Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 303/ШШ2025/00578

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  *******,

Хариуцагч: ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: *******ын дансанд байсан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ******* дансанд байсан 8,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Нямын Батжаргал гэр бүл болж, 2011 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хамт амьдарч эхэлсэн. Түүнтэй гэр бүл болохоос өмнө би охин *******, ******* нарыг тус тус төрүүлсэн байсан бөгөөд ******* овоглодог байсан. ******* гэр бүл болоод *******, ******* нарыг төрүүлсэн. Хамт амьдарч байгаад 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан. Харин ******* нь хүнд өвчний улмаас 2024 оны 1 сарын 14 ний өдөр нас барсан юм. Нас барах хүртлээ өөрийн хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байсан бөгөөд хүү охины хадгаламжийн дансанд 8980000 төгрөг болон өөрийнхөө дансанд 8000000 төгрөг байгаа талаар хэлж аавыгаа өөд болохоор түүнийг аваарай гэж хэлж байсан гэдэг. ******* нас барахаас 1 цагийн өмнө түүний эгч ******* нь 2 хүүхдийн хадгаламжийн 8980000 төгрөгийг болон талийгаачийн өөрийнх нь дансанд дахь 8000000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан байсан. Мөн мал хуйг нь эгч нь аав нь авчхаад өгөөгүй. Би хүүхдийн хадгаламжийн мөнгийг буюу 8980000 төгрөгийг цагдаагийн байгууллагад хандаж байж ******* эргүүлэн авсан бөгөөд ******* өөрийнх нь дансанд дахь 8000000 төгрөгийг авч чадаагүй. Тухайн мөнгийг талийгаач нь нас барахынхаа өмнөхөн хүүхдүүддээ аваарай гэж хэлж байсан гэдэг бөгөөд тухайн мөнгө нь хүүхдүүдэд нь өвлөгдөх ёстой мөнгө байсан гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн маань хамгийн том нь насанд хүрсэн. Бусад 3 хүүхэд маань миний асрамжид байдаг. ******* Хаан банкны ******* тоот дансанд дахь тус мөнгө нь түүний түүний хүүхдүүд болох охин *******, *******, хүү *******, охин *******, нарт тэнцүү хуваагдан өвлөгдөх ёстой мөнгө байсан бөгөөд хууль бусаар өөрийнх нь эзэмшилдээ шилжүүлсэн авч зарцуулан ******* тус мөнгийг буюу 8,000,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

1.2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 5 хүүхдийн хамт амьдардаг. ******* 2011 оны 8 дугаар сард хуримаа хийж, 2017 онд гэр бүлээ цуцлуулсан. Миний 4 хүүхэд ******* овоглодог боловч хоёр том хүүхэд маань миний өөрийн дагавар хүүхэд. Дундах хоёр хүүхэд маань ******* хүүхдүүд. Бид салсан ч хүүхдүүд аавтайгаа байнга уулзаж, холбоотой байдаг байсан. ******* нь салснаас хойш ходоодны хорт хавдар туссан. Өөрийгөө өвдсөнөө мэдээд хүүхдүүдээ надад шилжүүлж өгсөн. Миний хүүхдүүд зуны амралтаар болон бусад үед байнга аав дээрээ байдаг байсан. Бие нь өвдсөнөөс хойш хүүхдүүддээ аав нь удахгүй юм шиг байна гэж хэлдэг байсан. Надад ч хэлж байсан. Тэгээд өнгөрөхөөсөө өмнө дансанд тэдэн төгрөг байгаа. Миний хүүхдүүд тэр мөнгийг авч машин авах уу, эсвэл хадгаламждаа хийлгэх үү, хадгаламж дээр чинь нэмэгдэх юм бол хүү нь өснө гэж хүүхдүүдтэй ярьдаг байсан. Бид чатаар холбогдож ярилцдаг. Хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр манайд ирж, зарим үед тариа хийлгэх хүн олдохгүй байхад би тариаг нь хийж өгдөг байсан. Тэрнээс хойш 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай хүүхдүүдийн хадгаламжийн хүү ордог өдөр байсан. Би тухайн өдөр хүүхдүүдийнхээ хадгаламжийн хүүг бодуулах гээд очтол хадгаламж барьцаалсан зээл авсан байна гэсэн. Тэгэхээр нь банкны ажилтанд манайх хадгаламж барьцаалсан зээл авах ёсгүй. Хүүхдүүдээ арван найман нас хүртэл хадгалсан гэж тайлбарласан. Гэтэл ******* гэдэг хүн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хадгаламж барьцаалсан зээл авсан байна гэж хэлсэн. Тухайн өдөр манай хүн өнгөрсөн юм чинь хадгаламж барьцаалсан зээл авах ёсгүй гэж хэлтэл тэр мөнгийг ******* авсан байсан. Тэгээд хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээл авсан байна гэж өөрт нь болон ах дүү нарт нь хэлж үзсэн. Хадгаламжийн мөнгийг нь хийхгүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тэгтэл хадгаламж барьцаалсан зээлийг нь хааж өгсөн. ******* дансанд байсан үлдсэн мөнгө нь яасан бэ гэж ******* болон ахаас нь асуусан. Гэвч дансанд нь мөнгө байгаагүй гэж хэлсэн. ******* дансанд байсан мөнгийг ******* авсан гэдгийг манай хүүхдүүд яриаг нь сонсоод надад хэлсэн. Би дансанд нь байсан мөнгийг яг хэн нь авсан гэдгийг мэдэхгүй байсан. Тэгээд би 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. ******* групп, асаргааны мөнгө авдаг байсан. Хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлүүдийг авч талийгчийн группийн дансанд хийсэн. Тухайн данснаас нь ******* данс руу шилжүүлсэн байсан. ******* дансанд 8,000,000 төгрөг байгаа гэж надад өөрөө хэлж байсан. Энэ мөнгөн дээр хүүхдүүдийн хадгаламжаас 8,000,000 төгрөг авч нийт 16,000,000 төгрөг болсон. Үүнээс 8,000,000 гаран төгрөг буюу хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээлийг ******* хаалгасан. ******* нас барахаасаа өмнө 2 удаагийн гүйлгээгээрын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. ******* амьд сэрүүндээ энэ мөнгийг шилжүүлсэн учир нэхэмжлэхгүй. Харин одоо үлдэгдэл 6,000,000 орчим төгрөг байгаа. Үүнийг хүүхдүүдэд нь олгогдох ёстой гэж нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 6,000,000 төгрөг болгон багасган нэхэмжилнэ гэв.

2. Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Би эхээсээ дөрвүүлээ буюу дээрээ 1 ах 1 эгчтэй доороо нэг эрэгтэй дүү ******* байсан. Дүү маань 2011 онд нэхэмжлэгч ******* албан ёсоор гэр бүл болж 7 жил хамт амьдарч 2018 онд гэрлэлтээ шүүхээр орж цуцлуулсан байсан. Анх гэр бүл болоход ******* дагавар 2 охинтой ирсэн, амьдрах 7 жилийн хугацаанд 2012 онд ******* , 2014 онд нар төрсөн одоо хүү, охин нь ээжийнхээ асрамжид 5-р анги 7 дугаар ангид сурч байгаа. Миний дүү ******* 2018 онд салснаас хойш хөдөө очихоороо аавынд аймгийн төвд ирэхээрээ манайд амьдарч байсан. Гэр бүл салснаас хойш маш их сэтгэл санаагаар унаж улмаар 2020 оны гэнэт ходоодны хорт хавдар 4-р шатны эцсийн шатандаа хүрсэн, өвчин илэрсэн. Энэ үеэс эхлэн байнгын эмчилгээтэй миний асрамжид байж байгаад өвчин нь хүндэрсээр 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр нас барсан. ******* нь миний дүүг өвчтэй байх хугацаанд нь нэг ч удаа эргэж ирээгүй, нас барах үед нь ч ирээгүй. Харин хүү, охин нь хичээлийнхээ зав чөлөөгөөр хааяа ирж уулздаг байсан. Биеийн байдал нь маш их хүндэрч, өвчин нь эдгэрэхгүй, цаашид амьдрах чадамжгүй болсноо өөрөө мэдсэн байх, нэг удаа хүү охин хоёр нь ирсэн үед нь хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламжид мөнгө байгааг хэлж, охин хүү хоёроо том болохоор их сургуульд явах үед нь өгөөрэй гэж захиж байсан.Тэр үед хүү, охин хоёртоо хадгаламж нээж, мөнгө хуримтлуулж байсныг нь би мэдсэн.Талийгч дүү маань нас барахынхаа өмнөхөн хүү охин хоёрын хадгаламжид хэдэн төгрөг байгааг хэлээд, миний дүү болох нэр дээр хадгаламж нээгээд, хийчихмээр байна гэсэн хүсэлтийн дагуу өнгөрөхөөс нь өмнө өөрийн Төрийн банкны интернэт банкаараа өөрөө миний данс болох Төрийн банкны *******данс руу шилжүүлж өгсөн. Ажил явдал дуүсмагц дүү нэр хадгаламжийн данс нээлгэн хийсэн. Тухайн үед нь амьсгал хураах үед нь би дэргэд нь байсан. Гэтэл дүүг маань нас бараад удаагүй байтал Аймгийн Цагдаагийн газраас намайг дуудсан. Хүүхдүүдийн хадгаламжийн мөнгийг авахаар ******* гомдол гаргасан байсан. Би уг нь аавынх нь хураасан хэдэн төгрөгийг хүү охин хоёрт нь өгье гэж бодож байсан. Хоног ном хураах өдөр нь дуусаагүй байхад хэрүүл хийгээд яахав гэж бодоод ******* хүү охин хоёрын нэр дээр нээсэн хадгаламжийг хааж 8,980,000 төгрөгийг нь өгсөн.

Харин одоо нэхэмжилж байгаа 8,000,000 төгрөгийг нь би аваагүй. Тийм мөнгө байгааг ёстой мэдэхгүй байна. Хаана, ямар банкинд, хэзээ, ямар зориулалтаар байршуулсныг огт мэдэхгүй, би өөрөө дур мэдэн шилжүүлж авах ч боломж байдаггүй байх гэж бодож байна. ******* нь манай дүүгээс албан ёсоор шүүхээр салаад 6 жил болсон бөгөөд өвчтэй хэвтэж байхад нь нэг ч удаа эргэж ирээгүй мөртөлөө үлдсэн хөрөнгө мөнгийг нь авна гэж улайрч байгааг хараад үнэхээр харамсаж байна. Талийгч маань хүү охин 2 тоо бүх юмаа зориулж байсан. Жил болгон ******* өвлийн идэш хүртэл өгдөг байсан. Нас барчихсан дүүгийнхээ хүү, охин 2 нь өвлийн идэш болон үлдсэн малынхан ноос ноолуурын мөнгийг байнга өгдөг. Цаашид ч хүү охин хоёртоо тусалж дэмжиж өгч байх болно. Салаад удчихсан, нас барсан миний дүүгийн банкны мэдээллийг хэрхэн яаж олж аваад байгааг ч гайхаж байна. Хавдар гэдэг өвчин бол үнэхээр сэтгэл санааны хямралаас үүсдэг байх гэж бодсон. Миний дүү хэртэй бол өвддөггүй мөрөөрөө л амьдарч байсан хүн, эхнэр хүүхдээсээ салснаас хойш хавдартай болж өдрөөс өдөрт муудаж, их ч эмчилгээ эм тариа хийлгэсэн. Наашлахгүй байсаар нас барсан. Үүнийг дэргэд байсан би л мэднэ үнэхээр их шаналж зовж бурхан болсон. Сайхан дүүгээ алдаж бид үнэхээр том хагацал үзсэн. Иймд би ******* нэхэмжилж байгаа 8,000,000 төгрөгийг аваагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хүүхдүүд болох *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 9/90 дугаартай тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2018/00156 дугаартай шийдвэр, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 303/ШЗ2025/01032 дугаартай захирамж, Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаартай тогтоол, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Төрийн банк ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 40/614 дугаар албан бичиг, *******ын дансны хуулгууд, Хаан банк ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичиг, *******ын дансны хуулга, Төрийн банк ХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 40/677 дугаар албан бичиг, *******, *******, ******* нарын дансны хуулгууд, зэргийг бүрдүүлжээ.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6,000,000 төгрөг болгон багасгажээ.

2. Хариуцагч ******* нь дүү ******* нь амьд байхдаа өөрийнхөө данс руу мөнгийг шилжүүлсэн, тус мөнгийг хүүхдүүд нь өгч үлдэх мөнгийг түүний хойдын буянд нь зарцуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* төрсөн дүү *******аас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүд болох *******, *******, *******, ******* нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй болох нь Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2018/00156 дугаартай шийдвэрээр тогтоогджээ. /хх-ийн 11-17 дугаар тал/

5. Хариуцагч ******* төрсөн дүү ******* нь өвчний улмаас 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан талаарх нас барсны гэрчилгээний хуулбар хэрэгт авагджээ. /хх-ийн 10 дугаар тал/

6. Нэхэмжлэгч ******* нь талийгаач ******* нас барах үед дансанд нь байсан 8,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь өөртөө шилжүүлэн авсан, уг мөнгийг миний 4 хүүхэд өвлөж авах ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд шүүх хуралдааны явцад ******* нь нас барахаасаа өмнө 2 удаагийн гүйлгээгээр данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн байсан тул ******* амьд сэрүүндээ шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэхгүй гэж 6,000,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

7. Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нь 2 хүүхдийн хадгаламжийг барьцаалан зээл авсан, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байж хариуцагч ******* зээлээ төлүүлсэн гэж, хариуцагч ******* нь 2 хүүхдийн хадгаламжийн 10,000,000 төгрөгийг талийгаач *******ын хүсэлтийн дагуу дансанд хадгалуулсан боловч нэхэмжлэгч цагдаад гомдол гаргасан тул Мөнхзул буцаан авч хадгаламж барьцаалсан зээлийг төлсөн талаар тус тус шүүхэд тайлбар гаргадаг, зохигч нь дээрх маргаагүй асуудлыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ болон хариуцагч татгалзалдаа дурддаг, дээрх асуудлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаартай тогтоол хэрэгт авагдсан болно. /хх-ийн 21-23 дугаар тал/

8. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр талийгаач *******ын эзэмшлийн Төрийн банк ХК-ийн 230901853188 тоот дансанд хадгаламж барьцаалсан онлайн зээл олгов гэх утгатайгаар 3,985,000 төгрөгөөр болон 4,963,387 төгрөгөөр 2 удаагийн орлого орж, нийт 14,162,034.82 төгрөгийн үлдэгдэлтэй болж, улмаар тухайн данснаас хариуцагч *******н эзэмшлийн Төрийн банк ХК-ийн 230900019078 тоот данс руу 14,000,000 төгрөгийг орлого гэх утгатайгаар шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдлоо. /хх-ийн 46 дугаар тал/

9. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно. гэж заажээ.

10. Дээрх үйл баримт болсон өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр талийгаач ******* нь нас барсан байх боловч хариуцагч ******* харилцах данс руу 14,000,000 төгрөг шилжүүлсэн үйлдлийг талийгаач ******* нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хариуцагчид шилжүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

11. Өөрөөр хэлбэл ******* харилцах дансанд байсан 14,000,000 төгрөгийг тухайн этгээдийг нас барсны дараа хариуцагч ******* нь өөрийн данс руугаа шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн түүнчлэн нэхэмжлэгч нь энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулж тогтоолгоогүй зэргээр нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна.

12. Иймд нэхэмжлэгч ******* ******* дансанд байсан 6,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* дансанд байсан 6,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА