Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                               Б.Оюунцэцэг

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2421000000097 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын ******* дугаар байранд оршин суух, Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 2 сарын хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 5 жил, 2 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж бүгд 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1 жил, 3 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:*******/.

2. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг, 24 дүгээр байрны зүүн талд хохирогч *******ын нүүрэн тус газарт архины шилээр зүсэж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун чих, баруун хацар, баруун сарвуунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн тухайн цаг хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг, 24 дүгээр байрны зүүн талд хохирогч *******ын эзэмшлийн “Toyota Prius”-30 маркийн ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна талын зүүн дээд мөр, зүүн талын хаалгыг тус тус шилээр цохиж гэмтээн 486,000 /дөрвөн зуун наян зургаан мянган төгрөг/-ийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс эд хөрөнгөд учирсан хохирол 486,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Цагаан нуур гэх газарт оршин суух, хохирогч ******* /*******/-д олгож,

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг биеэр эдлэн давж заалдах гомдол гаргахгүй байх гэж байтал Тулга гэдэг залуу нь олон нийтийг хүндэтгэхгүй зочид буудалд ******* намайг зодсоны улмаас дух, нүд, хамарт нийт 20 оёдол тавиулж эрүүл мэндийн шалтгаантай болсон ба хамраа хугалуулсан учир эмчилгээнд явах шаардлагатай болоод байна.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 450 нэгжээр торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.  

6. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******г хохирогч Анхболдын биед хөнгөн гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгийг эвдэж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд түүнд оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг, 24 дүгээр байрны зүүн талд хохирогч *******ын нүүрэн тус газарт архины шилээр зүсэж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун чих, баруун хацар, баруун сарвуунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч *******ын эзэмшлийн “Toyota Prius”-30 маркийн ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна талын зүүн дээд мөр, зүүн талын хаалгыг шилээр цохиж гэмтээн 486,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг /хх 49-50/, хохирогч *******ын мэдүүлэг /хх 11-12, 13/, гэрч /хх 16-17/, /хх 23-25/ нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №21 дугаартай дүгнэлт /хх 30-31/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №47265/ДД№29378005 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 37-40/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 07/, яаралтай тусламжийн хуудас /хх 29/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5. Шүүгдэгч *******гийн согтуурсан үедээ хохирогч *******ын нүүрэн тус газарт архины шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогч *******ын эзэмшлийн “Toyota Prius”-30 маркийн ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна талын зүүн дээд мөр, зүүн талын хаалгыг шилээр цохиж гэмтээн 486,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгчид 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэн, шүүхээс оногдуулсан ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

7. Түүнчлэн шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоосон хүснэгт, хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад баримтуудыг үндэслэн хохирогч *******од учирсан эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 480 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон 3 300 000 төгрөгийг тус тус  шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

8. Шүүгдэгчээс “... биеийн эрүүл мэндийн байдлын улмаас зайлшгүй эмчилгээнд явах шаардлагтай болсон тул шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, торгох ял болгож өгнө үү.”  гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ. 

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Шүүгдэгч ******* нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан дээрх ялыг эдлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүхээс зайлшгүй шаардлагатай тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг түүнд хүлээлгэсэн байна.

9. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ тохирсон, мөн түүнд   оногдуулсан дээрх ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ГАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                           Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                                                                   Г.УРТНАСАН