2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02907

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08

191/ШШ2025/02907

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* миний бие ХХК-тай Б тоотод байрлах 149,35 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан. Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-т В ангиллын орон сууцны нийт талбайн хэмжээ 149.35 м2 байна. Нэг ам метр талбайн үнэ ... ам.доллар бөгөөд орон сууцны нийт үнэ 90000 ам.доллар байна. Орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох энэ 90000 ам.долларыг бүрэн төлж дуусмагц гүйцэтгэгч талаас сууцны түлхүүрийг гардуулснаар орон сууцыг өмчлөх эрхтэй болно., 4 дүгээр зүйлийн 4.7-д Уг гэрээний хавсралт №2-т заагдсан нийт үнийн дүнг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал захиалагчид үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх эрхийг шилжүүлж өгнө гэж тус тус заасан. Миний бие орон сууцны үнэ 90,000 ам.долларыг 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр баримт үйлдэн хүлээлгэн өгч төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Гэрээнд заасны дагуу өмчлөх эрхээ шилжүүлэн авахаар хандахад компанийн зүгээс элдэв шалтгаан хэлж хойшлуулсаар сүүлдээ ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж сураггүй болсон. ХХК-ийн хаягийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж олоод Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар хариуцагч нь надад зарсан орон сууцаа ******* ХХК-ийн өмчлөлд аль хэдийн шилжүүлсэн байсныг мэдсэн. Шүүхээс намайг хариуцагчтай гэрээ байгуулж харилцан тохиролцсоныг тогтоосон боловч орон сууцны өмчлөх эрх ******* ХХК-д шилжсэн гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Монгол Улсын Дээл шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 001/XT2022/00563 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. ******* ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт намайг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр хандсан байгаа юм. Миний бие орон сууцны төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан атлаа мөнгө ч байхгүй, орон сууц ч байхгүй гудамжинд гарахад хүрч байна. Би дээрх орон сууцыг өөрийн өмчлөлийн хөрөнгө гэдэгт итгэж, өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгасаар байсан юм. Ингээд ХХК-иас орон сууцны төлбөрт төлсөн мөнгөө гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч заасан хаягт бүртгэлгүй байна гэх үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/Ш32024/27500 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг гаргасан. Иймд миний шүүхэд гаргасан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ний төлбөрт төлсөн 304,302,600 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК -г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2024/27500 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар батлуулсан хувь, 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний нотариатаар батлуулсан хувь, хавсралтын хамт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар батлуулсан хувь, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/22748 дугаар захирамжийн нотариатаар батлуулсан хувь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/03607 дугаар захирамжийн нотариатаар батлуулсан хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 ******* нь ******* ХХК нар нь 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, орон сууцыг худалдан авахаар тохиролцжээ.

2.2 ******* ХХК-иас гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг сүүлийн байдлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2024/27500 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* ХХК нь Б тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. ******* ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

  4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 101/ШЗ2024/30751 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ХХК-ийн оршин байрлах газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд хариуцагч ******* ХХК-ийн Б тоот гэх хаяг бүртгэгдсэн байна.

 

******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2025.01.17-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагааг гарган өгч өөрийн оршин суугаа хаягийг С тоот хаягт гэж тодорхойлон тайлбар гаргасан байна.

 

Шүүхээс тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/05978 дугаар Нотлох баримт шаардаж шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаас гийн тус хаягт оршин суудаг эсэх лавлагааг гаргуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2025.04.24-ний өдрийн 13 дугаар албан бичгээр нь С тоот хаягт бүртгэлтэй хаягандаа амьдарч байгаа болохыг тодорхойлжээ.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гийн оршин суугаа газар нь тодорхой байх тул *******гийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА