| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0133/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/144 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/144
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821000130106 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ....................тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул цогцолбор” бага сургуулийн хойд талд хохирогч *******ын 58.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 27-ны орой найзтайгаа найз охиных нь гэр рүү очсон. Гэрт нь байж байтал ээж нь ирлээ гэсэн чинь манай найз явъя гээд тэднийхээс гарсан. Тэгэхээр нь би айлаас гараад ийм хурдан явах байсан юм уу гэж уурлаад зам дагуу алхаж байтал нэг ах замын хойд талд явж байхаар нь араас нь очиж тамхи асуугаад байхгүй гэхээр нь нүх рүү чирж ороод халаасанд нь байсан түрийвчийг нь аваад зугатаасан. Зодож цохисон зүйл байхгүй. Гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна. Миний буруу...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би гэрлүүгээ мянгатын хорооллын дундуур алхаж петровис колонкийн урдуур зам дагаад баруун тийш замын хойгуур ухсан шугамны нүхний ойролцоо явж байхад гэнэт араас тамхи байна уу гэж хүн асуух шиг болохоор нь эргээд харах гэтэл миний хоёр гарыг ард барьж аваад шугамын ухсан нүх рүү түлхээд оруулсан. Тэгээд газарт нүүрээр доош харуулж дараад куртикны халаасанд байсан түрийвчийг авсан ба нэг хүн нь явъя, одоо болно, солиотой юм уу, хаашаа юм бэ гээд намайг тэр нүхэнд орхиод зүүн хойшоо чигт харанхуй хэсэг рүү ороод алга болсон. Бага насны хүүхдүүд юм болов уу гэж бодсон. Ямар нэг аялга ажиглагдаагүй ба юм хэлэхдээ тэнэг юм уу, хаашаа юм бэ гэж хэлж байсан. Намайг газар дарж халааснаас түрийвч авч дотроос нь мөнгө аваад орхисноос биш намайг зодож цохисон асуудал байхгүй. Надад учирсан хохирол 58.000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “******* Ангирмаагийнд ирээд ийм хурдан явах байсан юм уу, шал дэмий ирлээ гэж уурлаад надаас түрүүлээд алхаж байсан. Би түүнээс нэлээд зайтай тамхи татаад явж байхад замын хойд талаар нэг хүн явж байсан ба ******* араас нь хөөе нааш ир гэж дуудах шиг болохоор нь наад хогоороо яах гээд байгаа юм гэхэд араас нь зам хөндлөн хойшоо гарч гүйгээд замын хойд талын нүх рүү чирээд орох шиг болохоор нь араас нь яваад очиход тэр хүнийг дээрээс нь дарчихсан босож ирж байсан. Тэгэхээр нь чи одоо яаж байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд зүгээрээ гээд өөдөөс гарч ирээд зүүн тийш замын хойд талаар харанхуйгаар гүйхэд нь би араас нь гүйгээд Бумбатын хойно очиж юу болсон талаар асуухад яагаа ч үгүй юу ч болоогүй гэж хэлсэн. Зодож цохисон талаар нь мэдэхгүй байна. Нүх рүү орох шиг болохоор нь араас нь гүйж очоод харахад их хурдан босож ирээд нүхнээс гарсан. Миний хувьд зодсон талаар хараагүй дээрээс нь дарчихсан харагдаж байсан...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/
******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Хан-Уул цогцолбор сургуулийн бага сургуулийн хойд талын засмал замын урд талд явж байхад уг замын хойд талд 50-60 орчим насны хүн явж байхаар нь Дөлгөөнийг орхиод ганцаараа тэр ах руу гүйсэн. Намайг гүйхэд Дөлгөөн араас “яах гэж байгаа юм бэ явъя” гэж хашгирахаар нь тоолгүй тэр ах руу гүйж очоод тамхи байна уу гэж асуугаад хоёр гарыг нь барьж аваад тэврээд хажуу талд байсан нүх рүү чирч оруулаад толгойг нь доош дарж халаасыг нь тэмтэрч үзээд түрийвч байхаар нь түрийвчийг нь нээж үзээд бэлэн мөнгө байхаар нь аваад нүхнээс гарсан чинь Дөлгөөн гүйж ирж байсан. Тэгээд Дөлгөөн чи яагаа вэ гэхэд нь зүгээр зүгээр гэж хэлээд гүйе гэж хэлээд бид хоёр гүйсэн...” гэжээ. /хх-ийн 40-41 тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул цогцолбор” бага сургуулийн хойд талд хохирогч *******ын 58.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч *******, насанд хүрээгүй гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******д учирсан 58.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* төлж барагдуулсан бөгөөд хохирогч ******* нь шүүгдэгчээс өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ийн ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ