2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/01123

 

 

 

 

 

 

2025 01 29 191/ШШ2025/01123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай тоотод оршин суух Б******* овогт Д******* А******* хүсэлттэй,

Цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.А*******, гэрч Э.Б*******, Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өвөө Ч******* овоглон цэргийн алба хаасан. Тэтгэвэр тогтоолгох гэхэд цэргийн алба хаасан овог нэр зөрсөн болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.А******* нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу цэргийн алба хаасан болохыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч Д.А******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /133/ дугаар ангид Ч******* А******* нэрээр алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 642877 дугаартай цэргийн батлахтай халагдсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, төрөл садангийн лавлагаа, гэрч Э.Б*******, Д.О******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд бичигдсэн Ч нь А******* өвөг эцэг болох нь Д.А******* төрөл садангийн лавлагаа, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдсон тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Б******* овогт Д******* А*******ыг Ардын армийн 126 /133/ дугаар ангид Ч******* А******* нэрээр 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ