхрын 144 м кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хариуцагч Тэнгэрлэг-Үсэг ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэнгэрлэг үсэг ХХК-иас 493,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А*******д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ