Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/145

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч З.Т

Хохирогчийн өмгөөлөгч Р.Ганчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Б.Б-д холбогдох 1721000380106 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 06 сарын ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, Багануур дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж суллагдсан, Хатагин овогт  Б.Б.

 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 12 дугаар байрны гадна хохирогч З.Тын “Самсунг жи-3” маркийн гар утас, хүзүүний зүүлт, гар цүнх болон цүнхэнд байсан эд зүйл болох пудр, уруулын будаг, уруул өнгөлөгч, нүдний будаг буюу тень, гар утасны гаднах хавтас, сим карт, мемори карт, скайтелын 8000 төгрөгийн карт, юнителын 3000 төгрөгийн карт 5 ширхэг, 1000 төгрөгийн карт 15 ширхэг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн буюу биед нь хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл учруулж дээрэмдэн авч нийт 332.000 /гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр хуучин эхнэртэйгээ уулзаж хоорондоо муудсанаасаа болоод архи уучихсан явж байгаад хохирогчтой таараад утас, цүнхийг нь булааж авсан. Араас чангаахаар нь цүнхээр цохиж гуядсан. Тэр бол үнэн. Миний буруу, би уучлалт гуйж байна. Хохирол учруулсандаа уучлалт гуйя. Миний буруу...” гэв.

 

Хохирогч З.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 12-ны орой гэрийнхээ гадаа 01 цагийн үед хүргүүлээд утсаар яриад гадаа зогсож байтал нэг залуу ирээд чихэн дээрээс утсыг минь аваад гүйсэн. Тэгэхээр нь утсаа авъя гээд хашгирахад авах уу пизда минь гээд эргэж ирээд намайг үснээс зулгаагаад аймаар зодсон. Тэгээд гэртээ орсон. Тухайн үед хамар муруйсан, нүүр ам бөөн цус болсон учраас шууд эмнэлэг явсан. Түүнээс хойш 3 сарын дараа намайг цагдаагаас дуудаад таны утас мөн үү гээд цагаан утас үзүүлсэн. Би сериаль номер нь таарч байвал мөн гэж хэлсэн. Тэр үед энэ залууг таних уу гэж асууж байсан. Тэгэхэд энэ залуу намайг гомдолгүй гэж хэлээд өгөөч гээд байснаа таг чиг болсон. Би утсаа эргүүлээд авсан. Миний дансанд 200.000 төгрөг хийсэн байна...” гэв.

 

Хохирогч З.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Намайг утсаар яриад сууж байхад хойд талаас нэг залуу ирээд манай байрны гадна байсан машины хажууд очиж утсаар ярьж зогссон, би тухайн үед хүнтэй утсаар маргалдаж байсан юм. Гэтэл нөгөө машины хажууд зогсож байсан залуу ирээд миний утсыг булаагаад авсан. Тэгэхээр нь би араас нь утсаа авъя гээд хашгирахад “утсаа авах уу пизда минь” гэж хэлээд эргээд над дээр ирээд шууд намайг үсдэж аваад доош нь дарж толгой руу өшиглөж зодож цохисон. Тэгж зодож байхдаа миний мөрөнд байсан цүнхийг мөн хүзүүнд байсан гинжийг дээрэмдэж авсан. Тэгээд намайг зодоод болихгүй байхаар нь наад цүнх, гинжээ ав, больё, намайг битгий зод гэхэд тэр цааш гүйгээд явсан. Тэгээд би гэртээ орж нөхөртөө хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэжээ. /хх-ийн 28-29 тал/

 

Гэрч Ц.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Хаалга хүчтэй балбахаар нь тайлахад З.Тын нүүр хувцас хунар бөөн цус болоод хамраас нь цус гарч байхаар нь яасан гэхэд намайг сая гэрийн гадаа хүн дээрэмдээд зодчихлоо гэхээр нь би дотуур хувцастайгаа зөрөөд үүд рүү гарахад ямар нэгэн сэжигтэй хүн олж хараагүй. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 12-ны 02 цаг 06 минутад цагдаагийн газрын 7058102 дугаар руу утасдаж дуудлага өгөөд эхнэрээ эмнэлгийн хүлээн авахад авч очиж үзүүлсэн ...” гэжээ. /хх-ийн 33 тал/

 

Гэрч Б.Алимаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хөдөө хадланд гарсан юм. Хадланд гарахаас өмнө 6-7 хоногийн өмнө /яг хэдний өдрийг санахгүй байна/ манай дүү Б.Б нь гар утас та барь гээд өгсөн. Хэний утас болох талаар хэлээгүй, зүгээр л та энэ утсыг барь гэхэд нь би зүгээр авсан...”  гэжээ. /хх-ийн 37-38 тал/

 

Гэрч Д.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр намайг эхнэрийн дэлгүүр дээр байхад эхнэрийн найз З.Т ирээд манай эхнэр тэр хоёр пиво уугаад суусан. З.Т гэртээ харина гэхээр нь би машинтайгаа хүргэж өгсөн. Энэ үед эхнэр Оюунцэцэг хамт хүргэж өгсөн. З.Тыг Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн 12 дугаар байрны гадна буулгаж өгсөн. Түүний бие зүгээр ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан. Манай эхнэрийн дэлгүүрт байхдаа хүнтэй маргаж муудсан зүйл байхгүй, зодуулж цохиулсан зүйлгүй гэртээ буусан...” гэжээ. /хх-ийн 39-40 тал/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 391 тоот дүгнэлт /хх-ийн 44 тал/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45-46 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /57-58 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 223 тал/

- Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт

- Д.Энхбаатарийн төрсний гэрчилгээний хуулбар

- Хохиролд 200.000 төгрөг төлсөн тухай Хас банкны орлогын маягт

- Хохирол төлсөн баримт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хатагин овогт Б.Б нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 12 дугаар байрны гадна хохирогч З.Тын “Samsung J-3” маркийн гар утас, хүзүүний зүүлт, гар цүнх болон цүнхэнд байсан эд зүйл болох пудр, уруулын будаг, уруул өнгөлөгч, нүдний будаг буюу тень, гар утасны гаднах хавтас, сим карт, мемори карт, скайтелийн 8000 төгрөгийн карт, юнителийн 3000 төгрөгийн карт 5 ширхэг, 1000 төгрөгийн карт 15 ширхэг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн буюу биед нь хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, баруун бугалга, шууны цус хуралт зэрэг гэмтэл учруулж дээрэмдэн авч нийт 332.000 /гурван зуун гучин хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б, хохирогч З.Т нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэрч Ц.Чинбат, Б.Алимаа, Д.Энхбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 391 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Энэ хэргийн улмаас хохирогч З.Т-д учирсан 332.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Б.Б гар утсыг хохирогчид буцаан өгч, хохиролд 200.000 төгрөг төлсөн тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баянтүмэнгийн ..................... гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатагин овогт Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баянтүмэнгийн ....................гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ