2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00903

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 31

191/ШШ2025/00903

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байрлах Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот тоот хаягт оршин оршин байрлах Баян Монгол СӨХ-нд холбогдох,

876,943.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн №0132986251055811 TOOT гэрээний даатгуулагч Ч Х******* оршин суух  тоот байранд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дээврийн цас хайлж тааз гэмтэж даатгуулагчид нийт 876,943.80 (Найман зуун далан зургаан мянга есөн зуун дөчин гурван төгрөг наян мөнгө) төгрөгийн хохирол учирсан байна. Даатгуулагчид нийт 876,943.80 (найман зуун далан зургаан мянга есөн зуун дөчин гурван төгрөг наян мөнгө) төгрөгийн хохирлыг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...". Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Мандал даатгал ХК нь Баян Монгол СӨХ-нд холбогдох даатгалы нөхөн төлбөрт 876,943.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хүлээн зөвшөөрч тус төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь хариуцагч Баян Монгол СӨХ-нд холбогдуулан 876,943.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь Баян Монгол СӨХ-нд холбогдуулан 876,943.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хариуцагч Баян Монгол СӨХ-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,597 төгрөгийн 12,798 төгрөгийг хариуцагч Баян Монгол СӨХ-иас, 12,798 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мандал даатгал ХК-нд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ